Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2018/00308

 

 

                                  

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд  хийсэн хуралдаанаар,

Зээлийн гэрээний үүрэгт 12 800 000  /арван хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Ч.Яын итгэмжлэгдсэн   төлөөлөгч З.Э, түүний өмгөөлөгч Г.М, хариуцагч Д.М, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь  хариуцагч Д.Мод 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлдүүлсэн бөгөөд зээлийн баталгаанд түүний төрсөн дүү Д.О 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн төлөх үүрэг хүлээсэн боловч төлөлгүй өдийг хүрсэн. Д.Мод зээлүүлсэн 10 000 000 төгрөгийг өөрийн болон хадам эцгээс зээлэн өгсөн бөгөөд одоо өр төлбөрөө төлж дийлэхгүй байна. Д.М нь зээлсэн мөнгийг өөрийн дүү Д.Оад зээлүүлсэн гэж тайлбарладаг тул үндсэн зээл болон түүнд сар тутмын 1 хувийн алданги тооцож,  28 сарын хугацааны алданги болох 2 800 000 төгрөг, нийт 12 800 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан өгнө үү.

Хариуцагч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие болон төрсөн дүү Д.О нар нь З.ЭРДЭНЭБАТрдэнэбатаас 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулан 10 000 000 төгрөг авсан нь үнэн. Гэвч гэрээний хугацаанд мөнгөө төлж чадаагүй нь дараах шалтгаантай.  Мөнгөнийхөө оронд танил тал найз нөхдөөрөө дамжуулан цааш нь худалдан борлуулж болохуйц эсхүл, аж ахуйн үйл ажиллагаа явуулж болохуйц газар олж өг гэх мэтээр шаардах болсон. Зээлсэн мөнгийг өгч чадаагүй нь үнэн бөгөөд зээлийн төлбөрт блокны машин санал болгосон ч аваагүй, миний бие эрүүл мэндийн шалтгаанаар тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа, гачигдалтай байгааг харгалзан зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтэй байна.

Миний анх бичгээр гаргасан тайлбар нь эрх зүйн ямар нэг мэдлэггүйгээс болсон бөгөөд нэхэмжлэгч нараас зээлсэн гэх мөнгө нь надад зарцуулах эрх олгогдсон зээлийн ямар нэг агуулгагүй мөнгө байсан. Иймд нэхэмжлэлд дурдагдаж буй 10 000 000 төгрөгийг төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчээс ямар нэгэн байдлаар мөнгө зээлсэн явдалгүй, харин ах Д.Моос зээлж, буцааж өгч байсан төлбөр тооцооны асуудал байсан. Миний хувьд тухайн үед нь Д.М нэхэмжлэгч З.Э-ааас мөнгө авсныг мэдэж байсан учраас зээлийн баталгаа гэх баримт үйлдэж, гарын үсэг зурсан. Би Д.Мод өртэй байсан учрааас Д.Мын өмнөөс ямар нэг хөрөнгө өгч болох эсэх талаар санал болгож байсан. Миний хувьд З.Э-аас ямар нэг зээл авч байгаагүй тул хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийвэрлэж өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Э, Ч.Я нар нь хариуцагч Д.М, Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 800 000  төгрөг гаргуулахыг хүсчээ.

Хариуцагч Д.М нэхэмжлэгч нараас 10 000 000 төгрөгийг хүлээн авсан, буцаан төлөөгүй тухайд маргахгүй боловч зарцуулах эрх олгож өгсөн мөнгө тул төлөх үүрэг хүлээхгүй гэж, хариуцагч Д.О нэхэмжлэгчтэй ямар нэг зээлийн гэрээ байгуулаагүй, ах Д.Моос 10 000 000 төгрөг зээлэн буцааж өгсөн тул  хариуцахгүй  гэж тус тус тайлбарлаж байна.   

Нэхэмжлэгч нар хариуцагч Д.Мтой  амаар хэлэлцэн тохирч  2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, зээлдэгч мөнгийг хүлээн авсан ба хугацаандаа буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагч Д.О нь 2015 оны 12 дугаар сарын 1-ны өдөр  ах Д.Мын өмнөөс  зээл /10 000 000 төгрөг/-ийг 2016 оны 2 дугаар сарын 1-ний дотор төлөхөөр бичгээр баталгаа гэх баримт үйлдэн нотариатаар гэрчлүүлжээ. /хх-ийн 6 дугаар тал/

Хариуцагч Д.М хариуцагч Д.Отай 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг зээлүүлсэн тухай баримтыг шүүхэд гарган өгсөн бөгөөд нэхэмжлэлийг гардан аваад шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа дүү Д.Оын хамт уг мөнгийг нэхэмжлэгчээс зээлэн авсан талаар дурдсан байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1, 282.3, 282.4 дэх хэсгүүдэд амаар хийх хэлцлийн тухайд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хийгдсэн гэж үзэх, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү авах эрхээ алдах,  мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор тус тус зохицуулжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь гэрээнд заасан нөхцлийн дагуу буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэв.  

Хэдийгээр хариуцагч Д.О нэхэмжлэгч нараас мөнгө зээлээгүй ах Д.Моос 10 000 000 төгрөг зээлэн авч буцаан төлсөн тул хариуцахгүй гэж тайлбарлаж байгаа ч зээлийн гэрээний үүргийг Д.М биелүүлээгүй тохиолдолд хариуцан төлөхөө бичгээр илэрхийлж баталгаа гаргасан, зээлийг хамтран ашигласан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2,  232 дугаар зүйлийн 232.3  дахь хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болох, баталгааны гэрээг бичгээр хийх, хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхээр тус тус  заажээ.

Нэхэмжлэгч нар хариуцагч Д.М, Д.О нарыг хамтад нь хариуцагчаар татан шаардлагаа гаргасан нь үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар хамтран хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.М нэхэмжлэгч нараас 10 000 000 төгрөг зээлж аваагүй  аваагүй, харин нэхэмжлэгч тодорхой ажил гүйцэтгэхэд зориулж өгсөн мөнгө гэж тайлбарласан хэдий ч ямар нэгэн ажил гүйцэтгээгүй, эд хөрөнгө хариу төлбөрт шилжүүлээгүй гэдэг нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон болно.

Иймд хариуцагч Д.М, Д.О нараас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 2 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М, Д.О нараас 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Э, Ч.Я нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 219 750  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас  174 950  төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ