Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2014/0230

 

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй Багануур дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Э, Д.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу, “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй Багануур дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 3-223 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь иргэн миний нэр дээр 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0001990048 тоот гэрчилгээ, Ү-2208003000 бүртгэлийн гэрчилгээтэй олгогдсон бөгөөд “Ц” ХХК-ийн эзэмшилд хамаардаггүй... Иймд Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 17- ны өдрийн 270384 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Д.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...компанийн дүрмийн санд багтсан үл хөдлөх хөрөнгийг захирал С.Б нь компанийг төлөөлөн 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “А” ХХК-д “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 115.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, улмаар “Ц” ХХК-ийн 2010 оны 04 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоор бүртгэсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөөгүй нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу 10 хувийг буюу 10.672.700 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогдсон тул уг зөрчилд 270384 тоот актаар 16.041.000 төгрөгийн төлбөрийг тогтоосон... улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 270384 тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Д.М нар давж заалдах гомдолдоо: ...“Ц” ХХК-ийн Багануур дүүргийн 1-р хороо, Сургалтын задгайн 3-223 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь компанийг анх 2004 онд байгуулахад дүрмийн сангийн хөрөнгийн хэмжээнд багтаасан төдийгүй компанийн хөрөнгө болохыг зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг компаний нэрээр төлж, байгууллагын санхүүгийн тайлан балансад тусган явсан төдийгүй, захирал С.Б нь компаниа төлөөлж худалдах худалдан авах гэрээг байгуулж үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулж, олсон орлогоо зөвшөөрч, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу боловч тусган төлсөн ба компанийн үндсэн хөрөнгөөс хассан бичилтийг хийж өгсөн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

Гэтэл шүүх нэхэмжлэгч компанийн дүрмийн санд тусгагдсан Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан компанийн хөрөнгийг хууль бусаар өөрийн нэр дээр улсын бүртгэлийн байгууллагаас “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” авсан тухай Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа тодорхойлолтыг үндэслэн уг үл хөдлөх хөрөнгө нь хувийн өмч учир нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, татварын улсын байцаагчийн акт бичсэн нь үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Улмаар “Ц” ХХК-ийг төлөөлөн захирал С.Б нь “А” ХХК-тай гэрээ байгуулсныг шүүгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа иргэн С.Б нь өөрийн хөрөнгө худалдан борлуулж, “А” ХХК-тай гэрээ байгуулахдаа “Ц” ХХК-ийг төлөөлж захирал С.Б гэсэн Б-ын Д гэдэгтэй адилхан өөрийнхөө ажил, албан тушаалыг тодотгосон байна” гэж шүүх үзэж байна гэж тайлбарласан төдийгүй анх улсын бүртгэлийн газар нь ямар бичиг баримтыг үндэслэж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг “Ц” ХХК-ийн нэр дээр бус иргэн С.Б-ийн нэр дээр бүртгэсэн болохыг харгалзан үзээгүй нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд хэргийг дахин хянан үзээд үнэн бодитой шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар уг захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд: Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан хуулийн шаардлагыг биелүүлээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулаагүй байна.

“Ц" ХХК 2004 онд байгуулагдсан бөгөөд тухайн үеийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “өөрийн хөрөнгийн хэмжээ”-г 22.810.000 төгрөг гэж бүртгэгдсэн байх бөгөөд үүнийг хариуцагч “2010 онд худалдан борлуулсан барилга 15.000.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр бүртгэгдсэн байсан” гэж, нэхэмжлэгч “барилга гэдэг нь гараж бүртгэгдсэн байсан” гэж тус тус маргаж байна.

Талууд анх “Ц” ХХК-ийг үүсгэн байгуулагдахдаа бүртгүүлсэн хөрөнгийн талаар харилцан зөрүүтэй мэдүүлж байхад шүүх маргаж байгаа барилга “Ц” ХХК-ийн хөрөнгө мөн эсэх талаар шалган тодруулаагүй, “Ц” ХХК-ийн анхны үүсгэн байгуулсан баримт бичгийг Улсын бүртгэлийн байгууллагаас нотлох баримтаар гаргуулж аваагүй байна.

Хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд иргэн С.Б-ийн нэр дээр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “компанийн нэр дээр олгогдох ёстой гэрчилгээг хувь иргэн өөрийн нэр дээр авсан” гэж маргаж байхад шүүх дан ганц С.Б-ийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтаар үнэлсэн нь учир дутагдалтай болжээ.

Зүй нь дээрх гэрчилгээг авахад бүрдүүлсэн нотлох баримтыг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулан авч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийлдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг ...үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу тал бүрээс нь, харьцуулан үнэлж дүгнэх ёстой байжээ.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч “уг байрлалд 2 барилга байгаа, “Ц-А” өөрийн байрандаа одоо ч гэсэн байгаа” гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “анхны барилгаа зарж хасалт хийгдээд шинээр барьсан барилгадаа орсон, уг барилгаа шинээр балансдаа бүртгүүлсэн” гэсэн агуулгатай харилцан адилгүй тайлбар гаргаж байгааг шалган тогтоох нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч компани бар, кафе, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэхээр 2004 онд байгуулагдсан байх бөгөөд анхан шатны шүүх шаардлагатай гэж үзвэл согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл, болон ажпын байрны дүгнэлт гаргуулахдаа “Цахирт- Ану" ХХК-ийн бүрдүүлсэн өргөдөл болон бусад баримтыг нотлох баримтаар хэрэгт авч “гараж”-ийн барилга дээр тусгай зөвшөөрөл, дүгнэлтийг гаргуулсан уу эсхүл “өөрийн хөрөнгө” гэж маргаж буй барилгыг нь үзэж шалгаад зохих стандартыг хангаж байна гэж дүгнээд эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл, ажлын байрны дүгнэлтийг олгож уу гэдгийг нягтлах нь маргаж буй барилга тухайн үед “Ц” ХХК-ийн өмч байсан эсэхийг тогтооход ач холбогдолтой болно.

Түүнчлэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл “Ц” ХХК-ийн гомдлыг хэлэлцээд 2013 оны 07 дугаар сарын 09- ний өдрийн 40 дүгээр тогтоол гаргасан байхад нэхэмжлэгч 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна. Иймээс нэхэмжпэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудалд дүгнэлт өгөх шаардлагатайг дурдах нь зүйтэй.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийгдахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                          ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                               ШҮҮГЧИД:                                      Н.ХОНИНХҮҮ

                                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                                                                       Э.ЗОРИГТБААТАР