Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2014/0226

 

2014 оны 06 сарын 11 өдөр                    Дугаар 226                                        Улаанбаатар хот

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч П.Д, хариуцагч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч К.Ж-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч К.Жийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0000168 дугаар шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа\ "... иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд “Н” ХХК нь хариу төлбөр олгохгүй байгаа, бараа бүтээгдэхүүний лангууны үнэ кассын үнийн зөрүүтэй байгаа зөрчил илэрсэн. Дахин шалгалт хийхэд хариу төлбөр олгохгүй байгаа нь тогтоогдсон. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 0000168 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 129 дүгээр шийдвэрээр: “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.9.12-т заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн “Н” ХХК- нд ногдуулсан 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0000168 дугаар шийтгэврийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Хариуцагч К.Ж давж заалдах гомдолдоо: ““Н” ХХК нь нэр бүхий 4 хэрэглэгчид нэгт, тавтын дэвсгэрт байхгүй гэсэн шалтгаанаар хариу төлбөр төлөөгүй, мөн лангууны үнэ кассын үнээс зөрчсөн зөрчлүүдийг гаргаж, хэрэглэгчдийн эрхийг хохироож, хохирол учруулсан зөрчил гаргасан болох хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон боловч Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь илт буруу байна. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг ( худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаас үзэхэд хэрэглэгчид “Н” ХХК-ийн лангуун дээр бичигдсэн үнийг төлөх үүрэгтэй бөгөөд “Н” XXК нь хэрэглэгчийн олгосон мөнгөн төлбөрийн хариултыг өгөх үүрэгтэй.

Шүүхээс хэрэглэгчийн ямар хуулиар хамгаалагдсан эрх зөрчсөн, зөрчил ямар хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн нь нотлох баримтгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзсэн нь Хэрэглэгч “Н” ХХК-д өгсөн мөнгөн төлбөрийн илүү хэсэг буюу хариу төлбөрийг буцааж авах эрхгүй мэт дүгнэлт болсон байх ба энэ нь илт хууль бус гэж үзэх үндэслэл болж байна.

  2. Шүүхээс “Н” ХХК-ийн худалдааны аргыг ямар үндэслэлээр хэрэглэгчийг хууль бусаар хохироох арга гэж үзсэн талаар нотлох баримтгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл барааны үнийг 9 гэсэн тоогоор төгссөн үнэ хэрэглэхийг хуулиар хориглоогүй боловч 2013 оны 10 сард шаардлагатай нийт 1.733.000 төгрөгийн нэгт, тавтын дэвсгэрт захиалсан боловч 78.000 төгрөгийг арилжааны банкуудаас нийлүүлсэн байх ба Монголбанк болон арилжааны банкуудаас нэг, тавтын дэвсгэртийг бүрэн хэмжээгээр нийлүүлэх боломгүй гэдгийг удаа мэдэгдсээр байтал 9 гэсэн тоогоор төгссөн аргыг хэрэглэх замаар хэрэглэгчдийг татаж, 2013 оны 10 сард 1.655.000 төгрөгийн хууль бус орлого олсон.

Гэтэл шүүхээс нэг, тавтын дэвсгэрт өгөхгүй байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлаагүй, худалдааны хууль бус арга биш гэж дүгнэсэн нь илт хууль бус бөгөөд Номин супер маркетаар сар бүр үйлчлүүлж буй 500.000 хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр болж байна. Түүнчлэн торгууль ногдуулснаас хойш иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу албан шаардлагын биелэлтийг шалгахад нэгт, тавтын дэвсгэрт байхгүй гэсэн үндэслэлээр хариу төлбөр төлөөгүй, лангууны үнэ, кассын үнэтэй зөрсөн зөрчлүүд илэрч, үүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч үндэслэл болгоогүй.

“Н” ХХК-ийн супер маркетуудаар сар бүр 500.000 хэрэглэгч үйлчлүүлдэг талаар мэдээлэл өгсөн ба 9 гэсэн тоогоор үнэ хэрэглэх замаар хэрэглэгчдийг татаж байгаа боловч хариу төлбөр төлдөггүй, бараа бүтээгдэхүүний лангууны үнэ кассын үнэтэй зөрсөн зөрчлүүд нь тогтоогдсон. Хэрэглэгчдэд үнийн талаар буруу, зөрүүтэй мэдээлэл өгч хэрэглэгчид худалдан авах сэдэл төрүүлж, бусад ижил төрлийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчидтэй шударга бусаар өрсөлдөж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 129 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж иргэдээс “бараа бүтээгдэхүүн худалдан авсны хариу төлбөр олгоогүй, кассын үнэ лангууны үнэтэй зөрсөн гэсэн өргөдөл гомдол ирүүлсний дагуу тус газрын улсын байцаагч “Н” ХХК-ийн нэр бүхий дэлгүүр, супер маркетуудад шалгалт хийж, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7/58 дугаар улсын байцаагчийн дүгнэлт[1], мөн өдрийн 7/257 дугаар албан шаардлага[2]-ыг тус тус бичиж, “бараа бүтээгдэхүүн худалдан авсны хариу төлбөрийг худалдан авагч нарт олгоогүй, кассын үнэ лангууны үнэтэй зөрсөн” зөрчилд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0000168 дугаар шийтгэвэр[3]-ээр 10.000.000 /арван сая/ төгрөгийн шийтгэл ногдуулжээ.

“Н” ХХК уг шийтгэврийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргасан байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн байцаагч шийтгэвэр ногдуулах үндэслэл болсон “лангууны үнэ кассын үнэ зөрүүтэй” гэх зөрчлийн тухайд:

“Н” ХХК-ийн нэр бүхий супермаркетуудад лангууны үнэ кассын үнээс зөрсөн гэх иргэдийн гомдлын дагуу хийсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шалгалтаар зарим тасагт лангууны үнэ кассын үнээс зөрсөн зөрчилд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч шалгалт хийж дүгнэлт, шаардлага бичиж, торгууль ногдуулсныг тус компани эс зөвшөөрч “тухайн у үед ажиллаж байсан ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас болсон” гэж тайлбарлажээ. 

Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад учруулсан хохирлыг ажил олгогч хүлээхээр заасны дагуу энэ зөрчилд гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7/257 дугаар албан шаардлага, 7/58 дугаар дүгнэлтээр “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн”-ийг зөвтгөсөн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь лангуун дээр байрлаж байгаа барааны үнэ кассын үнээс зөрүүтэй, байснаар худалдан авагчид хямд өртөгтэй бараа худалдаж авах сэтгэгдэл төрүүлж төөрөгдүүлэх төдийгүй, кассан дээр ирэхэд худалдан авахаар сонгосон барааны үнэ зөрж байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “хэрэглэгч нь барааны ...талаар үнэн зөв мэдээлэл олж авах, ... боломжоор хангагдсан байх” тухай заасан хэрэглэгчийн эрхийг хангах зарчмын шаардлагад нийцэхгүй төдийгүй мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хэрэглэгч барааны үнийн талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй”, түүнчлэн мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д "... худалдагч ...аас ...хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байх тул “Н” ХХК-ийг хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй ' байх, үнийн талаар бодит зөв мэдээллийг өгч, хэрэглэгчид төвөг чирэгдэл учруулахгүй байх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэстэй байна.

“Н” ХХК “бараа бүтээгдэхүүн худалдан авсны хариу төлбөрийг иргэдэд олгоогүй гэх зөрчлийн тухайд: Улаанбаатар хотод л гэхэд 13 салбар дэлгүүрээр сард 500.000 гаруй үйлчлүүлэгчид хүрч үйлчилдэг[4] томоохон худалдаа эрхлэгч хуулийн этгээд болох “Н” ХХК нь барааны үнийн бодлогодоо 999-р төгссөн байх зарчмыг баримтлан ажиллаж, бүх барааны үнэ 9 гэсэн тоогоор төгссөн байх үнийн бодлогын аргыг сонгон хэрэгжүүлж иржээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу “Н” ХХК-ийн Номин их дэлгүүр, /бэлэн хувцасны худалдаа, Номин супер маркет/ Улсын их дэлгүүрийн Номин супер маркет болон Хан-Уул дүүргийн Номин супермаркетыг шалгахад “Н” ХХК нь бараа, бүтээгдэхүүний үнийг 9-өөр төгссөн байхаар тогтоож, хэрэглэгчдэд хариу төлбөр олгоогүй зөрчил бодитоор илэрсэн тул улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага бичиж, шийтгэвэр ногдуулсан байна.

Нэхэмжпэгч “Н” ХХК-иас Монголбанкны Мөнгөний бодлогын судалгааны газар болон арилжааны бусад банкуудад хандаж, “бүх барааны үнэ 9- өөр төгссөн байдаг, ...бутархай дүнгээр барааны үнэ гардаг тул ...1?, 5?-ийн дэвсгэртээр хангуулах” агуулга бүхий хүсэлтийг хүргүүлж байсан боловч банкуудаас төгрөгийн нэгт, тавт, аравтын дэвсгэртийг хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжгүй талаар удаа дараа мэдэгдэж байжээ.

Гэтэл “Н” ХХК нь худалдан авагчдад төгрөгийн эдгээр дэвсгэртээр хариу төлбөр олгох боломжгүйг мэдсээр атлаа бүх бараа бүтээгдэхүүндээ 9 гэсэн тоогоор төгссөн үнийн бодлого хэрэглэж, хариу төлбөр олголгүй худалдан авагчдыг хохироосон зөрчил гаргасан нь Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн дүгнэлт, нэр бүхий хэрэглэгчийн гомдол, байцаагчийн шаардлага, шийтгэврийн акт, хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

“Н” ХХК-ийн “хэрэглэгчдэд худалдан авсан барааны үнмйн хариултад нэгт, тавт, аравтын дэвсгэртээр хариу төлбөр өгөх боломжгүй /Монгол банкнаас уг мөнгөн дэвсгэртийн нийлүүлэлт хомс/ байсаар байтал бараа бүтээгдэхүүндээ 9-өөр төгссөн үнэ хэрэглэж, хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон” дээрх бодит зөрчилд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн" гэж үзэн хариуцлага хүлээлгэснийг үндэслэлгүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

Хэдийгээр “Н” ХХК-ийн ерөнхий захирал ... үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс компанийн хэмжээний бүх салбар дэлгүүрүүдэд худалдан авагчдад хариулт төлбөр олгоход шаардлагатай нэгт, тавтын дэвсгэрт байхгүй тохиолдолд аравтын дэвсгэртээр хариулт олгож, худалдан авагчдыг хохироохгүй ажиллах талаар 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 3-2/123 дугаар тушаал[5]-ыг гаргаж, хэрэглэгчдэд хариулт төлбөрийг аравтын дэвсгэртээр олгож байгаа гэж тайлбарлаж байгаа боловч уг тушаалыг гарсны дараа ч гэсэн Монголбанкнаас уг дэвсгэртүүдийг хангах үйл ажиллагаа тасалдан нийлүүлэлт хангалтгүй хэвээр байсан, иргэдээс “хариулт мөнгө олгохгүй байна” гэсэн өргөдөл, гомдол гарч, үүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны 10 дугаар сард шалгаж, дүгнэлт шаардлага гаргасан зэргээс үзвэл дээрх тушаалыг хэрэгжүүлж, худалдан авагчдын эрхийг хангаж ажилладаг гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн “Н” ХХК нь 9 гэсэн тоогоор төгссөн үнэ бүхий бараа их байх тусам хариулт мөнгө олгох тохиолдол төдий чинээ их хэмжээгээр гарахыг мэдсээр байж, түүнчлэн хариулт мөнгөнд олгогддог нэгт, тавт, аравтын дэвсгэртүүд хангалттай нийлүүлэгдэх боломжгүй байсаар байхад 9 гэсэн тоогоор төгссөн үнийг нийт бараандаа хэрэглэсээр байгаа, “хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж дүгнэн Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн зөрчилд нь шийтгэвэр ногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагчийг буруутгах үндэсгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн ““Н” ХХК бараа бүтээгдэхүүнээ худалдан авагчдад хүргэхдээ ...9 гэсэн тоогоор төгссөн үнэ хэрэглэдэг нь худалдааны байгууллагуудад өргөнөөр хэрэглэгддэг, хуулиар хориглоогүй үнийн бодлого тул Өрсөлдөөний тухай хуульд зааснаар хууль ёсны ашиг сонирхолд харшилсан эсхүл хэрэглэгчийг хохироосон хууль бус худалдааны арга хэрэглэсэн, түүнчлэн өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0000168 дугаар шийтгэврийг түдгэлзүүлж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу гаргасан зөрчлийн шинж байдал хир хэмжээ, үр дагаварт тохирсон хариуцлага ногдуулж, дахин шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэснийг өөрчлөх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийн тогтоох хэргийн 1 дэх заалтын “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.9.12-т заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн “Н” ХХК-д 10.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0000168 дугаар шийтгэврийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлсүгэй” гэснийг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.9.12, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0000168 дугаар шийтгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧИД:                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                                   Э.ЗОРИГТБААТАР

                                                   Н.ХОНИНХҮҮ

                                                   

[1] Хавтаст хэргийн 13 дахь тал

[2] Хавтаст хэргийн 12 дахь тал

[3] Хавтаст хэргийн 16 дахь тал

[4] Хавтаст хэргийн 91 дэх тал

[5] Хавтаст хэргийн 41 дэх тал