Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2020 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/195

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,

        Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

        Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

        Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овгийн *******д холбогдох 2026000000206 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овгийн ******* /РД:*******/,

 

      Үйлдсэн хэргийн талаар:

 

      Шүүгдэгч Боржигин овгийн ******* нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн орчим өөрийн гэртээ эхнэр *******ыг зодож  тархи доргилт, доод уруулын зүүн дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод эрүүнд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

      Хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр хүүхдүүдийнхээ үсийг засуулчихаад 12 цагийн үед гэртээ  ирсэн. Над руу МСҮТ-ийн багш утсаар залгаад маргааш хичээлтэй шүү гэж хэлсэн. Би нөхөртөө хандаж би маргааш хичээлтэй, бага хүүхдээ аваад явъя, чи 1 дүгээр ангид орж байгаа хүүхдээ сургуульд нь хүргээд өгчих гэж хэлсэн. Манай нөхөр би маргааш ажилтай гээд уурлаад байсан. Тэгэхээр нь чиний  8 хүүхдийн хичээл хамаагүй юу, гэж хэлсэн чинь хол юманд явах гэж байхад дандаа хэрүүл хийж байх юм гээд босож ирээд намайг зодсон. Тэгээд манай том хүү ээжийгээ өмөөрөөд яах гээд байгаа юм бэ? гэсэн чинь том хүүгийн толгой руу цохисон юм. Миний толгойн ар хэсэг рүү нэг юмаар цохисон. Гараараа миний толгойн хэсэгт нилээн олон удаа цохьсон. Манай нөхөр *******  урьд өмнө намайг зодож  байгаагүй. Манай хүү ******* бид хоёрыг маргалдахаар салгах гээд дундуур ороод санамсаргүйгээр цохиулсан байсан. Манай хүү *******ын биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. ******* хүү *******ыг зодоогүй учир биед нь шинжээч томилж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй. Би урд нь цагдаагийн дэслэгч О.Ганбатад өгсөн мэдүүлэгтээ тухайн үед нөхөр *******д уур хүрээд байсан учир хүүг цохисон гээд хэлчихсэн юм. ******* архи, дарс байнга хэрэглээд байдаггүй. ******* тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө аав ******* Улаанбаатар хот руу явах гэж байсан.   Ээж Булган чи өнөөдөртөө өнжчихөөд маргааш хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчихөөд яв гэсэн. Тэрнээс болоод аав, ээж хоёр хоорондоо маргалдаад аав гэрээсээ гараад явсан. Манай аав ******* намайг цохиж зодсон асуудал байхгүй. Би аав, ээж хоёрыг муудалцахаар нь салгах гээд дундуур нь ороод санамсаргүйгээр нуруу хэсэгтээ цохиулсан. Би гэмтлийн зэрэг тогтоолгож шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/,

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... *******тай бид гэр бүлийн найзууд байгаа юм. *******тай найзлаад 5 жил болж байна. 2008 оноос эхлэн *******г таньдаг болсон. Улаанбаатар хотод Хархорин зах дээр өмдний лангуу ажиллуулдаг байсан. Эхнэр Булгантай нь би Хархорины 10 жилийн сургуулийг хамт төгссөн. Тэднийх Уянга суманд амьдарч наймаа хийж байгаад Өвөрхангайд 2014 оноос эхлэн амьдарч байгаа. Манай найз ******* хариуцлагатай, хүн чанарын хувьд мундаг хүн гэж бодож  найзалдаг. Бас олон хүүхдийн аав учир амьдралын төлөө их хичээж, хүүхдүүдээ янз бүрийн секц дугуйланд явуулдаг. ******* гэр бүлийнхэнтэйгээ сайн харилцаатай, эцэг хүнийхээ үүргийг бол сайн гүйцэтгэдэг. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, дугуйлан секцэнд явуулах гээд л хүүхдүүдийнхээ төлөө их зүтгэдэг. Хүүхдүүд нь бие нь өвдөөд эмнэлэгт хэвтэхэд нь хүртэл сахиад хамт хэвтдэг. Урд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй байх би сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

 Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******г 2010 оноос эхлэн таньдаг болсон. Ээж, ах нар нь Улаанбаатар хотод байдаг. *******гийнх 8 хүүхэдтэй, хамгийн том хүүхэд нь 8 дугаар ангид сурдаг. Бага хүүхэд нь 2 настай охин байдаг. Манай найз бол даруу төлөв зантай, бусдад тусархуу архи согтууруулах ундааны зүйл их хэрэглээд байдаггүй. Хэрэглэсэн ч гэсэн элдэв зан ааш гаргадаггүй унтаад өгдөг хүн байгаа юм. Бид нар хамт барилга дээр ажиллаж байхад манай найз ******* ажилч хичээнгүй ажилсаг хүн шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

 Шинжээч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... *******ы биед учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлсийн нөлөөллөөр үүсэх боломжтой бөгөөд тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна. Үзүүлэгч *******ы биед учирсан тархи доргилт, доод уруулын зүүн доод хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, эрүүний цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 хуудас/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө өөрийн гэртээ эхнэр Булганы хамт бууз хийж байсан чинь эхнэр Булган намайг хүүхдээ хүргэж өг гэж хэлсэн. Банкны зээл төлдөг байсан учир би Улаанбаатар хот руу ажилдаа явах гээд маргалдсан. Миний уур хүрээд эхнэр Булганы толгойн ар хэсэгт гараараа нэг удаа цохьчихоод гэрээс гараад өөрийнхөө “Приус-20” маркийн ******* улсын дугаартай автомашинаа унаад Улаанбаатар хот руу явсан. Би эхнэр Булганыг өөрийн гараар толгойн ар хэсэгт нь нэг удаа цохьсон. Би урд өмнө нь эхнэртээ гар хүрч зодож байгаагүй. Би архи их уугаад байдаггүй. Хааяа баяр ёслолоор хэрэглэдэг тэрнээс байнга бол хэрэглэдэггүй. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Бид 8 хүүхэдтэй, албан ёсоор гэрлэлтээ батлуулаад 15 жил болж байна. Би өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн  23-24 хуудас/,

 

 Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №385 дугаартай

 

1.Үзүүлэгч *******ы биед тархи доргилт, доод уруулын зүүн дотор хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал, доод эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 16 хуудас/,

 

        Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2026000000206 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 175 хуудас/,

 

        Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2026000000206 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 77 хуудас/ ,

 

        Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-28/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №141 дугаартай тодорхойлолт /хх-27/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-29-35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26 хуудас/,

 

        Хохирогч *******ы шүүхэд ирүүлсэн “Сайн дураараа эвлэрсэн, шүүх хуралдаанд суухгүй. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

        Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж,  шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

        Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Онги” 13 дугаар багийн Өлзийтийн 1-106 дугаар байрны В1-08 дугаар тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр *******ы толгойн ар хэсэгт гараараа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд  тархи доргилт, доод уруулын зүүн дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

        Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

          Хохирогч *******ы “...Манай нөхөр намайг хол юманд явах гэж байхад хэрүүл хийлээ гээд миний толгойн ар хэсэг рүү гараараа нилээд хэдэн удаа цохьсон.  Урьд өмнө нь  намайг зодож  байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4, 9-10 хуудас/,

    Насанд хүрээгүй гэрч Д.*******ын ”... Аав, ээж хоёр хоорондоо маргалдаад аав гэрээсээ гараад явсан. Манай аав ******* намайг цохиж зодсон асуудал байхгүй. Би аав, ээж хоёрыг муудалцахлаар нь салгах гээд дундуур нь ороод санамсаргүйгээр нуруу хэсэгтээ цохиулсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/,

   Шинжээч Э.Хүрэлсүхийн “...*******ы биед учирсан тархи доргилт, доод уруулын зүүн дотор хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал, доод эрүүнд цус хуралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нөлөөллөөр үүсэх боломжтой бөгөөд тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна. Энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, эрүүний цус хуралт нь   гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно” гэсэн мэдүүлэг /хх-68-69 хуудас/,

 

 Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “... Бид Банкны зээл төлдөг байсан учир би Улаанбаатар хот руу ажилдаа явах гээд маргалдсан. Миний уур хүрээд эхнэр Булганы толгойн ар хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Би өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-23-24 хуудас/,

 

    Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №385 дугаартай дүгнэлт /хх-16 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2026000000206 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

    Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, насанд хүрээгүй гэрч Д.*******, шинжээч Э.Хүрэлсүх нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №385 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч *******ы шүүхэд ирүүлсэн “бид сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.”, 160.2-тЭнэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******д хуульд заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.

 

    Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

    Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигин овгийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн *******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

           

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.