Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0800/З/ |
Дугаар | 143 |
Огноо | 2017-04-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 143
Ю.С-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Ю.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1068 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 146 дугаар магадлалтай, Ю.С-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1068 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “ажилгүй байсан хугацааны цалин 4 553 984 /дөрвөн сая таван зуун тавин гурван мянга есөн зуун наян дөрвөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ю.С-д олгож, нэхэмжлэгч Ю.С-ыг ажилд авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ю.С-ыг ажилд эгүүлэн тогтоох буюу өөр ажил олж өгөхийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 146 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1068 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ю.С-ыг ажилд авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ю.С-д өөр ажил олж өгөхийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин 3 815 586 /гурван сая найман зуун арван таван мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ю.С-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгч Ю.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх ажилд томилох хугацааг тооцохдоо ажилдаа орох тухай миний өргөдөл өгсөн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс тооцолгүйгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/46 тоот албан бичгийг үндэслэн шийдвэр гаргасан хэдий ч би дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн юм.
Гэтэл хариуцагчаас давж заалдах гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 146 дугаар магадлалаар ажилгүй байсан хугацааны цалинг 3 815 586 төгрөг болгон өөрчилж, бууруулсанд гомдолтой байна. Учир нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж шийдвэр гаргасан.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “хүүхэд асрах чөлөө дууссан эсхүл дуусгаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажилд, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1068 дугаар шийдвэр нь миний ажилгүй байсан хугацааны цалин болох 4 553 984 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааг тооцсон байхад хуулийг буруу хэрэглэж ажилгүй байсан хугацааны цалинг улам дордуулж буюу 3 815 586 төгрөг болгон өөрчлөн шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд миний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Улсын Дээд шүүхийн тогтоол гаргах хүртэлх хугацааны цалинг тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хянавал:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ю.С-ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хуульд заасан үндэслэлийн дагуу зөв тооцсон байна.
Нэхэмжлэгч Ю.С нь нийслэлийн Нийгмийн даатгалын газрын /хуучнаар/ эрүүл мэндийн даатгалын хэлтэст төлбөр тооцоо хариуцсан байцаагчаар ажиллаж байгаад 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөө авсан, уг чөлөөний хугацаандаа 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр дахин хүүхэд төрүүлж, “хүүхэд асрах чөлөө хүссэн” өргөдлийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажил олгогчдоо гарган, хүүхэд асрах чөлөөтэй байсан, “хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан” гэдгээр урьд ажиллаж байсан ажил, албан тушаалдаа үргэлжлэн ажиллах хүсэлтээ “2015 оны 12 дугаар сард гаргасан” гэж, ийм өргөдөл “олдоогүй” учир “хүсэлт гаргаагүй” гэж хариуцагч нь маргасан, “ажилд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа” асуудлаар дээд шатны байгууллагад гомдол гаргасан зэрэг үйл баримтууд тогтоогдсон ба Ю.С-ын гаргасан гомдлыг шийдвэрлэж “ажлын байраар хангаж ажиллуулах”-ыг нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргад мэдэгдсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/49 дугаартай албан бичиг /шийдвэр/-ийн өдрөөс Ю.С-ын “ажилгүй байсан” хугацааг тооцсон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална; 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа”, 36 дугаар зүйлийн 36.1-д “ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй; 36.1.3-д “хуульд заасан бусад тохиолдол”, 106 дугаар зүйлийн 106.2-т “хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж тус тус заасан байна.
Үүнээс үзвэл, “хүүхэд асрах чөлөөтэй байх” үндэслэл, шалтгаан арилж, улмаар хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч нь тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй бөгөөд энэхүү хүсэлтийг ажил олгогч хүлээж аваагүйгээс үүссэн маргааныг “ажлаас буруу халсан, буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлтэй адилтган шүүх хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь “ажилгүй байсан хугацааг буруу тооцсон” гэж давж заалдах журмаар гомдол гаргаагүй ба хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын агуулгаас үзвэл, хугацаа тооцсон уг асуудлаар маргаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан, нэхэмжлэгч нь 2012 оны 10 дугаар сараас эхлэн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл /гомдлыг нь шийдвэрлэсэн өдөр/ хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөөтэй байсан тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцсэн байна.
Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “цалинг улам дордуулж шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 146 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ