Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 286

 

О.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Б.М,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Б.Мийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1806077032000 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Т  овгийн  О.Д, 1988 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаар, ...................... тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД: ...................../,

О.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө 05.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “World Mongolian” нэртэй зочид буудлын 301 тоот өрөөнд Б.Нг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан, Б.Н нь О.Дгийн үйлдлээс өөрийгөө хамгаалахын тулд зочид буудлын 3 давхараас үсэрч О.Дгийн болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: О.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Дд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, О.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Дг 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Б.Н нь цаашид гарах эмчилгээний зардлыг тухай бүрд нь нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлаа нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дурдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн цагаас хойш О.Д нь өмгөөлөгчөөрөө болон өөрийн биеэр хохирогч болон түүний гэр бүлийнхэнтэй уулзаж гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар бүхий л арга хэмжээ авч, хохирогчийн эмчилгээ эрүүл мэндийн асуудал дээр байнга анхаарч эмчилгээний зардлыг төлсөөр ирсэн, цаашид гарах зардлаа ч төлөхөө илэрхийлдэг.

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Н нь О.Дд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хэлж хүссэн. О.Дгийн холбогдсон хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөн гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг байсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол хор уршгийг арилгасан, цаашид гарах хор уршгийг арилгахаа илэрхийлж байгаа, өндөр настай аав, ээж, өөрийнх нь хувийн байдал зэргийг харгалзан үзээд О.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэв.

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... О.Дд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн үед би ээлжийн амралттай байсан тул эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүх О.Дгийн тухайн үеийн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

О.Дд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд:

Шүүгдэгч О.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө 05.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “World Mongolian” нэртэй зочид буудлын 301 тоот өрөөнд, Б.Нг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан болох нь:

хохирогч Б.Нгийн “... чи явахгүй, надтай хононо гэхээр нь би уурлаад “юу яриад байгаа юм бэ” гэтэл миний нүүр лүү алгадаж, намайг газар унатал “чи ямар овоо гичий вэ” гээд нуруу руу өшиглөөд “танай найзууд чинь чамайг хаяад явчихсан” гэхээр нь би гуйсан боловч миний үгийг сонсохгүй байсан. Миний дотроо эндээс зугтаая гэж бодоод мөлхөөд цонх руу очсон. Тэгээд паарнаас татаж босоод цонхны тавцан дээр суугаад хөшгөөр өөрийгөө халхлаад татчихсан. Цонхоор цээжин хэсгээ гаргахад доош уначихсан ...” гэх /хх-28-32/,

гэрч Б.Д  “... Саруулбилэгийн утсаар О.Д гэх залуу руу залгаад “Номинзаяатай яръя” гэтэл “унтчихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь санаа зовоод унтаж байгаа ч гэсэн сэрээгээд яриулчих гэж хэлтэл О.Д “битгий залгаад бай” гээд утсаа тасалсан. Гэтэл өглөө 09.00 цагийн үед Саруулбилэг намайг сэрээгээд “Номинзаяа үсэрчихсэн байна” гэж хэлсэн ...” гэх /хх-33-34/,

гэрч С.С-ийн “... Намайг буудлаас явлаа гээд гарахад Номинзаяа нилээн согтуу, унтаагүй, орон дээр сууж байгаад намайг явлаа гэхэд хоёулаа боссон. О.Д гэх ах намайг гаргаж өгсөн ...” гэх /хх-44-47/,

гэрч Б.О-ын “... 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 04.00 цагийн үед 301 тоот өрөөнд орсон намхан, махлаг залуу саарал фудболктой, доогуураа дотоожтой, хөл нүцгэн буугаад ирэхээр нь гайхаад манай харуул Батжаргал ах “юу болсон бэ” гэхэд “юу ч биш, хамаагүй” гээд гараад гүйчихсэн. Гэтэл зочид буудлын хаалганы шатны урд талд шалдан эмэгтэй хүн уначихсан байсан. Тухайн үед би айгаад очиж хараагүй, хаалгаар харчихаад түргэн дуудаад, дараа нь цагдаа дуудсан ...” гэх /хх-48-50/ мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-22/ зэрэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Дг хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

О.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэхэд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй байх тул өмгөөлөгч Г.М-ийн “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Дд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд хохирогч Б.Нгийн зочид буудлын 3 давхараас үсэрч биед нь хөнгөн хохирол учирсан гэх үйлдэл нь О.Дгийн хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндэхийг завдсан гэмт үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, О.Д бэлгийн харьцаанд орохын тулд Б.Нг явуулахгүй гэж маргалдан улмаар түүнийг цохисноос хойш, маргалдахаа зогсоож, О.Д нь сандал дээр буруу хараад сууж байхад Б.Н тамхи татаад цонхны хажууд зогсож байснаа хөшигний араар орж, сууж байгаад цонхоор үсэрсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Хохирогч Б.Нгийн цонхноос унасан нь шүүгдэгч О.Дгийн болгоомжгүй үйлдлээс болсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

Иймд шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Г.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Г.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ  

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН