Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 130

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч М.Чинбат,

иргэдийн төлөөлөгч М.Ишхүү,

шүүгдэгч Б.Очирбат түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

шүүгдэгч Ж.Төгөлдөр түүний өмгөөлөгч А.Нацагдорж, А.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Бахтар хуасай овогт Баатарын Очирбатад, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Бодонгууд овогт Жаргалсайханы Төгөлдөрт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526020537 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Бодонгууд овогт Жаргалсайханы Төгөлдөр: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Чулуунхороот сум, Дэлгэр багт оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороо, 7-9 тоотод түр оршин суудаг, ЖН85090171 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй,

 

Бахтар хуасай овогт Баатарын Очирбат: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хилийн харуулын дарга мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Чулуунхороот сум, Дэлгэр багт оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 49 дүгээр байр, 01 тоотод түр оршин суудаг, ЖН86061874 регистрийн дугаартай, урьд ял шийлгэлгүй.

 

Шүүгдэгч Б.Очирбат нь Ж.Төгөлдөртэй бүлэглэж 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим архи ууж согтуурсан үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандантэгчилэн хийдийн зүүн талд замын хөдөлгөөнд оролцож явсан иргэн Х.Батсайханы зам чөлөөлөх талаар тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж машины хаалгыг онгойлгон савж, түүнийг заамдан авч, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, нийгмийн  хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

шүүгдэгч Ж.Төгөлдөр нь Б.Очирбаттай бүлэглэж, 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим архи ууж согтуурсан үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандантэгчилэн хийдийн зүүн талд замын хөдөлгөөнд оролцож явсан иргэн Х.Батсайханы зам чөлөөлөх талаар тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний нуруун тус газарт 2-3 удаа модоор цохиж, биемахбодид хөнгөн гэмтэл учруулж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Ж.Төгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр найзтайгаа нэг шил архи хувааж уугаад гараад явж байгаад такси барих гээд замын хажуугаар явж байтал нэг машин дохиогоо чанга дуугаргаад хажуугаар яваад өнгөрсөн. Тэгээд “замаас зайлаач” гэж хэлсэн. Тэгээд Очирбаттай маргалдаад Очирбат машиных нь хаалгыг чанга хаахад жолооч машинаасаа бууж ирээд Очирбатыг түлхэж унагаагаад босоод ирэхэд нь барьцалдсан. Жолооч нилээн том биетэй залуу байсан. Очирбат боолтонд ороод нүүр нь минчийгээд улайгаад байсан. Би тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй болохоор нь хажууд байсан модоор жолоочийн нуруу луу нь цохьсон” гэв.

Шүүгдэгч  Б.Очирбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр найзынхаасаа гараад гэртээ харихаар замын хажуугаар такси барих гээд явж байтал хажуугаар нэг машин дохиогоо дугаргаад 4-5 метр зайтай зогсохоор нь такси үйлчилгээнд явах гэж байгаа юм байна гэж бодоод очоод хаалгыг нь нээсэн. Гэтэл ”чамайг авах гэж зогсоогүй. Замаас зайлаач” гээд бид хоорондоо маргалдсан. Тэгээд жолооч машинаасаа гарч ирээд намайг боогоод байсан. Би түүний гарыг тавиулж дийлээгүй. Төгөлдөр модоор цохиж гарыг нь тавиулаад бид хоёр зугтаасан” гэв.

Шүүгдэгч Б.Очирбат нь Ж.Төгөлдөртэй бүлэглэж  2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим архи ууж согтуурсан үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандантэгчилэн хийдийн зүүн талд замын хөдөлгөөнд оролцож явсан иргэн Х.Батсайханы зам чөлөөлөх талаар тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж машины хаалгыг онгойлгон савж, түүнийг заамдан авч, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, нийгмийн  хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

шүүгдэгч Ж.Төгөлдөр нь Б.Очирбаттай бүлэглэж, 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим архи ууж согтуурсан үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандантэгчилэн хийдийн зүүн талд замын хөдөлгөөнд оролцож явсан иргэн Х.Батсайханы зам чөлөөлөх талаар тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, танхайрах явцдаа түүний нуруун тус газарт 2-3 удаа модоор цохиж, биемахбодид хөнгөн гэмтэл учруулж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох:

Хохирогч Х.Батсайханы “2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 40 минутын үед эхнэр Мөнхчимэгийн хамт Гандантэгчинлэн хийдэд ном уншуулчихаад гэр рүүгээ өөрийн эзэмшлийн приус-20 маркийн цагаан өнгийн 29-04 УНВ улсын дугаартай автомашинтай явж байхад хийдийн зүүн талын үүдний хажууд зам дээр үл таних 2 согтуу залуу урдаас холдохгүй байсан, би тухайн үед та 2 замаас холдчих, энэ замаар олон машин явж байгаа шүү гэхэд хойд талын хаалгыг онгойлгоод, хашаа руу савахад би буугаад хаалгаа үзэхэд зүгээр байсан, би нэг залууг нь яаж байнаа гэхэд миний өөдөөс духаараа хараад байхаар нь би түлхсэн, өндөр нь миний хувцаснаас заамдаад авсан, тэгэхээр нь би адилхан заамдахад нөгөө намхан залуу миний хойноос нуруу, бөөр рүү прүс модоор цохиж, намайг газарт унагаж зугтаад явсан. Тухайн үед манай эхнэр цагдаа дуудсан, би арай гэж босоод нөгөө залуугийн араас гүйгээд бариад авсан, удалгүй машинтай цагдаа нар ирээд нөгөө залууг авч явсан. Тухайн үед миний биед баруун гар шалбарч, нуруу нэлэнхүйдээ хөхөрч гэмтсэн, түүнийг намхан залуу модоор цохиж гэмтэл учруулсан. Би тухайн үед машин жолоодож явсан болохоор эрүүл харин нөгөө 2 залуу халамцуу байсан. Би тэр 2 залууг танихгүй, урьд өмнө харж байгаагүй. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 55-56 дугаар хуудас/

Гэрч Ж.Мөнхчимэгийн “... миний эзэмшлийн приус-20 маркийн 29-04 УНВ улсын дугаартай автомашиныг манай нөхөр Батсайхан жолоодон, Гандангийн зам дээр явж байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үл таних 2 залуу явж байсан. Хойноос нь дуут дохио өгөхөд тухайн 2 залуу холдохгүй нөхөртэй хэрүүл хийгээд нэг залуу нь машины хойд тал руу цохисон. Нөхөр буугаад нөгөө цохисон гэх залуутай барьцалдаж аваад хэрүүл хийж байхад нөгөө залуу, хаанаас мод авсан талаар хараагүй, нэг мэдсэн гартаа прүс мод барьсан байдалтай ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүй шууд нуруу руу 2-3 удаа цохисон. Манай нөхөр нөгөө барьцалдаж авсан залуугаа тавиад хойшоогоо хотойход нь сандраад 102 дугаарт дуудлага өгсөн. Тэр хооронд нөгөө 2 залуу баруун тийш зугатаасан. Нөхөр явган нөгөө 2 залууг хөөгөөд явсан тэр хойгуур манай машин дээр цагдаагийн 2 ажилтан ирээд нөхрийн хойноос явсан. Манай нөхөр “Модны-2”-ын замын хажууд нэг залууг барьчихсан зогсож байсан. Цагдаагийн ажилтнууд тэр залууг машиндаа суулгаад, цагдаагийн байранд ирээд эрүүлжүүлэхэд хийсэн. Би өргөдөл гаргаж өгөөд, шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг хийж өгөхөөр нь маргааш нь очиж үзүүлсэн. Тухайн үед манай нөхөр Батсайханы биеийн нуруунд хавдаж хөхөрсөн гэмтэл учирсан, нурууны зураг авахуулсан өөр гэмтэл учраагүй. Нөхөр эрүүл нөгөө хоёр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэхдээ аймар согтуу байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 61-62 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6455 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Х.Батсайханы биед ар нуруунд зудгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагааар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтад тогтонги нөлөөлөхгүй. /хэргийн 11 дүгээр хуудас/

 

           Яллагдагч Б.Очирбатын өгсөн “Би тухайн үед найз Төгөлдөрийн хамт нэг шил архи хувааж уугаад автомашины замаар алхаж явтал хойноос нэг машинтай ах ирээд “замаас холдооч” гэхэд нь би “дайрлаа” гэсэн. Нөгөө ах машинаас бууж ирээд надтай барьцалдаад авахад би өөдөөс нь заамдсан, гэтэл Төгөлдөр салгах гээд чадахгүй байсан болохоор гудамжинд байсан прүс модыг авч нөгөө ахын нуруу руу цохисон. Тэгээд бид 2 зугтаагаад явж байхад нөгөө ах миний хойноос гүйж ирээд барьж авсан. Дараа нь цагдаа нар ирсэн. Төгөлдөр бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Бид хоёрын биед гэмтэл учраагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 67-68 дугаар хуудас/

           Яллагдагч Ж.Төгөлдөрийн өгсөн “... тухайн үед машинаараа дайрлаа гэж маргалдаад тухайн автомашины жолооч ах нь Очирбаттай барьцалдаж аваад бие биенийгээ заамдаад салахгүй байхаар нь би салгах гээд хашааны буланд байсан модыг аваад нуруу руу нь 1 удаа цохисон тэгээд Очирбатыг тавихаар нь бид хоёр зугтаагаад явсан. Очирбат бид хоёр зодсон залууг танихгүй тухайн машины жолооч замаас холдоод яваач гэж ирээд бид хоёртой хэрүүл хийгээд машинаас буугаад ирсэн тэгээд барьцалдаад авахаар нь би модоор цохиод зугтаасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Очирбат, Ж.Төгөлдөр нар нь гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Батсайхантай автомашинд зам тавьж өгөөгүй шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар Б.Очирбат нь Х.Батсайханы машины хаалгыг нь онгойлгоод хашаа руу савж хааснаас болж тэд нар хоорондоо маргалдаж Х.Батсайхан нь Б.Очирбаттай зууралдаж байх хооронд Ж.Төгөлдөр хашааны брус модоор нуруун тус газар нь цохижээ.

 

Иймд шүүгдэгч Б.Очирбатыг ялимгүй зүйлээс шалтгаалж танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Ж.Төгөлдөрийг уг гэмт хэргийг модыг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв байх бөгөөд шүүгдэгч Б.Очирбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Төгөлдөрт мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэж үндэслэлтэй байна.

 

Хохирогч Х.Батсайханаас “... Надад  одоо энэ хоёр хүүхдээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Очирбат, Ж.Төгөлдөр нараас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд тооцож гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Очирбат, Ж.Төгөлдөр нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, гэмт хор арилсан зэрэг байдлуудыг харгалзан Б.Очирбатад оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Ж.Төгөлдөрт хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Очирбат, Ж.Төгөлдөр нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд энэ нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэсэн заалтад хамаарч байх тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялаас тус тус 2 жил хорих ялыг өршөөн хасах үндэслэлтэй байна.

  

Шүүгдэгч Ж.Төгөлдөр нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулах хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Жаргалсайханы Төгөлдөрийг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэж, догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйлээр хүч хэрэглэн үйлдсэн буруутайд,

Шүүгдэгч Бахтар хуасай овогт Баатарын Очирбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.Төгөлдөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1. дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дах хэсэгт зааснаар 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Очирбатыг Эрүүгий хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5. дах хэсэгт зааснаар 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн  хорих ялыг,

 шүүгдэгч Б.Очирбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5. дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус өршөөн хасч, тэдгээрийн биечлэн эдлэх нийт хорих ялыг Ж.Төгөлдөрт 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хорих ял, Б.Очирбатад 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10. дах хэсгийг журамлан мөн зүйлийн 52.5. дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Төгөлдөрийн эдлэх 1 /нэг/  жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Очирбатад оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Төгөлдөрийн цагдан хоригдсон нийт  68 /жаран найм/ хоногийг,

Б.Очирбатын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Очирбатад оногдулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн харьяалах хэлтэст даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр Ж.Төгөлдөрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Б.Очирбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Төгөлдөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Очирбатад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.АЛТАНХУЯГ

 

                              ШҮҮГЧИД                                    Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                                                                                      Л.ОЮУН