| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2017/03599/И |
| Дугаар | 184/ШШ/00527 |
| Огноо | 2018-03-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ/00527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: П ХХК
Хариуцагч: Б ХХК
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 52 514 938 /тавин хоёр сая таван зуун арван дөрвөн мянга есөн зуун гучин найм/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, гэрч Т.*******-*******, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани болон Б.Э ХХК-ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 68/17 тоот нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Бид энэхүү гэрээнд заасан үүргийнхээ дагуу хариуцагч компанид шаардлагатай шатахууныг нийлүүлсэн. Уг гэрээний төлбөрийн нөхцөл нь худалдан авагч тал нэмэлт гэрээгээр тодорхойлсон сар бүрийн зээлийн худалдан авалтын төлбөрийн тооцоог дараа сарын 5-ны дотор барагдуулахаар заасан. Хариуцагч компани төлбөрөө 2017 оны 5 дугаар сараас эхлэн хугацаандаа төлөлгүй өнөөдрийг хүрсэн ба бид удаа дараа төлбөр барагдуулах хүсэлт явуулсаар ирсэн. Мөн уг гэрээний 3.5-д хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор заасан. Иймд хариуцагч Б.Э ХХК-иас гэрээний үндсэн төлбөр 38 009 900 төгрөг, алданги 14 505 038 төгрөг, нийт 52 514 938 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний үндсэн төлбөр 38 009 900 төгрөгийг төлөхөөс татгалзахгүй, харин алдангийг төлөх боломжгүй байна. Гэрээг компанийн нэр дээр хийсэн ч түлшийг Дархан-Уул аймгийн Шарын гол суманд уул уурхайн ажилд бусад этгээдтэй хамтран ашигласан. Иргэн С.Ө, Н.Б, П.Б нарт гэрээгээр бэлэн мөнгө түлш зэрэг өгсөн. Тэд нар 20 000 000 төгрөгийг, Б ХХК 18 000 000 төгрөг төлөх ёстой байсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ХХК нь Б.Э ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний үүрэгт 52 514 938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Талууд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 68/17 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулж, худалдан авагч Б.Э ХХК гэрээний дагуу нэг литр нь 1490 төгрөгийн үнэтэй 25 000 литр дизель түлшийг 37 250 00 төгрөгөөр авах, төлбөрийг худалдан авалт хийсний дараа сарын 10-ны дотор төлөх, төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги төлөхөөр тохиролцжээ.
Гэрээнд худалдагч П ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д.Дашнансал, бизнес хариуцсан захирал Ц.Б нар, худалдан авагч Б.Э ХХК-ийг төлөөлж захирал Ч.Ч нар гарын үсгээ зурж, хоёр байгууллагын тамга дарагдсан байна.
Зохигчид гэрээ хийсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргахгүй боловч хариуцагч тал гэрээгээр авсан гэх шатахууныг дан ганц өөрийн хэрэгцээнд хэрэглэхээр аваагүй, бусад этгээдтэй хамтран ашигласан тул өөрт ногдох хэсгийг л төлнө гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд өөрийн нэрээр гэрээ хийж худалдан авсан шатахуунаа ямар зорилгоор, хэрхэн зарцуулах нь худалдагч талд хамааралгүй, үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан болохгүй юм.
Гэрээгээр шилжүүлэн авсан шатахууны үнэ 38 009 900 төгрөг болсон, худалдагч П ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн /2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 17 880 000 төгрөгийн, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 20 129 900 төгрөгийн түлш/, худалдан авагч тал авсан шатахууныхаа үнийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт бичгээр хийх хэлцлийн тухайд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хийгдсэн гэж үзэх, эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор тус тус заасан байна.
Хэдийгээр гэрээг байгуулах үед хариуцагч компанийн захирлаар Ч.Ч ажиллаж байгаагүй ч компанийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг, гэрээ хэлцэлд компанийг төлөөлөн гарын үсэг зурах, тамга дарах эрхтэй байсан ба гэрээ бодитоор биелж, гэрээгээр хүлээсэн үүргээ худалдагч тал биелүүлжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч гэрээний дагуу барааг худалдан авагчид хүлээлгэн өгсөн ба худалдан авагч үнийг нь тохиролцсон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэв.
Алдангийн тухайд талууд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 68/17 дугаартай гэрээгээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хэлбэрээр тохиролцсон, мөн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж тооцооны үлдэгдлийг 38 009 900 төгрөг болохыг тогтоосон, тооцоондоо энэ хугацааны алдангийг тооцсон эсэх талаар дурдаагүй байна.
Нэхэмжлэлээс гэрээнд заасан алданги 14 505 038 төгрөгийн шаардлагаас тооцоо нийлсэн өдрөөс өмнө хэсэгт хамаарах алданги болох 4 926 543 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч Б.Э ХХК-иас 47 588 395 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 926 543 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хариуцагч Б.Э ХХК хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч татгалзаж, С.Өийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон оролцуулсан болохыг, гэрч П.Б хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э ХХК-иас 47 588 395 /дөчин долоон сая таван зуун наян найман мянга гурван зуун ерэн тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 926 543 /дөрвөн сая есөн зуун хорин зургаан мянга таван зуун дөчин гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 395 891 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ