Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д-д холбогдох эрүүгийн 2025000000369 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х.Д

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Х.Д-ийг согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ц.Тг зодож, “баруун шилбэний шаант ясны доод 1/3-ээр, тахилзуур ясны дээд болон доод 1/3-ээр далд зөрөөтэй ташуу хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д-ийн мэдүүлсэн “Намайг боохоор нь би хавирч унагаасан нь үнэн. Харин Б-н хэлсэн шиг би дэвсээгүй. Би гэм буруутай, бид 2 маргалдсан. Эмчилгээний зардалд 700,000 орчим төгрөг төлсөн. Үлдсэн төлбөрийг төлөх болно.” гэх мэдүүлэг -Хохирогч Б.Т-гийн мэдүүлсэн мөрдөн байцаалтад мэдүүлсэн....2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед Өндөрлөг дээр Д, Б хоёртой уулзчихаад Тосгоны 1-р байранд очсон. Удалгүй бид нар “Туна” дэлгүүрээс 0.5 литрийн Хараа архи авчхаад дэлгүүрээс хойшоо хоосон хашаа байхаар нь тэнд бүгдээрээ архиа ууцгаасан. Ер нь надтай уулзсанаас хойш Д нь намайг элдэв янзаар хэлээд байсан, архиа ууж дуусчихаад нэлээн согтоод над руу дайрахаар нь битгий дэмий юм яриад бай гэсэн чинь Д миний нүүр лүү цохичихоор нь би ухаан алдаад унасан. Гэнэт ухаан ороод босоод алхах гэсэн чинь босож чадахгүй байсан ба миний хажууд хэн ч байгаагүй. Нэг хүүхэд надад түргэн тусламж дуудаж өгсөн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Б манай эхнэр лүү залгаад Д танай нөхрийн хөл дээр дэвсээд байсан, би харсан гэж хэлсэн байна лээ...би хагалгаа эмчилгээндээ 1.040.000 төгрөг зарцуулсан. Цаашид 200.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа.Би эмчилгээний зардал болон цаашид хийгдэх эмчилгээнд 1,200,000 төгрөгийг Д-оос нэхэмжилнэ. Х.Д нь надад эм авч уугаарай гээд 30.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 5- 6-р хуудас/ -Гэрч Н.Б-н мэдүүлсэн ...2020 оны 08 сарын 23-ны өдөр 14 цагийн үед би найзуудын хамт өндөрлөг дээр байж байтал Т залгаад ганц шил архи ууя гэж асуухад нь би замаараа чамайг авъя гээд Тг аваад тосгон орсон. Д, Т бид гурав архи уухаар болж, “Туна” хүнсний дэлгүүрээс 1 шил архи авч тосгоны хоосон хашаанд орж архиа уусан...Т Д хоёр хоорондоо хэрэлдээд барьцалдаад авахаар нь та хоёр муудалцаад байхын бол би явлаа гээд хашаанаас гарах гэж байтал “ёо” гэх чимээ гарахаар нь эргээд хартал Ц.Т-гийн дээр Д гарчихсан хөлөөрөө дэвсэж байхаар нь би очиж, салгаад эмнэлэг авч явах гээд Дийг үүрэх гэсэн чинь гишгэж болохгүй байна гээд орилоод байхаар нь газар хэвтүүлчхээд машин олох гээд яваад ирэхэд Д, Т хоёр байхгүй байхаар нь би гэр лүүгээ харьсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/ -Гэрч Б.У-н мэдүүлсэн “...БОЭТөвөөс нэг сувилагч над руу залгаад “танай нөхөр чинь хөлөө хугалчихсан байна гээд ярихад нь шууд эмнэлэг ороход хөл нь мурийсан байсан. Нөхөр Тг мэс заслын тасагт орхичхоод гэр лүүгээ явж байхад Б залгаад “Д-ийг олсон уу, Д нь Т ахын хөл дээр хөлөөрөө дэвсэж байхаар нь би салгаж, аваад Д-ийг гэр лүү нь явуулсан” гэж ярьсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/ -Гэрч Б.З-н мэдүүлсэн... Би Д-оос өөрөөс нь юу болсон талаар сонссон. Би хамт архи ууж байсан хүнээ хавсарч унагаагаад биед нь гэмтэл учруулсан гэж хэлсэн. Яг юу болсон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 651 дугаартай ...Ц.Т-гийн биед баруун шилбэний шаант ясны доод 1/3-ээр, тахилзуур ясны дээд болон доод 1/3-ээр далд зөрөөтэй ташуу хугарал, баруун шилбэнд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үүссэн байж болно..” гэсэн дүгнэлт /ххийн 12-13-р хуудас/ -Хохирогч Б.Т-д учирсан хохирлын баримтууд /хх-ийн 48-55-р хуудас/ -Шүүгдэгч Х.Дийн яллагдагчаар мэдүүлсэн “...Б.Т хүзүү боогоод байхаар нь би болиулах гээд шууд газар шидчихсэн. Тэрнээс энэ гэмтэл үүссэн байх. Тд эм тарианы мөнгө 30.000 төгрөг өгсөн. Цаашид эмчлүүлэх шаардлагатай мөнгийг өгнө....” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21-р хуудас/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Х.Д,Б.Т, Н.Б нар уулзаж Баянцагаан багийн Тосгоны “Туна” дэлгүүрээс 0.5 литрийн Хараа архи авч хоосон хашаанд орж уугаад улмаар Х.Д, Б.Т нар маргалдаж улмаар Х.Д нь Б.Т-г цохиж унаган биед нь баруун шилбэний шаант ясны доод 1/3-ээр, тахилзуур ясны дээд болон доод 1/3-ээр далд зөрөөтэй ташуу хугарал, баруун шилбэнд зөөлөн эдэд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Х.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан Б.Т-тэй маргалдан цохиж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байна. Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09-р сарын 07-ны өдрийн 651 дугаартай ...Ц.Т-гийн биед баруун шилбэний шаант ясны доод 1/3-ээр, тахилзуур ясны дээд болон доод 1/3-ээр далд зөрөөтэй ташуу хугарал, баруун шилбэнд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үүссэн байж болно..” гэх дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлийг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахыг тогтоожээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч “би хавсарч унагасан” гэж мэдүүлсэн, хохирогч мөрдөн байцаалтад “...Д миний нүүр лүү цохичихоор нь би ухаан алдаад унасан. Гэнэт ухаан ороод босоод алхах гэсэн чинь босож чадахгүй байсан ба миний хажууд хэн ч байгаагүй...”гэж мэдүүлсэн, гэрч Н.Б ... Т Д хоёр хоорондоо хэрэлдээд барьцалдаад авахаар нь та хоёр муудалцаад байхын бол би явлаа гээд хашаанаас гарах гэж байтал “ёо” гэх чимээ гарахаар нь эргээд хартал Ц.Т-гийн дээр Д гарчихсан хөлөөрөө дэвсэж байхаар нь би очиж салгаад... эмнэлэг авч явах гээд Дийг үүрэх гэсэн чинь гишгэж болохгүй байна гээд орилоод байхаар нь газар хэвтүүлчихээд машин олох гээд яваад ирэхэд Д, Т хоёр байхгүй байхаар нь би гэр лүүгээ харьсан...”гэж мэдүүлсэн зэрэг мэдүүлгүүд нь хэргийн нөхцөл байдал,шүүгдэгчийн үйлдэл,хохирогчид хэрхэн яаж гэмтэл учруулсан талаар зөрүүтэй боловч шүүгдэгчийн үйлдлийн улмаас л хохирогч Н.Тгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь дээрхи мэдүүлгүүдээр нотлогдсон гэж дүгнэх үндэслэлтэй байна. Шалтгаангүй архидалт, үл ялих зүйлээр шалтагласан учир утгагүй маргаан нь дээрхи гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүгдэгчийн Х.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Д-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нь согтуурсан үедээ Орхон аймаг БаянӨндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ц.Т-г зодож, “баруун шилбэний шаант ясны доод 1/3-ээр, тахилзуур ясны дээд болон доод 1/3- ээр далд зөрөөтэй ташуу хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай гэжээ. Шүүгдэгч Х.Д шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ, хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь үнэн. Торгуулийг 2 хувааж төлөх саналтай. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна гэжээ. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал,шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Б.Т нь шүүх хуралдаанд оролцохгүй цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхэд мэдэгдэж тайлбар ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж дүгнэв. Шүүгдэгч шүүх хуралдаанд хохирогчид 700,000 орчим төгрөг төлсөн гэж мэдүүлсэн байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн Х.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Х.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд сард 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.А