Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

улсын яллагч А.Оргилбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

шүүгдэгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ш-д холбогдох 2216000800058 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, У овогт С-н Ш.

Шүүгдэгч С.Ш-н 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдалын хороо **** тоот гэртээ “facebook” олон нийтийн сүлжээн дахь “*******” гэх өөрийн хаягийн шууд дамжуулалтын хэрэглүүрийг ашиглан хөлөг дээр “морь уралдуулах” хэмээх нэршилтэй үндэсний тоглоомыг бусдаар бооцоо тавиулан тоглуулж нийт 5,055,750 (таван сая тавин таван мянга долоон зуун тавь) төгрөгийн ашиг олсон үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн мэдээллийн технологи ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах шинжийг нь хангана гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч С.Ш-н шүүх хуралдаанд өгсөн “...Би 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд утсан дээрээсээ цахим шагайн уралдаан харж байгаад уралдуулж болох юм байна гэсний үндсэн дээр хүмүүс явуулаад байхаар нь хууль дүрэм мэдэхгүйн тул энэ тоглоомыг зохион явуулсан. Хууль бус цахим тоглоом гэдгийг ойлгож буруугаа хүлээж байна... Би ганцаараа гэртээ зохион байгуулдаг. Хамтарч оролцдог хүн байхгүй... Олсон мөнгөө хэдэн хүмүүст өртэй байсан тэд нарт өгөөд бас хүүхдийн хувцас, түлээ нүүрс, хоол хүнсэндээ зарцуулсан... 5.055.750 төгрөгийн орлого ашиг олсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Надад цахим хаяг огт байхгүй, харин манай нөхөр С.Ш “*******” гэх facebook хаягтай... Надад ******* гэсэн данс байгаа. Энэ дансыг манай нөхөр бид хоёр цуг ашигладаг юм... Манай гэр бүлийн хүн 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлээд цахимаар гар утсаа ашиглаж шагайгаар морь уралдуулж тоглуулж эхэлсэн. Тэр болгонд нь би бол оролцдоггүй юм ... Уг тоглоомыг зурхай дээр 6 шагай өрөөд, дөрвөн шагай орхиод морь буусан нь явуулж тооцдог тийм л тоглоом байгаа юм ... тоглож байгаа хүнийг хэдэн төгрөгөөр тоглуулдгийг бол би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 121 дүгээр тал/,

Гэрч Ё.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би ХААН банкинд *********** гэсэн данс эзэмшдэг. Г Г гэсэн facebook хаяг эзэмшдэг, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн үед ямар хаягтай facebook-рүү орж тоглосноо санахгүй байна. 10.000 төгрөг өөрийн ********* гэсэн данснаас шилжүүлж нэг удаа цахимаар тоглож 10 билүү 20.000 төгрөг авч байсан, сайн санахгүй байна... Live хийж шагай орхиж морь уралдуулдаг тоглоом байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125 дугаар тал/,

Гэрч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би өөрийн нэр дээр Хаан банкны *********** гэсэн данс эзэмшдэг  ... Би Монгол үсгээр “Э” гэсэн нэртэй facebook хаяг ашигладаг ... Би тус мөрийтэй тоглоомыг тоглосон. Би өөрийнхөө facebook хаягаар орж мэдээ мэдээлэлтэй танилцаж байхад Live-аар морь уралдуулна гэсэн тоглоом шууд явагдаж байхаар нь би сонирхож өөрийн Хаан банкны ************* гэх данснаас 10.000 төгрөгийг шилжүүлж 4-р суудалд сууж тоглосон. Энэхүү тоглоом нь нэг удаа тоглож хожигдвол хасагдах журмаар явагддаг. Би тус мөрийтэй тоглоомд нэг удаа орж хожигдоод гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-130 дугаар тал/,

Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад О.С-н илтгэх хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

Шүүгдэгч С.Ш-н “*******” гэх “facebook” хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,

Иргэн О.С-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

Иргэн О.Б-ны Хаан банк дахь ******* дугаартай дансны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны  хуулга /хавтаст хэргийн 12-22/, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шагайн хөлөгт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 48 дугаар тал/,

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Лхагвадоржийн шүүдэгч С.Ш-н Хаан банкны ********* дугаартай дансны хуулганд гаргасан “...2022 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2022 оны 03-р сарын 09-ний өдрийн хооронд... 3,860,000 төгрөгийн ашиг олсон байна...” гэсэн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 131-132 дугаар тал/,

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Лхагвадоржийн гэрч О.Б-н Хаан банкны ******* дугаартай дансны хуулганд гаргасан “...2022 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2022 оны 03-р сарын 09-ний өдрийн хооронд 1,195,750 (нэг сая нэг зуун ерэн таван мянга долоон зуун тавь) төгрөгийн ашиг олсон байна...” гэсэн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 133-146 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ш нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдалын хороо **** тоот гэртээ “facebook” олон нийтийн цахим сүлжээн дахь өөрийн “*******” хаягийн шууд дамжуулалтын хэрэгслийг ашиглан морь уралдуулах хэмээх үндэсний тоглоомыг бусдаар бооцоо тавиулан тоглуулж 5,055,750 (таван сая тавин таван мянга долоон зуун тавь) төгрөгийн ашиг олсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” бол гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгчийн мэдээллийн технологи буюу интернэт орчин дахь “facebook” олон нийтийн цахим сүлжээний шууд дамжуулах хэрэгслийг/live/ ашиглан ашиг олох зорилгоор морь уралдуулах тоглоомыг бусдаар бооцоо тавиулан тоглуулж, тавьсан бооцооноос өөрөө хувь авах зарчмаар ашиг олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохин байгуулах” гэмт хэргийн “...мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” гэсэн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дүгээр тал/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 52 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр  1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэн олж авсан хууль бус хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгож хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймээс шүүгдэгч С.Ш-н гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон ашиг орлого болох 5,055,750 (таван сая тавин таван мянга долоон зуун тавь) төгрөгийг түүнээс гаргуулан улсын орлогод шилжүүлэх нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ гэж шүүх үзлээ.

Түүнчлэн уг гэмт хэргийн үйлдэхдээ өөрийн болон эхнэрийн ХААН банк дахь дансыг ашигладаг болох нь тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон ашиг орлогын хэмжээг тогтоохдоо дээрх хугацаан дахь дансны орлого, зарлагад үзлэг хийн тоглоомд хамааралтай гүйлгээнд хийсэн мөрдөгчийн магадалгааг үндэслэсэн болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шагайн хөлгийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж,  шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх хохиролгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  У  овогтой С-н Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч С.Ш-д  хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.Ш-д сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,055,750 (таван сая тавин таван мянга долоон зуун тавь) төгрөгийг шүүгдэгч С.Ш-с гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх хохиролгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шагайн хөлгийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.         

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА