Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

 

 

 

 

                                         2022/ШЦТ/155

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

Шүүгдэгч: Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бийн Хт холбогдох эрүүгийн 2212000000123 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 8, аав, ээж, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ............гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бийн Х/РД:АИ.........../

 

 

                 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20:00 цагийн орчимд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сумын Урантолгой багийн нутаг дэвсгэрт байрлах “Ардчилсан намын байр” гэх газарт Р.Сын толгойн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн зулай хэсэгт хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

          

            *Эрүүгийн 2212000000123 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Р.Сын өгсөн:

“...2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би сумын төвд Ш, Б, Ш.Г нарын хамт сумын төвийн Ардчилсан намын байрны ард суугаад нэг шил архи хувааж уугаад салсан. Тухайн үед би гэртээ харих гээд явж байтал Ардчилсан намын байрны хажуу талаас манай хүү С.О над ирээд гэртээ харъя ээж таныг аваад ир гэж намайг явуулсан юм гэхээр нь би хүүтэйгээ хамт харих гээд явсан. Гэтэл миний араас Б.Х гэдэг сумын төвийн залуу гарч ирээд “Г хаана байна ?” гээд надаас асуухаар нь би түүнд “Мэдэхгүй дөнгөж сая энд байсан бид нар салаад явцгааж байна” гэтэл “Чи яасан том юм бэ ?” гээд газраас чулуу аваад миний толгой руу цохичихсон. Би чулуугаар цохиулаад хэсэг ухаан алдаад сэргэтэл манай хүү, Ш.Г хоёр намайг тэврээд босоорой эмнэлэг явах хэрэгтэй байна гээд байсан би босоод Ш.Г болон өөрийн хүү С.Отэй хамт эмнэлэг явсан. Эмч нар намайг үзээд оёдол тавих шаардлагатай шарх байна гээд 3 оёдол тавьсан ийм зүйл болсон. Намайг чулуугаар цохисон Б.Хийг сумын төвийн хүмүүс сэтгэц нь өөрчлөлттэй юм гэхээр нь би түүнийг өрөвдөөд цагдаагийн байгууллагад хандаагүй байсан юм гэтэл түүний аав Б, ээж хоёр нь хамт манай гэрт ирээд надтай уулзахдаа манай хүү сэтгэц нь өөрчлөлттэй, хууль, цагдаа үйлчилдэггүй юм, одоо бид хоёрын үгэнд ч орохоо болиод архи дарс уугаад байх юм хэцүү байна гэж надад хэлсэн. Би Б.Хийн аав, ээж хоёрт нь толгой тархи өвдөөд хэцүү байна, зөндөө эм, тариа авч хэрэглэж байна гээд хэлтэл тэр хоёр тоож байгаа шинж байхгүй манайхаас яваад өгсөн. Дахин манай гэрт ирээгүй надад эм тарианы төлбөр мөнгө гэж өгөөгүй. Тэгэхээр нь би сэтгэцийн өвчтэй гэдгээрээ түрий барьж хүн амьтан алж ч магадгүй хүүхэд байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хожим нь хандсан. Газраас нэлээн том хэмжээтэй гарын атганд дөнгөж багтахуйц тиймэрхүү чулуу аваад миний толгой руу цохисон, шидээгүй. Манай хүү С.О байсан мөн манай нутгийн залуу Ш.Г хамт байсан. Миний бие одоо толгой өвдөж, байнга зовуурьтай байна, 3 оёдол тавиулсан байгаа. Миний толгойг чулуугаар хагалсан Б.Хт хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/

 

*Гэрч Ш.Гын өгсөн:

“...Тухайн өдөр буюу 03 дугаар сарын 07-ны өдөр мартын наймны өмнөх өдөр байсан би Төвшрүүлэх сумын төвд байдаг Ардчилсан намын байрны ард нутгийн Р.С, Гын Б, Сосорбурамын Ш, Ш.Г гэх хүмүүсийн хамт нэг шил архи хувааж уугаад сууж байсан. Гэтэл удалгүй бид нар дээр сумын төвийн хүүхэд Б.Х гэдэг залуу хүрч ирсэн Р.С түүнд нэг, хоёр удаа архинаас хундагалж өгсөн Б.Х тэрийг уугаад явсан. Бид нар ч гэсэн архиа дуусгаад босоод явж байхад манай найз Р.Сын толгойг Б.Х цохиод хагалчихлаа гээд Р.Сын хүү С.О надад хэлсэн. Тэгэхээр нь би эргээд очтол Р.Сын толгой хагарчихсан цус нэлээд их гарсан байдалтай байсан. Ингээд цус нь тогтохгүй болохоор нь би Р.Сыг эмнэлэгт үзүүл гээд явуулсан. Тухайн үед тийм зүйл болоогүй зүгээр байсан. Би яг нүдээр хараагүй гэхдээ Б.Х чулуугаар цохиод хагалсан байсан. Тухайн хэрэг 03 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 цагийн орчимд болсон Төрийн банк, Хаан банк цайны цагаа дуусаад нээгдсэн байсан хэрэг явдал болсон газар нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвд байдаг Ардчилсан намын байрны ард хэсэг газарт... “гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/

 

*Насанд хүрээгүй гэрч С.Оийн өгсөн:

“...Тухайн өдөр 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байсан, ямар ч байсан маргааш нь мартын 8-ны баярын өдөр болсон. Манай хичээл амарсан юм. Тэгэхээр тухайн хэрэг явдал 03 дуагар сарын 07-ны өдөр болсон. Би сургууль дээрээ байж байхад манай ээж миний утас руу залгаад миний хүү гэртээ ирэхдээ аавыгаа аваад хүрээд ирээрэй аав нь сумын төв орсон гэж хэлсэн. Би хичээлээ тараад 03 дугаар сарын 07-ны өдрийн 19:00 цагийн орчимд сургуулиас гараад аавыг сумын төвөөр хайгаад явж байтал манай аав Р.С сумын төвийн Ардчилсан намын байрны дэргэд сумын Ш.Г гэдэг ахтай хамт сууж байсан. Би аав дээр очоод хамт гэртээ харъя ээж таныг дуудаж байна манайхаас таныг авах хүн байхгүй учраас би ирж авч байна гээд хамт явах гэтэл Ардчилан намын байрны ар талаас манай сумын Б.Х гэдэг залуу гарч ирээд манай аавтай маргалдаж эхэлсэн тэр хоёр хоорондоо ярихдаа Б.Х манай ааваас Ш.Г хаана байна гэж асуухад аав хариуд нь мэдэхгүй байна би хараагүй гэж хэлэхэд Б.Х “Чи яасан том юм бэ?, гэх мэтээр манай аавтай хэрэлдээд газар байсан чулууг аваад далайгаад байсан” Б.Хийг газраас чулуу аваад далайхаар нь би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ортол Б.Х манай аав Р.Сын толгой руу барьж байсан чулуутай гараараа цохисон. Үүнээс болж манай аав газарт унаад толгойгоо бариад байсан аавын толгойноос нь цус гараад өмсөж явсан дээл, хувцас нь цус болж байсан. Ийм учраас цусыг нь тогтоох шаардлагатай гэж бодоод би аавыг дагуулаад эмнэлэг орсон эмч нар аавыг үзээд толгойд нь 3 оёдол тавьсан шарх нь гүн биш гайгүй байна гэж хэлсэн. Тухайн үед Б.Х болон манай аав Р.С хоёр хоорондоо ойрхон зогсож байсан учраас Б.Х газраас том чулуу аваад чулуугаа атгаж байгаад толгой руу нь цохисон түүнээс холоос шидээгүй. Тухайн чулуу нь нэлээн том хэмжээтэй чулуу байсан ямар ч байсан миний гарт багтахгүй чулуу байсан. Тухайн үед манай аав бид хоёртой хамт сумын төвд байдаг Ширбазарын Г гэдэг ах байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/

 

  *Гэрч С.Бийн өгсөн:

  “...Манай хүү Б.Х 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүний толгой цохиод хагалсан байна аа гэдгийг би мэдээд маргааш нь буюу 03 дугаар сарын 08-ны өдөр өөрийн нөхөр Ц.Бийн хамт тухайн хохирогч хүн болох Р.С гэдэг айлд очиж уулзсан. Гэхдээ тухайн үед хэрэг явдал болох үед би хараагүй сүүлд хүнээс сонсож мэдсэн юм. Манай нөхөр Ц.Б бид хоёр Р.Сын гэрт очиход тэдний гэрт Р.С өөрийн эхнэр Нэргүйгийн хамт байж байхаар нь би ороод Р.Стай уулзаад чиний толгойг манай хүү цохисон юм шиг байна аа, чамд эм, тариа хэрэгтэй бол би авч өгье, мөнгө төгрөг олж өгье гэж хэлж уулзсан. Гэтэл Р.С надад эм, тариа хэрэг байхгүй зүгээр ээ гэж хэлсэн. Харин Р.Сын эхнэр Нэргүй хажуу талаас Р.Сын толгой нь өвдөөд байдаг юм гэхээр нь манай хүүхдийн буруу цохисон юм чинь бид нар эм тариа авч өгнө гэж хэлэхэд Р.С эхнэрийн хамт хэрэггүй, болох байлгүй дээ, зүгээр гээд байхаар нь нөхөр бид хоёр тэдний гэрээс гараад явсан цагдаад өгсөн энэ тэр гэж мэдээгүй. Б.Х 2002 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн одоо 20 настай хүүхэд байгаа юм төрөөд 1 сар гарантай байхаасаа сэтгэцийн өвчтэй гэсэн оноштой эмч нарын хяналтанд байдаг. Одоо Архангай аймгийн Эрүүл мэндийн төвд сэтгэцийн эмч Баттулгын хяналтанд байдаг сар болгон очиж үзүүлдэг эмчийн хяналтанд байдаг бага байхдаа тухайн өвчин нь их хүнд байсан унаж татдаг байсан одоо харин том болоод гайгүй болоод байгаа. Сумын төвд айлуудын мод түлээг хагалж мөнгө төгрөг олж ирээд ээж, аавдаа тус болдог гэрийнхээ ажлыг сайн хийдэг юм. Хүмүүстэй их эвсэг хүн амьтантай эвтэй байдаг айлуудад болон хүмүүст мод хагалж өгнө, өөр ямар нэгэн юм хийж өгнө гэж хэлсэн бол заавал очиж тус болдог сайн хүү байгаа юм. Хэрэг явдал гарах үед буюу 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Р.С гэх хүнийг цохисон шалтгаанаа бид хоёрт тайлбарлахдаа тухайн үед Р.Стай хамт байсан Ш.Г гэдэг хүн намайг заамдаж, боогоод байсан юм тэгэхээр нь би Ш.Г гэдэг хүнийг чулуугаар цохих гэж байгаад Р.Сыг цохисон гэж тайлбарлаж хэлсэн. Түүнээс Р.С гэдэг хүнийг цохиж зодно гэж бодоогүй гэж аавдаа болон надад хэлсэн.  Х “Сэдгэс” гэдэг оноштой сэтгэцийн өвчтэй гэж эмчийн хяналтанд байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/

 

  *Гэрч Ц.Бийн өгсөн:

  “...Миний хүү Б.Х 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Р.Сын толгойг чулуугаар цохиод хагалсан гэдгийг би сонсож мэдээд маргааш нь буюу 03 дугаар сарын 08-ний өдөр өөрийн эхнэр С.Бийн хамт Р.Сын гэрт очиж уулзсан юм. Гэхдээ хэрэг явдал болох үед би хараагүй сүүлд нь ийм зүйл болсон гэдгийг хүнээс сонсож мэдсэн. Эхнэр бид хоёр Р.Сын гэрт очиход тэднийд Р.С өөрийн эхнэр Нэргүйн хамт байсан “Манай хүү Б.Х Р.Сын толгойг цохисон юм шиг байна аа, чамд эм, тариа хэрэгтэй бол бид хоёр авч өгье, мөнгө төгрөг олж өгье” гэж уулзсан гэтэл С надад эм, тариа хэрэг байхгүй зүгээр ээ гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр тэдний гэрээс гараад явсан. Б.Х 2002 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн одоо 20 настай хүүхэд байгаа юм төрөөд 1 сар гарантай байхаасаа сэтгэцийн өвчтэй гэсэн оноштой эмч нарын хяналтанд байдаг юм. Одоо Архангай аймгийн Эрүүл мэндийн төвд сэтгэцийн эмч Баттулгын хяналтанд байдаг сар болгон очиж үзүүлдэг эмчийн хяналтанд байдаг бага байхдаа тухайн өвчин нь их хүнд байсан унаж татдаг байсан одоо харин том болоод гайгүй болоод байгаа. Сумын төвд айлуудын мод түлээг хагалж мөнгө төгрөг олж ирээд ээж, аавдаа тус болдог гэрийнхээ ажлыг сайн хийдэг юм. Хүмүүстэй их эвсэг хүн амьтантай эвтэй байдаг айлуудад болон хүмүүст мод хагалж өгнө, өөр ямар нэгэн юм хийж өгнө гэж хэлсэн бол заавал очиж тус болдог сайн хүү байгаа юм. Хэрэг явдал гарах үед буюу 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Р.С гэх хүнийг цохисон шалтгаанаа бид хоёрт тайлбарлахдаа тухайн үед Р.Стай хамт байсан Ш.Г гэдэг хүн намайг заамдаж, боогоод байсан юм тэгэхээр нь би Ш.Г гэдэг хүнийг чулуугаар цохих гэж байгаад Р.Сыг цохисон гэж тайлбарлаж хэлсэн түүнээс Р.С гэдэг хүнийг цохиж зодно гэж бодоогүй гэж надад хэлсэн. Б.Х “Сэдгэс” гэдэг оноштой сэтгэцийн өвчтэй гэж эмчийн хяналтанд байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Хийн өгсөн:

“…Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би Р.Сын толгой руу чулуу санаатай шидээгүй, харин Ш.Г миний хоолойг боогоод байхаар нь арай гэж салаад Ш.Гын араач чулуу шидсэн чинь Ш.Гын хажуугаар гараад Р.Сыг оночихсон. Түүнээс өөр зүйл байхгүй, санаатай чулуугаар цохисон асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 57 дугаартай“...Р.Сын биед зүүн зулай хэсэгт хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохиж, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 04-05 дугаар тал/

 

*Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай:

“...Шинжлүүлэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэц мэдрэлийн хөнгөн хэлбэрийн оюун ухааны хомсдолт өвчтэй байсан. 2022 оны 04 сарын 22-ны өдрийн Улаанбаатар хот сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл зүйн шинжилгээнд IQ 59% байгаагаар нотлогдоно. Сэтгэцийн хувьд Олон улсын өвчний ангиллын F70.0 буюу оюуны хомсдлын хөнгөн хэлбэрийн өвчтэй байсан ба өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдаж чадах чадвартай байсан. Шинжлүүлэгч нь одоо сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдолт өвчтэй байсан. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө ийм өвчтэй байсан. Оюун ухааны хөнгөн хэлбэрийн оюуны хомсдолт өвчтэй байгаа ба албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна. Шинжлүүлэгч Б.Х нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч Б.Х нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт/хх-ийн 62-64 дүгээр тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20:00 цагийн орчимд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сумын Урантолгой багийн нутаг дэвсгэрт байрлах “Ардчилсан намын байр” гэх газарт иргэн Р.С нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Гэм буруугийн талаар

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20:00 цагийн орчимд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сумын Урантолгой багийн нутаг дэвсгэрт байрлах “Ардчилсан намын байр” гэх газарт Р.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, чулуугаар цохиж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Р.Сын”...Гэтэл миний араас Б.Х гэдэг сумын төвийн залуу гарч ирээд “Г хаана байна ?” гээд надаас асуухаар нь би түүнд “Мэдэхгүй дөнгөж сая энд байсан бид нар салаад явцгааж байна” гэтэл “Чи яасан том юм бэ ?” гээд газраас чулуу аваад миний толгой руу цохичихсон. Би чулуугаар цохиулаад хэсэг ухаан алдаад сэргэтэл манай хүү, Ш.Г хоёр намайг тэврээд босоорой эмнэлэг явах хэрэгтэй байна гээд байсан би босоод Ш.Г болон өөрийн хүү С.Отэй хамт эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Гын”...Бид нар ч гэсэн архиа дуусгаад босоод явж байхад манай найз Р.Сын толгойг Б.Х цохиод хагалчихлаа гээд Р.Сын хүү С.О надад хэлсэн. Тэгэхээр нь би эргээд очтол Р.Сын толгой хагарчихсан цус нэлээд их гарсан байдалтай байсан. Ингээд цус нь тогтохгүй болохоор нь би Р.Сыг эмнэлэгт үзүүл гээд явуулсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч С.Огийн”...Би аав дээр очоод хамт гэртээ харъя ээж таныг дуудаж байна манайхаас таныг авах хүн байхгүй учраас би ирж авч байна гээд хамт явах гэтэл Ардчилан намын байрны ар талаас манай сумын Б.Х гэдэг залуу гарч ирээд манай аавтай маргалдаж эхэлсэн тэр хоёр хоорондоо ярихдаа Б.Х манай ааваас Ш.Г хаана байна гэж асуухад аав хариуд нь мэдэхгүй байна би хараагүй гэж хэлэхэд Б.Х “Чи яасан том юм бэ?, гэх мэтээр манай аавтай хэрэлдээд газар байсан чулууг аваад далайгаад байсан” Б.Хийг газраас чулуу аваад далайхаар нь би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ортол Б.Х манай аав Р.Сын толгой руу барьж байсан чулуутай гараараа цохисон. Үүнээс болж манай аав газарт унаад толгойгоо бариад байсан аавын толгойноос нь цус гараад өмсөж явсан дээл, хувцас нь цус болж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бийн”...Хэрэг явдал гарах үед буюу 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Р.С гэх хүнийг цохисон шалтгаанаа бид хоёрт тайлбарлахдаа тухайн үед Р.Стай хамт байсан Ш.Г гэдэг хүн намайг заамдаж, боогоод байсан юм тэгэхээр нь би Ш.Г гэдэг хүнийг чулуугаар цохих гэж байгаад Р.Сыг цохисон гэж тайлбарлаж хэлсэн. Түүнээс Р.С гэдэг хүнийг цохиж зодно гэж бодоогүй гэж аавдаа болон надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бийн”...Хэрэг явдал гарах үед буюу 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Р.С гэх хүнийг цохисон шалтгаанаа бид хоёрт тайлбарлахдаа тухайн үед Р.Стай хамт байсан Ш.Г гэдэг хүн намайг заамдаж, боогоод байсан юм тэгэхээр нь би Ш.Г гэдэг хүнийг чулуугаар цохих гэж байгаад Р.Сыг цохисон гэж тайлбарлаж хэлсэн түүнээс Р.С гэдэг хүнийг цохиж зодно гэж бодоогүй гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Хийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 132 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Х нь хохирогчийн эрүүл мэндэд зүүн зулай хэсэгт хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хохирогчид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч дүгнэлтдээ тусгасан тул хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийг нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх талаар шинжээч мөн дүгнэлтдээ заасан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэнг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Х хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Р.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Б.Х нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрээс явахыг нэг сарын хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэв шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Бийн Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хийг 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ сарын хугацаанд хязгаарласугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

            5. Шүүгдэгч Б.Хт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            6. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР