Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 108

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Н.Жавхлан,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Жаргал,

иргэдийн төлөөлөгч: Д.Оюунчимэг,

хохирогч: Т.Батмөнх,

шүүгдэгч: Я.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь /0180/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрд овогт Ямбийдончирын Жаргалсайханд холбогдох эрүүгийн 2016 2602 1072 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оосорлогч, дохиочин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангид  оосорлогч ажилтай, ам бүл 3, 7-10 насны 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Сургуулийн 1-02 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЕЭ 78061977, Бүрд овогт Ямбийдончирын Жаргалсайхан.

Шүүгдэгч Я.Жаргалсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 34-55 УБГ улсын дугаартай, “Грейс” маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа “эмэгтэй хүний утас булаалаа" гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Батмөнхтэй маргалдаж, хоолойг нь боож, ухаан алдсан байхад нь боосон гараа тавьж, газарт унагаан, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Я.Жаргалсайхан мэдүүлэхдээ:

“2016 оны 4 дүгээр сарын 04-ний өглөө ээлжнээс бууж, ажлынхаа 2 хүнтэй эмнэлгийн үзлэгт орох гэж хот руу яваад, орой 22 цагийн үед хотод ирсэн. Тэгээд Н.Болормаагийн гэрээр орж цай уугаад, маргааш өглөө нь эрүүл мэндийн үзлэг хийлгэх тул эмнэлэгтэй ойрхон буудалд хонохоор тэднийхээс гарч, микро автобусанд суусан. Замдаа явж байтал Ү.Төмөртогоо эгч микроны кондуктор хүүхэдтэй маргалдаад зургийг чинь авна гээд утсаа гаргаж ирсэн тэд гар утас булаацалдаад байхаар миний дүү боль гэхэд “танд ямар хамаатай юм” гээд надтай маргалдаж, хоорондоо заамдалцсан. Би түүний хоолой руу гараа явуулахад тэр намайг цохисон. Би түүнийг боогоод унагасан. Тэгтэл тэр залуу босч ирээд намайг микроноос буугаад ир, гаръя гээд байсан. Би “дүү минь хэрэггүй, ах нь гарахгүй” гэхэд хохирогч намайг заамдаад, чирч микро автобуснаас буулгасан.  Гадаа гараад бид заамдалцаад, бие биенийгээ боогоод зогсож байхад хүмүүс “больцгоо нэг нэгийгээ аллаа” гээд байхаар нь би заамдсан гараа тавьсан. Тэгтэл нөгөө залуу газар унасан. Түүнийг газарт яаж унасныг би мэдэхгүй, харахад дээшээ хараад унасан байсан. Хохирогч өөрөө эмэгтэй хүн рүү дайрч, гар утсыг нь булааснаас энэ хэрэг гарсан. Би хөдөөний хүн учраас ямар чиглэлийн унаанд суухаа сайн мэдэхгүй байсан юм. Би бусдын асуудалд хөндлөнгөөс оролцож хүний эрүүл мэндэд хохирол учруулах шаардлага байхгүй. Би архи уугаагүй байсан. Миний үйлдлээс хохирогчийн биед хүнд гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна. Үүндээ маш их харамсаж байна. Хохирогчид би эхлээд 1 100 000 төгрөг, дараа нь 2 000 000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлнө. Хохирогч намайг боосны улмаас миний хоолой улайсан, бас миний өвдөг шалбарч, өмд урагдсан байсан боловч шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би 2010 оноос хойш эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа боловч гэрлэлтээ цуцлуулаагүй. 2 хүүхдийн нэг нь ээж дээрээ, нөгөө нь айлд байгаа. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Т.Батмөнх мэдүүлэхдээ:

“2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр У.Шинэбаяр ахтай хамт шугаманд гарч,  орой 21 цагт хорооллын эцсээс Шархад орсон. Дараа нь Ханын материал орохоор  Их засаг дээр ирэхэд Я.Жаргалсайхан нь 2 эгчтэй хамт байсан ба тэд 4 замын нэг паб орох гэсэн юм гэхээр нь би “тийшээ очихгүй, та нар Баянбүрд юм уу Гандангаас такси барьчих” гэж хэлсэн. Би эхлээд 1000 төгрөгөөр явна гэж байгаад 500 төгрөгөөр тохироод, тэд микро автобусанд суусан. Тэгээд арай махлаг эгч нь Гандангийн буудлаас эхлээд надтай хэрэлдэж эхэлсэн. Тэгээд гар утсаа гаргаж ирээд миний зургийг авч фэйсбүүкт тавина гэхээр нь би гар утсыг нь булааж аваад Я.Жаргалсайханд өгөх гэсэн. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй, ухаан алдсан байсан. Би босч ирснээ санаж байна. Нэг мэдэхэд эмнэлэгт байсан. Дараа нь би У.Шинэбаяр ахаас юу болсон талаар асуухад “ахын дүү хүн зодоогүй, тэр эмэгтэй чиний зургийг фэйсбүүкт тавина гэснээс болж маргасан, намайг тэр  Я.Жаргалсайхан гэдэг хүнтэй маргалдаагүй, намайг дагзаараа микро автобусны хаалга цохиод газар унахад нэг эгч намайг алгадаж сэргээсэн. Тэр үед гайгүй байсан. 2 дахь удаагаа Я.Жаргалсайхан намайг бооход арагшаагаа дагзаараа савж замын голд ухаан алдаж унасан” гэж надад хэлсэн. Тэрнээс биш Я.Жаргалсайханыг буугаад ир гэж огт хэлээгүй юм байна лээ. Энэ хэргээс хойш миний толгой өвддөг болсон. Би 11 дүгээр сард эмнэлэгт үзүүлж, толгойны зураг авахуулна. Эмчилгээний төлбөрт эхлээд 1 100 000 төгрөг, дараа нь 2 000 000 төгрөг, нийтдээ 3 100 000 төгрөг авсан. Би цаашдаа 3 жил эмчилгээ хийлгэн, эмнэлгийн хяналтад байх шаардлагатай тул хойшид гарах эмчилгээний зардлыг төлж тусалбал надад энэ хүнд гомдох гомдол, санал байхгүй. Шүүгдэгч цаашдаа надад тусална гэж хэлсэн. Би одоогоор тахир дутуугийн групп тогтоолгоогүй. Хэрэгт авагдсан хохирлын баримтын дагуу төлбөр төлөгдсөн. Намайг цаашдаа 3 жил эмнэлгээр явах хэрэгтэй гэж эмч хэлсэн” гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Оюунчимэг мэдүүлэхдээ:

“Манай хүү Т.Батмөнх 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн танил У.Шинэбаярын микро автобусанд кондуктор хийж яваад бусдад зодуулаад хүнд бэртсэн. Бид хүүгээ ГССҮТ-д 15 хоног хэвтүүлж эмчлүүлсэн бөгөөд эмч нар эдгэрэлтийн байдал хувь хүнээс шалтгаална, 3 жилийн дотор маш сайн гам барьж эмчилгээ хийлгэ гэсэн...2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүүгээ бэртсэн талаар мэдээд ГССҮТ дээр очиход хүү маань сайн ярьж чадахгүй, ухаан санаа нь орж гараад байсан. Би сүүлд нь хүүгээсээ асуусан чинь Я.Жаргалсайхан гэдэг хүн намайг боосны улмаас хүнд гэмтсэн гэсэн. Я.Жаргалсайхантай уулзахаар би хүүг чинь гэмтээсэн гэдгээ хэлээд хоорондоо тохиролцъё, миний буруу гээд байгаа” гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Ү.Төмөртогоо мэдүүлэхдээ:

“2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Төмөр замын эмчийн хавдрын үзлэгт үзүүлэх гээд Жаргалсайхан, Болормаа нарын хамт хотод ирсэн. Бид 3 нилээн орой 22 цаг болж байхад ирсэн байх. Их Засаг сургуулийн автобусны буудлын зогсоол дээр зогсож байгаад нэг микро автобус ирэхээр нь 25 дугаар эмийн сан, төмөр замын эмнэлгийн чиглэлд явах уу” гэхэд “явна” гээд бид 3 уг микронд суусан. 3-4 буудал явсны дараа нөгөө микроны чиглэл нь өөрчлөгдөөд эхлэхээр нь би асуутал “та дамжиж явна даа” гээд байсан. Тэгэхээр нь би "чи анхнаасаа дамжина гэж хэлээгүй, яагаад буруу автобусанд суулгачихваа, бид хөдөөний хүмүүс, ядаж дамждаг дээрээ бууя” гэхэд хүмүүс хажуунаас наадах чинь дамждаггүй юм, дамжих чиглэлд ч явахгүй гэсэн. Тэгээд би “хүүе миний дүү бид хэдийг яах гэж байна” гэхэд “угаасаа Ханбүргэдэй орохгүй” гэхээр нь “дөхөөд бууж болохгүй юмуу” гэхэд “тийшээ дөхөхгүй” гээд байсан. Тэгэхээр нь би “чи дандаа ингэж буруу чиглэлд хүн суулгаад мөнгө аваад байдаг биш биз дээ, тэгвэл чиний зургийг аваад сэрэмжлүүлэг болгоод фейсбүүк дээр тавьчих уу” гээд утсаа гаргаад иртэл тэр хүүхэд миний утсыг шүүрээд авсан. Уг нь бол Жаргалсайхан чимээгүй явж байгаад миний утсыг булаагаад авахаар нь “чи яагаад хөгшин настай хүний утас булааж байгаа юм” гээд миний утсыг авах гэхэд нөгөө хүүхэд гараа дээр өргөөд утас өгөхгүй байсан. Тэгээд Жаргалсайхан утас руу нь цорвойход нь куртикнээс нь заамдаад авсан. Жаргалсайхан ч гэсэн буцаагаад нөгөө хүүхдийг заамдаад авсан. Тэгсэн жолооч зогсоод машины урд сууж явсан 2 хүүхэн гарч ирээд хаалга онгойлгоод кондуктор хүүхдийг салгаад авсан. Тэгээд урд талынхаа суудал дээр суулгаад микро хөдөлсөн. Хэсэгхэн яваад буудал таараад бид нар ч гэсэн буух гэхэд нөгөө урд суусан кондуктор хүүхэд гүйж ирээд Жаргалсайханыг заамдаад аваад гарсан. Тухайн үед гадаа харанхуй байсан бэ хоёулаа заамдалцаад зогсож байсан. Нэг харахад нөгөө хүүхэд газар унасан байсан. Намайг харж байхад тэр хүүхдийг Жаргалсайхан цохиж зодоогүй, гар хүрээгүй юм. Яагаад газар унасан гэдгийг нь хараагүй, урд сууж явсан 2 хүүхэн хүрч ирээд над руу орилж, чарлаад би гадаа болж байгааг харж чадаагүй” гэжээ. (хэргийн 15, 16 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтын шатанд гэрч-Н.Болормаа мэдүүлэхдээ:

“...Надтай хамт явж байсан Төмөртогоо эгч та нар хуурч мөнгө авсан байна, энэ микро чинь хороолол явах юм байна гэж марган гар утсаа гаргаж ирээд бичлэг хийнэ, зургийг чинь фейсбүүкт байршуулна гэхэд микроны кондуктор болох Батмөнх Төмөртогоо эгчийн утсыг нь булаагаад авсан. Тухайн үед хажууд сууж явсан Жаргалсайхан Төмөгтогоо эгчийн гар утсыг Батмөнхөөс авах гэхэд өгөхгүй байсан. Тэр 2 хоорондоо заамдалцаад авсан. Батмөнх ухаан алдсан. Микро зогсоод Батмөнх гадаа гараад Жаргалсайханыг “буугаад ир” гээд хашгираад гүйгээд байсан. Энэ үед микро Москва рестораны буудал дээр ирсэн байсан. Жаргалсайхан гарахгүй, микро дотор суугаад байсан чинь Батмөнх заамдаж байгаад чирээд гаргасан. Төмөртогоо эгч бид 2 микроноос буулгүй хараад сууж байсан. Тэгээд бид 2 микроноос гарсан чинь 2-лаа газарт унасан байсан. Жаргалсайхан босч ирээд хувцасаа гөвөөд зогсож байсан” гэжээ. (хэргийн 19, 20 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтын шатанд гэрч-У.Шинэбаяр мэдүүлэхдээ:

“...Би микронд явдаг бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Шар хаднаас Ханын материалын чиглэлд 34-55 УБИ дугаартай, Грейс маркийн машинаар хүн тээвэрлэж байхад Сэлэнгэ зочид буудлын хойд талын автобусны буудлаас 2 эмэгтэй, 1 залуу суусан. Тэгээд явж байгаад Өргөө кинотеатраас хөдлөөд удаагүй байхад нэг эмэгтэй нь манай кондуктор Батмөнхтэй хэрэлдээд эхэлсэн. Тэгсэн хажуунаас нь нэг 40 орчим насны эрэгтэй эмэгтэйгээ өмөөрөөд Батмөнхийг боосон. Би хорооллын эцэс дээр зогсоод буугаад заалныхаа хаалгыг нээгээд салгахын завдалгүй Батмөнх ухаан алдаад унасан. Тэгэхээр нь би Батмөнхийг алгадаад сэрээсэн. Батмөнх сэрээд босч ирээд дайраад хэрэлдсэн. Тухайн үед Жаргалсайхан “ахын дүү тайвшир” гээд тайвшруулах арга хэмжээ авсан чинь Батмөнх нөгөө залуутай дахин боолцож авсан. Би салгах гээд оролдож байхад машин маань өнхрөхөөр нь сандраад машин дээрээ очиж араагаа салгаад гүйгээд ирэхэд Батмөнх манарсан байдалтай ухаан балартчихсан байхад Жаргалсайхан хоолойг нь боосон байсан гарынхаа барьцаа тавьсан. Батмөнх тэр дороо газар дагзаараа саваад унасан. Тухайн үедээ Батмөнхийн толгойноос цус гараагүй, би тэр дороо түргэн дуудсан. Мөн цагдаад дуудлага өгсөн, түргэн удаад ирэхгүй байхаар нь ГССҮТ рүү өөрсдөө аваад явсан... Батмөнхийг Жаргалсайхан 2 удаа бооход 2-ланд нь ухаан алдсан. Түүнээс зодоон нүдээн хийгээгүй, хорооллын эцсийн автобусны буудал бөгөөд засмал зам дээр тархиараа саваад унасан. Түүнээс ямар нэг овгор, товгор ч юм уу замын боржур дээр унаагүй, тэгш талбай дээр гуйвж байгаад саваад уначихсан” гэжээ. (хэргийн 80 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4796 тоот дүгнэлтэд:

1. Батмөнхийн биед дагзны суурь хэсгээс дээш лямбда заадас даган баруун зулай яс руу үргэлжилсэн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулайн ар доод хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, баруун зулай, чамархай хэсгийн хатуу хальс доорх цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, төгсгөлөөс хамаарна гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Б.Ганзориг мэдүүлэхдээ:

“...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, унах, ойчих зэрэг хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүзүүнд үүссэн цус хуралт гэмтэл бол боолтын улмаас үүссэн байх боломжтой, мөн үрэх, нидрэх зэргээс үүссэн байх боломжтой. Харин нүүрний зөөлөн эдийн няцрал нь дангаараа нэг удаагийн үйлчлэлээр, гавал тархины гэмтэл нь бүхэлдээ нэг удаагийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэх гэмтэл юм. Дээрх хүнд гэмтэл нь хохирогчийг боосны улмаас ухаан алдаж, дагз хэсгээр савж унах үед үүсэх боломжтой гэмтэл юм” гэжээ. (хэргийн 23-24, 79 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Я.Жаргалсайхан ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)         

 

  ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

 

Шүүгдэгч Я.Жаргалсайхан нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орчим 34-55 УБГ улсын дугаартай, “Грейс” маркийн микроавтобусаар зорчиж явах үед түүнтэй хамт явж байсан Ү.Төмөртогоо “чи худлаа хэлж буруу чиглэлд хүн суулган мөнгө аваад явдаг юм байна, чиний зургийг авч, бусдад сэрэмжлүүлэг болгон фэйсбүүк дээр байршуулна” гэж хэлээд гар утсаа гаргахад микроавтобусны кондуктороор ажиллаж байсан хохирогч Т.Батмөнх түүний гар утсыг нь булааснаас “чи хөгшин настай хүний гар утас булаалаа, гар утсыг нь буцааж өг” гэж түүнтэй маргаж, хоолойг нь боосон, дараа нь дахин маргалдан, хоолойг нь дахин боосноос хохирогч газарт унаж, бие махбодид нь дагзны суурь хэсгээс дээш лямбда заадас даган баруун зулай яс руу үргэлжилсэн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулайн ар доод хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, баруун зулай, чамархай хэсгийн хатуу хальс доорх цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан нь шүүгдэгч, хохирогч, гэрч Ү.Төмөртогоо, Н.Болормаа, У.Шинэбаяр, хохирогчийн хоолойг боосон тухай гэрэл зураг, Т.Батмөнхийн Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх, компьютер томографийн оношлогоо, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4796 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн  хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлж авсан тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай тохирч байна. 

Иймд шүүгдэгч Я.Жаргалсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

Хохирогч нь эмчилгээний зардалд баримтаар 1 111 017 төгрөг, цаашид хийгдэх эмчилгээний зардалд 5 000 000 төгрөг, нийт 6 111 017 төгрөг нэхэмжилж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар 1 111 017 төгрөгийн эмчилгээний зардал гарсан нь тогтоогдож байх ба үүнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, 3 100 000 төгрөгийг төлсөн байна. Хохирогч цаашид хийгдэх эмчилгээний зардалд 5 000 000 төгрөг гаргуулна гэж байгаа боловч үүнийг нотлосон баримт байхгүй байна.

Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, эмчилгээний зардлаа жич нэхэмжлэнэ гэж байх тул энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн Я.Жаргалсайханаас жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн, хохирогчид хойшид гарах эмчилгэний зардлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.  

Я.Жаргалсайхан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэр, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Я.Жаргалсайханы бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь нотлогдсон тул “шүүгдэгч хохирогч Т.Батмөнхийг барьж байсан гараа тавьснаас дагзаараа газар унаж, бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй гэж үзэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар зүйлчилнэ үү” гэсэн өмгөөлөгч Г.Амгалансуурийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.