Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2018/00369

 

 

     

                                      

                                       

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Д

Хариуцагч: Ц.Б

Газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, Ч.У, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал  нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д нь ....................................... байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201002746 дугаарт бүртгэлтэй, 18636317650539 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг 2017 оны 9 дүгээр сарын 237-ний өдрөөс эхлэн хууль ёсны дагуу өмчилж байгаа юм. Энэхүү үл хөдлөх хөрөнгө байгаа хаягт  хариуцагч Ц.Б амьдарч байгаа учир газраа чөлөөлүүлж авахаар удаа дараа шаардлага тавьсан боловч хүлээн авахгүй нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд саад учруулж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 18 дугаар гудамж, 12 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг Ц.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э ХХК-иас 2000 ам.долларыг өөрийн гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газраа барьцаалж зээлж авсан. Гэр бүлийн хүний эрүүл мэндийн байдал муудаж, өөрөө ажилгүй байгаагаас шалтгаалан уг зээлийг төлж чадаагүй явсаар байгаад өдий хүрсэн. Би автобус баазад кондуктор хийж байгаад 3 жилийн өмнө ажилгүй болсон, зээлдүүлэгч байгууллага шүүхэд өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөө алдсан бөгөөд уг зээлийг төлж газраа авах хүсэлтэй байна. Мөн уг газар дээр өндөр настан Г.Ганхүүгийн хувийн өмч болох 2 ширхэг өвлийн байшин байдаг. Иймд газрыг чөлөөлж өгөх боломжгүй тул хугацаа олгохыг хүсэж байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Ц.Бд холбогдуулан  .................................... байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201002746 дугаарт бүртгэлтэй, 18636317650539 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд өмчлөгч нь  Н.Д байх бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгогдсон байна.

Хариуцагч Ц.Б маргаж буй газрыг Э ХХК-иас авсан зээлийн барьцаанд тавьсан, зээлийг төлж газрыг буцааж авна, иргэн Г.Г 2 ширхэг өвлийн байшин уг газар дээр байдаг гэж тайлбарлаж байгаа ч холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Нэхэмжлэгч талаас  шүүхэд гаргаж өгсөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 4 дүгээр сарын 19-ны 1/14328 дугаартай мэдэгдэл, Д.Н, Н.Д нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн “Газар худалдах, худалдан авах тухай гэрээ” зэрэг баримтаас үзэхэд “Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжийг албадан биелүүлэх ажиллагааны явцад уг газрыг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлуулагдаагүй тул төлбөр төлөгч барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авах хүсэлт гаргасны дагуу төлбөр авагч Э ХХК-ийн хүсэлтээр газрыг Д.Н нэрлүү шилжүүлж гэрчилгээ олгогдсон, тэрээр нэхэмжлэгч Н.Дд газрыг худалдсан болох нь тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт  “…уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заажээ.

            Дээрх улсын бүртгэлийн талаар хэн нэгэн маргаагүй, өмчлөх эрх Н.Дд шилжсэн байх тул түүнийг ...................................... байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201002746 дугаарт бүртгэлтэй, 18636317650539 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэх бөгөөд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгүүдэд өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх, ийнхүү шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал  шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор зохицуулсан бөгөөд хариуцагч нь бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэж дүгнэв. 

Иймд Н.Дын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ц.Бд хууль бусаар эзэмшиж буй нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө /газар/-ийг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нь үл хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байгаа талаар зохигчид маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Дын өмчлөлийн ................................. байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201002746 дугаарт бүртгэлтэй, 18636317650539 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зоиулалттай газрыг чөлөөлөхийг хариуцагч Ц.Бд  даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Т.БАТСҮХ