Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/154

 

 

 

 

 

 

                          2022/ШЦТ/154

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа  

Шүүгдэгч: Д.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жонгоор овогт Дийн Сд холбогдох эрүүгийн 2212000000114 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж хүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, ............ тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Жонгоор овогт Дийн С/РД:АЮ............/

 

                              Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.С нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 13-10 тоотод оршин суух гэртээ хамт архидан согтуурсан иргэн Д.Нийг унтаж байхад нь алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000114 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Д.Нийн өгсөн:

“...Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 1-р 48 дугаар байрны 40 тоотод байх гэрээсээ гараад хадам ээж Норжинпилийн гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь буюу 02 дугаар сарын 12-ны өглөө босоод тэдний гэрт нэг шил архи уучхаад Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уул хорооллын 13 дугаар гудамжинд Д.Агийн гэрт очсон яг хэдэн цаг болж байсныг нь би сайн санахгүй байна. Тэдний гэрт очоод Д.А, Д.Агийн охин Д.С бид гурав нэг шил архи хувааж уусан. Тэгээд би нэлээн их согтоод тэдний гэрт нь унтаад өгсөн. Унтаж байгаад орой нэг сэрсэн чинь миний баруун гарын ядам хуруунд байсан алтан бөгж алга болсон байсан. Тэгээд би эхнэртээ хэлсэн. Очир хийцтэй, ойролцоогоор 14-15 граммтай цул алтан бөгж байсан. Би хулгайд алдсан бөгжөө 2000 оны үед Улаанбаатар хотод хийлгэж байсан. Тухайн үед хэдэн төгрөг болж байсныг нь би сайн санахгүй байна. Би Д.А болон охин Д.С хоёрыг сэжиглэж байна. Учир нь 2021 оны 12 дугаар сард би алтан бөгжөө Д.Сд өгөөд гэрийнх нь хойд талын дэлгүүрт нэг шил архинд түр тавьчих гээд явуулсан чинь Булган буудлын хажууд байдаг Баялаг ломбарданд 1.400.000 төгрөгийн барьцаанд тавьчихсан байсан. Тэрийг нь дараа нь би өөрөө мэдээд өөрөө мөнгө олж бөгжөө ломбардаас авч байсан тийн болохоор энэ дээрх хоёр хүнийг сэжиглэж байна. Д.А, Д.С хоёр л байсан өөр хүн байгаагүй. Хулгайд алдсан бөгжөө олж авах хүсэлтэй байна.  Харин 2021 оны 12 дугаар сард миний алтан бөгжийг Д.С ломбарданд 1.400.000 төгрөгийн барьцаанд тавиад дараа нь би өөрөө хүнээс мөнгө олоод бөгжөө ломбардаас авч байсан. Тэр асуудлыг би эхнэртээ хэлэлгүй байж байгаад өчигдөр согтуу байхдаа Д.С, Д.А хоёрын талаар тэгж зохиож ярьсан байна лээ. Би уг нь ломбарданд барьцаанд тавь гэж хэлээгүй зөвхөн дэлгүүрт нэг шил архины барьцаанд түр тавьчих гэж хэлээд алтан бөгжөө өгч явуулсан чинь Д.С надад хэлэлгүй миний алтан бөгжийг ломбарданд 1.400.000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгийг нь надад өгөлгүй өөрөө хэрэглэсэн байсан. Тэгээд би дараа нь өөрөө хүнээс мөнгө олж бөгжөө авч байсан. Тэр өмнөх асуудал дээр надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Харин сүүлд алдсан бөгжөө тэр хүмүүсээс олж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 09-10 дугаар тал/

 

          *Хохирогч Д.Нийн дахин өгсөн:

           “...Тухайн хэрэгт Д.А ямар нэгэн оролцоо байхгүй, харин Д.Сд би өөрөө өгч нэг шил архи аваад түүнийхээ оронд энэ бөгжийг өгчих гээд явуулсан. Хулгайн хэрэгт Д.А ямар ч оролцоогүй. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэт авсан. Өөрийн өмчийн алтан бөгжөө эгүүлэн авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 78-79 дүгээр тал/

 

          *Гэрч Н.Өын өгсөн:

          “...Намайг 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байх гэртээ байхад 11 цагийн үед манай бага охин над руу утсаар залгаад аав Д.Нийг Эрдэнэбулган сумын Цагаан давааны 2-2 тоотод байх манай ээжийн гэрээс гараад Цогт-Уул хорооллын чигт явлаа гэж хэлсэн. Тэгээд би 17 цагийн үед Д.Нийн 83167799 дугаарын утас руу өөрийнхөө 99995585 дугаарын утаснаас залгасан чинь манай нөхөр согтуу утсаа аваад утсаа авснаа мэдэлгүй, ярилгүй утсаа авсан чигээр нь орхиод цаанаа хүмүүстэй яриад байсан. Тэгээд би утсыг нь сонсоод байсан чинь манай нөхөр Д.Н “Хөөе миний бөгж алга байна, хэн авсан бэ, буцааж өг, С чи авсан уу” гэж хүмүүстэй ярьж байгаа сонсогдсон. Тэгээд би нөхрөө бөгжөө хулгайд алдсан болохыг нь мэдсэн. Тэгээд орой 23 цагийн үед өөрөө очоод нөхрөө Цогт-Уулын 13-07 тоотод байх Д.А гэх эмэгтэйн гэрээс очиж авсан. Очир хийцтэй, алтан бөгж байсан ойролцоогоор 14-15 грамм цул алтан бөгж байсан. Д.А гэх эмэгтэй өөр нэг эмэгтэй, манай нөхөр Д.Н гурав байсан. Нэг эмэгтэй нь унтаж байгаа бололтой байсан. Би 2003 онд Улаанбаатар хотын Урт цагаанд нөхөртөө хийлгэж байсан. Одоо зах зээлийн үнээр 4.000.000 гаран төгрөгийн үнэтэй байгаа байх. Манай нөхөр надтай утсаар ярихад сонсогдсон Д.С болон тухайн байсан гэрийн эзэн Д.А нарыг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 04-05 дугаар тал/

        

          *Гэрч Б.Оын өгсөн:

          “...Намайг 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөт оюу” эмийн сангийн байрны В1 давхарт байх “Баялаг-2” барьцаалан зээлдүүлэх газарт ажил дээрээ байхад 13 цагийн үед гаднаас Дийн С гэх 35-40 орчим насны эмэгтэй ганцаараа орж ирээд алтан бөгж барьцаанд тавих гэсэн юм гээж нэг алтан бөгж надад үзүүлсэн. Тэр бөгжийг нь би жин дээр тавьж үзээд сайтар шалгаад дээд тал нь 1.550.000 төгрөгийн барьцаанд авна гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй надад бичиг баримтаа өгсөн овог нэр нь Дийн С, регистрийн дугаар нь /аю86051968/ гэсэн өөрийнх нь овог нэрээр байсан тэгээд тухайн алтан бөгжөө 1.550.000 төгрөгийн барьцаанд өөрийнхөө нэр дээр тавиад мөнгөө аваад манайхаас 13 цаг 30 минутын үед гарч явсан. Очир хэлбэрийн хийцтэй, 14 граммын алтан бөгж барьцаанд тавьсан. Тухайн бөгж дээр сорьц байгаагүй. Тийм болохоор би нэг граммыг нь 110.000 төгрөгөөр бодож авсан. Манай аавын алтан бөгж байгаа юм удахгүй буцаагаад авчихна гэж хэлээд манайд ломбардад тавьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/

 

          *Гэрч Д.Агийн өгсөн:

          “...Д.С нь манай охин, Д.Н нь манай охины найз гээд манайхаар хааяа ирдэг, хонодог. Д.Н нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өглөө манай гэрт ирсэн. Тэгээд өдөр нь манай охин Д.Сд өр зээлээ дар гэж хэлээд өөрийнхөө зүүж явсан алтан бөгжийг өгөөд ломбардад тавь гэж хэлээд өгч явуулсан. Д.С, Д.Н бид гурав л байсан, өөр хүн байгаагүй. Бөгжөө өгөх үедээ нэхх согтуу биш гаагүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/

 

          *Яллагдагч  Д.Сгийн өгсөн:

          “...Би гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 62-63 дугаар тал/

 

        *Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 589 дугаартай:

         “...14 грамм, 999 сорьцтой алтан бөгжний үнэ 1.540.000/нэг сая таван зуун дөч/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 27 дугаар тал/

 

         *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                                                                                                                                                                                            

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

           

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 13-10 тоотоос иргэн Д.Нийн алтан бөгж хулгайд алдагдаж, түүнд 1.540.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.С үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Нийн”...02 дугаар сарын 12-ны өглөө босоод тэдний гэрт нэг шил архи уучхаад Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уул хорооллын 13 дугаар гудамжинд Д.Агийн гэрт очсон яг хэдэн цаг болж байсныг нь би сайн санахгүй байна. Тэдний гэрт очоод Д.А, Д.Агийн охин Д.С бид гурав нэг шил архи хувааж уусан. Тэгээд би нэлээн их согтоод тэдний гэрт нь унтаад өгсөн. Унтаж байгаад орой нэг сэрсэн чинь миний баруун гарын ядам хуруунд байсан алтан бөгж алга болсон байсан. Тэгээд би эхнэртээ хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Өын”...Тэгээд би 17 цагийн үед Д.Нийн 83167799 дугаарын утас руу өөрийнхөө 99995585 дугаарын утаснаас залгасан чинь манай нөхөр согтуу утсаа аваад утсаа авснаа мэдэлгүй, ярилгүй утсаа авсан чигээр нь орхиод цаанаа хүмүүстэй яриад байсан. Тэгээд би утсыг нь сонсоод байсан чинь манай нөхөр Д.Н “Хөөе миний бөгж алга байна, хэн авсан бэ, буцааж өг, С чи авсан уу” гэж хүмүүстэй ярьж байгаа сонсогдсон. Тэгээд би нөхрөө бөгжөө хулгайд алдсан болохыг нь мэдсэн. Тэгээд орой 23 цагийн үед өөрөө очоод нөхрөө Цогт-Уулын 13-07 тоотод байх Д.А гэх эмэгтэйн гэрээс очиж авсан. Очир хийцтэй, алтан бөгж байсан ойролцоогоор 14-15 грамм цул алтан бөгж байсан. Д.А гэх эмэгтэй өөр нэг эмэгтэй, манай нөхөр Д.Н гурав байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оын”...Намайг 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөт оюу” эмийн сангийн байрны В1 давхарт байх “Баялаг-2” барьцаалан зээлдүүлэх газарт ажил дээрээ байхад 13 цагийн үед гаднаас Дийн С гэх 35-40 орчим насны эмэгтэй ганцаараа орж ирээд алтан бөгж барьцаанд тавих гэсэн юм гээж нэг алтан бөгж надад үзүүлсэн. Тэр бөгжийг нь би жин дээр тавьж үзээд сайтар шалгаад дээд тал нь 1.550.000 төгрөгийн барьцаанд авна гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй надад бичиг баримтаа өгсөн овог нэр нь Дийн С, регистрийн дугаар нь /аю86051968/ гэсэн өөрийнх нь овог нэрээр байсан тэгээд тухайн алтан бөгжөө 1.550.000 төгрөгийн барьцаанд өөрийнхөө нэр дээр тавиад мөнгөө аваад манайхаас 13 цаг 30 минутын үед гарч явсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Агийн”...Д.С нь манай охин, Д.Н нь манай охины найз гээд манайхаар хааяа ирдэг, хонодог. Д.Н нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өглөө манай гэрт ирсэн... Д.С, Д.Н бид гурав л байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Сгийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Д.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Сг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

              Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нид 1.540.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба уг хохирлыг шүүгдэгч Д.С нь төлж барагдуулсан баримт ирүүлсэн мөн хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэлд дээрх хохирлын мөнгийг авсан талаар дурдсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Д.С нь хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлан шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Жонгоор овогт Дийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд хорих ял оногдуулахгүйгээр 8/найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай

 

  5. Шүүгдэгч Д.Сд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

             6. Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

             7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР