| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0139/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/125 |
| Огноо | 2021-11-10 |
| Зүйл хэсэг | 18.5.1., 24.8.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/125
2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дугаар 2021/ШЦТ/125 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Гантуяа ,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр
Иргэний нэхэмжлэгч Т.Ганбаяр
Шүүгдэгч: Б.Л нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох эрүүгийн 2029001870126 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Л нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэл 5 жилийн хугацаагаар түүж бэлтгэхийг хориглосон бараа болох 10 боодол бүхий 205.9 кг Монгол орны ховор ургамал Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг “Хунгян” загварын 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 99-84 АЧ дугаартай чиргүүлд нуун Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох эрүүгийн 2029001870126 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: Би 2020 оны 08 дугаар сарын 25-нд миний машиныг ачуулаад хайрхны хажуу талын зогсоолд. Хажууд нь өөр жолоочийн ачуулсан тэгээд нөгөө машинаасаа 2 километр хол очиж хоночихоод 26-ны өглөө манай жолооч дахиад Монгол руу оруулахгүй гэсэн тухайн үед ийм журам мөрдөгдөж байсан. Би Очирбат гэдэг дүүгийнхээ гурван шарын тэнд хогосон машиныг 26-нд оруулчхаад тэгээд санай нэг ар гэрийн гачигдлаар Монгол руу буцаж байсан. Тухайн үед оюутан хүүхдийн төлбөр ирисээрээ тооцогддог учраас хэдэн төгрөг илүү олж авъя гэсэн үүднээс өөрийнхөө болгоомжгүй байдлаас болоод ийм хэрэгт холбогдсон. Би Очирбатын машиныг авч 26-ны орой боомт руу орж хоноод 27-ны өглөө гарч ирж тэр машиныг зогсоол дээр тавин өөрийнхөө үндсэн машиныг аваад хашаанд орсон чинь гаалиас залгаад ийм зөрчил илэрсэн юм. Би санаатайгаар үйлдсэн зүйл байхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч Т.Ганбаярын”... Манай компаниас нэхэмжилж байсан 2,452,000 төгрөгийг Б.Лээс бүрэн гаргуулан авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Саналын тухайд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор хураан авсан Хунгян загварын улаан өнгөтэй 07-19 УНЗ улсын дугаартай чирэгч толгойтой 99-84 АЧ дугаартай чиргүүлийг бидний бизнесийн болон тээврийн үйл ажиллагааг цааш нь хэвийн үргэлжлүүлэх бололцоогоор хангаж өнгө үү гэв.
Гэрч Ц.Түвшинжаргалын “... Би 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтын нүүрс гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 15 цаг өнгөрч байхад нүүрс тээврийн машин гарах чиглэлээр 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх гэтэл зөрчлөөс мэдээлэлтэй тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд тухай машиныг зогсоон нягтлан шалгахад тухайн машин нь 99-84 АЧ улсын дугаартай чиргүүл дээрээ нүүрсэн дунд хар өнгийн боодолтой зүйл байсныг хараад жолоочоор тухайн зүйлийг гаргуулж ирэхэд 10 ширхэг хар өнгийн уутанд хийсэн боодолтой зүйл байсан. Түүнээс нэгийг нь задалж харахад ургамлын үндэс байсан.... би уг тээврийн хэрэгслийг Гашуун сухайт боомтын гаалийн хяналын бүсэд шалгаж тээврийн хэрэгслийг саатуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь гаалийн хяналтын бүр рүү ороод ирсэн тохиолдолд улсын хилээр нэвтэрсэн гэж үзнэ. Гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 53-54-р хуудас,
Шинжлэх ухаан академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “... Уг ургамлын дээж нь манай оронд тархсан Майлзтан /Apiaceae Lindley 1836/ овгийн Жиргэрүү/ Saposhnikovia Schischkin 1951/ төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү / Saposhnikovia divaricate Schischkin 1951/ гэх зүйл ургамлын үр мөн болно. Монгол Улсын Байгалийн ургамлын тухай /1995, 2004/ хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал орсон болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-рт,
Яллагдагч Б.Лийн: “... би 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр... 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачуулаад тэгээд урагшаа гааль руу явж байгаад Хайрхан харалдаа зогсоол дээр орхиод... 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ганц модноос гарч ирээд тэгээд Хайрхан харалдаа үлдсэн 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээрээ ирээд тэгээд... 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон урагшаа хил руу очоод гаалийн байцаагч шалгасан чинь чиргүүл дээрээс хар боодолтой модлог ургамал байна гэж хэлсэн... хилээс 12 км орчим очерт шахагдаж явсаар байгаад манифистний хашаа руу орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 244-246-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Б.Л нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг, Гашуун сухайт хилийн боомтоор 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэл 5 жилийн хугацаагаар түүж бэлтгэхийг хориглосон бараа болох 10 боодол бүхий 205.9 кг Монгол орны ховор ургамал Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор буюу гадаад улс руу гаргах зорилгоор, холбогдох байгууллагын зөвшөөрөл, лицензгүйгээр “Хунгян” загварын 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 99-84 АЧ дугаартай чиргүүлд нуун тээвэрлэж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
1. Шүүгдэгч Б.Лийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг, Гашуун сухайт хилийн боомтоор 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Хунгян” загварын 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 99-84 АЧ дугаартай чиргүүлд нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх бараа нь:
Шинжлэх ухааны академи, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлт “1. Уг ургамлын дээж нь Манай оронд тархсан Майлзтан (Apiaceae Lindley 1836) овгийн Жиргэрүү (Saposhnikovia schischkin 1951) төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү (Saposhnikovia divaricate Schischkin 1951) гэх зүйл ургамлын үр мөн болно. 2. Монгол Улсын Байгалийн ургамлын тухай (1995, 2004) хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал орсон болно”-ээр гэжээ.
Дэрэвгэр Жиргэрүү гэх ургамал нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-ын 350-т эрэмлэгдсэн ховор ургамал байна.
Энэ ургамлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар “...устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосон” байна.
Мөн Дэрэвгэр Жиргэрүү /1211.90.90/ гэх ургамал нь Засгийн газрын “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон барааны жагсаалт /ЗГ-ийн 2016.01.11-ний өдрийн 32-р тогтоолоор өөрчлөлт оруулсан/-д багтсан ховор ургамал тул түүнийг судалгаа шинжилгээний зориулалтаас өөрөөр улсын хилээр гаргахыг хориглосон бараа байна.
2. Шүүгдэгч Б.Лнь дээр дурьдсан Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр “Хунгян” загварын 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 99-84 АЧ дугаартай чиргүүлд нуун тээвэрлэж, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг, Гашуун сухайт хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн болох нь:
-Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “уг тээврийн хэрэгслийн зүтгүүр хэсэг нь улаан өнгөтэй 07-19 УНЗ улсын дугаартай, улаан Фотон маркийн тээврийн хэрэгсэл байх ба ....тухайн тээврийн хэрэгслийн чиргүүл нь улаан өнгөтэй, 3 хаалгатай, дээрээ нүүрс ачсан, чиргүүлийн урд хэсэгт бага зэргийн нүүрсээр булсан хар өнгийн уутанд хийж скочидсон байдалтай 10 ширхэг боодолтой зүйл хийсэн байв. 10 ш боодолтой зүйлийг чиргүүл дээрээс буулган 1 ш хар ууттай зүйлийг задалж харахад хатсан ургамалын үндэс мэт зүйл байв...” гэх тэмдэглэл, 4 ширхэг гэрэл зураг /хх-13-15/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл “...205.9 кг ургамлын үндсийг хураан авав. Гэрэл зургийн аргаар 2 кадр зураг бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, 2 ширхэг гэрэл зураг /хх-28-29/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Түвшинжаргалын өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гашуун сухайт хилийн боомтын нүүрс гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 15 цаг өнгөрч байхад нүүрс тээврийн машин гарах чиглэлээр 07-19 УНЗ тээврийн хэрэгсэл орж ирсэн тэгээд тухайн тээврийн нэвтрүүлэх гэтэл зөрчлөөс мэдээлэлтэй тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд тухайн машиныг зогсоон нягтлан шалгахад тухайн машин нь 99-84 АЧ улсын дугаартай чиргүүл дээрээ нүүрсэн дунд хар өнгийн боодолтой зүйл байсныг хараад жолоочоор тухайн зүйлийг гаргуулж ирэхэд 10 ширхэг хар өнгийн уутанд хийсэн боодолтой зүйл байсан. Түүнээс нэгийг нь задалж харахад ургамлын үндэс байсан...” гэх мэдүүлэг /хх-45-46/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Түвшинжаргалын өгсөн “...би 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтод нүүрсний гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Би 07-19 УНЗ тээврийн хэрэгслийг Гашуун сухайт боомтын гаалийн хяналтын бүсэд шалгаж тээврийн хэрэгслийг саатуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь гаалийн хяналтын бүс рүү ороод ирсэн тохиолдолд улсын хилээр нэвтэрсэн гэж үзнэ...” гэх мэдүүлэг /хх-53-54/,
-Б.Лийн хилээр орсон, гарсныг тодруулсан түүний гадаад паспортын хуулбар /хх-93/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Улсын хилээр хууль бусаар хориглосон бараа /ховор ургамал Дэрэвгэр Жиргэрүү/ нэвтрүүлсэн гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар эсхүл гаалийн үзлэгээс нуун далд, тухайн эд зүйлийн нэр төрөл тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар тухайлан заасан эд зүйлсийг улсын хилээр эсвэл Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.9-т “гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргасан үйлдэл, эс үйлдэхүй байхаар зохицуулсан хуулийн заалттай нийцсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрөөс гаргасан “… тухайн гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруугүй, холбогдолгүй, шүүгдэгчийн гэм буруу нотлогдохгүй байна гэж” мэтгэлздэг ч энэ байдал нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул дүгнэлтийг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Харин Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Л Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор буюу гадаад улс руу гаргах зорилгоор 2020 оны 08 сарын 27 өдөр “Хунгян” загварын 0719 УНЗ дугаартай тээврийн хэрэгслийн 9984 АЧ улсын дугаартай чиргүүлд нуун Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Хайрхан зогсоолын харалдаагаас Гашуун сухайт хилийн боомт хүртэл тээвэрлэсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд заасан “ Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь” байгаль орчин, байгаль хамгаалах журам, зохистой ашиглах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл байхаар хуульчилсан. Шүүх хуралдаанд оролцсон прокуророос шүүгдэгч Б.Лг дэрэвгэр жиргэрүү гэж ховор ургамлын үндсийг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.
Хэдийгээр тухайн гэмт хэргийн шинжид тээвэрлэсэн байх үйлдлийг зохицуулсан боловч шүүгдэгч Б.Лг хуульд зааснаас өөр зорилгоор буюу гадаад улсад гаргах зорилгоор Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлын үндсийг хууль бусаар тээвэрлэсэн үйлдэл нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Яллах дүгнэлтэд дурдсанаар хуульд зааснаас өөр зорилгоор буюу гадаад улс руу гаргах зорилгоор тээвэрлэсэн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, эрүүгийн хуульд заасан тус тусдаа гэмт хэргийг нэг цаг хугацаанд үйлдсэн байна гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн буруу байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухай этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” байхаар зохицуулсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгалийн ургамлыг хуульд зааснаас өөр зорилгоор буюу гадаад улсад гаргах зорилгоор тээвэрлэсэн гэх гэмт хэргийн шинжгүй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар гаргасан дүгнэлтдээ “… Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан. Байгалийн ургамлын тухай хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй. Иймд байгаль орчинд учирсан 51.475.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Б.Лээс гаргуулах үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэл шүүгдэгч Б.Лээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр “Хуажун Вэйэ” ХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаярыг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Иргэний нэхэмжлэгч “Хуажун Вэйэ” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Ганбаяр нь шүүгдэгчээс тээвэрлэлтийн гэрээ зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 2.100.000 төгрөг, 19 хоног тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байсны төлбөрт 352.000 төгрөг нийт 2.452.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаяр нь “…манай компани Б.Лээс 2.452.000 төгрөгийг бүрэн хангуулж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Харин 2020 оны 08 сараас хойш өнөөдрийн хүртэл цагаан хадны журмын хашаанд байгаа манай компанийн өмчлөлийн 0719 УНЗ дугаартай 0719 УНЗ дугаартай тээврийн хэрэгсэл, 9984 АЧ улсын дугаартай чиргүүлийг гарган өгч бидний тээврийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангаж өгнө үү” гэсэн тайлбараар шүүгдэгч Б.Лг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Б.Л нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг, Гашуун сухайт хилийн боомтоор 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэл 5 жилийн хугацаагаар түүж бэлтгэхийг хориглосон бараа болох 10 боодол бүхий 205.9 кг ховор ургамал Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг “Хунгян” загварын 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 99-84 АЧ дугаартай чиргүүлд нуун тээвэрлэж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй
Шүүгдэгч Б.Л нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-94/-аар тогтоогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан “Хуажун Вэйэ” ХХК-ийн эзэмшлийн “Хунгян” загварын улаан өнгийн 07-19 УНЗ улсын дугаартай чирэгч толгой, 99-84 АЧ улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийг эд мөрийн баримтаар хураасан мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч “Хуажун Вэйэ” ХХК-д буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан 205.9 кг Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л 2.500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд оногдуулсан 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан “Хуажун Вэйэ” ХХК-ийн эзэмшлийн “Хунгян” загварын улаан өнгийн 07-19 УНЗ улсын дугаартай чирэгч толгой, 99-84 АЧ улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийг эд мөрийн баримтаар хураасан прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч “Хуажун Вэйэ” ХХК-д буцаан олгосугай.
7. Эд мөрийн баримтаар хураагдсан 10 боодол 205,9 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
8. Шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч “Хуажун Вэйэ” ХХК-д 2.452.000 төгрөгийг төлж барагдуулсан ба тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаяр, иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэл нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА