| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/00193/э |
| Дугаар | 2020/ШЦТ/193 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/193
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шүүгдэгч Б.Батнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төв овгийн Бааснайн Батнасанд холбогдох 2026001160209 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Төв овгийн Бааснайн Батнасан.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Төв овгийн Бааснайн Батнасан нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Doosan SL55” маркийн бага оврын гинжит экскаватор, хуурай паажуур, цахилгаан мотор зэргийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо 1 дүгээр багийн нутаг “Хөх даваа” гэх газар өргөргийн “45031” 01.6, “45031” 02.2, “45031” 02.8, “45031” 01.8, уртрагийн “101015” 38.5, “101015’ 37.23”, “101015’ 37.5”, ”101 015’ 38.8" гэсэн солбицол бүхий цэгүүдэд төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Батнасан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Даваадавгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Иргэн Б.Батнасан нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлт 2018 онд 1 удаа тавьж байсан. Тухайн хүсэлт нь шийдвэрлэгдээгүй юм. Б.Батнасанд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөх даваа гэх газар ямар нэгэн тусгай зөвшөөрөлтэй талбай байхгүй. Батнасангийн ажилласан газар нь байгалийнхаа жамаар нөхөн сэргээгдэж эрүүл болж байсан талбай байсан. Тухайн газар нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарахгүй. Би ажилласан газар нь сүүлд Богд сумын экологийн байцаагч Б.Цэрэндагвын хамт 2020 оны 06 дугаар сарын сүүлээр очиж үзсэн. Мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр гарсан байгаль орчны хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг нэхэмжилнэ. Б.Батнасан одоогоор хэрэгт учирсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 28-29 хуудас/,
Гэрч Ш.Бямба-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад шөнийн 02 цагийн үед Дашдооров манайд ганцаараа орж ирээд Таацын гол Багшийн буудал гэх газар Бааснайн Батнасан гэх хүн өдөржин эксковатороор алт угаалаа, та гялс утасдаад хэлээд өгөөч, техник хэрэгслээ аваад явлаа гэсэн. Би өглөө босоод хонио хайж яваад “Багшийн буудал” гэх газар очиход цоо шинэ тракторын мөр гарсан байсан. Б.Батнасанг шороо угааж байхад Төрөө өөрийн биеэр очиж уулзсан гэсэн. Батнасанг байна гэж хэлсэн. Харин хэнтэй хамт байсан гэдгийг нь мэдээгүй. Багшийн буудлын доод талд буюу урд талд “Зоосын өтөг” гэх газарт Гомбо гэх айл байдаг. Өөр айл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,
Гэрч С.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг багшийн буудлын урд талд Хөх даваа гэх газраар мотоцикльтойгоо айлд очихоор явж байхад “Хөх давааны” ойролцоо нэг жалганд 3-4 хүн 1 эксковатор, Батнасангийн цагаан өнгийн “Starix” маркийн автомашин харагдсан. Намайг харахад эксковатор нь ажиллаагүй байсан. Урьд нь тэр газраар 7 хоногийн өмнө явахад 1 эксковатор байсан. Тэр хүмүүс ямар зорилгоор тэр газар байсныг би мэдэхгүй. Очиж уулзаагүй болохоор мэдэхгүй байна. Урьд өмнө 6-7 жилийн өмнө хүмүүс тэр газар гар аргаар алт олборлож байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч Г.Эрдэнэбаярын мөрдөншалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 04-р сарын 17-ны өдөр 11 цагийн үед би Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн Хүүш гэх газар гэртээ байсан чинь Б.Батнасан ирээд чи миний эксковаторыг “Хөх даваа” гэх газраас ачаад тэр газраас холдуулаад өг гэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн 9103 УБЗ улсын дугаартай, ногоон өнгийн, Хино маркийн машинаараа очиж тэр газраас нь ачаад Уран-Хайрханы өвөрт жалганд эксковаторыг нь хуурай пайжууртай нь буулгаж өгөөд гэртээ харьсан. Батнасан надад хэд хоног ажиллласан талаараа хэлээгүй. 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ажилласан гэж бодож байна. Батнасан өөрийн төрсөн дүү Б.Батхишиг, хамаатны дүү Ерөөлт нартай хамт байсан. Намайг очиж эксковатор, хуурай пайжуур зэргийг ачихад Б.Батхишиг, Ерөөлт, Батнасан бид 4 хамт байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,
Гэрч Б.Ерөөлтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Батнасан ахыг Баруунбаян- Улаан сумын 1 дүгээр багийн нутаг Хөх даваа гэх газар шороо ухахаар ажилтай явсан болохоор нь хоол унд аваачиж өгөх гээд Батхишиг ахын хамт очсон.Тэгээд хоол ундаа идчихээд Эрдэнэбаяр гэх хүний машинаар Батнасан ах эксковатороо зөөлгөсөн.Сүүлд нь Батнасан ах цагдаад баригдаад шалгагдаж байгаа гэж дуулсан. Би 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Батхишиг ахын хамт хоол цай аваачиж өгөх гэж очсон. Батнасан ах Эрдэнэбаяр гэх хүнийг дуудаж машинд нь эксковатор, хуурай пайжуур ачуулж зөөхөд бид хоёр хамт байсан шороо ухах ажилд оролцоогүй, намайг ирэхэд Батнасан ах эксковатор эвдэрчихлээ гээд янзлаад байж байсан. Өмнө нь ажилласан үгүйг нь мэдэхгүй байна. Батнасан ах манай аав Батнасангийн төрсөн эгч Цэрэндуламын том хүү нь байгаа юм. Эхнэр 3 хүүхэдтэй, илүү дутуу зангүй даруухан шударга зантай хүн, архи уудаггүй, тамхи татдаггүй, элэг нь өвддөг гэсэн, би яг сайн мэдэхгүй байна. Эмнэлгээр л яваад л байдаг, ааш зангийн хувьд даруухан томоотой хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,
Гэрч Б.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Батнасан ахыг Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг Хөх даваа гэх газар шороо ухахаар ажилтай явсан болохоор хоол унд аваачиж өгөх гээд дүү Ерөөлтийн хамт очсон. Тэгээд хоол ундаа идчихээд Эрдэнэбаяр гэх хүний машинаар Батнасан ах эксковатор, пайжуураа зөөлгөсөн. Сүүлд нь Батнасан ах цагдаад баригдсан шалгагдаж байгаа гэж дуулсан. Эрдэнэбаяр гэх хүний машинаар эксковатор, хуурай пайжуур ачуулж зөөсөн. Бид 2 хамт ачилцаж өгсөн. Шороо ухах ажилд оролцоогүй. Манай ах Батнасан айлын 3 дахь хүүхэд, дээрээ 2 эгчтэй, доороо 4 дүүтэй. Манай ах эхнэр 3 хүүхэдтэй, тусдаа гарчихсан хувиараа хөдөлмөр эрхэлдэг, зан байдлын хувьд дөлгөөхөн зантай, архи уудаггүй, элдэв ааш авиргүй хүн. Элэгний хавдартай учир эмнэлгээр байнга эмчлүүлдэг. 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ах Батнасан Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг “Хөх даваа” гэх газар байхад нь дүү Ерөөлтийн хамт хоол цай хүргэж өгөхөөр Батнасан ахын хашаанаас “Starix” маркийн авто машиныг нь унаад Батнасан ах дээр очиж хоол цай хүргэж өгсөн.Тэгээд дүү бид хоёр хоол цайгаа өгчихөөд буцаад унаж очсон Батнасан ахын “Starix” маркийн автомашиныг унаад сумын төв рүүгээ буцсан. Батнасан ах эксковатороо Эрдэнэбаяр гэх хүний машин дээр ачаад тэндээс хөдөлсөн. Батнасан ах, Эрдэнэбаяр, дүү Ерөөлт бид 4 байж байсан чинь манай сумын 1 дүгээр багийн иргэн Энхтөр гэх хүн жаахан хүүхдийн хамт ирээд мэнд мэдчихээд явсан өөр хүн ирээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-42-43 50-51 хуудас/,
Гэрч Д.Цэрэнбавуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2016 оноос 2017 оны үед одоо яг хэдний үед байсныг санахгүй байна. Баруунбаян-Улаан сумын иргэн Б.Батнасанд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн Doosan 55 маркийн эксковаторыг хуурай пайжуурын хамт 25 сая төгрөгөөр зарж байсан. Би Батнасангаас төлбөр тооцоогоо барагдуулж авсан. Одоо надад үлдэгдэл тооцоо байхгүй. Энэ техник Батнасангийн өөрийн эзэмшлийнх, надад одоо хамаарал байхгүй болсон. Тухайн үедээ 25 сая төгрөгөөр зарж байсан. Мөнгийг нь хэсэгчилж авч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/,
Гэрч Н.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Батнасан манай нөхөр байгаа юм. Манайх 3 хүүхэдтэй, том охин Нандин-Эрдэнэ 10 настай. Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 6 дугаар ангид сурдаг. Дунд охин Нандинзаяа 2 нас 9 сартай гэртээ байдаг, хүү Оюунболд 1 настай. Батнасан эхээс 6-уул айлын дундах хүүхэд дээрээ 2 эгчтэй доороо 2 эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй айлын том хүү байгаа юм. Батнасангийн аав, ээж хоёр нь тэтгэврийн хөгшчүүл одоо Өвөрхангай аймагт амьдардаг. 2 эгч, 1 эмэгтэй дүү нь тусдаа гарч, 2 дүү нь аав, ээжтэйгээ хамт амьдардаг. Манай нөхөр Батнасан бол үг дуу цөөтэй ер нь их дотогшоогоо хүн. Элдэв янзын зан аашгүй үнэнч шударга хүнд итгэмтгий, хүний өөдөөс янз бүрийн зүйл ярьдаггүй тийм л хүн байгаа юм. Манай нөхөр урьд ял шийтгүүлж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 хуудас/,
Гэрч Д.Цэдэн-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Хэрэг үйлдэгдсэн газарт 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр анх очиход тухайн газрыг нь ухаад буцаад булсан байдалтай байсан. Уг талбай нь эрүүл газар байсан. Ойр орчимд нь гар аргаар ухаад удсан байдалтай ухсан нүхнүүд байсан. Иргэд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаад байна гэх мэдээлэл авагдаад анх 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг руу явсан. Иргэн Б.Батнасангийн ухсан талбай нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөх даваа гэдэг нэршилтэй газар байсан. Хэргийн газрын үзлэг хийхэд Баруунбаян-Улаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Чулуунбаяр, цагдаа, цагдаагийн дэд ахлагч Цогтбаатар нар хамт байсан. Батнасан ашигласан техник хэрэгслээ ухсан талбайгаасаа ертөнцийн зүгээр чанх хойно 4-5 километр орчим зайтай газар уулын мухарт нуусан байсан. Тухайн газар очиход улбар шар өнгийн жижиг оврын улсын дугааргүй эксковатор 1 ширхэг, алт угаах зориулалт бүхий хуурай пайжуур 1 ширхгийг нуусан байсан. Нарийнтээл сумын цагдаагийн хэсгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/,
Гэрч Д.Санжидхоролын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэдэн сард гэдгийг нь санахгүй байна. Батнасан гэдэг хүний царай зүсийг нь харж байж мэдэх байх, надад алт тушаасан гэж хэлж байгаа бол тушаасан байх. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/,
Шүүгдэгч Б.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг Багшийн буудлын урд талд “Хөх даваа”-ны баруун жалганд 2020 оны 04 дүгээр сарын 16-нь шөнийн 01:00 цагаас 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн хооронд Doosan маркийн эксковатороор алт олборлох зорилгоор тус газар нүх ухсан.Тус газар нь хуучин гар аргаар алт олборлож байсан. Тэр нүхнүүдийг нь дундуур нь сэтлэж ухаад буцаагаад шороогоор тэгшилж булсан. Тэгээд Г.Эрдэнэбаяр гэх залуугийн Хино маркийн ногоон толгойтой машинаар ухсан газраасаа зүүн зүгт “Хулстайн сайр” гэх газрын хойд талд Цэнд гэх айлын өвөлжөөний урд талд жалганд аваачиж нуусан. Надад ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байгаагүй. Би тухайн үед ганцаараа ажилласан. Манай төрсөн дүү болох Б.Батхишиг надад хоол авч ирж өгчихөөд явсан. Би тэндээс ганцаараа алт олборлосон. Би тус газраас 1,9 грамм алт олборлосон. Олборлосон алтаа Баянтээгийн уурхайд Ёншхой гэх нэртэй дэлгүүрт Санжид гэх эмэгтэйд алтаа тушаасан. Миний өгсөн алт 200000 төгрөг болж мөнгөө бэлнээр авсан. 2019 онд Баянтээгээс Бавуу гэх хүнээс 25000000 төгрөгөөр эксковатор худалдаж авсан. Би 20000000 төгрөгийг нь өгөөд үлдсэн 5000000 төгрөгийг нь зээлээр авсан. Одоогоороо өгч чадаагүй үлдэгдэл мөнгө нэхэгдээд л байгаа. Би ашигт малтмал олборлохдоо өөрийн эзэмшлийн экскаватор ашигласан. Бавуу гэх хүнээс эксковатор авахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй байсан. Бавуу гэх хүн урьд өмнө нь өөр хүнээс авч байсан гэж байсан. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг мэднэ. Тухайн үед өр зээл нэхэгдээд байхаар нь шөнөөр ажилласан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-86 хуудас/,
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2020/033 дугаартай шинжээчийн:
1. Иргэд нь нийт 509.9 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбай нь ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна.
2. Иргэд нь 509.9 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон.
Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох" аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн болон эвдрэлд өртсөн талбай тус бүрээр тооцож үзлээ. Үүнд:
509.9 м2 талбайн эдэлбэр газарт учрах хохирол 10636.51 төгрөг, газрын хэвлийд учрах хохирол эвдэрсэн газрыг шороогоор дарсан тул гүнийг тогтоох боломжгүй байсан болно. Хөрсөн бүрхэвчинд учрах хохирол 83676.08 төгрөг, ургамлан нөмрөгт учрах хохирол 15457.05 төгрөг, нийт 109769.64 төгрөг.
3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д зааснаар 1.0 м2 талбайн эдэлбэр газарт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 10636.51x3=31909.53 төгрөг, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2-т зааснаар хөрсөн бүрхэвчинд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 83676.08x3=251028.24 төгрөг, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлан нөмрөгт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 15457.05=77285.25 төгрөг, нийт 360223.02 төгрөг.
4. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хөх даваа” гэх газарт иргэд нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-т заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй байна. /БОАЖЯ-ны 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06/3825 дугаар бүхий албан тоотыг хавсаргав”
5. Иргэд нь 509.9 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайд хийгдэх техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг дараах байдлаар тооцов.
Техникийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал
0 /хөрс чулуулгийг ухаж ачих ажлын зардал/+41937.42 /шимт хөрсөөр хучих ажлын зардал=41937.42 төгрөг,
Биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал
ЗУР=0.92*20000+40000*1*1=58356.4 төгрөг,
Нөхөн сэргээлтийн талбайд 0.92 кг үр шаардлагатай ба энэхүү үрийг 1 ажилтан 1 өдөрт суулгахаар тооцлоо.
Нийт нөхөн сэргээлтийн зардал: 41937.42 төгрөг+58356.4 төгрөг=100293.82 төгрөг гэсэн дүгнэлт /хх-ийн 50-62 хуудас/
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №07/03 дугаартай: “2001 онд үйлдвэрлэгдсэн Doosan SL55 маркийн улсын дугааргүй бага оврын гинжит эксковатор 1 ширхэг, хуурай паажуур 1 ширхэг, хуучин жижиг цахилгаан мотор эдгээр хөрөнгүүдийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 4900000 төгрөг ” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 68-71 хуудас/,
2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14 хуудас/,
2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгсэл болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16 хуудас/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2026001160209 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх-ийн 94, 100 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2026001160209 дугаартай эрүүгийн 2001 онд үйлдвэрлэгдсэн Doosan SL55 маркийн улсын дугааргүй бага оврын гинжит эксковатор, хуурай паажуур, хуучин жижиг цахилгаан мотор зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 17-27 хуудас/,
Шүүгдэгч Б.Батнасангийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 87 тоот тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 103-104, 108, 110 хуудас/,
Байгаль орчин, уур амьсгалын сангийн 1009000013040 тоот дансанд 660600 төгрөгийг тушаасан Төрийн банкны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,
Хохирогч Б.Даваадавгын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн “...Баруунбаян-Улаан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Даваадавга миний бие хууль бусаар газрын хэвлийн ашиглаж алт олборлосон гэх эрүүгийн хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон болно. Бааснай овогтой Батнасан нь шинжээчийн дүгнэлтээр гарсан байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг Засгийн газрын тусгай сангийн Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлж хохирлыг бүрэн барагдуулсан болно. Б.Батнасанд санал гомдолгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй болно. Б.Батнасан нь байгаль орчинд учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Батнасанд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.”,
Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Батнасан нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас аваагүй, тусгай зөвшөөрөлгүй болох нь хохирогч Б.Даваадавга, шүүгдэгч Б.Батнасан нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Төв овгийн Бааснайн Батнасан нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо 1 дүгээр багийн нутаг “Хөх даваа” гэх газар 509.9м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 109769.74 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.Батнасан нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Б.Даваадавгын “...Б.Батнасанд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөх даваа гэх газар ямар нэгэн тусгай зөвшөөрөлтэй талбай байхгүй. Батнасангийн ажилласан газар нь байгалийнхаа жамаар нөхөн сэргээгдэж эрүүл болж байсан талбай байсан. Мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр гарсан байгаль орчны хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг нэхэмжлэнэ. Хохирлоо барагдуулчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Гэрч Ш.Бямба-Очирын “... 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн үед Дашдооров манайд орж ирээд Таацын гол Багшийн буудал гэх газар Бааснайн Батнасан гэх хүн өдөржин экскаватороор өдөржин алт угаалаа та гялс утасдаад хэлээд өг тэгэхгүй бол техник хэрэгслээ аваад явах байх гэсэн. Би өглөө нь босоод хонио хайж яваад Багшийн буудал гэх газар очиход цоо шинэ тракторын мөр гарсан байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,
Гэрч С.Энхтөрийн “...Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг багшийн буудлын урд талд Хөх даваа гэх газраар мотоцикльтойгоо айлд очихоор явж байхад “Хөх давааны” ойролцоо нэг жалганд 3-4 хүн 1 эксковатор, Батнасангийн цагаан өнгийн “Starix” маркийн автомашин харагдсан. Намайг харахад эксковатор нь ажиллаагүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч Г.Эрдэнэбаярын “...2020 оны 04-р сарын 17-ны өдөр 11 цагийн үед Б.Батнасан ирээд чи миний эксковаторыг “Хөх даваа” гэх газраас ачаад тэр газраас холдуулаад өг гэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн 9100 ЗУБЗ улсын дугаартай, ногоон өнгийн, Хино маркийн машинаараа очиж тэр газраас нь ачаад Уран-Хайрханы өвөрт жалганд эксковаторыг нь хуурай пайжууртай нь буулгаж өгөөд гэртээ харьсан. Б.Батнасан 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ажилласан гэж бодож байна. Батнасан өөрийн төрсөн дүү Б.Батхишиг, хамаатны дүү Ерөөлт нартай хамт байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,
Гэрч Б.Ерөөлтийн “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Батнасан ахад хоол унд аваачиж өгөх гээд Батхишиг ахын хамт очсон.Тэгээд хоол ундаа идчихээд Эрдэнэбаяр гэх хүний машинаар Батнасан ах экскаватороо зөөлгөсөн. Эрдэнэбаяр гэх хүнийг дуудаж машинд нь эксковатор, хуурай пайжуур ачуулж зөөхөд бид хоёр хамт байсан. Шороо ухах ажилд оролцоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,
Гэрч Б.Батхишигийн “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Батнасан ахыг Баруунбаян- Улаан сумын 1 дүгээр багийн нутаг Хөх даваа гэх газар шороо ухах ажилтай явсан болохоор Батнасан ахын “Starix” маркийн автомашиныг унаад хоол унд аваачиж өгөх гээд дүү Ерөөлтийн хамт очсон. Хоол ундаа идчихээд Эрдэнэбаяр гэх хүний машинаар Батнасан ах эксковатор, пайжуураа зөөсөн. Эрдэнэбаяр гэх хүний машинаар нь эксковатор хуурай пайжуур ачуулж зөөлгөсөн. Бид 2 хамт ачилцаж өгсөн. Шороо ухах ажилд оролцоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-42-43, 50-51 хуудас/,
Гэрч Д.Цэрэнбавуугийн “... Би 2016 оноос 2017 оны үед одоо яг хэдний үед байсныг санахгүй байна. Баруунбаян-Улаан сумын иргэн Б.Батнасанд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн Doosan 55 маркийн экскаваторыг, хуурай файжуурын хамт 25 сая төгрөгөөр зарж байсан. Би Батнасангаас төлбөр тооцоогоо барагдуулж авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/,
Гэрч Д.Цэдэн-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”... 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр анх хэрэг үйлдэгдсэн газарт очиход тухайн газрыг нь ухаад буцаад булсан байдалтай байсан. Уг талбай нь эрүүл газар байсан. Иргэн Б.Батнасангийн ухсан талбай нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хөх даваа” гэдэг нэршилтэй газар байсан. Батнасан газар ухахдаа ашигласан улбар шар өнгийн жижиг оврын улсын дугааргүй экскаватор 1 ширхэг, алт угаах зориулалт бүхий хуурай пайжуур 1 ширхгийг ухсан талбайгаасаа ертөнцийн зүгээр чанх хойно 4-5 километр орчим зайтай газар уулын мухарт нуусан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/,
Гэрч Д.Санжидхоролын “....Батнасан алт тушаасан гэж хэлж байгаа бол тушаасан байх.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/,
Шүүгдэгч Б.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг Багшийн буудлын урд талд “Хөх даваа”-ны баруун жалганд 2020 оны 04 дүгээр сарын 16-нь шөнийн 01:00 цагаас 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн хооронд Doosan маркийн экскаватороор алт олборлох зорилгоор тус газар нүх ухсан. Г.Эрдэнэбаяр гэх залуугийн Хино маркийн ногоон толгойтой машинаар техник хэрэгслээ ухсан газраасаа зүүн зүгт “Хулстайн сайр” гэх газрын хойд талд Цэнд гэх айлын өвөлжөөний урд талд жалганд аваачиж нуусан. Надад ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байгаагүй. Би тус газраас 1.9 грамм алт олборлосон. Миний өгсөн алт 200000 төгрөг болж мөнгөө бэлнээр авсан. 2019 онд Баянтээгээс Бавуу гэх хүнээс 25000000 төгрөгөөр эксковатор худалдаж авсан. Би ашигт малтмал олборлохдоо өөрийн эзэмшлийн экскаватор ашигласан. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг мэднэ. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-86 хуудас/,
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2020/033 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-53-64/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 07/03 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-ийн 68-76 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2026001160209 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх-ийн 123 хуудас/
2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-8/,
2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгсэл болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-24 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Б.Батнасан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр давхар нотлогдсон, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Батнасанд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Батнасан нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол болох 360223.02 төгрөгийн хохирол, биологийн болон техникийн нөхөн сэргээлтийн ажлын зардал 100293.82 төгрөг, ашигласан алтны үнэ 200000 төгрөг, нийт 660600 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 1009000013040 тоот дансанд төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Даваадавга нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь Төрийн банкны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч Б.Даваадавгын шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Батнасанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Батнасангийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт багтаж байна.
Иймд шүүгдэгч Б.Батнасанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчид тэнссэн хугацаанд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Батнасанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэнд болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоолоор 2001 онд үйлдвэрлэгдсэн Doosan SL 55 маркийн улсын дугааргүй бага оврын гинжит экскаватор 1 ширхэг, хуурай паажуур1 ширхэг, хуучин жижиг цахилгаан мотор 1 ширхэг зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон бөгөөд эдгээр нь
шүүгдэгч Б.Батнасангийн эзэмшлийнх болох нь шүүгдэгч Б.Батнасан, гэрч Д.Цэрэнбавуу нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,
мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Б.Батнасангаас 4000000 төгрөгийн үнэлгээ бүхий 2001 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, “Doosan SL55” маркийн бага оврийн гинжит эксковатор 1 ширхэг, 800000 төгрөгийн үнэ бүхий хуурай паажуур 1 ширхэг, 100000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан мотор 1 ширхэг зэргийг улсын төсөвт шилжүүлж, үзлэгийн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Батнасан нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 660600 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Даваадавга нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг
гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батнасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2. 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Төв овгийн Бааснайн Батнасанг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Төв овгийн Бааснайн Батнасанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Батнасанд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батнасанд тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Б.Батнасанд авсан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэнд болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Батнасан нь цагдан хоригдсон хоноггүй, байгаль орчинд учруулсан хохиролд 660600 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Даваадавга нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Батнасангийн өмчлөлийн 4000000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй, “Doosan SL55” маркийн бага оврийн гинжит эксковатор 1 ширхэг, 800000 төгрөгийн үнэ бүхий хуурай паажуур 1 ширхэг, 100000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан мотор 1 ширхэг зэргийг улсын төсөвт шилжүүлж, үзлэгийн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батнасанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батнасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.