Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 234

 

Ж.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ө.С-гийн өмгөөлөгч С.А-ын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Ут холбогдох эрүүгийн 1807003030192 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн  Ж.У, 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................. оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Ж.У нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны шөнийн 22 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх газрын урд талын засмал зам дээр 87-61 УНВ улсын дугаартай, “Sonata 6” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т “Жолооч зүүн гар тийш эргэх буюу буцаж ирэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, Ч.Аын жолоодож явсан 64-92 ХЭҮ улсын дугаартай “Probox” загварын, Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй зүүн гар тийш эргэж, мөргөлдсөний улмаас 64-92 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Ч , Ө.С , Ч.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Б , Г.Н , С.У нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, 87-61 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан П.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ч.Аын өмчлөлийн 64-92 ХЭҮ улсын дугаартай, “Probox” загварын тээврийн хэрэгсэлд 4.121.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар: Ж.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Уыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ут 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Ут мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар Ж.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Мөнгөн гүүр” гранд мед эмнэлгийн рентген болон КТГ зураг 13 ширхэг, уян диск 3 ширхэгийг хэрэгт хавсаргаж, №646881 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигч Ж.Ут буцаан олгох, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ж.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ж.Уаас 5.420.540 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.С-д олгох, хохирогч Ө. С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ө.Сарантуяагийн өмгөөлөгч С.А гаргасан давж заалдах гомдолдоо: “... Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2, 22.1, 23.1, 23.3, 25.4, 27.8, 35.21 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн гэж үзээд дараах гомдлыг гаргаж байна.

Жолооч Ж.У нь 87-61 УНВ улсын дугаартай, “Sonota 6”, жолооч Ч.А нь 64-92 ХЭҮ улсын дугаартай, “Probox” загварын автомашинтай 2018 оны 5 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын урд талын засмал зам дээр хоорондоо мөргөлдөж, миний үйлчлүүлэгч Ө.Сарантуяа нь маш хүнд гэмтсэн.

Гэтэл жолооч Ж.Уыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн ба хурд хэтрүүлэн, замын нөхцөл байдлаа үнэлж тооцоолоогүй, зогсоох арга хэмжээ аваагүй Ч.Аыг Замын хөдөлгөөний дүрмийн аль ч заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх хэрэг гарснаас хойш 5 сарын дараа буюу 9 дүгээр сард Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөх тасгийн даргад гомдол гаргаж байж хохирогчоор тогтоолгон шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Ө.С-ийн хохирлын баримтыг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүсэлт гаргаж байж хавтас хэрэгт хавсаргасан ба хохирол төлөх оролдлого, санаачлага гаргаагүй, Ж.У хохирогчтой огт уулзаагүй, эмнэлэгт эргэж очоогүй.

Миний үйлчлүүлэгч Ө.С-ийн хохирол огт төлөгдөөгүй байхад хөрөнгө хамгаалах ажиллагаа хийгдээгүй, жолооч нарын талаар банкнаас лавлагаа аваагүй, автомашинуудыг үнэлээгүй, битүүмжлээгүй.

Хэргийн газрын үзлэгийг хөндлөнгийн гэрчгүй хийсэн. Мөн хэргийн газрын үзлэгийн бүдүүвч зураг, тайлбар, тэмдэглэл хоорондоо зөрүүтэй.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мөнхдалайн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 5108 дугаартай дүгнэлтэд “... тормосны механизмын битүүмж алдагдсан тул нимгэрсэн, баруун хойд талын тормосны барбан элэгдэж ховилдсон тул ослын өмнө шаардлага хангахгүй байсан байна. ...” гэсэн нь тухайн осол гарах үед бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явсан нь нотлогддог.

“... Ч.Аын автомашинаас тормосны мөр илрээгүй учир осол болохын өмнө жолооч Ч.А хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй. Харин тормосны мөр илэрсэн бол хурдыг тогтоох боломжтой байсан. ...Ч.А нь хурд хэтрүүлсэн нь тогтоогдсон ч дүгнэлтэд нөлөөлөхгүй. ...” гэжээ. Энэ нь жолооч Ч.Аыг зогсоох арга хэмжээ аваагүй, хурд хэтрүүлэн явсан нь осол болох үед Ж.Уын автомашиныг мөргөхдөө 12,60 метр зайд мөргөж шидсэн байдлаас хангалттай нотлогдсон гэж үзэж байна.

Техникийн шинжээч, цагдаагийн ахмад Х.Дэмчигийн дүгнэлтэд “... “Probox” автомашины жолооч Ч.Аыг хурд хэтрүүлсэн талаар түүний авто машинд зорчиж явсан бүх зорчигч нар мэдүүлдэг. Техникийн шинжээч Х.Дэмчиг нь Ч.Аын автомашины хурдыг тогтоож чадахгүй, боломжгүйг хэлсээр байтал мөрдөгч Баярсайхан, хяналтын прокурор нар давтан шинжээч томилж хэргийн бодит үнэнг тогтоох арга хэмжээ аваагүй. Ч.А Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1, 9.1.5 дахь заалтуудыг зөрчсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь хавтас хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгээр, хохирогч нарт хохирол төлсөн байдал, иргэний нэхэмжлэлээр гарсан 4.121.200 төгрөгийн болон өөрийн эмчилгээний төлбөрөө нэхэмжлээгүй талаар өөрийнх нь удаа дараагийн хавтас хэрэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогддог.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мөнхдалай, Техникийн шинжээч Х.Дэмчиг нарын үнэнд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй дээрх дүгнэлтүүдэд үндэслэн хэргийн бодит үнэнг тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан боловч хүлээж авалгүй эцэслэн шийдвэрлэсэн юм.

Үүний улмаас жолооч Ч.А нь ял завших нөхцөл байдал үүсээд байгааг анхаарч  үзнэ үү.

Иймд хохирогч Ө.С-ийн хохирол огт төлөгдөөгүй байхад жолооч Ж.Уыг хохирол төлөхөө илэрхийлсэн хэмээн ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял шийтгэл оногдуулсан, хэргийн бодит үнэнг тал бүрээс нь шинжлэн судалж тогтоолгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ж.Ут холбогдох хэргийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд түүнийг Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч Ж.Уын үйлдсэн гэмт хэрэг бүрэн дүүрэн, хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчөөс түүнд оногдуулсан ял хөнгөдсөн, хэрэгт дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байтал дахин шинжилгээ хийлгэсэнгүй, хэргийн бүрдэл дутуу байна гэсэн үндэслэлээр гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үгүйсгэгдэж байгаа. Зам тээврийн ослын хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэн. Шинжээч хэргийн материалтай бүхэлд нь танилцаж, дүгнэлт гаргасан байгаа. Тээврийн хэрэгслийн жолооч зүүн гар тийшээ эргэхдээ чигээрээ явж байгаа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй. Мөн өөдөөс нь ирж байгаа тээврийн хэрэгсэл давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцох эрхтэй байдаг. Хохирогч С-ийн “Хэнтий аймгаас гараад явахад 130, 140 км/цаг, унтаад сэрээд харахад 100 км/цагийн хурдтай явж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарах үед хэдэн км/цагийн хурдтай явж байсныг хохирогч мэдэхгүй. Тухайн үед унтаж явсан гэж хэлдэг. Шинжээч эмч Х.Дэмчиг нь “тормосны мөр байсан бол хурдыг тогтоох боломжтой” гэсэн дүгнэлт гаргаж, мэдүүлэг өгсөн байдаг. Тормосны мөрөөр хурд тогтоох арга нь тухай тээврийн хэрэгсэл чөлөөтэй явж байгаад тормос гишгээд, тэр нь хэдэн метр үргэлжилсэн болон ямар нэгэн мөргөлдөж, шүргэлцсэн асуудал байхгүй бол хурдыг тогтоох боломжтой байдаг. Шинжээч энэ хэрэгт хурд тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хэдэн км/цагийн хурдтай явсан нь тогтоогддоггүй. Дүгнэлт гаргасан шинжээч Х.Дэмчиг мэдүүлэхдээ “Тээврийн хэрэгслийн тормосны барабан элэгдсэн, арын хэсгийг өндөрлөсөн байна. Гэхдээ энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Ж.Уын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ж.Ут холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Ж.У нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны шөнийн 22 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх газрын урд талын засмал зам дээр 87-61 УНВ улсын дугаартай, “Sonata 6” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т “Жолооч зүүн гар тийш эргэх буюу буцаж ирэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, Ч.Аын жолоодож явсан 64-92 ХЭҮ улсын дугаартай, “Probox” загварын, Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй зүүн гар тийш эргэж, мөргөлдсөний улмаас 64-92 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Ч , Ө.С , Ч.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Б , Г.Н , С.Ж.У нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, 87-61 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан П.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ч.Аын өмчлөлийн 64-92 ХЭҮ улсын дугаартай, “Probox” загварын тээврийн хэрэгсэлд 4.121.200 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Тэрээр зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн мэдүүлдэг /1хх-124-125/ ба түүний мэдүүлэг нь хохирогч Г.Ч /1хх-33-37/, Ө.С /1хх-39-40/, Ч.А /1хх-42-43/, иргэний нэхэмжлэгч С.Ж.У /1хх-54/, П.М /1хх-59/, шинжээч эмч Х.Дэмчиг /1хх-134/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 270 дугаартай Ч.Аын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх-63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 299 дугаартай Г.Ч-ын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх-73/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 08шэ/503 дугаартай Ө.С-гийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх-81/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 08шэ/444 дугаартай П.М-ын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх-63/,  

2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт /1хх-107/, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1хх-90/, хохирогч Ө.С-гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, компьютер томографийн оношлогоо, шинжилгээний баримтууд /1хх-176-206/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-3-12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч Ж.Уын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь заалтыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Ж.У нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ут 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

Хохирогч Ө.С-ийн өмгөөлөгч С.А  нь “... хурд хэтрүүлсэн, замын нөхцөл байдлаа үнэлж тооцоолоогүй, зогсоох арга хэмжээ аваагүй Ч.Аыг Замын хөдөлгөөний дүрмийн аль ч заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Ч.А Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1, 9.1.5 дахь заалтуудыг зөрчсөн нь тогтоогдож байхад дахин шинжээч томилуулах хүсэлтийг хүлээж аваагүй,

Ө.С-ийн хохирол огт төлөгдөөгүй байхад хөрөнгө хамгаалах ажиллагаа хийгдээгүй, жолооч нарын талаар банкнаас лавлагаа аваагүй, автомашинуудыг үнэлээгүй, битүүмжлээгүй,

хэргийн газрын үзлэгийг хөндлөнгийн гэрчгүй хийсэн. Мөн хэргийн газрын үзлэгийн бүдүүвч зураг, тайлбар, тэмдэглэл хоорондоо зөрүүтэй,

хохирогч Ө.С-гийн хохирол огт төлөгдөөгүй байхад жолооч Ж.Уыг хохирол төлөхөө илэрхийлсэн хэмээн ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял шийтгэл оногдуулсан, хэргийн бодит үнэнг тал бүрээс нь шинжлэн судалж тогтоолгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хэргийн газрын үзлэг шөнийн цагаар явагдсан бөгөөд хөндлөнгийн гэрч байлцуулах боломжгүй байсан талаар үзлэгийн тэмдэглэлд тусгасан, мөн хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зургийг осол гаргасан жолооч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан ба тухайн нөхцөл байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, хэрэгт хавсаргасан байх тул хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

Түүнчлэн Ж.Уын унаж явсан 87-61 УНВ улсын дугаартай, “Sonata 6” загварын тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийгээгүй, дээрх автомашиныг битүүмжлээгүй нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч Ж.У нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ба анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Уаас 5.420.540 төгрөг гаргуулан хохирогч Ө.С-д олгож, Ө.С-нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Хэрэг гарснаас хойш 5 сарын дараа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх хэдий ч уг дүгнэлтээр “Ө.С-гийн биед хүзүүний 5 дугаар нугаламын хажуугийн сэртэнгийн зөрүүгүй хугарал, хүзүүний 7 дугаар нугаламын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, сээрний 1 дүгээр нугаламын хажуугийн сэртэнгийн зөрүүгүй хугарал, зүүн 3 дугаар хавирганы хугарал, хэвлий, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн нь шинжээчийн дүгнэлтийг хэзээ гаргаснаас үл хамаарч гэмтлийн зэрэг, хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байх тул хэргийн бодит байдлыг тогтоосон гэж үзнэ.

Жолооч Ч.Аыг Хэнтий аймгаас гараад явж байх замдаа хурд хэтрүүлсэн талаар түүний машинд сууж явсан хохирогч нар мэдүүлдэг боловч яг осол болох үед хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тодорхой мэдүүлж чадаагүй байх бөгөөд техникийн шинжээч Х.Дэмчиг “... Ч.Аын автомашинаас тормосны мөр илрээгүй тул осол болохыг өмнө хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй. ... Ч.А нь хурд хэтрүүлсэн тогтоогдсон ч шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөхгүй. Хэрвээ Ч.А хурд хэтрүүлсэн гэж тогтоогдсон бол хурд хэтрүүлсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 31, 32 дахь заалтад зааснаар арга хэмжээ авагдах байсан. ...” гэсэн мэдүүлэг өгсөн зэргээс дүгнэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Аыг хурд хэтрүүлсэн эсэх асуудлыг тодруулахаар шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд хохирогч Ө.С-гийн өмгөөлөгч С.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ө.С-ийн өмгөөлөгч С.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР           

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН