| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/00556/И |
| Дугаар | 102/ШШ2018/00632 |
| Огноо | 2018-02-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2018/00632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 2-р хороо, Рокмон бюлдинг, А зааланд байрлах, РД-2693925, Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 22-р гудамж, 895 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧО70120266, Боргочин овогт Бярзанын Цолмонхүүд холбогдох,
4 274 095 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн зөвлөх Н.Цолмон, хариуцагч Б.Цолмонхүү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Борхүү/шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 1986/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 4 274 095 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч О.Энхтайван нь 2014-03-17 өдөр манай байгууллагатай зээлийн ЗГ1500140003 тоот гэрээ байгуулж, 1 300 000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, шаталсан хүүтэйгээр зээлсэн.
Зээлийн хүү нь эхний 6 сард 3,85 хувь, дараагийн 5 сард 4,85 хувь, сүүлийн сард 8,5 хувийн хүүтэй байхаар тохирсон.
Зээлийн талаар 2016 оны 04 сараас хөөцөлдөхөд зээлдэгч О.Энхтайваг 2016 оны 03 сард нас барсан гэж ар гэрийнхэн нь хэлсэн. Иймд батлан даалтын гэрээ байгуулсан батлан даагч Б.Цолмонхүүгээс үндсэн зээл 745 800 төгрөг, хүү 3 260 175 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 268 120 төгрөг, нийт 4 274 095 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа багасгаж, үээл 745 800 төгрөг, зээлийн хүү 1 954 200 төгрөг, нийт 2 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Зээлийн гэрээний дагуу би тус байгууллагаас ямар нэгэн мөнгө зээлж ашиглаагүй. Батлан даалтын гэрээнд тухайн зээлийн гэрээний хүү, алдангийг хариуцах талаар тухайн үед надад тайлбарлаж өгөөгүй бөгөөд зээл төлөгдөөгүй тохиолдолд батлан даагч тухайн зээлийн үндсэн төлөлтийг төлж барагдуулна гэж ойлгуулсан. Би тухайн үед зээл авч байсан О.Энхтайван гэдэг хүнийг танихгүй бөгөөд танилынхаа гуйлтаар гэрээнд гарын үсэг зурсан.
О.Энхтайван нас барсан тул та түүний үндсэн зээлийг төлөх ёстой гэсэн зүйлийг ярихаар нь 2016-05-05 өдөр 300 000 төгрөг, 2016-05-09 өдөр 500 000 төгрөг, 2016-05-19 өдөр 200 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөгийг төлсөн. Одоо ямар нэгэн тооцоо байхгүй гэж хэлээд дахин холбогдоогүй атал нэхэмжлэлдээ удаа дараа шаардаж байсан гэж худлаа бичсэн байна.
Нөгөө талаас зээлдэгч нас барсан гэсэн зүйл ярьж надаас мөнгө авсан бөгөөд зээлдэгчийн зээлсэн мөнгийг өөрөөр нь болон бусад хуульд заасан аргаар төлүүлэх ямар нэгэн ажиллагаа хийсэн нь тодорхойгүй байна.
Зээлийн үндсэн төлөлт 1 090 000 төгрөг болсон тул одоо 210 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, итгэмжлэл, цалин барьцаалсан зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ, орлогын мэдүүлэг,зээл хүсэгчийн өргөдлүүд зэрэг нэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь зээлдэгч О.Энхтайвантай цалин барьцаалсан зээлийн гэрээг 2014-03-17 өдөр байгуулж, түүнд 1 300 000 төгрөгийг эхний 1-6 сард 3,85 хувийн, 7-11 сард 4,85 хувийн, 12 дахь сард 8,5 хувийн хүүтэйгээр, нэг жилийн хугацаатай олгохоор тохирсон байх бөгөөд батлан даалтын гэрээ хариуцагч Б.Цолмонхүүтэй байгуулж, зээлдэгч О.Энхтайван зээлсэн 1 300 000 төгрөгийг төлбөрийн чадвар алдах, үүрэг хүлээх чадваргүй болох, нас барах зэрэг шалтгаанаар зээлээ төлөөгүй тохиолдолд зээл, хүү, хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал болон ББСБ-д учирсан гэм хор, хохирол, бусад зардлыг хариуцан төлөхөөр тохирч, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээг бичгээр байгуулсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Ц.Цолмонхүү нь зээлдэгч О.Энхтайваны зээлж авсан сард 3,85 хувийн хүүтэй, 1 300 000 төгрөгийн зээлийн үүргийг батлан даахаар нэхэмжлэгчтэй охирч дээрх гэрээг байгуулсан нь зээл хүссэн түүний өргөдөлд нэхэмжлэгч байгууллагаас хийсэн цохолт, тэмдэглэлээр тогтоогдож байна.
Зээлдэгч О.Энхтайван 2014-04-08 өдөр зээлд 54 200 төгрөг, зээлийн хүүд 36 703 төгрөг төлсөн, батлан даагч Ц.Цолмонхүү 2016-05-09 өдрөөс 2016-05-19 өдрийн хооронд 3 удаагийн төлөлтөөр 1 000 000 төгрөгийг зээлд төлсөн байна.
Нэхэмжлэгч байгууллага батлан даагчийн дээрх төлөлтийг зээлдэгчийн зээл төлөлтөд тооцохоор орлогын баримтад тэмдэглэсэн атлаа төлсөн мөнгөний заримыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцсон байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариуцагчаас зөвхөн зээлийг төлөхийг шаардсан, энэ шаардлагын дагуу хариуцагч 1 000 000 төгрөгийг төлсөн тухай түүний тайлбар бодит үнэнд нийцэж байгаа болох нь нэхэмжлэгч байгууллагын орлогын мэдүүлгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч О.Энхтайваны зээлийн гэрээний дагуу төлөх зээлээс 1 054 200 төгрөг, зээлийн хүү 36 703 төгрөг төлөгдсөн гэж тооцох үндэслэлтэй байна.
Үүрэг гүйцэтгэгч О.Энхтайван нас барахад түүний үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар дуусгавар болох учиртай.
Нэхэмжлэгч байгууллага зээлдэгч хэзээ нас барсан болохыг нотлоогүй тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасны дагуу цалин барьцаалсан зээлийн гэрээгээр зээлдэгч О.Энхтайван ямар хэмжээний хүү төлөх үүрэгтэйг шүүх тогтоох боломжгүй байна.
Иймд гэрээний дагуу төлөх зээлээс төлөөгүй үлдэгдэл 245 800 төгрөгийг батлан даагчаар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.Нэхэмжлэлийн бусад хэсэг нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 83 335 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 8 030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон