| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/00171/э |
| Дугаар | 2020/ШЦТ/177 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/177
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашдэмбэрэл,
Улсын яллагч У.Анхжаргал,
Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүгдэгч овгийн *******т холбогдох 2026000000190 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй овгийн ******* /регистрийн дугаар *******/.
Үйлдсэн хэргийн талаар:
Яллагдагч овгийн ******* нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хүнс барааны зах дотор байрлах “*******” худалдааны төвийн 24, 25 дугаартай лангуунаас хохирогч *******гийн өмчлөлийн 3.7 грамм жинтэй 1 хос алтан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 814000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний буруу учир өөрийнхөө бурууг хүлээж байна. Ахин ийм алдаа гарахгүй гэв.
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх сумын 5-р баг хүнс бараан захын ******* худалдааны төвд алт мөнгөний лангуу ажиллуулдаг юм. 2020.08.17-ны өдөр намайг лангуун дээрээ сууж байхад 13 цагийн орчим 2 эмэгтэй орж ирээд ээмэг үзье гэхээр нь би эмэгтэй хүний алт, монетон ээмэг байдаг тавиураа авч өгсөн. Тэгтэл нөгөө 2 эгч нөхөртөө үзүүлье гээд нөхрөө дуудсан. Тэр үед 2 залуу орж ирээд хамт ээмэг үзэж эхэлсэн. Эхнэр нөхөр бололтой 2 нь энэ алтан ээмэг зүгээр юм байна, даанч мөнгө хүрэхгүй юм байна гээд өөр тавиуртай монетон ээмэг үзэж эхэлсэн. Би нөгөө тавиуртай ээмгийг 2 эмэгтэйд үзүүлж байх хооронд өмнөх алтан ээмэг байсан тавиур дээрээс урьд нь сонирхож байсан алтан ээмэг алга болчихсон байсан. Тэр үед нь би ээмэг алга болчихсон байна, та хэдээс өөр хүн энд байгаагүй гэхэд бөөн хэл ам болцгоосон. Тэр үед тэнд хамт зогсож байсан улаан цамцтай залуу нь гараад явчихсан байсан. Би тухайн үед нь дээд давхар луугаа гарч камер шалгахад 13 цаг 05 минутанд 2 эрэгтэй нь нэг нэг рүүгээ дамжуулан манай зарж байсан ээмгийг хулгайлж байгаа нь тодорхой харагдаж байсан. Тэгээд би доошоо буугаад та 2 хулгайлчихсан байна, нөгөө залуугаа дууд гэж хэлэхэд нөгөөх улаан цамцтай залуу нь гаднаас орж ирээд бид нар аваагүй гэх мэтээр мэлзэж эхэлсэн. Тэгэхээр нь би камерын бичлэгт бичигдсэн байна, цагдаа дуудна гэж хэлэхэд нилээд хугацаа өнгөрсний дараа улаан цамцтай залуу нь хамт зогсож байсан залуу руугаа заагаад энэ миний малгайтай цамцны малгай руу хийчихлзэ гээд гаргаж өгсөн. 3.7 граммтай хээтэй цагирган алтан ээмэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Би тэр өдөр цуг явж байсан ******* эгчтэй ээмэг бөгж авъя гээд захын ******* худалдааны төв орох гээд явсан. ******* худалдааны төвд ороод нэг лангуун дээр очоод ээмэг үзэх гэсэн чинь алтан ээмэг үзэх үү гээд тавиур авч өгөхөөр нь алтаар яах юм бэ гээд монетон ээмэг үзсэн. Монетон ээмэг үзэж байх хооронд араар алтан ээмэг алга болчихсон байна гэж худалдагч хэлсэн. Тэгтэл хамт явсан манай нөхөр болон нарыг авчихсан байна гэж худалдагч хэлсэн. Тэгтэл гэртээ харьчихсан байсан ыг гэрээс нь дуудаж ирүүлсэн. Тэгээд ын ^амцных нь малгайнаас гарч ирлээ гэж байсан. Би тэр үед хүүхдээ тэврээд зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,
Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тухайн үед Уянга сум орж 2 хоночихоод ирсэн байсан юм. Энд ирсэн хойно манай Оюунчимэг намайг ээмэг аваарай мөнгө шилжүүлсэн. Би ээмэг авах гээд .*******. худалдааны төв рүү *******, , нартай явсан. Би 1 хос монетон ээмэг авсан. Тэр ээмгийг худалдаж авч байх хугацаанд хулгай гарсан. Камер шүүж үзэхэд 1 хос ээмгийг надтай хамт явсан , 2 авсан гэдэг харагдаж байна гэж худалдагч хэлсэн. Би бол авч байгааг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,
Яллагдагч*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим манай эхнэр *******, бэр эгч ******* 2 хамт ээмэг авах гэж дэлгүүр орсон. Тэгээд ******* дэлгүүрээс 420.000 төгрөгөөр монетон ээмэг манай бэр эгч ******* худалдаж авсан. Манай эхнэр ******* эгч хоёрыг ээмэг үзэж байхад би хажууд нь зогсож байгаад тэр хоёрын урд нь сонирхож байсан алтан ээмгийг нь худалдагч охиныг цаашаа харж байхад нь авчихсан юм. Төд удалгүй худалдагч охин алтан ээмэг алга болсон тухай мэдэнгүүт нь би шууд гаргаж өгөхөөсөө айгаад хамт явж байсан ын өмсөж явсан малгайтай цамцны малгай руу нь хийчихсэн юм. Тэгтэл миний малгайруу ээмэг хийчихлээ гээд худалдагч охинд ээмгийг нь гаргаж өгсөн. Би ээмгийг авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2020 оны 08 дүгээр сарын 19-ний өдрийн 03/34 дугаартай “...2 хос 3,7 грамм жинтэй, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, эмэгтэй хүний цагирган алтан ээмэгний өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 814000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 36-40 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 08 дугаарсарын 19-ний өдрийн 3.7 грамм жинтэй алтан ээмэг 1 хосыг*******оос үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 3-6 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн камерын бичлэг бүхий DVD-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-17 хуудас/,
Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2026000000190 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 49 хуудас/,
Шүүгдэгч*******ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 06/436 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 61, 63, 68-69 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч*******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч******* нь 2020 оны 08 дугаар сарын сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” худалдааны төвийн 24, 25 дугаартай лангуунаас хохирогч *******гийн өмчлөлийн 3.7 грамм жинтэй 1 хос алтан ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 814000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *******гийн “...2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн үед намайг лангуун дээрээ сууж байх үед 2 эмэгтэйд үзүүлж байх хооронд өмнөх алтан ээмэг байсан тавиур дээрээс урьд нь сонирхож байсан алтан ээмэг алга болчихсон байсан. ...Камер шалгахад 13 цаг 05 минутанд 2 эрэгтэй нь нэг нэг рүүгээ дамжуулан манай зарж байсан ээмгийг хулгайлж байгаа нь тодорхой харагдаж байсан. ...Улаан цамцтай залуу нь хамт зогсож байсан залуу руугаа заагаад энэ миний малгайтай цамцны малгай руу хийчихлээ гээд гаргаж өгсөн. 3.7 граммтай хээтэй цагирган алтан ээмэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-22-23 хуудас/,
Гэрч *******ын “...******* эгчийн хамт ******* худалдааны төвд ороод нэг лангуун дээр очоод ээмэг үзэх гэсэн чинь алтан ээмэг үзэх үү гээд тавиур авч өгөхөөр нь алтаар яах юм бэ гээд монетон ээмэг үзсэн. Монетон ээмэг үзэж байх хооронд араар алтан ээмэг алга болчихсон байна, манай нөхөр болон нарыг авчихсан байна гэж худалдагч хэлсэн. Тэгээд ын цамцных нь малгайнаас гарч ирлээ гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-28-29 хуудас/
Гэрч *******гийн “..Би ээмэг авах гээд “*******” худалдааны төв рүү *******, , нартай явсан. Би 1 хос монетон ээмэг авсан. Тэр ээмгийг худалдаж авч байх хугацаанд хулгай гарсан. Камер шүүж үзэхэд 1 хос ээмгийг надтай хамт явсан , 2 авсан гэдэг харагдаж байна гэж худалдагч хэлсэн. Би бол авч байгааг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-30/,
Яллагдагч*******ийн “...Манай эхнэр ******* эгч хоёр ээмэг үзэж байхад би хажууд нь зогсож байгаад тэр хоёрын урд нь сонирхож байсан алтан ээмгийг нь худалдагч охиныг цаашаа харж байхад нь авчихсан юм. Төд удалгүй худалдагч охин алтан ээмэг алга болсон тухай мэдэнгүүт нь би шууд гаргаж өгөхөөсөө айгаад хамт явж байсан ын өмсөж явсан малгайтай цамцны малгай руу нь хийчихсэн юм. Би ээмгийг авсан.” гэсэн мэдүүлэг /хх-51-52/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2020 оны 08 дүгээр сарын 19-ний өдрийн 03/34 дугаартай үнэлгээний тайлан /хх-49 хуудас/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 3.7 грамм жинтэй алтан ээмэг 1 хосыг*******оос үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, камерын бичлэг бүхий DVD-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 3-13, 16-17/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2026000000190 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Г.т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* хулгайд алдсан алтан ээмгээ буцааж авсан, гомдол санал нэмэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мэдүүлэг, 3.7 грамм жинтэй алтан ээмэг 1 хосыг*******оос үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул шүүгдэгч Г.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Г.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын ялын санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч*******т мэдэгдэж тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г. нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овгийн *******ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.