Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 233

 

Ш.Оод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Еркебулан,

шүүгдэгч Ш.О, түүний өмгөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Оын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1709003910416 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

 У овгийн  Ш.О, 1989 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ......................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........................../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;

Ш.О нь 2017 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Л.Цгийн өмчлөлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу түргэн үйлчлэх цэгийн цонхоор нэвтрэн эд зүйл хулгайлж, 312.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ш.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Оыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ш.Оыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Оод оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Оын цагдан хоригдсон 1 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Ш.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Оын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шүүгдэгч Ш.Оын өмгөөлөгчөөр давж заалдах шатнаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна. Гэм буруугийн болон зүйлчлэлийн хувьд маргахгүй. Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг хэрэглэсэн явдалд миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс мөн маргаан байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс Ш.Оын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасныг баримтлан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хувийн байдлын хувьд базаахгүй үзүүлэлт гардаг нь үнэн. Гэхдээ шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал гэдэг эрх зүйн үр дагаврыг хуульчлан заагаагүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ш.Оыг бусдын байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлж, улмаар хохирогч Ц-д бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн байцаах ажиллагаа явуулж, прокурорын хяналтад 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хэрэг ирсэн байдаг. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байхад прокурорын хяналтад ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй оргон зайлсан. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дээд шатны прокуророос прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, эргэж сэргээгээд 2018 оны 11 дүгээр сард яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ хугацаанд Ш.О оргон зайлсан. Ар гэрийнхнээс нь гэрчийн мэдүүлэг авч, Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа хангалттай хийгдсэн. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 3 сарын хугацаагаар эмчилгээ хийлгэж байсныг мөрдөгч олж мэдээд албан бичиг хүргүүлж, Ш.Оыг гаргаж авчирсан байдаг. Ш.О хугацаанаасаа өмнө буюу 2 сар 15 хоног эмчилгээ хийлгэж гарсан. Гарснаасаа хойш дахин оргосон тул мөрдөгч гэрээс нь хойшлуулашгүйгээр баривчилж, шүүхээс нэг өдөр цагдан хорьсон байдаг. Ш.Оын хувьд 4 удаа ял шийтгүүлснээс 3 удаа 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “орон байрны хулгай”, 1 удаа дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан. Анхан шатны шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ялыг оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ш.Оод холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Шүүгдэгч Ш.О нь 2017 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хохирогч Л.Цгийн өмчлөлийн түргэн үйлчлэх цэгийн цонхоор нэвтэрч, чихэр, шоколад зэрэг хүнсний бараа хулгайлж, 312.100 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Тэрээр иргэн Л.Цгийн түргэн үйлчилгээний цэгийн цонхоор нэвтрэн эд зүйл хулгайлснаа хүлээн мэдүүлдэг /хх-37/ ба түүний мэдүүлэг нь хохирогч Л.Ц /хх-19-20/-гийн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 03/219 дугаартай “... 5 дугаартай гарын мөр нь Ш.Оын баруун гарын дунд хурууны дардастай тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-25/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-17/, эд зүйлийн үнэлгээ /хх-75-76/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Ш.Оын хохирогч Л.Цгийн ТҮЦ-нд нэвтэрч, хөрөнгө хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, анхан шатны шүүх уг зүйл, хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Ш.Оыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ш.О нь “... надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон Ш.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийхэд түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол учруулсан хохирлын хэмжээнээс үл хамаарч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай ба анхан шатны шүүх хуульд заасан хэмжээний дотор буюу Ш.Оод 2 жил 8 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ш.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН