Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0013

 

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0013

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХӨХ ХХК

Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, **-р хороолол ** тоот

Хариуцагч: АӨСҮТ ТСШАХ

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж 78, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн байр.

Гуравдагч этгээд: ДХК ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгч сонгон шалгаруулах Ажлын хэсгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн сонгон шалгаруулалтын Дүнгийн нэгтгэл-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А**,*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г***, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ХӨХ ХХК Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс зарласан эмийн сангийн зориулалттай байрны түрээслэгчийн сонгон шалгаруулалтад оролцсон. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 50, 51 дүгээр тогтоолын дагуу явагдах ёстой тус сонгон шалгаруулалтын ажлын хэсэг дүнг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/148 тоот албан бичгээр манайд ирүүлсэн юм. Манай компани нь уг сонгон шалгаруулалтын дүнг эс зөвшөөрч, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн үндэслэлээр заасны дагуу тухайн сонгон шалгаруулалтыг явуулсан ажлын хэсэгт гомдлоо гаргасан ба Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс өөрсдийн шийдвэрийг хамгаалсан хариу ирүүлсэн. Энэхүү сонгон шалгаруулалт нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 50, 51 дүгээр тогтоолын дагуу явагдах ёстой байсан ч дээрх тогтоолуудыг зөрчсөн бөгөөд сонгон шалгаруулалтыг шударга, ил тод явуулаагүй гэж үзэж байна.

Тухайлбал: Түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг холбогдох маягтын дагуу зарлаагүй байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг-т зааснаар оролцогчдын ирүүлсэн материалыг нээхдээ хүлээн авснаас хойш 1 цагийн дотор, оролцогчдын өмнө нээх гэж заасныг зөрчиж, нээх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлж 1 хоногийн дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт нээсэн. Энэ нь тус тогтоолын 4.1 дэх заалтын дагуу тус сонгон шалгаруулалт хүчингүйд тооцогдох үндэслэл болно.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 50 дугаар тогтоолын 2.2 дахь заалтад Түрээслүүлэгч хуулийн этгээд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ ... түрээслэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тодоор сонгон шалгаруулж ... гэж заасан боловч сонгон шалгаруулалтын материалыг нээхдээ үнийн саналыг оролцогчдод ил тод мэдээлээгүй, сонгон шалгаруулалтад тэнцсэн гэх ДХК ХХК талаарх болон бусад мэдээллийг тодорхой танилцуулаагүй.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтын зард оролцогчдын бүрдүүлж ирэх материалын 2 дахь заалтад Тухайн чиглэлээр 5-с дээш жил үйл ажиллагаа явуулсан байх гэсэн үндсэн шаардлагыг тусгасан байна. Гэвч хамгийн өндөр оноо авч тэнцсэн ДХК ХХК-ийн тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сангаас (http://opendata.burtgel.gov.mn) шүүж үзэхэд 2017.12.15-нд анх бүртгэгдсэн байх ба өнөөдрийн байдлаар 2 жил 3 сар үйл ажиллагаа явуулсан байна.

Үнэлгээ хийх ажлын хэсэг нь материалыг нээхдээ ДХК ХХК-ийн бичиг баримтын иж бүрдлийг нэг бүрчлэн шалгаагүй ба зөвхөн бүртгэлийн гэрчилгээний огноо, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, татвар, нийгмийн даатгалын өртэй эсэх, эмийн сангийн нөөц зэргийг хянаад хүсэлт хүргүүлсэн 3 байгууллагыг хассан ба энэ үеэр ДХК ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацааг огт дурдаагүй нь тодорхой хэсэг хүмүүсийн хувийн ашиг сонирхол байгаа гэдэг нь илт харагдаж байна.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн сонгон шалгаруулалтын хэсэгт гаргасан манай компанийн гомдлын нэг үндэслэл нь хамгийн өндөр оноо авч тэнцсэн ДХК ХХК нь Тухайн чиглэлээр 5-с дээш жил үйл ажиллагаа явуулсан байх гэсэн үндсэн шаардлагыг зөрчсөн тухай байсан ба Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ирүүлсэн гомдлын хариуд сонгон шалгаруулалтын нээлт дээр огт дурдагдаж байгаагүй С*** ХХК-ийг сонгон шалгаруулалтад ДХК ХХК-тай хамтран түншлэлийн гэрээгээр оролцсон гэсэн нь эргэлзээ төрүүлж байна. Сонгон шалгаруулалтад оролцогчдын бичиг баримтын бүрдэл, оролцогчдын танилцуулгад энэ компанийн талаар огт дурдаж байгаагүй болно. Тиймээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолын 2.15 дах заалтын дагуу тус сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод явагдаагүй гэж үзэж байна.

Энэ компанийн талаар хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сангаас (http://opendata.burtgel.gov.mn) шүүж үзэхэд 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр буюу сонгон шалгаруулалтын материал нээснээс хойш 6 хоногийн дараа ДХК ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э овогтой У*** шилжүүлэн авч шинээр бүртгүүлсэн байна.

Иймд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгч сонгон шалгаруулах Ажлын хэсгийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн сонгон шалгаруулалтын Дүнгийн нэгтгэл-ийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Тус төв нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Өдөр тутмын хэвлэл Өдрийн сонин-ны №045(6411) дугаарт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 51 дүгээр тогтоолын хавсралтад заагдсан маягтын дагуу зарласан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 51 дүгээр тогтоолын 2.2 дахь хэсгийн 2.2.1-т заасны дагуу төвийн бичиг хэргийн ажилтан 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цаг хүртэл материал хүлээн авч тэмдэглэл үйлдэж 2.2.2-т заасны дагуу сонгон шалгаруулалт нээгдэх өдөр буюу 3 дугаар сарын 25-ны өдрийн 9:00 цагт ажлын хэсгийн нарийн бичигт хүлээлгэн өгсөн. Үнэлгээний хорооны нарийн бичиг материалыг хүлээн авснаар 10.00 минутад ажлын хэсэг нь дээрх тогтоолын 2.2.3-т заасны дагуу нийтэд ил тод байдлаар сонгон шалгаруулалтын материалыг нээж нээлтийн тэмдэглэл үйлдсэн. Ажлын хэсэг тус төвийн хурлын зааланд оролцогч байгууллагуудад материалын бүрэн бүтэн байдал, лац тэмдгийг тус бүр шалгуулснаар нээлтийн ажиллагаа эхэлсэн. ХӨХ ХХК болон бусад байгууллагын төлөөлөл өөрийн ирүүлсэн материалын лацыг шалгаж ямар нэгэн гомдол гаргалгүй, бүрэн бүтэн байдлыг зөвшөөрснөөр нээлтийн үйл ажиллагаа эхэлсэн.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 50 дугаар тогтоолын 2.2 дахь заалтад Түрээслэгч хуулийн этгээд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ үндсэн үйл ажиллагаанд нь харшлах үйл ажиллагаа явуулахгүй, түрээслэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тодоор сонгон шалгаруулж дүнг олон нийтэд мэдээлж байгаа эсэхэд хяналт тавих гэж дээрх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн бүртгэлийн хэлтэс, Захиргаа, удирдлагын албанд тус тус даалгасан байдаг. Иймд энэхүү 50 дугаар тогтоолд заасны дагуу эмнэлгийн үйл ажиллагаанд харшлах үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн өмчлөлд бус барилгын талбайг түрээслэх түрээслэгч сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаа нь ил тод нээлттэй явагдсан. Үүнд:

1. Сонгон шалгаруулалтын зарыг байгууллагын вэб хуудасны ил тод хэсэгт олон нийтэд нээлттэй нийтэлсэн.

2. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Өдөр тутмын хэвлэл Өдрийн
сонин-ны №045(6411) дугаарт зарласан.

3. Сонгон шалгаруулалтын дүн, мэдэгдэл, үндэслэл бүхий хариу
тайлбаруудыг байгууллагын вэб хуудасны ил тод буланд нийтэлсэн

4. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээрх үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж шалгарсан байгууллагатай гэрээ байгуулсан.

Сонгон шалгаруулах материалын 2 дахь хэсэгт заасан тавигдах шаардлагад 5-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан байх гэж заасан. Хамгийн өндөр оноо авч шалгарсан ДХК ХХК-ийн хувьд С*** ХХК-тай түншлэлийн гэрээтэй хамтран оролцсон. С*** ХХК нь 2006 оны 04-р сарын 21-ний өдөр өдөр үүсгэн байгуулагдсан, өнөөдрийн байдлаар 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа, 2-р зэрэглэлийн эмийн сан, эм барих чиглэлээр мэргэжлийн уйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага.

Түрээслэгчийн сонгон шалгаруулалтын материалд компани дангаар оролцох тусгайлсан шаардлага тавиагүй бөгөөд түншлэлийн гэрээгээр түншлэгч нар оролцохыг хориглоогүй тул ямар нэгэн зөрчилгүй болохыг ХӨХ ХХК-д тайлбарласан.

Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын 3-т зааснаар Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд түрээсээр эзэмшүүлэх зорилго нь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ гэж зааснаар хамгийн өндөр үнийн саналтай компани шалгарсан... гэжээ.

Гуравдагч этгээд ДХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Манай компани нь Арьсны өвчин судлалын Үндэсний төвөөс зарласан Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн байр, поликлиникийн 1 дүгээр давхарт байрлах 25 м.кв нэг өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэгчийг сонгон шалгаруулах тендерт С*** ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж хамтран оролцож, улмаар шалгарсан билээ.

Уг сонгон шалгаруулалт нь хууль журмын дагуу явагдсан гэж үзэж байгаа бөгөөд манай компанийн хувьд тендерийн баримт бичигт дурдсан баримтуудыг бүрдүүлсэн юм. Тодруулбал, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тавигдсан өдөр тутмын сонинд тавигдсан урилгын дагуу Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн байр, поликлиникийн 1 дүгээр давхарт байрлах 25 м.кв нэг өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон бөгөөд А ХХК, АА*Ф* ХХК, Х*М*Г ХХК, О*М ХХК, ХӨХ ХХК, ДХК ХХК гэсэн 6 компани оролцож, материалын бүрдэл дутуу гэдгээр 2 компани, Х*М*Г ХХК өөрийн хүсэлтээр материалаа татаж, 3 компани болох А ХХК, ХӨХ ХХК, ДХК ХХК-иудын материал тэнцэж, улмаар манай компани уг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр үнийн саналыг санал болгож шалгарсан болно.

Хариуцагчаас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн сонинд нийтлэгдсэн түрээслэгчийг сонгон шалгаруулах тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлсэн байх бөгөөд уг урилгад Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минут, материал нээх хугацаа. хаяг байршил, 2020 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 10 цаг 00 минут Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хурлын зааланд гэснийг тухайн үед өөрөө хүлээн зөвшөөрч уг тендерт оролцсон. Мөн тендер нээх үед үүнтэй холбоотой гомдол санал гаргаагүй атлаа байдлаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна.

Түрээслэгчийг сонгон шалгаруулах урилгад аливаа компани дангаар оролцох тусгай шаардлага тавиагүй бөгөөд манай компани нь 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2 дугаар зэрэглэлийн эмийн сан, эм барих чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй С*** ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж хамтран оролцож улмаар хамгийн өндөр үнийн саналтай компаниар шалгарсан болно.

ХӨХ ХХК нь хариуцагч Арьсны өвчин судлалын үндэсний төвийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдийг манай компанитай хувийн ашиг сонирхол байгаа гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулсан бөгөөд Авлигатай тэмцэх газраас зохих хариуг өгсөн.

Эдгээрээс дүгнэвэл энэхүү сонгон шалгаруулалт нь хууль журмын дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ХӨХ ХХК-иас Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт холбогдох Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Дүнгийн нэгтгэл-ийг хүчингүй болгуулах[1] гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно.

Шүүх нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсэж буй актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Маргааны үйл баримтын талаар:

Арьсны өвчин судлалын үндэсний төв нь өөрийн байр болох поликлиникийн 1-р давхарт байрлах 25 м.кв нэг өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулахаар болж, уг сонгон шалгаруулалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 50, 51 дүгээр тогтоолын дагуу явуулахаар шийдвэрлэжээ[2].

Харин сонгон шалгаруулалтад оролцогчдын бүрдүүлэн ирүүлэх материалд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл,/тухайн чиглэлээр 5-с дээш жил үйл ажиллагаа явуулсан, өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар/,

Санхүүгийн чадварыг нотлох баримт /хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн /аудитлагдсан тайлан, татвар нийгмийн даатгалын тодорхойлолт,

Эмийн сангийн нөөц 50.0 сая төгрөгөөс багагүй байх,

Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тодорхойлолт,

Талбай түрээслэх үнийн санал зэргийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн байхыг заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл уг сонгон шалгаруулалтад нийт 6 аж ахуйн нэгж оролцсоноос[3] А ХХК, ДХК ХХК /С*ФХХК/, ХӨХ ХХК-ийн материалыг бүрдэл хангагдсан гэж үзэн дүгнэхээр болжээ.

Улмаар хариуцагч сонгон шалгаруулалтын ажлын хэсгээс А ХХК-д 75.7, ХӨХ ХХК-д 96.18, ДХК ХХК -д 97.6 оноо өгснөөр Арьсны өвчин судлалын үндэсний төвийн поликлиникийн 1-р давхарт байрлах 25 м.кв нэг өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэх түрээслэгчээр ДХК ХХК-ийг шалгаруулжээ.

Уг шалгаруулалтын нэгдсэн дүн бүхий шийдвэрийг нэхэмжлэгч ХӨХ ХХК-аас эс зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ...ДХК ХХК-ийн материалыг хагас дутуу шалгаж, тэнцүүлсэн. Үнэлгээ хийхдээ нэг оролцогчид давуу байдал олгож, харьцангуй дүгнэсэн... гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин маргаж байгаа бол хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс ...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 50, 51 дүгээр тогтоолууд нь зөвхөн зөвлөмжийн шинж чанартай. Үүнийг дагаж мөрдөөгүй байснаар сонгон шалгаруулалт хүчингүй болох үндэслэл байхгүй. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг нотлох баримт байхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс ...Нэхэмжлэгчид бага оноо өгсөн, гуравдагч этгээдэд их оноо өгсөн нь ямар хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг нь тодорхой бус. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа зохих журмын дагуу зохион байгуулж, зарыг байршуулсан, талуудад мэдэгдлийг хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд үнийн санал өндөр байна гэсэн хариу өгсөн. Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор Төр өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журмыг баталсан. Энэ журамд зааснаар төр өөрийн хөрөнгийг түрээсэлж байгаа нь төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ. Гэтэл өөрсдөө үнээ бага хэлчхээд шалгарсан компанитайгаа маргаж байгаа нь үндэслэлгүй... гэж тайлбар өгсөн болно.

Хоёр: Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын тухайд:

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ...дүнгийн нэгтгэл нь захиргааны акт мөн эсэхийг харгалзан үзэх ёстой. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.7 дахь хэсэгт дуудлага худалдаагаар үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна гэж заасан. Тэгэхээр энэ асуудал бол иргэний эрх зүйн маргаан болж байна... гэх тайлбарыг өгсөн.

Гэвч тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШЗ2020/3046 дугаар захирамжаар[4] ХӨХ ХХК-ийн Арьсны өвчин судлалын үндэсний төвийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Гэвч уг захирамжийг хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 388 дугаар шүүхийн тогтоолоор[5] дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон.

Энэхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагчийн өмгөөлөгчийн иргэний эрх зүйн маргаан гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Гурав: Дүнгийн нэгтгэл-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ...түрээсийн гэрээгээр, ...бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно, 28 дугаар зүйлийн 2-т Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ гэжээ.

Арьсны өвчин судлалын үндэсний төв нь төрийн өмчөөр баригдсан орон сууцыг түрээслүүлэхтэй холбоотой захиргааны чиг үүргийг хэрэгжүүлж байгаагийн хувьд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 50, 51 дүгээр тогтоолын дагуу сонгон шалгаруулалтыг явуулсан байна.

Гэвч хэрэгт авагдсан баримт болон бичгийн нотлох баримтаар хариуцагч дээрх Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай 51 дүгээр тогтоолд заасан зааврын дагуу сонгон шалгаруулалтыг дүгнээгүй байна.

Тодруулбал,

3.1. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ДХК ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тодорхойлолт байхгүй.

Уг баримтыг хариуцагчаас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын гэх шинжээчийн дүгнэлт-ээр дүйцүүлэн дүгнэсэн болох нь үндэслэлгүй.

Энэхүү шинжээчийн дүгнэлт нь байгууллагын хэвлэмэл хуудас[6] /албан бланк/ дээр бус, баталгаажуулсан тамга, тэмдэггүй[7].

Тус дүгнэлтийг гаргасан шинжээч Б.С*** нь ДХК ХХК-ийн боловсон хүчин болох талаар баримтыг бүрдүүлж өгсөн[8].

3.2. Ажлын туршлагын талаарх тухайн чиглэлээр 5-с дээш жил үйл ажиллагаа явуулсан, өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбарыг хавсаргаж ирүүлээгүй.

С*ФХХК-аас тасралтгүй 11 жил үйл ажиллагаа явуулсан гэж тодорхойлох[9] боловч энэ талаар хангалттай баримт байхгүй[10].

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө 2019 оны 1 дүгээр сарын 20 өдөр авсан байна[11]

3.3. ДХК ХХК нь ажиллах хүчний мэдээлэлдээ Б.С***, Д.Ц***, Д.У**** нарын мэргэжлийн дипломыг хавсаргаж өгсөн боловч Б.С***, Д.Ц*** нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн талаар баримт болох нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбарыг өгөөгүй.

Д.Ц***ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар байх боловч ДХК ХХК-ийн ажилтан мөн эсэх талаар нотолсон тэмдэглэл бүхий хуудас байхгүй.

Өөрөөр хэлбэл эдгээр нэр бүхий хүмүүсийг ДХК ХХК-д ажилладаг эсэх талаар хангалттай нотлохгүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ДХК ХХК-ийн ажилтан байсан гэх Б.С*** ...С*ФХХК-ийн захирал нь яриад манайх компаниа зарах гэж байгаа бичиг баримтаа аваад ир гэхэд нь би танихгүй хүмүүст бичиг баримтаа өгөхгүй гэхэд за за гээд өнгөрсөн. Дараа нь би өөрөө очоод миний нэрийг эрхлэгчээс хасаж өгнө үү гэсэн. Би бүтэн цагаар ажилладаггүй байсан болохоор Нийгмийн даатгал төлдөггүй. Миний лицензийг түрээсэлдэг байсан. Манайд түр ажиллаад өг гэхээр нь ажиллаж байсан. Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс сонгон шалгаруулалт зарласан гэдгийг мэдээгүй...[12] гэж мэдүүлсэн зэргээс үзвэл хариуцагч Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийнхэн үүрэгт ажилдаа хайнга хандаж, ДХК ХХК-ийн бүрдэл хангагдаагүй материалыг хүлээн авсан.

Энэ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай 51 дүгээр тогтоолын 2.2.3 Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтын материалыг нээж, бүрдлийг шалган тэмдэглэл үйлдэнэ, 2.2.4 Сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг үл маргах журмаар хасна[13].

Түүнчлэн сонгон шалгаруулалтын материалыг дүгнэхдээ 51 дүгээр тогтоолын 2.3.2 ажлын хэсгийн гишүүн бүр сонгон шалгаруулалтын материалтай бүрэн танилцсаны үндсэн дээр энэхүү зааврын дагуу дүгнэнэ, 2.3.3 Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан, ажлын хэсгийн гишүүдийн нийлбэрээр оролцогчийг шалгаруулж, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчээр сонгон шалгаруулна гэснийг тус тус зөрчсөн.

Энэ нь Сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох хэсгийн 4.3-д заасан нөхцөлийг хангагдсан гэж үзэхээр байна.

Нөгөөтээгүүр хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2 Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит үнэнийг тогтоох үүргийг хэрэгжүүлээгүй.

Захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх гол нөхцөлийг хангаагүй байна.

Дөрөв: Бусад

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1....шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, 31.2.Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, ...дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ...зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч Н.С****г гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан.

Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгсөн CD аудио бичлэгийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан болно.

Гэвч гэрч Н.С**** нь Арьсны өвчин судлалын үндэсний төвтэй хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан үүсгэн иргэний шүүхэд шийдвэрлүүлэхээр хандсан, тэдгээрийн хооронд хувийн таарамжгүй харьцаа бий болсон зүйл ажиглагдсан тул дээрх нотлох баримтыг шүүх үнэлэлгүйгээр хэрэгт хавсаргасан бусад бичгийн баримтын хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Арьсны өвчин судлалын үндэсний төв нь өөрийн байр болох поликлиникийн 1-р давхарт байрлах 25 м.кв нэг өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Дүнгийн нэгтгэл хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул түүнийг шүүх хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХӨХ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт холбогдох Арьсны өвчин судлалын үндэсний төвийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Дүнгийн нэгтгэл-ийг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] 2 Хавтас хэргийн 59 хуудас

[2] Хавтас хэргийн 6 хуудас

[3] 1 Хавтас хэргийн 55 хуудас

[4] 1 Хавтас хэргийн 15-16 хуудас

[5] 1 Хавтас хэргийн 33-34 хуудас

[6] Байгууллагын хэвлэмэл хуудас гэж байгууллагаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд боловсруулан гаргадаг зарлиг, тогтоол, захирамж, тушаал, шийдвэр, албан даалгавар, албан шаардлага, акт, албан бичиг, зөвлөмж, удирдамж, дүгнэлт, хурлын тэмдэглэл, мэдэгдэл, тодорхойлолт зэрэг баримт бичгийн хэвлэмэл хуудсыг хэлнэ. Архивын ерөнхий газрын даргын 2016.12.13-ны А/142 тушаал үзнэ үү.

[7] ДХК ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын 86-87 хуудас

[8] Шүүх хурлын тэмдэглэлийн 6 хуудас

[9] ДХК ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын 8 хуудас

[10] Хавтас хэргийн 142, хуудас

[11] ДХК ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын 66 хуудас

[12] Шүүх хурлын тэмдэглэлийн 6-7 хуудас.

[13] Хавтас хэргийн 117 хуудас