Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

 

2022           03            16                                                        2022/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч Т.Солонго,

Шүүгдэгч Д.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.О холбогдох 2229000000028  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Д.О  нь 2022 оны 01 дүгээр сарын 22- ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоогийн 4-5 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Г.Мэндбаясгалангийн биед хутгаар халдаж баруун, тохой, баруун гуяанд шарх гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

                   Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаартай “Г.Мэндбаясгалангийн биед, зүүн тохой, баруун гуяанд шарх гэмтэл тогтоогдлоо.... Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлэээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой...Г.Мэндбаясгалангийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... Г.Мэндбаясгалангийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт / хх- ийн 35-36-р хуудас /

Яллагдагч  Д.О нь 2022 оны 01 дүгээр сарын 22- ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоогийн 4-5 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Г.Мэндбаясгалангийн биед хутгаар халдаж баруун, тохой, баруун гуяанд шарх гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч Г.Мэндбаясгалангийн мэдүүлэг/хх-ийн 20-21-р хуудас/,

-Гэрч Б.Мөнх-Амгалангийн мэдүүлэг / хх-ийн 26-27-р хуудас/,

-Гэрч Ү.Балжидын мэдүүлэг/хх-ийн 29-30-р хуудас /,

         -Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 35-36-р хуудас /

         -Яллагдагч Д.О мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

 

                  Хохирогч Г.Мэндбаясгалангийн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Цогтцэций сумын Цагаан-Овоогийн 4-5 тоотод эхнэр Балжидын хамт байж байхад гаднаас Мөнх-Амгалан ах ганцаараа орж ирэхээр би гэрээс гарч урд дэлгүүрээс нэг шил 0.5 граммын архийг худалдаж аваад Мөнх-Амгалан бид хоёр архийг хоёр хувааж уучихаад бид гурав дэлгүүрээс гарч Туул эгчийнд очоод тэнд 0.5, 0.75 граммын 2 ширхэг архийг манай эхнэр Балжид, Мөнх-Амгалан, Туул эгч бид дөрвүүлээ хуваагаад ууж байхад миний утас руу О залгаад “би танайд ирчихсэн байна” гэж хэлсэн Тэгээд бид хэд 2 шил архийг уучихаад буцаад гэрлүүгээ явж очиход манай гэрт О ганцаараа сууж байсан...Би тэгээд гэртээ амарч байхад О нилээн согтчихсон байдалтай ирээд гэрт байсан Мөнх-Амгалантай хэрүүл маргаан хийх гээд байхаар нь манай эхнэр Огтбишийг явуулаа их согтсон байна гэхээр би Оийг гэрээс авч гарсан чинь О над руу агсараад байхаар нь би битгий агсраад бай гэж хэлээд Оийн нүүр лүү нэг удаа зөөлхөн мөргөсөн тэгээд би Отэй зууралдаад газар өнхөрөөд байж байхад миний зүүн гар хорсохоор харсан чинь гарнаас цус гарч байхаар би гэрээс эхнэрээ дуудсан. Тэгэхэд миний баруун тохой болон баруун гуя хавьд халуу оргиод байсан тэгээд манай эхнэр гэрээс гарч ирээд юу боловоо гээд уйлаад байх шиг байсан би тэгээд ухаан алдсан байна нэг мэдсэн чинь сумын эмнэлэгт хэвтэж байсан...Миний зүүн гарын шуунд нэг дүрсэн, баруун гарын тохойны дээд талд болон баруун гуяны ташааны хавьд нэг нэг удаа зүссэн байсан.Намайг зууралдаж байхад зүсэгдсэн байх...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 20-21-р хуудас /

              Гэрч Б.Мөнх-Амгалангийн “...Би Цогтцэций сумын төвд байдаг Мэндбаясгалангийн гэрт 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр очиж хоносон юм...Балжид бид хоёр гэрээс гараад очиход хашаанд дотор байгаа зүүн талын жижиг гэрийнхээ зүүн талд газарт Мэндбаясгалан хэвтэж байхаар нь бид хоёр очоод гэрэл тусгасан чинь хамаг хувцас нь цус болчихсон газарт хэвтэж байхаар нь би юу боловоо гэж асуусан чинь Одор намайг хутгаар хутгалчихлаа гэж хэлсэн тэгээд бид нар эмнэлэг цагдаа руу ярьж дуудлага өгсөн...”гэсэн мэдүүлэг / хх-ийн 26-27-р хуудас /

              Гэрч Ү.Балжидын “...гэнэт гадаа манай нөхөр цус алдаж үхлээ гэж хашгирахаар би охиноо дагуулаад гэрээс гараад очиход илүү гэрийн баруун урд талд газар хэвтэж байхаар би очоод юу болов оо гээд гэрэл тусгасан чинь хувцас цус болчихсон байсан. Би тэгээд хэн яасан юм бэ гэхэд манай нөхөр Огтбиш хутгалчихлаа гэж хэлэхээр би эмнэлэг цагдаа руу аваад явсан. Эмч нар манай нөхрийн зүүн, баруун гар болон баруун ташаа хавьд хутгалчихсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 29-30-р хуудас /

              Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаартай “Г.Мэндбаясгалангийн биед, зүүн тохой, баруун гуяанд шарх гэмтэл тогтоогдлоо.... Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлэээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой...Г.Мэндбаясгалангийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... Г.Мэндбаясгалангийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт / хх- ийн 35-36-р хуудас /

Яллагдагч Г.О-ийн “...Намайг гэрээс Мэндбаясгалан дагуулж гараад мотоцикпийн хажууд хамт зогсож байгаад гар утаснаас болж маргалдсан би тэгээд куртекны дунд талын халаасанд байдаг шар иштэй жижиг эвхдэг хутгыг гаргаж ирээд Мэндбаясгалангийн баруун, зүүн гар хавьднэг нэг удаа дүрчихсэн тэгтэл Мэнд баясгалан ах намайг барьж авах гээд надаас зууралдаад бид хоёр тэгээд портерын хажууд очоод намайг газар унагаагаад дээрээс дараад авахаар би дахиад нэг удаа гуя хавьд нь хутгалчихсан тэгтэл цус гарахаар би айгаад хашаанаас гараад явчихсан. Тэгтэл гэрт байсан хүмүүс гарч ирээд “хүн хутгалчихлаа цагдаа дууд” гэж хашгирч байх шиг байсан. Би тэгээд нэг мэдсэн чинь баруун нарангийн засмал дээр явж байсан. Тэгээд хөдөө жалганд хоночихоод маргааш өглөө нь замын унаанд дайгдаад аймаг руу орчихоод нөгөөдөр нь буцаад сумын цагдаа дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.О нь боловсролгүй, бичиг үсэг мэддэггүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчтэй явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.О үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.О “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.Мэндбаясгалан нь яллагдагч Д.О ээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул яллагдагч Д.Огтбиш нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэх дүгнэлтийг шүүгдэгч  Д.О түүний өмгөөлөгч нар улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Од торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Д.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТТУЛГА