| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0094/Э/001/2020/0130 |
| Дугаар | 2022/ШЦТ/63 |
| Огноо | 2022-04-29 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/63
2022 04 29 2022/ШЦТ/ 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: О.Анхтуг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгчдийн өмгөөлөгч: Э.Энххэрлэн, Б.Тэнгис /цахимаар/
Шүүгдэгч А.Т, П.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т, П.Г нарт холбогдох 1929001070077 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч А.Т, П.Г нар нь байгалийн ховор ургамал болох 1,236,25 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Стана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүгдэгч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “… Шүүгдэгч А.Т, П.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар засаг даргаас зөвшөөрөл авалгүйгээр ховор ургамал дэрэвгэр жиргэрүү ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн учраас энэ зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ”… Прокуророос миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад миний үйлчлүүлэгч нарын холбогдуулаад байгаа хэрэгт ихэнх нь цагаатгах талын нотлох баримтууд байгаа. Энэ нотлох баримтуудаас онцгойлон шинжлэн судалсан тухайн Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 06/1775 дугаартай албан бичиг энэ тоотыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргаж авсан. Хэдийгээр мөрдөгч прокурор цагаатгах яллах байр суурины нотлох баримтуудыг цуглуулна гэсэн прокурор энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ баримтыг авснаар миний үйлчлүүлэгч нарыг цагаатгах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ тоотод худалдаж болон худалдан авч байгаа талууд дараах баримтуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай гэж байгаа энэ дээр байгалийн ургамлын тухай хуулийн 13.3 дэх хэсэгт заасны дагуу холбогдох байгууллуудаас олгосон байгалийн дэрвэгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх тухай тусгай зөвшөөрөл, ургамал ашиглах тухай орон нутагт байгуулсан гэрээ гэх зэргээрээ Прокурорын яллаад байгааг зөвхөн нэг албан тоотоороо няцаччих байгаа юм. Үүгээрээ юу хэрэх гээд байна вэ гэхээр Байгалийн тухай хуульд заасны дагуу зохих зөвшөөрөлтэй түүж бэлтгэсэн байгалийн ургамлыг зарж борлуулах худалдан авахад тус яамнаас зөвшөөрөл олгодоггүй болно гэдэг нь тухайн эх сурвалжид түүж бэлтгэсэн Дэрвэгэр Жирвэгэр нь худалдан авсан миний үйлчлүүлэгч нарыг яллаад эрүүгийн хэрэг үүсгэж оруулж ирдэг нь буруу юм тийм учраас үйлчлүүлэгч нарт холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэж хэд хэдэн шүүх хуралдаанд хэлсэн байр сууриа дэмжиж байна” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Энххэрлэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “… Бид нэг байр суурьтай байх нь зөв гэж бодоод байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, зохих зөвшөөрөлгүй тээвэрлсэн хадгалсан гэж байгаа. Яллах дүгнэлт дээр ургамлын тухай хуулийн нэг ч үг үсэг заалт бичээгүй. Шүүх хуралдаанд прокурор ярихлаараа ургамлын тухай хуулиас тэс хөндөн 12 дугаар зүйлийг ярьдаг. 12 зүйлд худалдах худалдан авах гэсэн нэг өгүүлбэр ч байхгүй. тийм учраас хуулийн төсөөтэй хэрэглэж байгаа дээр гайхаж байна. Би Ханбогд сумын шүүхээс Гэмт хэргийн шинжгүй байна гэдэг хууль зүйн үндэслэлтэй Давж заалдах шатны шүүх магадлалаараа юуг тодруулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Би давж заалдах шатны шүүхийн хурал дээр хэлж байсан миний үйлчлүүлэгч нарыг буруутгах гэж байгаа хүнийг буруутгах гэж байгаа юм бол зөвшөөрөлтэй гээд байгаа хүмүүс чинь давхар буруутна. Харин тэр хүмүүсийн зөвшөөрлийн хүчингүй гэж үзэж байгаа бол шүүгдэгч нарын энэ үйлдэл нь өөрөө буруутай үйлдэл. Зохих байгууллагууд нь энэ хүмүүст зөвшөөрөл өгсөн. Тэгэхлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар бэлтгэсэн гээд байгааг ойлгохгүй байгаа юм. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь тийм тодорхой зүйл байхгүй хэрэглээний асуудал нь ийм ийм байдлаар зөрчсөн байна гэж л байгаа. Тэрийг бид нар яриад байгаа Ургамлын тухай хуулийн 12, 13 дугаар зүйлийг. Ийм байхад өнөөдөр гэм буруутайд тооцуулах гээд байдаг тал дээр шүүх хараат бус байна гэдэг зарчим үндсэн зарим энэ рүү давж заалдах шатны шүүх магадлалаараа ямар нэгэн байдлаар халдаад байна уу гэсэн ийм хууль зүйн дүгнэлтэд хүрч байгаа. Шүүх яаж шийдвэрлэх нь шүүхийн асуудал хэрвээ гомдол эсэргүүцэл бичих болох юм бол Өмнөговь аймгийн Давж заалдах шатны шүүхээс татгалзана гэж бодож байгаа. Яагаад гэвэл өөрийнх нь гаргаж байгаа магадлал хууль ёсны шаардлага хангаж байгаа эсэх тэрийг ч гэсэн сая дээд шүүх бичсэн. Ийм байдал үүсээд байгаа учраас шүүх хараат бус байх ёстой иймд А.Т, П.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг цагаатгах зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэв.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15-р хуудас/
А.Тийн гэрчээр дахин өгсөн: “...Нөхөр бид хоёр манай хамаатны Хишигдэлгэрийн эзэмшлийн Стана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай автомашинд дэрэвгэр жиргэрүү ургамал ачсан явж байсан. Нийтдээ 1236.12 кг жинтэй ургамал ачиж явсан. Уг ургамлыг 1 кг-ийг нь 42 000 төгрөгөөр тооцож 50 000 000 /тавин сая/ төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/,
Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/88 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/,
П.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,
А.Тийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,
Гэрч Б.Мандахнарын өгсөн: “...Би А.Т, П.Г нарт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс худалдсан. Анх надаас 1 тн ургамлын үндэс авна гээд 50 000 000 /тавин сая/ төгрөгийг миний 5414110962 дансаар шилжүүлсэн. Тэгээд ирээд ачаад авч явахдаа багцаагаар 900 кг-ийг ачсан. Учир нь машинд багтахгүй байсан болохоор дараа ирж авъя гээд үлдээгээд явсан ... “Бэрх Цагаан Овоо” ХХК-ийн тусгай зөвшөөрөл миний нэр дээр байдаг. А.Т, П.Г нарт дамжуулан өгөх талаар тохиролцсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 141-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн: “Хуульд заасны дагуу байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 160-162-р хуудас/,
Гэрч А.Хишигдэлгэрийн өгсөн: “...Миний автомашиныг миний дүү болох Тунгалаг 4 дүгээр сард надаас гуйгаад “ойрхон зуур явчихаад ирье” гээд авч явсан. Би “машин цэвэрхэн унаарай” гэж хэлээд өгч явуулсан чинь таг чимээгүй болчихсон. Тунгалагаас “машин хаана байна” гэж асуусан чинь “айлын хашаанд тавьчихсан байгаа” гэж байснаа сүүлд нь “цагдаагийн журмын хашаанд байгаа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 163-165-р хуудас/
Гэрч Ш.Даш-Очирын өгсөн: “...Би А.Т, П.Г нарт 1 кг-ийг нь 52 000 төгрөгөөр бодож 300 орчим кг-ийг зарсан санагдаж байна. Нийт 15 600 000 төгрөг болсон. Тэд нар надаас хүнд өгөх гэж байгаа юм, хүнд өгөх ёстой юм гээд гуйсаар байгаад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-168-р хуудас/
Дорнод аймгийн Халхгол сумын засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/102 дугаартай “Бэрх цагаан овоо” ХХК-нд 2 /хоёр/ тонн ургамал үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахыг зөвшөөрсөн захирамж /1-р хх-ийн 107-р хуудас/
Дорнод аймгийн Халхгол сумын засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/18 дугаартай “Бэрх цагаан овоо” ХХК-нд 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх тухай захирамж /1-р хх-ийн 112-р хуудас/
“Бэрх цагаан овоо” ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 000298182 дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 110-р хуудас/
Татварын улсын байцаагч Д.Пүрэвтуяагийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Бэрхцагаан овоо” ХХК-ийн байгалийн ургамлын мөнгө болох 15 000 000 төгрөгийг тус сумын орон нутгийн дансанд төвлөрүүлсэн тодорхойлолт /1-р хх-ийн 112-р хуудас/
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б-17.003 дугаартай байгалийн ховор ургамал Дэрэвгэр жиргэрүүг 2 /хоёр/ тонныг түүж, бэлтгэх зөвшөөрөл /1-р хх-ийн 108-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож цагаатгах тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Т, П.Г нарыг байгалийн ховор ургамал болох 1,236,25 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Стана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн обьектив талыг “…зохих зөвшөөрөлгүйгээр энэ ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан идэвхтэй үйлдэл байна” гэж зохицуулсан.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүхэд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “… Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хэрэгцээнд хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно” гэж заасныг зөрчсөн учраас тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраасы шүүгдэгч А.Т, П.Г нарыг байгалийн ховор ургамал болох 1,236,25 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, тээвэрлэсэн учраас байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй” гэж хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байна.
Гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 5/86а дугаартай яллах дүгнэлтийн хоёр дугаарт бичигдсэн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад “…яллагдагч А.Т, П.Г нар нь байгалийн ховор ургамал болох 1236.25 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ны орчимд зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Стана маркын 5074 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул” гэж, мөн яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “… яллагдагч П.А.Т, П.Г нарыг бүлэглэн Монгол Улсын засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор байгалийн ховор ургамлын жагсаалтад орсон 1236.25 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ны орчимд зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Стана маркын 5074 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгий хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэхээр тогтоосугай” гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримттай тохирохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад заасан хэргийн бодит байдлыг тогтоох талаар мөрдөгч, прокурор нар яллах болон цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолж тогтоогоогүй байна.
Өөрөөр хэлбэл Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч, тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн зарчмыг зөрчсөн байна гэж үзэв.
Дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан
Дорнод аймгийн Халхгол сумын засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/102 дугаартай Зөвшөөрөл олгох тухай “… Тус суманд ховор ургамлын төрөлд багтах дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс түүж бэлтгэх, Байгаль Орчин Аялал жуучлалын яамны 2017 оны Б-17.003 дугаар зөвшөөрлийн бичигтэй Дорнот аймгийн Халхгол сумын харьяат “Бэрх цагаан овоо” ХХК-нд 2 /хоёр/ тонн ургамал үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахыг зөвшөөрсүгэй” гэсэн захирамж /1-р хх-ийн 107-р хуудас/,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б-17.003 дугаартай байгалийн ховор ургамал Дэрэвгэр жиргэрүүг 2 /хоёр/ тонныг түүж, бэлтгэх зөвшөөрөл /1-р хх-ийн 108-р хуудас/,
2017 оны 12 сарын 20-ны өдрийн Халхгол сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Гантуяагийн “…Б-17003 дугаартай эрхийн бичигтэй Бэрх цагаан овоо ХХК-д дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс 2000 кг –ыг Ялалт багийн Индүүт” гэх газраас Байгалийн ургамал, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг /1-р хх-ийн 111-р хуудас/,
Дорнод аймгийн Халхгол сумын засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/18 дугаартай “Бэрх цагаан овоо” ХХК-нд 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх тухай захирамж /1-р хх-ийн 112-р хуудас/, “Бэрх цагаан овоо” ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 000298182 дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 110-р хуудас/,
Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ/ 1-р хх-ийн 114-116-р хуудас/,
Байгалийн ургамал ашиглах гэрээ /1-р хх-ийн 118-р хуудас/,
Дорнод аймгийн Халхгол сумын “Бэрх Цагаан Овоо” ХХК-д Байгаль Орчин Аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн А/304 тушаалыг үндэслэн олгосон “…Байгалийн ургамлын төрлийн эмийн болон ашигт ургамал бэлтгэх, нөхөн сэргээх, байгалийн ургамлыг сэргээн нутагшуулах, тарималжуулах” чиглэлээр 3 жилийн хугацаагаар олгосон Байгаль Орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ /1-р хх-ийн 119-р хуудас/, Татварын улсын байцаагч Д.Пүрэвтуяагийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Бэрхцагаан овоо” ХХК-ийн байгалийн ургамлын мөнгө болох 15 000 000 төгрөгийг тус сумын орон нутгийн дансанд төвлөрүүлсэн тодорхойлолт /1-р хх-ийн 106-р хуудас/,
Байгаль Орчин, Аялал Жуучлалын яамны 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 06/1775 дугаартай “…Байгалийн ургамлын тухай хуульд заасны дагуу зохих зөвшөөрлөөр түүж бэлтгэсэн байгалийн ургамлыг зарж борлуулах, худалдан авахад тус яамнаас зөвшөөрөл олгодоггүй болно. Худалдан авч байгаа болон худалдаж байгаа талууд дараах баримт бичгийн бүрдүүлбэрийг хангасан байх шаардлагатай. Байгалийн ургамлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох байгууллагаас олгосон байгалийн ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл, орон нутагтай байгуулсан ургамал түүж бэлтгэх гэрээ, улсын тэмдэгтийн тухай хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамж төлсөн баримт, байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуульд заасны дагуу байгалийн ургамал ашигласны төлбөр төлсөн баримт” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс Байгалийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тухайн орон сум, дүүргийн засаг даргын зөвшөөрөл аваагүй учраас Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэж мэтгэлцдэг ч шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын нотлох баримтаар няцааж чадахгүй байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн А.Т, П.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх буюу хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.9 дүгээр зүйлийн 1,2,3,4,5, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Т, П.Г нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан гэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, А.Т, П.Г нарыг цагаатгасугай.
2. А.Т, П.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1236,25 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Т, П.Г нарт буцаан олгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/63 дугаартай яллагдагчийн шүүхэд шилжүүлэх захирамжийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т, П.Г нарт холбогдох эрүүгийн 1929001070077 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцаасугай.
5.А.Т, П.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчдээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчдийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Цагаатгах тогтоол нь нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА