| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0150/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/02 |
| Огноо | 2021-12-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/02
2021 оны 12 дугаар сарын 24 өдөр Дугаар 2021/ШЦТ/02 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Б.Амармөрөн,
Шүүгдэгч: О.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон О.Т-д холбогдох 2029001890123 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч О.Түвшинтөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд “Алтан-Од” зочид буудалд Ч.Ганбаярыг хувийн таарамжгүй харилцааны улмаас баруун гар луу нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Ч.Ганбаярын өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Алтан-Од зочид буудалд архи ууж байсан юм. Тэгсэн намайг О.Түвшинтөр боож ухаан алдуулсан. Тэгээд би сэрэхэд миний гарнаас цус гарч байсан тэр үед би согтуу байсан мөн зодуулаад шоконд орсон байсан. Намайг О.Түвшинтөр хардсанаас болоод намайг зодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/
Гэрч Э.Ганхуягийн өгсөн:“...би 2 лааз пиво уучихаад буцаад унтаад өгсөн. Тэгээд сэртэл Ганбаяр гар өвдөөд байна гэсэн тэгээд Ганбаяр найзаа дуудна гээд найзаа дуудаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №515 дугаартай дүгнэлтээр:“...Ч.Ганбаярын биед баруун шуу ясны арын сэртэнгийн далд хугарал, баруун тохойд шарх, зүүн бугалга, баруун мөр, бугалга, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/
Яллагдагч О.Түвшинтөрийн өгсөн: “...Ганбаяртай пиво уугаад сууж байтал эхнэр намайг хэл амаар өдөөд хардаад байсан тэгэхээр нь би хажууд байсан Болор нэртэй архины шилээр тохой руу нь цохисон. Тэр үед манай 2 найз тасарчихсан унтаж байсан. Одоогийн байдлаар 1 100 000 төгрөгийн хохирол барагдуулсан байгаа” мэдүүлэг /хх-ийн 46-49-р хуудас/,
Шүүгдэгч О.Түвшинтөрийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч О.Түвшинтөрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/,
Шүүгдэгч О.Түвшинтөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-50-52-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Хохирогч Ч.Ганбаярын биед гэмтэл учруулсан шүүгдэгч О.Түвшинтөрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д”Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.3.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар үлэмж хэмжээгээр /15-30%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсноор хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хүэдэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Ч.Ганбаяр нь прокурорт гаргасан: “О.Түвшинтөр нь хохирол төлбөрөөн бүрэн барагдуулсан тул гомдол хохиролгүй болсоноор О.Түвшинтөрд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 81-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас шүүгдэгч О.Түвшинтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүдэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж, 800 нэгж буюу 800 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч О.Түвшинтөрд ял оногдуулахдаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Төмөр овгийн Оюунчимэгийн Түвшинтөрийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Түвшинтөрийг 800 /найман зуу/-н нэгж буюу 800 000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирол төлбөрт 1100000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА