| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/03835/И |
| Дугаар | 102/ШШ2018/00373 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2018/00373
| 2018 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2018/00373 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч А.Сарантуяа, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр байр, ... дугаар орцонд байрлах Ш.Э-41ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, .. дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ... овогт ...ийн ... /РД: .../-д холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардал 950,340 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэм хорын хохиролд 2,114,159 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Э-41ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Эгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн 17 дугаар хороо 41 дүгээр байрны 70 тоотод оршин суух Б.Оаас сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт болон нотариатын төлбөрт 950,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2012 оны 1 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацааны сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч нь 2012 оны 1 дүгээр сараас хойш сар бүр 12,980 төгрөг төлөх ёстой байгаа. Нийт 950,340 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ төлбөрийг задаргаагаар нь гаргавал засвар үйлчилгээнд 3,480 төгрөг, жижүүрт 2,000 төгрөг, цэвэрлэгээнд 2,500 төгрөг, цахилгаан шатанд 4,500 төгрөг, баримт шимтгэлд 100 төгрөг, бусад зардалд 400 төгрөг, нийт 1 сарын сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 12,980 төгрөг болж байгаа.
Дээврээс ус алдсаны улмаас байранд 2 сая гаруй төгрөгийн хохирол учирсан гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Манай сууц өмчлөгчдийн холбоо нь 2017 оны 4 сараас хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд байрны дээврийн талаар мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гаргуулж авсан. Уг дүгнэлтээр тухайн байр нь ашиглалтанд орсноос хойш 36 жил болсон учраас ашиглалтын хугацаа хэтэрсэн засвар үйлчилгээг хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан. Холбогдох байгууллагуудад хандаж манай байрны 1, 2 дугаар орцны засвар улсын төсвөөр хийгдсэн байсан учраас улсаас мөнгө авах боломжгүй байсан. Тиймээс Тусгал трэйд ХХК-тай гэрээ байгуулж нөхөөс хийж засварласан. Яг энэ айлын дээд талд ус тогтдог хэсэг байсан. Тийм учраас манай холбоо нь энэ хүнд учирсан хохирлыг сууц өмчлөгчдийн холбооны хуримтлалаас төлөх боломжгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь 2011 онд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлд ажиллаж байсан. Тухайн үед мөн л төлбөрийг төлдөггүй хүн байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, сөрөг нэхэмжлэлд: Миний ээж Б.О нь насаараа багшаар ажилласан хүн, бидний хувьд сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхгүй байх ёс суртахуунтай хүмүүс биш юм. Ш.Э-41 нь өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан Өсөх-Удам сууц өмчлөгчдийн холбоотой 2011 оноос хойш хоорондоо шүүхээр маргалдаж байсан. Тус маргаан нь шийдэгдээгүй, чухам аль холбоо нь албан ёсны гэдэг нь мэдэгдэхгүй байсан учраас тухайн үеийн төлбөрийг аль холбооны дансанд төлөх ёстойг мэдэхгүйн улмаас төлөөгүй. Мөн сууц өмчлөгчдийн холбоо нь үүрэгт ажлаа гүйцэтгээгүйгээс шалтгаалан байрны дээврээс ус дусч гэм хор учирсан учраас төлбөрийг төлөөгүй. Мөн төлбөрийг тогтоосон удирдах зөвлөлийн тогтоол байхгүй.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд: Байрны дээвэр нь дундын өмчлөлд хамаарах бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны үүрэг нь тухайн орон сууцны засвар үйлчилгээг хийж гүйцэтгэн иргэдийн амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх юм. Гэтэл уг Ш.Э-41 нь үүргээ гүйцэтгэж засвар үйлчилгээг хийж гүйцэтгээгүйн улмаас манай байрны дээврээс ус гоожиж манайд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа. Эдгээр хохирол нь 2,114,159 төгрөг болсон. Дээврээс ус гойжсоноос болж манай гэрт учирсан хохирлыг арилгуулах тухай сөрөг нэхэмжлэл шаардлага гаргасан. Тухайн дээвэр, тухайн байранд учирсан хохирлын талаар үнэлгээ хийлгэсэн. Уг тайланд холбогдох засвар үйлчилгээг хийгээгүй учраас байрны цахилгааны масс ихэсч маш их хохирол учирсан. Мөн Сууц өмчлөгчдын холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь уг засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх үүрэгтэй учраас Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан орон сууцтай холбоотой ашиглалтын журам зөрчсөн байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэв.
Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Э-41 /СӨХ/ нь хариуцагч Б.Од холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардал 950,340 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан дээврээс ус алдсаны улмаас учирсан хохиролд 2,114,159 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ ... манай байр 2 сууц өмчлөгчдийн холбоотой байсан бөгөөд аль нь албан ёсны холбоо болох нь мэдэгдэхгүй байсан, мөн засвар үйлчилгээгээ хийдэггүйн улмаас дээврээс ус алдаж манайд хохирол учруулсан тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 70 тоот орон сууцны оршин суугч, өмчлөгч нь хариуцагч Б.О мөн эсэх, тухайн орон сууц нь Ш.Э-41нд харьяалагддаг эсэхэд талууд маргаагүй байх тул хариуцагч нь тус СӨХ-ны гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хариуцагч Б.О нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний төлбөрийг 2012 оны 1 дүгээр сараас хойш төлөөгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... манай байр 2 холбоотой байсан бөгөөд аль нь албан ёсны холбоо болох нь мэдэгдэхгүй байсан, мөн засвар үйлчилгээгээ хийдэггүйн улмаас дээврээс ус алдаж манайд хохирол учруулсан тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, СӨХ-ны үйл ажиллагаа доголдолтой, шаардлага хангахгүй байгаа нь хариуцагчийг дээрх төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч нь сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоосон баримт байхгүй гэх боловч төлбөрийн хэмжээг тогтоосон Ш.Э-41ны удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот тогтоол, тогтоолын хавсралт хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч нь 2012 оны 1 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл нийт 5 жил 7 сар буюу 67 сарын сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрийг нэхэмжилжээ. Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан ба 2012 оноос хойшхи СӨХ-ны төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагч Б.Оаас шаардаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул 2014 оны 7 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 509,020 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 441,320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гэм хорын хохиролд 2,114,159 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ Ш.Э-41 нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж дээвэр засварлаагүйгээс 2015, 2016, 2017 онуудад дээврээс ус алдаж гэр доторх эд хөрөнгөнд 1,884,159 төгрөгийн хохирол учирсан, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд ажлын хөлсөнд 230,000 төгрөг төлсөн, нийт 2,114,159 төгрөгийн хохирол учирсан гэжээ.
Хариуцагч нь Итгэлт эстимэйт ХХК-ийн Хохирлын үнэлгээний тайланг гаргаж өгсөн боловч дээрх тайлангийн зөвхөн нүүр хуудсыг нотлох баримтаар гаргаж өгсөн буюу тайланг бүрэн хэмжээгээр гаргаж өгөөгүй, мөн 2015, 2016, 2017 онуудад дээврээс ус алдсан гэх боловч тухайн үед эрх бүхий байгууллагад хандаж акт тогтоолгоогүйгээс ямар эд хөрөнгөд хэдий хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдохгүй өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Оаас 509,020 төгрөгийг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Э-41нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 441,320 төгрөгт холбогдох хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27,358 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,780 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 15,921 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.МӨНХТӨР
ШҮҮГЧ А.САРАНТУЯА
Г.СОЛОНГО