Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2022/0012/Э |
Дугаар | 2022/ШЦТ/12 |
Огноо | 2022-01-11 |
Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.11.1., |
Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/12
2022 01 11 2022/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд,
Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох 2129000000150 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид дараах зүйлийн хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтын зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Манлай сумаас урагш 25 км орчим зайд сайжруулсан шороон замд Тоёота приүс-20 маркийн 87-25 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 21.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Төрмөнхийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүн эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх..... гэсэн заалтуудыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ би Монгол улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Э.Б-д холбогдох 2129000000150 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах саналыг гаргаж байна. Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар яллагдагч Э.Буд нь зам тээвийн осол гаргаж тухайн зам тээврийн ослоос болж хохирогч Төрмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Мөн тухайн зам тээврийн осол гарсан ослын газрыг санаатай орхиж зугтаасан болох нь нотлогдон тогтоогдож байна. Иймд яллагдагч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Буд нь 2,500,000 төгрөгийг хохирогчид төлсөн. Шүүхийн шатанд 500,000 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгч байна. Яллагдагч Э.Б-ын хувьд бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Мөн яллагдагч Э.Б хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаад улмаар хүсэлтийг прокуророос хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна гэж үзэж ял тохирч орж ирсэн. Тухайн оногдуулах ялаа дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй эд мөрийн баримтаар хураагдсан жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслээс хурааж авсан борооны хаалт 2 ширхэг, гүпэр тогтоогч 1 ширхэг, хар өнгийн машинаас унасан будагны хэлтэрхийнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг гаргаж байна. Мөн шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид холбогдуулан үүсгэсэн хэргийн зүйлчлэл болон түүний гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Үүний дагуу прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж шүүхэд шилжүүлсэн байгаа. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байгаа. Тухайн хэрэг гарах болсон гол шалтгаан бол шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэний улмаас тухайн хэрэг гарсан байдаг. Шүүгдэгч маань өөрөө ойлгож ухаарсан байгаа. Хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Хохирогчийн зүгээс 529,529 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч нь сайн дураараа нийт 3,000,000 төгрөгийг төлж хохирол төлбөрийг барагдуулсан. Бусдад төлөх төлбөр байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал нь харагдаж байна. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Анх удаа тухайн гэмт хэргийг үйлдсэн байдаг. Тийм учраас гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Тухайн зүйл ангид зааснаар гэм буруутайд тооцуулахад татгалзах зүйл байхгүй. Тиймээс улсын яллагчийн гаргасан саналын дагуу хариуцлага оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11172 дугаартай “Г.Төрмөнхийн биед баруун шагайн гадна хавчаар ясны хугарал, духанд сорви, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110-111-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3280 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн №3, 4 гэх дугаарласан хар өнгийн хуванцар нь өнгө, хэлбэр, хагарлын зах ирмэг зэргээрээ нийлж нэг бүхлийг үүсгэж байна. Шинжилгээнд ирүүлсэн №5, 6 гэж дугаарласан хар өнгийн хуванцарууд нь өнгө, хэлбэр зэргээрээ ижил төсөөтэй боловч хагарлын зах ирмэг хэсгээрээ нийлж нэг бүхлийг үүсгэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн №5 гэж дугаарласан уутанд хийсэн хар өнгийн хагархай хэсгүүд нь хоорондоо өнгө, хэлбэр, хагарлын зах ирмэг хэсгээрээ нийлж нэг бүхлийг үүсгэж байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 118-127-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5276 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай автомашины хар хөх өнгийн замасктай будгийн хэлтэрхий нь шинжилгээнд хүргүүлсэн 87-25 УАМ улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгслээс авсан №2 дугаартай хар хөх өнгийн будагтай найрлагын хувьд тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 дугаартай хар хөх өнгийн будгуудын гол элементийн найрлагад титан /Ti/, кали /K/, төмөр /Fe/ зэрэг элементүүд илэрч байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 129-131-р хуудас/ -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэгээ /хх-ийн 10-22-р хуудас/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ххийн 26-40-р хуудас/ -Хохирогч Г.Төрмөнхийн мэдүүлэг: “...би 2021 оны 11 дүгээр сарын 01 буюу өчигдөр орой 17-18 цагийн үед Өмнөговь аймаг Манлай суманд орж ирсэн... Манлай сумын төвөөс... сайжруулсан шороон замаар явж байхдаа бид 2 хойно ачсан байсан сендвичүүдээ замдаа унгаагаад гээсэн байснаа мэдээд бид 2 буцаж эргээд зам дээр унагаасан зүйлсээ түүгээд явж байхад араас маш хүчтэй автомашин мөргөсөн. Тэр үеээс хойш юу болсныг огт санахгүй байна. Манай найз намайг маш хүчтэй газар шидэгдсэн гэж хэлсэн. Манай найз Ганболд гэрэлгүй автомашин ирээд мөргөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52-р хуудас/
-Гэрч Б.Ганболдын мэдүүлэг: “...2021 рны 11 дүгээр сарын 01-ний 16 цагийн үед Манлай суманд ирээд дэлгүүр ороод ундаа, ус болон шатахуун түгээх станц ороод түлшээ хийгээд 18 цагийн үед хөдөлсөн....бид 2 буцаж эргээд 3 удаа зогсож замд бударсан эд зүйлсээ түүгээд зогсож байхад гэрэлгүй автомашин орж ирээд найз болох Төрмөнхийг мөргөөд тэр чигээрээ сайжруулсан шороон замаараа урагш зүгт явсан.... приүс-20 маркийн машин байсан. Манай найзыг мөргөчхөөд цаашаа 2 орчим км яваад гэрлээ асаасныг би харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63-р хуудас/
-Гэрч Д.Мөнхбаярын мэдүүлэг: “...Б нэлээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 87-25 УАМ улсын дугаартай хөх өнгийн Приус 20 загварын автомашинтай байсан. Маргааш өглөө нь босоод үзэхэд жолоочийн эсрэг талын толь эвдрээд доошоо унжчихсан байсан тэгээд бид 2 нийлж байгаад шрүпдэж тогтоосон..” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид дараах зүйлийн хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтын зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Манлай сумаас урагш 25 км орчим зайд сайжруулсан шороон замд Тоёота приүс-20 маркийн 87-25 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 21.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Төрмөнхийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүн эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх..... гэсэн заалтуудыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судалсан нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Э.Будын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Э.Б-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч Г.Төрмөнхөд хохирол төлбөрт нийт 3.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Э.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролын нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй. Энэ хэрэгт Э.Буд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Э.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Э.Будыг 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 согтуугаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1зааснаар Э.Будыг 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Г.Төрмөнхөд нийт 3,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгтогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Будад авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА