Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2020/0425/З |
Дугаар | 128/ШШ2020/0779 |
Огноо | 2020-12-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2020/0779
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: НХХК
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Н.Б
Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч М.Б, хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ушүүхэд гаргасан гомдолдоо: ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Н.Бын Н трейдХХК-д ногдуулсан ... дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг зөрчсөн гэж үзэж, манай компанийг 20 сая төгрөгөөр торгосон.
Үүнийг үл зөвшөөрч тус агентлагийн дарга, улсын ерөнхий байцаагч Б.Лхагвад гомдол гаргасан боловч 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01/619 дугаартай Захиргааны хэрэг урьдчилан хянан шийдвэрлэх тухай албан бичгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Зөрчлийг шалган шийдвэрлэх үйл ажиллагааны явцад бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгээгүй, зарим талаар алдаатай хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Үүнд: Хугацааны хувьд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх цаг үеийн бэлэн байдал гэсэн байдлаар яаруу шахуу хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн нь буруугүй гэдгээ тайлбарлах, хэрэгт тэнцвэртэй байдлаар ая холбогдол бүхий нотлох баримт гарган өгөх боломж олгоогүй.
Үүний тод жишээ нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмыг зөрчиж шалгасан. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэлүүд тусгагдсан бөгөөд эдгээр үндэслэлүүдэд нийцээгүй байдлаар хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн.
Хонь, үхрийн махыг хууль бус байдлаар нэмэгдүүлсэн гэх боловч бодит байдалд махны үнийг тус компани бус бэлтгэн нийлүүлэгч компанийн зүгээс нэмэгдүүлсэн болохыг хяналт шалгалтын явцад авч үзээгүй.
Хууль бус орлого хураах талаар тооцоолол хийж өгөхийг шаардсан боловч улсын байцаагч хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хууль бус орлого тооцохдоо бидний зүгээс бодитой баримт гаргуулаагүй, гарган өгөх бодит хугацааны боломж гарга өгөөгүй.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, түүний дотор махны хангамж, үнийн байдалд хяналт шалгалт хийсэн.
Хяналт шалгалтын хүрээнд тус компанийн Их дэлгүүр салбарын махны тасгийг хамруулан бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацаанд хонь, үхрийн махыг худалдаалах үнийг нэмэгдүүлсэн гэсэн үндэслэлээр 20 сая төгрөгийн торгууль ногдуулахдаа харьяалал зөрчиж шалгасан гэж үзэж байна.
Учир нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34.2.9-д "Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ: гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх гэж заасан.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7-д гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6 дахь хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр заасныг зөрчиж, харьяаллын бус хэргийг шалган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Худалдааны хууль бус арга хэрэглэх Зөрчлийн тухай хуулийн 4.7-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр торгууль ногдуулсан.
Гэтэл бодит байдалд үндэслэл болгосон хуулийн тухайн зохицуулалт нь хууль зөрчсөн гэж үзсэн объектив үйлдэлд тохирохгүй, хамааралгүй гэж үзэж байна. Учир нь махны үнийг бэлтгэн нийлүүлэгчийн үнийн саналыг үндэслэн өөрчлөлт хийсэн ба энэхүү үйлдэл нь бидний зүгээс хэний ч хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглээгүй гэж үзэж байна.
Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг хянан үзэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Н.Бын ... дугаартай "Н трейд ХХК-д ногдуулсан 20 сая төгрөгийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Н.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Н трейд ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /цаашид ШӨХТГ гэх/-ын улсын байцаагчийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 1/16 дугаартай удирдамжийн дагуу Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, улсын ахлах байцаагч Ц.Т, улсын байцаагч Н.Б, ажилтан Д.Г нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Н трейд" ХХК-ийн Улсын Их дэлгүүр-т байрлах хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийсэн.
Хяналт шалгалтаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн үед бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах хүрээнд Н трейд ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүний худалдааны хэсгийг хамруулсан.
Хяналт шалгалтын явцад тус аж ахуй эрхлэгч нь бусад аж ахуй эрхлэгчийн хамт 2020 оны 02 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллагааг далимдуулан бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмэх асуудал үүсгэхгүй гэдгийг ард иргэддээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэсэн агуулгатай мэдэгдлийг гаргасан хэдий ч бодит байдалд хонины ястай махны үнийг 1 кг тутмыг 1500 төгрөгөөр нэмж, 12499 төгрөгөөр, үхрийн ястай махны үнийг 1 кг тутамд 2000 төгрөгөөр нэмж, 16499 төгрөгөөр, цул махны үнийг 1 кг тутамд 2000 төгрөгөөр нэмж, 17999 төгрөгөөр тус тус худалдаалж байсныг тогтоосон.
Энэхүү үйлдэл нь хэрэглэгчийг хохироох замаар өрсөлдөөнд харшлах үйлдэл гэж үзэж Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэн 20 сая төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон 343.000 төгрөгийн орлогыг хураах шийдвэрийг хуулийн хүрээнд гаргасан болно.
Н трейд ХХК-ийн нэхэмжлэлийн Зөрчлийг шалган шийдвэрлэх үйл ажиллагааны явцад бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгээгүй, зарим талаар алдаатай хэрэгжүүлсэн гэж үзэж байна. гэсэн тухайд:
Хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Өрсөлдөөний тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд, түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 1/16 дугаартай удирдамжийн дагуу хэрэгжүүлсэн.
Хяналт шалгалтын явцад шалгуулагч этгээдийг төлөөлөн тайлбар, тодруулга өгөх албан тушаалтныг томилон ирүүлэх талаар мэдэгдсэн ба 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/251 дугаартай албан бичгээр менежер Э.Аыг томилон ажиллуулсан байдаг.
Мөн зөрчлийг арилгасан, шийтгэл оногдуулахгүй байх талаар 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр албан бичгээр ирүүлсэн байдаг. Эдгээрээс үзэхэд зөрчлийг хүлээн зөвшөөрч, зөрчлийг арилгах талаар анхаарал хандуулсан хэдий ч хуульд энэ тохиолдолд хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй байх тул торгууль, хууль бус орлого хурааж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34.2.9-д Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ: гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх." гэж заасан ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7- д гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6 дахь хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр заасныг зөрчиж, харьяаллын бус хэргийг шалган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн тухайд:
Гамшгийн үед бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөргөдлийг гамшгаас хамгаалах улсын байцаагч шалган шийдвэрлэхээр зохицуулагдсан хэдий ч энэ нь шууд утгаар Өрсөлдөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хэрэглэгчийг хохироох худалдааны хууль бус арга хэрэглэх гэсэн агуулга бүхий зөрчлийн шинжтэй үйлдэл нь ижил агуулгыг илэрхийлэхгүй, өөр хоорондоо өөр гэж үзэж байна. Түүнээс гадна Нийслэлийн прокурорын газраас улсын байцаагчийн тухайн шийтгэлийн хуудсыг дээр дурдсан харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгохоор гаргасан дүгнэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Иймд гомдлын шаардлагыг хянан үзэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн ... дугаартай Н трейд ХХК-д ногдуулсан 20 сая төгрөгийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Гомдолд гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Н.Б нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад ...махыг зах зээлийн ханшнаас дээгүүр үнэтэй зарсан... гэж заасны дагуу Н трейд ХХК-д шийтгэлийн хуудас оногдуулсан.
Махыг зах зээлийн дундаж ханшнаас дээгүүр үнээр худалдаалахыг хориглосон хуулийн хэм хэмжээ байхгүй. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд өмчийн олон хэвшил бүхий дэлхийн түгээмэл хандлагад нийцсэн зах зээлийн эдийн засагтай байна гэж заасан.
Н трейдХХК-нь тухайн өдрийн өөрсдийн зүгээс гаргасан зардлыг хасаж тооцож махны үнийг гаргасан.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь ...тухайн өдрийн Хүчит шонхор худалдааны төв дээр худалдаж байсан махны үнэ болон Н трейдХХК-ийн худалдаж байсан махны үнэ нь эрс ялгаатай байна гэж тайлбартаа дурдсан байдаг. Хүчит шонхор ХХК-нь махны бөөний худалдааны төв юм. Н трейдХХК-нь махны ангиллын 1 дүгээр зэрэглэлийн махыг худалдаж иргэдэд үйлчилгээ үзүүлдэг давуу талтай.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Н.Б нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох, худалдааны арга хэрэглэх гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Н трейдХХК-г 20.000.000 төгрөгөөр торгосон.
Тухайн үеийн нойтон махны бөөний төвүүдийн түрээслэгч нар нь малчид, ченж нараас махыг хямд үнээр худалдаж аваад 14000 төгрөгөөр зардаг байсан.
Махны бөөний худалдааны төвүүд нь сарын түрээсийн мөнгөнөөс өөр нэмэлт зардал гардаггүй, махны хорогдолгүй шулсан мах, үлдэгдлийн тусад нь хурааж хямд зардаг.
Н трейдХХК-нь махны хорогдол тооцдог, борлуулалтаасаа нэмэгдсэн өртгийн албан татвар улсад төлдөг ба худалдагч нараа цалинжуулдаг. Н трейдХХК-нь чөлөөт зах зээлд бараа бүтээгдэхүүнийг өртөг зардлыг шингээн худалдан борлуулж байгаа нь хууль бус үйлдэл биш. Махны үнийг нэмэх байдлаар манай компани өөрийн өрсөлдөгч ямар байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд халдаж, хохироосон гэдэг нь тодорхой бус байна.
Хэрэглэгчдэд нойтон махыг захын үнээс дээгүүр үнээр худалдан борлуулсан гэж үзвэл Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж үзэж хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Н.Бын Н трейдХХК-д оногдуулсан ... дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 1/16 дугаар удирдамжийн дагуу бид 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улсын их дэлгүүрийн Н трейдХХК-ийн хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийсэн.
Удирдамжтай хяналт шалгалтын явцад Н трейдХХК-ийн худалдаж байсан үхрийн мах, хонины махны үнийг 1500-2000 төгрөгийн хооронд нэмсэн байсан.
Иймд бид Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу Н трейдХХК-г 20.000.000 төгрөгөөр торгосон.
Шийтгэл оногдуулах болсон үндэслэл нь Н трейдХХК-нь 02 дугаар сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл махны үнийг нэмээгүй байсан. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хонь, үхрийн махыг 1 кг тутмыг 1500 -2000 төгрөгөөр нэмсэн байсан.
2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн өглөө Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизээр манай улсад цар тахал илэрсэнтэй холбоотой зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн мэдээллийн дагуу хувь хүмүүс их хэмжээгээр худалдан авалт хийж махны эрэлт ихэссэн байсан.
Махны эрэлт ихэссэнтэй холбоотой Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас махны үнийн хөөргөдөл үүссэн эсэхийг шалгахад Н трейдХХК-ийн захирлын тушаалаар махны үнэ нэмэгдсэн байсан.
Н трейдХХК-нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ямар үндэслэлээр махны үнийг нэмсэн талаар тус компанийн махны үнийг тогтоодог менежерээс мэдүүлэг авахад бэлтгэн нийлүүлэгч махны үнийг нэмсэн учраас бид махны үнийг нэмсэн гэх тайлбар өгсөн.
Үүний дараа Н трейдХХК-ийн менежер Э.Аоос санхүүгийн тайлан материал, тус компанийн захирлын тушаал зэргийг авч үзэхэд тухайн үед бэлтгэн нийлүүлэгдсэн махны үнийг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэмээгүй байсан.
Бэлтгэн нийлүүлэгч нь үхрийн махны үнийг 11500 төгрөгөөр, хонины махыг 9000 төгрөгөөр нийлүүлж байсан баримтын дагуу шалгаж үзэхэд 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл махны үнэ нэмэгдээгүй болох нь тогтоогдсон.
Тухайн үед Н трейдХХК-д худалдаж байсан махны үнийг Хүчит шонхор захад худалдаалагдаж байсан махны үнэтэй харьцуулах болсон шалтгаан нь Хүчит шонхор захад Улаанбаатар хотод нийлүүлэгдэж байгаа бүх махны нийлүүлэлт явагддаг учраас тус захыг судалгааны объект болгосон.
Удирдамжтай хяналт шалгалтыг удирдамжийн дагуу Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийсэн.
Шалгалтын явцад Н трейдХХК-нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргасан байсан.
Иймд Өрсөлдөөний тухай хуулийн дагуу худалдааны хууль бус аргыг хэрэглэн иргэдийг хохироосон гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Н трейдХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай ... тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ... тоот шийтгэлийн хуудсаар Н трейдХХК-ийг Номин супермаркет Улсын их дэлгүүрийн махны тасагт махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 4.7-г зөрчсөн гэж үзэж 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 4 дэх хэсэгт Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, 4.7-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 12.1.10-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэж тус тус хуульчилсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан бол хариуцлага хүлээлгэхээр тодотгон хуульчилсан байх ба махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх зөрчил нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаанд хамаарахгүй байна гэж шүүх үзлээ.
Учир нь Номин супермаркет худалдааны төв махны үнээ нэмэгдүүлж худалдаанд гаргаснаар бусад ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдүүдийн зах зээлд өрсөлдөх эрхийг хязгаарлахгүй юм.
Иймд Н трейдХХК-ийг махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 4.7-д заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байх тул тус хуулийн 10.7 дахь зүйлийн 4.7-д заасны дагуу шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34.2-т Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ, 34.2.9-д гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх гэж заасан байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан бөгөөд энэ хэсгийн дугаарт 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж 4 дэх хэсэг болж өөрчлөгдсөн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7-д гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 5.17, 5.18 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил-ийг харьяалан шалгахаар гэж зохицуулсан байна.
Түүнчлэн Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын 10-т Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшнийг тогтвортой байлгах, үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тус тус үүрэг болгосугай гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд гамшгийн үед махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх үйлдэл нь гамшгаас хамгаалах талаарх хууль, тогтоомж зөрчсөнтэй холбоотой эрх зүйн харилцаанд хамаарахаар байх тул махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хамаарахаар байна.
Иймд шүүх дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Н трейдХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ... тоот Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ