Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2014/0231

 

2014 оны 06 сарын 12 өдөр                    Дугаар 231                                        Улаанбаатар хот

 

С.Х-ийн нэхэмжлэлтэй
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст
холбогдох захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжпэгч С.Х, гуравдагч этгээд Д.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, С.Х-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Дархан сумын 11 дүгээр баг, 4-5 тоот 2 өрөө орон сууцны... захиран зарцуулах эрхийг сэргээсэн хангалттай нотлох баримт байгаа... Би Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж орон сууцаа бусдад шилжүүлж чадахгүй, өмчлөх эрхээ бусдад шилмсүүлэх, захиран зарцуулах эрхийг зөрчиж байгаа тул Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг хүлээн авахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: ...Д.Б манай байгууллагад удаа дараа хандан, уг орон сууцны талаар өргөдөл ирүүлсэн тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би улсад тасралтгүй 13 жил ажиллаж байгаад энэ байрыг шударгаар авсан. Миний байр болохыг нотолсон олон шүүгчийн захирамж, шийдвэр байна. С.Х нь зээлийн гэрээгээр халхавчилж, бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр дээр болгосон тул хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэлд тооцогдоно... Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын бүртгэлийн Ү-200301**** дугаарт бүртгэлтэй Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4 дүгээр байрны 5 тоот 2 өрөө орон сууцанд шилжилт хөдөлгөөн хийлгүүлэх тухай улсын бүртгэлийн мэдүүлгийг хүлээн авахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгахаар шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.Б давж заалдах гомдолдоо: ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.1-т зааснаар хэлцэл хийсэн талууд бэлэглэлээр авсан зүйлээ буцаан өгнө, чадахгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Хэргийг хэрэгсэхгүй болгосон олон шүүгчийн захирамж, тогтоол байхад дахин дахин С.Х-ээс нэхэмжлэл аваад байгааг, мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 3 захирамж байхад дахин нэхэмжлэл хүлээн авсныг ойлгохгүй байна. Тухайлбал, 113, 114 дугаар захирамж, манай ээжийн орон сууцны 21800 тоот гэрчилгээг хүчингүй болгосон 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 08 тоот шийдвэр байна. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гарсан 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч С.Х нь 2013 оны 04 дүгээр сарын 25, 2013 оны 05 дугаар сарын 29, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус тус Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан байх бөгөөд хариуцагч байгууллага хуулийн үндэслэлгүй мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан болох нь тогтоогджээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах 8 үндэслэлийг заасан байх бөгөөд С.Х-ийн гаргасан мэдүүлгийн тухайд дээрх үндэслэлүүд тогтоогдоогүй байна.

Хариуцагч байгууллага мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтыг үндэслэж, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан гэж маргаж байгаа боловч хуулийн дээрх заалтыг буруу ойлгож хэрэглэсэн байна.

Учир нь, дээрх заалтанд “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол" гэж заасан бөгөөд “Эрхийн талаар маргаан гарсан”, “Уг маргааныг шалгаж байгаа” гэсэн үндсэн 2 нөхцөл зайлшгүй бүрдсэн байх ёстой.

“Эрхийн талаар маргаан гарсан" гэдгийг иргэн хоорондын хэрүүл, маргааныг бус харин “эрх зүйн маргаан гарсан байх” /эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг маргаан/ гэсэн агуулгаар хууль тогтоогч томьёолсон байна.

Түүнчлэн хуулийн дагуу эрхийн маргааныг шүүх шалгаж байхаас гадна “эрх бүхий байгууллага” буюу бүртгэлийн маргааныг хянан шалгах эрхтэй хэлтэс, тасаг, нэгжээс гадна дээд шатны бүртгэлийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах зохицуулалттай байна. Эдгээр байгууллага эрхийн маргааныг шалгахаас гадна энэ тухай бүртгэлийн байгуулагад мэдэгдсэн эсхүл маргаанд оролцогч талууд дээрх байдлыг нотолсон баримтыг бүртгэлийн байгууллагад ирүүлсэн байж болно.

Тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, шилжилт хөдөлгөөнийг хориглох талаар эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол, захирамж, акт, албан тоот гэх мэт/ ирсэн байхыг хамруулан ойлгож болно.

Дээрх тохиолдолд тухайн эрхийн талаар гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах ёстой байна.

С.Х-ийг мэдүүлэг гаргаж байх тухайн үед Улсын бүртгэлийн байгуулагад шүүх болон эрх бүхий байгууллагаас эрхийн маргаантай байгаа талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд зөвхөн иргэн Д.Б-ын 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өргөдөл ирсэн байжээ.

Бүртгэлийн байгууллага иргэн Д.Б-ын гаргасан өргөдлийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтанд хамруулж шүүх, эрх бүхий бусад байгууллага эрхийн талаарх маргааныг шийдвэрлэж байгаа гэдэгтэй адилтгаж үзсэн нь буруу байна.

Энэ нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчим, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Энэ талаар шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах шатны шүүх хуралдаанд “анхан шатны шүүх урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн” гэж тайлбар гаргаж байгаа боловч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан тул урьдчилан шийдвэрлэх журам зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх тухайн харилцааг нарийвчланзохицуулж байгаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь заалтыг баримтлан гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэлмагадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                 ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                             ШҮҮГЧИД:                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                                                                   Н.ХОНИНХҮҮ

                                                                                   Э.ЗОРИГТБААТАР