| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2022/0055/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/62 |
| Огноо | 2022-04-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/62
2022 04 29 2022/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга У.Гантулга,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох 2229000760043 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой ХХК-ний хашаанаас 2022 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө онгорхой сендвичин барилга руу орж 11 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.073.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой ХХК-ний хашаанаас 2022 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө онгорхой сендвичин барилга руу орж 11 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.073.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэрэндоржийн: “...2022 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө би “Оюу толгой” ХХК дээр ажил дээрээ байсан. Тухайн үед аюулгүй байдлын ахлах ажилтан Алдарт хандан Цагдаагийн байгууллагаар шалгуулах ёстой талаар мэдэгдсэн. Түүнээс хаанаас юу алдагдсаныг мэдэхгүй байна...Хаанаас ямар ямар нэр төрлийн эд зүйлд алдагдсан талаар мэдэхгүй байна ямар ч байсан “Оюу толгой” ХХК-ийн эзэмшлийн эд зүйл байсан талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Гэрч И.Баяраагийн: “...2022 оны 02 дугаар сарын 21-ний орой 18 цаг 30 минутад шөнийн ээлж хүлээн авсан. Тэгээд 02 дугаар сарын 22-ны 00 цаг өнгөрч байхад “Оюу толгой” ХХК-ний хажууд Шатаах үйлдвэр гэх газрын орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад замын хажууд хувцасны цацруулагч харагдсан тэгэхээр нь машинаа зогсоогоод буцаж ухраад тухайн зүйлийг машины гэрэл тусгаж харахад хүн дүрстэй юм газар хэвтэж байсан тэгэхээр нь юу хийж яваа талаар нь тодруулахад манайх ойрхон байдаг юм малаа хайж явна гэж хэлсэн тэгэхээр нь гадаа хүйтэн байна хөлдөж үхлээ гээд машиндаа оруулж суулгаад “Оюу толгой” ХХК-ний аюулгүй алба хариуцсан ахлах ажилтан Алдар гэх хүнд мэдэгдсэн. Тухайн хүний цаад талд хэд хэдэн ууттай зүйл байхаар нь хулгай хийсэн байж болзошгүй гэж бодсон. Алдар цагдаагийн байгууллагад хандсан өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
Гэрч Б.Баттулгын: “...Алдагдах үед би мэдээгүй цагдаагийн тасаг дээр хураагдсаны дараа харахад халаагч тень 1 ширхэг, урт иштэй дөрвөлжин хүрз 1 ширхэг, 20*5 сантиметр ган пүрш 6 ширхэг, өндрийн бүс 1 ширхэг, дээжний даавуун уут 10*20 сантиметр, 140 ширхэг металл угаалтуур болон холбогчийн хамт 1 ширхэг, мотортой үлээгч сэнс 1 ширхэг, NJ2307 ECР/C3 маркийн металл шаариг 3 ширхэг, залгуур нь тасарсан уртасгагч 1 ширхэг, тоосны маск 2 ширхэг, дуу намсгагч чихэвч 1 ширхэг, коврол 5 ширхэг тус тус байсан...Тухайн агуулах ямар нэг харуул хамгаалалт болон түгжээ байхгүй онгорхой байдаг юм. Тухайн агуулахыг ашиглахгүй байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч У.Алдарын: “...2022 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө намайг ажил дээрээ байхад 00 цаг 26 минутад хамгаалалтын албаны ахлах Баяраа гэх хүн албаны дугаарт замын хажууд нэг хүн хэвтэж байна хажууд нь юу нь мэдэгдэхгүй боодолтой эд зүйл байна гэж мэдээлсний дагуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд очиж үзэхэд орон нутгийн малчин гэх хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72-р хуудас/,
Гэрч Б.Эын: “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс урагш Цагаан хад суурьшлын бүс орох гээд явсан. Тэгэхдээ “Оюу толгой” ХХК-ний хажуугаар зөрөхөд харуул хамгаалалт сендвич харагдаж байхаар нь орж болохоор юм байна гэж бодсон. Тэгээд орой 21 цагийн үед буцаж ирээд “Оюу толгой” ХХК-ний хашаагаар дотогш орсон. Хашаа нь мал амьтан явахад тээглэхгүй зорилгоор том зайтай байдаг юм. Манай мал тухайн газраар бэлчдэг тухайн хашаа руу орсон үед би орж малаа авч байсан тохиолдол олон болохоор тухайн газрыг сайн мэднэ. “Оюу толгой” ХХК-руу ороод алхаж байхад онгорхой сендвичин байр байсан орж үзэхэд хүн ашиглаад байдаггүй агуулах шиг юм байсан тэгэхээр нь хэрэг болж магадгүй гэсэн зүйлсээ уутанд хийж аваад явж байхад хамгаалалтын машин таарсан тэгэхээр нь газар хэвтэж нуугдсан тэгтэл намайг олоод хүрч ирээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ТХY-622/3213 дугаартай хохирлын үнэлгээ /11 нэр төрлийн эд зүйл 1,073,000 төгрөг /хх-ийн 57-61-р хуудас/,
Яллагдагч Б.Эын “...Би тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн. Би болсон явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэрэндорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн, шүүгдэгч нь хулгайлсан эд хөрөнгө болох 11 нэр төрлийн эд зүйлийг хохирогчид буцаан өгсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж үзсэн тул шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна ...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.Э нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэрэндорж нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Эын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.