Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/00774

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, 

нэхэмжлэгч- Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг, 7-р хэсэг, 40-р байр, А-303 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЕТ74031401, Боржигон овогт Батаагийн Энхцэцэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, Голден парк хотхоны 303-р байрны 10 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЕТ78122409, Боржигон овогт Ганбаатарын Азжаргал,

хариуцагч- Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 7-р байрны 49 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЕТ75091113, Дулжи овогт Аагаагийн Намжилдорж нарт холбогдох,

тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай 2017-12-16 өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Энхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уранцэцэг/шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 0501/, хариуцагч Г.Азжаргалыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлт-Очир, гэрч Б.Ганзориг, Г.Бат-Итгэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Азжаргал, А.Намжилдорж нарт холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай 2017-12-16 өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч  нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 1С4ВJWEG1CL280870 арлын дугаартай, улаан хүрэн өнгийн Wrangler jeep маркийн, 03-00 УНП дугаартай суудлын автомашиныг 67 000 000 төгрөгөөр худалдан авч, 37 000 000 төгрөгийг бэлнээр төлж, 30 000 000 төгрөгийг Хаан банк ХХК-ийн лизингийн зээлээр худалдан авсан. 2016-03-21 өдөр уг автомашины зээлийг бүрэн төлж барагдуулсан тул автомашиныг өөрийнхээ нэр дээр шилжүүлж бүртгүүлэхээр Хаан банкнаас албан бичиг авсан. Надад мөнгө хэрэгтэй байсан тул машинаа барьцаалж, Аурум кредит ХХК-иас 10 000 000 төгрөгийн зээл авах гэтэл Дорноговь аймагт хаягт бүртгэлтэй хүнд зээл олгохгүй ээ, Улаанбаатарын хаягтай хүнд зээл олгох тул машинаа Улаанбаатарын хаягтай хүний эзэмшилд шилжүүлж, барьцаалуулж зээл авч болох юм гэсэн. Иймд би өөрийн найз А.Намжилдоржоос гуйж, түүний нэр дээр автомашинаа шилжүүлж, Аурум кредит ХХК-д барьцаалуулж,10 000 000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийг төлж барагдуулаад 5 000 000 төгрөгийн зээл үлдсэн байсан. Гэтэл манай нөхөр Б.Ганзориг надад хэлэлгүйгээр зээлийг төлж, барьцаанаас чөлөөлж, 2017-12-16 өдөр хариуцагч А.Намжилдорж, Г.Азжаргал нар 48 000 000 төгрөгөөр худалдсан мэтээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, автомашиныг Г.Азжаргалд шилжүүлж байна.

Уг машин манай нөхөр бид 2-ын өмч бөгөөд миний зөвшөөрөлгүйгээр автомашиныг бусдын өмчлөлд шилжүүлсэн байх тул худалдах, худпалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү? гэв.

 

Хариуцагч Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Б.Энхцэцэг түүний нөхөр Б.Ганзориг нар 2013 оны 9 сард надаас 20 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сард 5 хувийн хүүтэй зээлж, Б.Ганзоригтой зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, зээл төлөх хугацааг хойшлуулсаар байсан. Зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 12 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 42 000 000 төгрөгийн авлагатай.

2017-12-15 өдөр Б.Ганзориг надтай уулзаж, өрөндөө авто машинаа шилжүүлж болох уу ломбарданд байгаа үлдэгдэл төлбөрийг төлөөд ломбарднаас чөлөөлөөд авчих гэж хэлсэн. Хэрвээ ломбард өөрөө борлуулах юм бол маш хямд зарна гээд байна гэсэн. хэлсэн. Иймд 2017-12-27 өдөр Аурум кредит ХХК-ийн 5123041963 тоот дансанд 5 800 000 төгрөгийг шилжүүлж, барьцаалан зээлдүүлэх газраас уг автомашиныг чөлөөлөгдөж, А.Намжилдорж гэдэг хүний нэр дээрээс миний нэр дээр 1С4ВJWEG1CL280870 арлын дугаартай, улаан хүрэн өнгийн Wrangler jeep маркийн 03-00 УНП улсын дугаартай суудлын автомашиныг шилжүүлэхээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ хууль ёсны дагуу шударгаар олж авсан миний өмч тул дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Машиныг эзэмшилдээ шилжүүлж авахад төлөгдөөгүй торгууль 445 400 төгрөг, оношлогоо хийлгэхэд 22 000 төгрөг, автомашиныг засуулахад 814 669 төгрөг, нийт 1 282 069 төгрөг зарцуулсан гэв.

Хариуцагч А.Намжилдорж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Энхцэцэгтэй Бнутгийн, нэг сургуулийнх тул 0300 дугаартай автомашиныг хотод унах шаардлагатай байгаа тул түр өөрийн чинь нэр дээр шилжүүлье, удахгүй хүүхдэдээ шилжүүлээд авчихна гэсэн гуйлтаар нь нэр дээрээ уг машиныг шилжүүлж авсан. Б.Энхцэцэгээс автомашиныг нь шилжүүлж авахдаа мөнгө болон эд хөрөнгө авсан зүйл байхгүй, мөн Г.Азжаргалтай байгуулсан гэрээний үндсэн дээр мөнгө, эд хөрөнгө аваагүй. Б.Энхцэцэгийн нөхөр Б.Ганзориг автомашинаа зарж байна гэсэн учир би гэрээнд гарын үсэг зурснаас өөр ямар нэгэн мөнгө аваагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тус гэрээнд автомашиныг 48 000 000 төгрөгөөр худалдсан талаар мэдлээ.

Би эдгээр хүмүүст найзын хувьд тусласнаас өөр зүйлгүй. Б.Энхцэцэг, Г.Азжаргал нарын дунд болоод байгаа асуудлыг мэдэхгүй байна. Хоорондох гэр бүлийн асуудлыг мөн мэдэхгүй байна. Энэ маргаанд хэн нь автомашинаа авах нь надад хамаагүй, Би Б.энхцэцэгт машинаа шилжүүлж ав гэдэг талаар хэлж байсан боловч аваагүй, 2 жил орчим болсон гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүүд, худалдах, худалдан авах гэрээ, барьцаа чөлөөлөх тухай албан бичиг, бүртгэлийн маягт, автомашины зураг, гэрээ сунгасан тухай албан бичиг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зээлийн талаарх тодорхойлолт, төрсний гэрчилгээ, мессеж, зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний үнэмлэхийн лавлагаа, торгууль төлсөн, оношлогоо, засвар үйлчилгээ хийлгэсэн баримтууд, гэрч Б.Ганзориг, Г.Бат-Итгэлт нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хариуцагч А.Намжилдоржид шүүхээс шүүх хуралдааны товыг хүргэсэн байх боловч тэрээр хуралдаанд ирээгүй байх бөгөөд ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Хариуцагч өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч А.Намжилдоржийн эзгүйд хэргийг хэлэлцлээ. 

Нэхэмжлэгч нь гэрч Б.Ганзоригтой 1997 оны 10 сарын 02 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 3 хүүхэдтэй гэр бүл байх бөгөөд тэрээр 2015 онд Wrangler jeep маркийн, 03-00 УНП дугаартай суудлын автомашиныг 67 000 000 төгрөгөөр худалдан авахдаа машины үнээс 30 000 000 төгрөгийг Хаан банк ХХК-ийн лизингийн зээлээр төлж, автомашиныг Хаан банкны эзэмшилд шилжүүлсэн байсныг зээлээ төлж барагдуулснаар Б.Энхцэцэг, Б.Ганзориг нар тохирч, нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн эзэмшилд автомашиныг шилжүүлэхээр болсон нь тус банкны 2016-03-21 өдрийн албан бичгээр тогтоогдож байна.

Б.Энхцэцэг уг автомашиныг барьцаалж, Аурум кредит ХХК-иас зээл авахын тулд Улаанбаатар хотын харьяат, өөрийн танил болох хариуцагч А.Намжилдоржоос туслалцаа гуйж, автомашины эзэмших эрхийг түүний нэр дээр шилжүүлж, А.Намжилдоржийн нэрээр 10 000 000 төгрөгийн зээлийг 2016-03-23 өдөр авч, зээлд уг автомашиныг барьцаалуулсан байна.

Аурум кредит ХХК-иас авсан зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн гэрээний үүргээс 5 800 000 төгрөгийн үүрэг биелэгдээгүй байх үед нэхэмжлэгчийн нөхөр Б.Ганзориг уг үүргийг хариуцагч Г.Азжаргалаар гүйцэтгүүлж, автомашиныг түүний эзэмшилд шилжүүлүүлэхээр, 2017-12-16 өдөр хариуцагч нарыг тээврийн хэрэгслийг 48 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулуулж, эзэмших эрхийг Г.Азжаргалд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Wrangler jeep маркийн, 03-00 УНП дугаартай суудлын автомашин нь А.Намжилдорж эзэмших эрхтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан боловч уг машиныг нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн хүү гэрч Г.Бат-Итгэлт биет байдлаар нь эзэмшдэг, Аурум кредит ХХК-иас Б.Энхцэцэг, Б.Ганзориг нар зээл авахын тулд хариуцагч А.Намжилдоржийг автомашины эзэмшигчээр нэхэмжлэгч Б.Энхцэцэг түүнээс гуйж бүртгүүлсэн, уг автомашин нь нэхэмжлэгч болон гэрч Б.Ганзориг нарыг гэрлэснээс хойш бий болсон, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох нь зохигчийн тайлбар, гэрч Б.Ганзориг, Г.Бат-Итгэлт нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэрч Б.Ганзориг нь уг автомашиныг худалдах худалдан авах гэрээг хариуцагч нараар хийлгэж, автомашиныг захиран зарцуулахдаа Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасны дагуу уг автомашиныг хамтран өмчлөх эрх бүхий нэхэмжлэгч Б.Энхцэцэгт мэдэгдээгүй, түүнээс зөвшөөрөл аваагүй, ийнхүү захиран зарцуулсныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаа нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Мөн хариуцагч Г.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Ганзориг, Б.Энхцэцэг нарт Г.Азжаргал 2013 онд зээл олгосон гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч Б.Энхцэцэгт эсэргүүцсэн, Г.Азжаргалаас зээл олгосон гэх бичмэл баримтаар нэхэмжлэгч Б.Энхцэцэг түүнээс зээл авсан нь нотлогдоогүй тул автомашиныг эзэмших, ашиглах, захиран зарцуулахад өөртэйгээ адил эрх эдлэх нэхэмжлэгчийн эрх ашгийг хамтран өмчлөгч Б.Ганзориг зөрчсөн байна.

Иймд хариуцагч А.Намжилдорж, Г.Азжаргал нар 2017-12-16 өдөр байгуулсан Wrangler jeep маркийн, 03-00 УНП дугаартай суудлын автомашиныг 48 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Азжаргалын эзэмшлээс уг автомашины эзэмшлийг нэхэмжлэгч буцааж шаардах эрхтэй байна.

Хариуцагч А.Намжилдорж нь уг автомашиныг нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн гуйлтаар, түүнд туслах зорилгоор өөрийнхээ эзэмшилд бүртгүүлсэн, түүнийг буцааж Б.Энхцэцэгт шилжүүлэх хүсэлтэй болох нь шүүхэд бичгээр гаргасан түүний тайлбараар тогтоогдож байна.Иймээс нэхэмжлэгчийн эзэмшилд автомашиныг шилжүүлэхээр шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзлээ.

Харин хүчин төгөлдөр бус хэлцлээс өөртөө хохирол учирсан гэж үзвэл хариуцагч Г.Азжаргал хохирлоо хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээсээ жич шаардах боломжтой.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 397 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 397 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон