Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбын Мөнхтулга |
Хэргийн индекс | 164/2022/0065/Э |
Дугаар | 2022/ШЦТ/66 |
Огноо | 2022-06-02 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М-д холбогдох 2216000200061 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж овогтой Д-н М.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.М-н 2021 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 23 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “ВМ” баарны хашаан дотор “...яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм...” гэх зүйлээр шалтаглаж хохирогч Т.Ц-г чулуугаар толгой руу нь 2 удаа, нуруу руу нь нэг удаа цохиж, биед нь дагз, зүүн хөмсөг, баруун чамархай толгойны оройд шарх, баруун хацар, баруун шанаад зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн шанаа, баруун шанаа хавдсан, 2 нүдний дээд, доод зовхи хөх өнгийн цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Хохирогч Т.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны орой 20 цаг 40 минутын үед “ВМ” баар луу Ц, Ц, Д, Б, С нарын хамт орсон. Тэгээд бөөндөө сууж байгаад 23 цагийн үед би түрүүлээд гарсан...гараад ВМ баарны хажуу талын байрны хойно зогсож байтал гэнэт гар утасны гэрэл тусгаад хэдэн залуучууд гараад ирсэн. Тэгээд би ерөөсөө санахгүй байна би бакалан гуталтай хүний хөл тэврээд байснаа л санаж байна... намайг гарч ирэхэд гадаа ямар ч хүн байхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дугаар тал/,
Хохирогч Т.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...би тэр өдөр эмэгтэй хүн цохиогүй. Нэг эмэгтэй хүний хажуугаар гараад явсан ... Би Д.М-с эмчилгээний зардал 500.000 төгрөг авсан одоо надад гомдол нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,
Гэрч Д.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр санхүүчдийн баяр болоод тухайн өдөр манай нөхөр Т.Ц тэмцээнд орчихоод аймгийн нягтлан бодогч нартай “ВМ” бааранд орлоо гэж над руу ярьсан. Тэгээд цагийн дараа намайг “ВМ” бааранд хүрээд ир гэж залгасан би очих боломжгүй байсан болохоор очоогүй. Манайх доороо биллиард ажиллуулдаг юмаа манай нөхөр 2021 оны 12 дугаар сарын 10-ны 23 цаг 30 минутын үед биллиарданд өөрөө орж ирсэн байсан. Би тэгээд гэртээ байж байгаад камераар хараад буугаад очтол хүнд зодуулсан байдалтай нүүр өмсөж явсан хувцас нь тэр чигтээ цус болчихсон байсан би тэгээд гэртээ оруулаад эмнэлэг дуудсан. Тэгээд эмнэлэгт очоод толгойны 3 хэсэг газар оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед “ВМ” бааранд М, Н, И бид нар уулзсан. Тэгээд бид нар тэнд сууж байхад Нэргүй 21 цагийн үед гараад явсан. Тэгээд М, И бид гурав 2 шил архи уусан. Тэгээд 21 цаг 50 минутын үед М ах тамхи татна гээд гарсан. И бид хоёр 22 цагт баар хаагаад араас нь гарахад М ах үүдэнд зогсож байсан. Тэгээд бид нар “ВМ” баарны урд талын засмалаар доошоо явж байхад М ах Б эгчийг нэг хүн гэдэс рүү цохиод би тэр хүнийг 2 цохиод авлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,
Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Тухайн өдрийн орой “ВМ” бааранд орчихоод гарах гээд явж байхад согтуу залуу ирээд намайг мөрлөөд шууд цаашаа явсан. Тэгэхээр нь “...яагаад байгаа юм бэ?...” гэхэд шууд цаашаа явсан. Тэр үед манай хамаатны дүү М явж таарахаар нь “...энэ залуу намайг мөрөлчихлөө...” гэхэд тэр М тухайн залуутай маргалдаад цааш явсан. Би тэгээд гэр лүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,
Гэрч А.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Мандал голомт ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 10-ны шөнө ажилласан. Тухайн шөнө 01 цагийн үед М гэх залуу хувцас нь битүү цус болсон согтуу ирсэн. Тэгээд М-г унтаж байхад түүний эхнэр нь гэх хүүхэн ирээд явъя гэхэд М яваагүй. Эхнэр нь ирчихсэн байхад найз нь гээд 2 залуу бас ирээд явсан. Тэгээд М унтаж байгаад 3 цагийн үед гэр лүүгээ явлаа гээд явсан ... Би өмссөн дээл, хувцас нь цус болчихсон байхаар нь чи наад хувцсаа яачихсан юм гэсэн чинь юм дуугараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаартай “...1. 2. Т.Ц-н биед дагз, зүүн хөмсөг, баруун чамархай толгойны оройд шарх, баруун хацар, баруун шанаанд зулгаралттай, зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн шанаа, баруун шанаа хавдсан, 2 нүдний дээд, доод зовхи хөх өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтэл нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл болно.
4. Дээрх гэмтлүүдээс дагз, зүүн хөмсөг, баруун чамархайд үүссэн шарх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/
Шүүгдэгч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Манай танил дүү нар болох Л, И нартай 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд уулзаад 19 цагийн үед Мөст-Алтай караокед сууж байгаад 20 цаг өнгөрөөгөөд “ВМ” баар орсон. Тэндээ архи ууж сууж байхад манай бүл эгч Б найз Б 2 гаднаас орж ирээд цуг нийлж архи ууж байгаад Б 22 цагийн үед гараад явсан. Би 10-аас 20 минутын дараа тамхилах гээд гадаа гарсан. Тэгсэн чинь Б тэр хүн миний гэдэс рүү цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуу Ц гэх залуу байхаар нь яагаад эмэгтэй хүний гэдэс рүү цохиж байгаа юм гэж хэлээд маргалдаад би тухайн хүнийг чулуугаар толгой руу нь 2 удаа, нуруу руу нь 1 удаа цохисон...цохисны дараа Ц-н нүүрнээс цус гоожиж байсан...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ц-с уучлал гуйж хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 54-55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2021 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 23 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “ВМ” баарны хашаан дотор “...яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм...” гэх зүйлээр шалтаглаж хохирогч Т.Ц-г чулуугаар толгой руу нь 2 удаа, нуруу руу нь нэг удаа цохиж, биед нь дагз, зүүн хөмсөг, баруун чамархай толгойны оройд шарх, баруун хацар, баруун шанаад зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн шанаа, баруун шанаа хавдсан, 2 нүдний дээд, доод зовхи хөх өнгийн цус хуралт буюу биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.М-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61 дүгээр тал/, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 64-70 дугаар тал/, хохирогч Т.Цоггэрэлийн Цагдаагийн газарт гаргасан “...Т овогтой Ц намайг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэр лүүгээ орох замд Есөнбулаг сумын харьяат Д овогтой М миний биед гэмтэл учруулсан... 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохиролгүй болгосон тул ямар нэгэн гомдол саналгүй болно ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 99 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.М-н гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 500,000 (таван зуун мянга) төгрөг төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогтой Д-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 600 (зургаа зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.М-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 500,000 (таван зуун мянга) төгрөг төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА