Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2014/0229

 

Д.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Т.О, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.А-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: "... Нийслэлийн Засаг дарга 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1016 тоот захирамжаараа 2009 оны 527 тоот захирамжаа хүчингүй болгосныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

  1. Хариуцагч 2009 онд 527 тоот захирамж гарган тухайн газрыг Нэхэмжлэгчид эзэмшүүлэх үед уг талбай дээр сагсан бөмбөгийн самбар байгаагүй бөгөөд нэхэмжпэгчийн эзэмших газар Газрын тухай Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан нийтийн эдэлбэр газарт хамаарахгүй байсан.
  2. Би уг газрыг эзэмшиж эхэлснээс 3 жилийн дараа буюу 2012 оны сонгуулийн үеэр хэн нэгэн этгээд сонгогчдын саналыг татах гэсэндээ бусдын эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр сагсны талбай бий болгосон явдал нь “бусдын эзэмшил, өмчлөлд хууль бусаар халдаж Газрын тухай хуулийн 46 дугаар зүйл буюу 46.1 дэх заалтыг зөрчсөн, ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл буюу 40.1 дэх хэсгийн 40.1.1-40.1.6-д заасан аймаг, Нийслэл, сум дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй атал бусдын газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж, газар эзэмших эрх олгосон 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 тоот захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус явдал юм.
  3. Нийслэлийн Засаг даргын иргэдтэй уулзсан уулзалтад хариу хүргүүлэх тухай 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5/5041 тоот албан бичгийн хавсралтын 32 дугаарт “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 527 дугаар захирамжаар иргэн Д.А-т үйлчилгээний зориулалтаар 315 м.кв газрыг эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгодог. Дээрх зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй байгаа тул тус иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн нь тусгагдсан байна. Энэ нь нэхэмжпэгч тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа болон хуульд заасны дагуу цуцлах үндэслэлгүй болохыг давхар нотолж байна.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1016 тоот хууль зүйн үндэслэлгүй захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/457 тоот захирамжийн 1.8 дахь хэсэг буюу иргэн Д.А-т холбогдох хэсгийн “Иргэн Д.А-т Үйлчилгээний орон сууцны барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 38 дугаар байрны хойд талд байршуулан 0,015 га” гэж буруу бичсэнийг “Иргэн Д.А-т Үйлчилгээний орон сууцны барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 8А байрны урд 270 м.кв газар барилга барих” гэж зөвтгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... Анх Баянзүрх дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэхдээ Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 барилгын орчны тохижилтын газар буюу барилгад олгосон газарт барилгажилт, төлөвлөлтийн нормын дагуу төлөвлөсөн мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламж, зам, тээврийн хэрэгслийн зогсоол, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбайд, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газарт мөн Газрын тухай хуулийн 6.2.2 хот, тосгон, бусад сууриний нийтийн эдэлбэрийн газарт мөн тус хуулийн 12.2, Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад сууриний гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, газарт эзэмшүүлсэн байна.

Нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй нь холбогдуулж хэлэхэд Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/457 дугаар захирамжаар иргэн Д.А-т Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 8А байрны урд талд үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар барилга барих зөвшөөрөл олгосон байна. Харин Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1016 дугаар захирамжаар дээрх барилга барих зөвшөөрөл бүхий Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны 8А байрны урд талд хүүхдийн тоглоомын талбай дээр газар эзэмшүүлэх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаар захирамжийн иргэн Д.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1016 тоот захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 144 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

2009 оны 10 дугаар сарын 07 -ны өдөр Нийслэлийн засаг дарга 527 тоот захирамжаараа иргэн Д.А-т Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт 8А байрны урд байршуулан 315 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Иргэн Д. А-т 2009 онд газар эзэмшүүлснээс хойш 3 жилийн дараа буюу 2012 онд иргэн Д. А-ын эзэмшиж буй газарт хэн нэгэн этгээд зөвшөөрөлгүйгээр сагсан бөмбөгийн самбар босгосон ба уг үйлдлийг Нийслэлийн засаг дарга үүссэн он дарааллыг судалж үзэлгүйгээр 2013 оны 11-р сарын 22-ны өдөр өөрийн А/1016 тоот захирамжаараа бүр эсрэгээр нь “Хүүхдийн тоглоомын талбай дээр газар эзэмших эрх олгосон” гэдэг үндэслэлээр А-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Иргэн Д.А энэ талаар 2013 оны 12 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1016 тоот хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7-д заасныг удирдлага болгон хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Тэрхүү тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа буюу дахин тодруулах шаардлагагүй байхад шүүх бүрэлдэхүүн шийдвэртээ “нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гарах хүртэл Нийслэлийн засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1016 тоот захирамжийг түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхэд хандаж нэхэмжилсний дагуу Нийслэлийн Засаг даргын А/1016 тоот илт хууль бус захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж, хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Д.А нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1016 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжпэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/457 дугаар захирамжийн 1.8 дахь хэсэгт “иргэн Д.А-т Үйлчилгээний орон сууцны зориулалтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 38 дугаар байрны хойд талд байршуулан 0.015 га” гэснийг “иргэн Д.А-т Үйлчилгээний орон сууцны зориулалтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 8А байрны урд 270 м.кв газар барилга барих” гэж зөвтгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэж Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 527 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 315 м.кв газрыг иргэн Д.А-т эзэмшүүлжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”гэж, 40.1.1-40.1.6 дахь заалтад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг хуульчилсан ба нэхэмжпэгч Д.А-ын хувьд хуульд заасан эдгээр нөхцөл байдал үүсээгүй байхад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.6, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгон 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1016 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаар захирамжийн иргэн Д.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Мөн маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан “нийтийн эдэлбэр газар"-т хамаарахгүй, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй байна.

Тодруулбал хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Д.А, иргэн Т.П нарын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай” гэрээ, мөн иргэн Т.П-аас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12А байрны зүүн талд 76 м.кв газрыг иргэн Д.А-т шилжүүлсэн 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх гэрээ”, иргэн Б.Ч-ийн эзэмшилд олгосон байсан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороонд байрлах 71 м.кв газрыг нэхэмжпэгч Д.А-т шилжүүлсэн 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай гэрээ”, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжпэгч Д.А-т, нэгж талбарын 3008/0071 дугаар бүхий 315 м.кв газрыг 5 жилийн хугацаатай Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, үйлчилгээний зориулалтаар олгосон 0251259 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрчилгээ”-г 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр олгосон зэрэг баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн “иргэдээс ирсэн удаа дараагийн гомдлын дагуу шалгаж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, мөн иргэн Д.А-ын эзэмшиж байгаа газар нь Сууц өмчлөгчдийн холбоо болон нийтийн эзэмшлийн талбайн газартай ямар нэг байдлаар давхцал байхгүй” гэсэн тайлбар, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлеөлөгч нарын “манай эзэмшил бүхий газар нь бусдын газартай давхцаагүй” гэсэн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Хэдийгээр хариуцагч “иргэдээс ирсэн удаа дараагийн гомдлын дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэж тайлбарлаж байгаа ч уг иргэдийн гомдол нь үндэслэл бүхий байсан эсэхийг нягталж тогтоолгүйгээр бусдын газар эзэмших, ашиглах эрхийг хөндсөн нь шударга ёсны зарчим, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчимд нийцээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.А-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1016 дугаар захирамж нь түүний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн талаар хангалттай дүгнэлт хийгээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/457 дугаар захирамжийн 1.8 дахь хэсэгт “иргэн Д.А-т Үйлчилгээний орон сууцны зориулалтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 38 дугаар байрны хойд талд байршуулан 0.015 га” гэснийг “иргэн Д.А-т Үйлчилгээний орон сууцны зориулалтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 8А байрны урд 270 м.кв газар барилга барих гэж зөвтгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч дээрх нэмэгдүүлсэн шаардлагаа Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Т “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн тайлбар гаргаж, “Барилга барих зөвшөөрөлтэй холбогдох асуудлыг хариуцах эрх бүхий байгууллага болох Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрыг хамтран хариуцагчаар татах тухай” хүсэлтийг гаргажээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Хамтран хариуцагч татах тухай” 1528 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байна.

Хамтран хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.У-ийн “Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол гарснаар газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай захирамж гаргахгүй болсон. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн хурлаар Барилга барих асуудлыг газар олголтын захирамжид үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх журамтай болсон учир Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/457 дугаар захирамжийн иргэн Д.А-т холбогдох хэсгийн буруу бичилтийг зөвтгөн бичиж шийдвэрлэх боломжгүй”, мөн хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ын шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгч хуульд заасан журмаар нь хүсэлтээ гаргах юм бол тухайн буруу бичилт хийсэн асуудлыг залруулах

боломжтой” гэсэн тайлбар, Д.А-т газар эзэмшүүлэх гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий А/457 дугаар захирамжийн 1.8 дахь заалтад “иргэн Д.А-т Үйлчилгээний орон сууцны зориулалтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 38 дугаар байрны хойд талд байршуулан 0.015 га” гэж буруу бичилт хийсэн болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсэн байх тул Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/457 дугаартай захирамжийн “1.8. иргэн Д.А-т Үйлчилгээний орон сууцны зориулалтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 38 дугаар байрны хойд талд байршуулан 0.015 га” гэснийг Нийслэлийн Засаг даргэ өөрийн нийтлэг бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгох, өөрчлөх боломжтой.

Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий А/457 дугаар захирамж нь Монгоп Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Дүрэм батлах тухай” 151 дүгээр тогтоол батлагдан гарахаас өмнө буюу 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гарсан байна.

Нэхэмжлэгч хоёр шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, мөн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагагүй байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1, 70.2.7 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл зөвхөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1016 дугаар захирамжийг түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь буруу юм.

“Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/457 дугаар захирамжийн 1.8 дахь хэсэгт “иргэн Д.А-т Үйлчилгээний орон сууцны зориулалтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ороч сууцны 38 дугаар байрны хойд талд байршуулан 0.015 га” гэснийг “иргэн Д.А-т Үйлчилгээний орон сууцны зориулалтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 8А байрны урд 270 м.кв газар барилга барих” гэж зөвтгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар анхан шатны шүүх шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгтээ "... Нийслэлийн Засаг даргын А/457 дугаар захирамжийг зөвтгөсний дараа “Иргэн Д.А-т үйлчилгээний орон сууцны барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 8А байрны урд 270 м.кв газар барилга барих гэж залруулж бичих боломжтой гэж үзлээ” гэж ойлгомжгүй дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1016 дугаар захирамжийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/457 дугаар захирамжийн 1.8 дахь хэсгийг хуульд нийцүүлэн зөвтгөж гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга, хамтран хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                  ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧИД:                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                                                     Н.ХОНИНХҮҮ

                                                                     Э.ХАЛИУНБАЯР