| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2018/00313/И |
| Дугаар | 184/ШШ2018/00532 |
| Огноо | 2018-03-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2018/00532
| 2018 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 184/ШШ2018/00532 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..... тоот оршин суух, .. овогт ...-ийн.......... /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....... тоот хаягт тоот хаягт байрлах, “...” ХХК /РД:......../-д холбогдох
Гэм хорын хохиролд 1.877.410 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-, иргэдийн төлөөлөгч Ж.Ш, Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 02 сарын 21-ний өдөр ажлаа хийж байхад цуг ажилладаг Г.Б- гэж залуу “...том бөгс, том амбаараа аваач...” гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би хариу “...чи юу гээд байгаан...” гээд араас нь цохисон чинь надтай ноцолдож, миний гарнаас чангаан зуурч, намайг шилний өрөө рүү чирч байгаад урвуу газар таарч шил түрдэг гар тэргээр миний баруун хөлийн шөрмөсийг гэмтээсэн. Тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд өөрөөр нь эдгээх үү, хагалгаанд орох уу гэхэд нь би өөрөөр нь эдгээвэл зүгээр болов уу гэж үзээд өөрөөр нь эдгээсэн. 2 сарын хугацаанд гипстэй, физик эмчилгээнд явсан. 2 сар эмчилгээ хийлгэхэд Г.Б- сэтгэлээрээ нэг ч удаа яаж байна гэж ирээгүй. Би эхний листээ 2017 оны 3 сарын 16-нд өгөхдөө ээлжийн ахлагч н.Сайнбаяртай уулзаж Г.Б- намайг ийм болгочихоод ирэхгүй байна гэдгийг нь хэлсэн. Нэгийгээ гэмтээчихсэн байхад нь зөрчлийн хуудас ч бичээгүй, сануулах хуудас ч өгөөгүй байхад яасан хүн чанаргүй юм бэ гэж Г.Б-ийг дуудаж оруулж ирж байгаад загнасан. Чамаас болж хүн ингэж гэмтэж бэртсэн байхад чи яагаад ингэж байгаа юм бэ гээд ээлжийн ахлагч Г.Б-ээс асуухад нэг ч үг дуу гараагүй. Амаар болохгүй байгаа юм чинь цаасан дээр юм бич гэж ээлжийн ахлагч н.Сайнбаяр хэлж байсан. Ээлжийн ахлагчаар дамжуулан Г.Б-ээс эхлээд 200.000 төгрөг, дараа нь 250.000 төгрөг авсан. Тэр хооронд өвчтэй 90 хоног болсон. Листний хугацаа дуусаж ажилдаа орох болсон чинь миний хөлийн шагай хавдартай, явахаар өсгийрүүгээ өвдөөд гишгэж болохгүй, суга таягтай байгаад байсан. Тэгээд би өөрийнхөө хүсэлтээр 2017 оны 5 сарын 31-нд ажлаасаа гарсан. Г.Б- ч гэсэн миний дараа ажлаасаа гарсан байсан. Эрүүгийн хэргээр Г.Б- шалгагдсан боловч шүүх цагаатгасан. Эмнэлэгт хэвтсэн, эм тариа, эмчилгээний зардал 1.377.410 төгрөг, 500.000 төгрөг нь эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авсан зардал. Ингээд нийт 1.877.410 төгрөгийг ажлын байрандаа ажлаа хийж яваад гэмтсэн учраас “Жем интернэшнл”ХХК-иас нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч “Ж-” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч Б.Н- нь манай компанид 2009 оноос 2013 он хүртэл ажиллаж байгаад орон тооны цомхтголд орж ажлаас чөлөөлөгдөж байсан. Тухайн үед хууль журмынх нь дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож чөлөөлж байсан. 2014 онд манай компани шил угаалтан дээр орон тоогоо нэмэх болж эхний ээлжинд ажлаас чөлөөлсөн бүх хүмүүстэйгээ холбогдож байгаад Б.Н-ыг өөртэй нь харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээг 2014 оны 11 сарын 03-нд байгуулан ажилд авсан байдаг. Б.Н- 2017 оны 02 сарын 21-ний өдөр ажлын байрны аюулгүй байдлын журам зөрчиж шил угаагч Г.Б-тэй ноцолдон тоглож байхдаа баруун хөлөө гар “по”-нд цохиж гэмтээсэн. Манай компанид үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх орон тооны комисс байдаг. Тэр комисст би ордог. Комиссын гишүүд 2017 оны 02 сарын 23-ны өдөр хуралдаж тоглож байсан гэдгийг нь судлан бүртгэж үйлдвэрлэлийн осолд тооцох уу, үгүй юу гэдгийг судалсан. Б.Н- өөрөө болон гэрчээр байсан 2 хүүхдийн мэдүүлэг, мөн Г.Б-ийн мэдүүлэн дээр “...хоорондоо ноцолдож тоглож байсан...” гэдэг үг байдаг. Үүнийгээ ч гэсэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр нь хурлын тэмдэглэлд хавсаргагдсан байгаа. Сая өөрөө намайг чирч хэл амаар доромжилсон гэж байна. Тухайн үед тийм юм болоогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Комисс хуралдаж энэ асуудлыг үйлдвэрлэлийн осол болоогүй гэдгийг тогтоосон. Ажилтан хоорондын дунд болсон явдал байна. Харин ч Б.Н- Г.Б- нарт сануулах арга хэмжээ авах нь зүйтэй байна. 2 дугаарт бүх ажилтнуудад хөдөлмөр аюулгүй байдлын сургалтыг орох ёстой гэдэг байдлаар хурлын шийдвэр гарч ажилчиддаа танилцуулсан. Б.Н-ын гэмтэл нь хүндэвтэр зэрэгтэй гэж эрүүгийн журмаар явахдаа шинжээчийн дүгнэлтээр гарсан байсан. Өвчтэй байх үедээ хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж листээр нийт 4 удаа авсан байдаг. 1.125.820 төгрөгийг өвчтэй байх хугацаандаа нийгмийн даатгалаас авсан. Ажил хөдөлмөр эрхэлж байсан учраас эрүүл мэндийн даатгалаас төлөгдсөн. 1.125.820 төгрөгийг компани болон нийгмийн даатгалаас олгосон. Зохих журмынхаа дагуу компани үүргээ биелүүлж байсан гэдэг нь нотлогдож байна. Г.Б-ээс мөн 450.000 төгрөг авсан байдаг. Ээлжийн ахлагч н.Сайнбаяраар дамжуулж өгсөн гэдэг нь баримтаар байгаа. Г.Б-тэй компанийн зүгээс уулзаж дахин ийм асуудал гаргахгүй байх талаар сануулсан. Б.Н- эмчилгээний зардал 1.377.410 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг, нийт 1.877.410 төгрөгийг нэхэмжилж байна. Манай зүгээс шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Н- өөрөө ноцолдож тоглосон гэдэг нь өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байна. Энэ хүн манай компанитай ямар нэгэн үүрэг харилцаа байхгүй болсон. 2017 оны 5 сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Өөрийн хүсэлтээр гарах тухай бичгээр бичиж өгч компанитай тооцоо нийлж тойрох хуудас бичсэн байдаг. Тухайн үед эрүүл мэнд доройтсон талаар компаниас ямар нэгэн туслалцаа хүсэж байгаагүй. Г.Б-ээс эрүүл мэндийн төлбөрийг авч өгөх талаар ямар нэгэн байдлаар хандаагүй байж компанийг хариуцагчаар татсан байна. Үүнийгээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэдэг байдлаар нэхэмжилж байна. Компанийн зүгээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т зааснаар “хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэсэн заалтын дагуу манайх Б.Н-ад ямар нэгэн байдлаар хохирол гэм хорын төлбөр төлөх боломжгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хууль шүүхийн байгууллагад шалгагдаад явж байхдаа Б.Н-ын зүгээс эмнэлэг, эмчилгээний баримтаа цуглуулсан. Ээлжийн ахлагчаараа дамжуулан авсан 450.000 төгрөгийг эмчилгээндээ хэрэглэсэн байдаг. Өвчтэй байх хугацаанд нийт эмчилгээний зардалд 1.787.410 төгрөг зарцуулснаас Г.Б-ийн өгсөн 450.000 төгрөгийг хасаж 1.377.410 төгрөгийн баримтыг шүүхэд гаргасан. Эрүүгийн хэрэгт энэ талаарх баримтыг гаргаж өгсөн байдаг. Шүүх эцэслэн шийдвэрлэхдээ эрүүгийн хэргийг цагаатгасан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч хохирогчид учирсан гэм хорыг нэхэмжлэх эрхтэй гэсний дагуу нэхэмжлэлээ гаргасан. Нийт 1.877.410 төгрөг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар шаардсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр “...тоглосон...” гэж байна. Г.Б- тоглосон байж болно. Б.Н-ын хувьд шүүх, цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө тогтвортой мэдүүлэг өгсөн. Харин энэ хүн намайг санаатай гэмтээгээгүй гэдгээ байгууллагадаа болон цагдаагийн байгууллагад ч хэлж байсан. Байгууллага тоглож байсан гэж тогтоосныг хэрэгт авагдсан баримтаас л харсан. Хуульд зааны дагуу Г.Б-ээс нэхэх боломжгүй байсан болохоор байгууллагаас нэхэмжилсэн. Хуульд заасны дагуу хариуцагчаа тодорхойлсон гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь Б.Н- нь “Ж-” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 1.877.410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.
Хариуцагч “Ж-” ХХК нь “...Б.Н-ад компани хохирол учруулаагүй, нэхэмжлэгч өөрөө Г.Б-тэй тоглож байгаад гэмтсэн болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасан үндэслэлээр гэм хорын төлбөр төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргав.
Б.Н- нь 2014 оны 11 сарын 03-ны өдрөөс “Ж-” ХХК-д “шил угаагч”-аар ажиллаж байжээ. 2017 оны 2 сарын 21-ний өдөр Г.Б- “Ж-” ХХК-ийн ажлын байранд “гар по” машин дээр ажиллаж байхдаа Б.Н-ыг “шилний өрөө рүү оруулна” гэж гарнаас нь татсаны улмаас “гар по” машинд Б.Н-ын баруун хөл дайрагдаж, “баруун ахилын шөрмөсний бүрэн бус урагдал” бүхий гэмтэл тогтоогдож, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нь зохигчдын тайлбар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 322 дугаар цагаатгах тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 сарын 29-ний өдрийн 6933 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдов. /хх-4-8, 23х/
Б.Н- эмчилгээний зардал 1.377.410 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан төлбөрт 500.000 төгрөг, нийт 1.877.410 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 489.1-т заасан үндэслэлээр “Ж-” ХХК-иас гаргуулна хэмээн шаардав.
Нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шаардах эрхтэй ба шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дусаагүй байна. Б.Н-д хүндэвтэр гэмтэл учруулсан гэх Г.Б- нь “Ж-” ХХК-д ажилладаг байсан хэмээн хариуцагч тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Б.Н- нь мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар Г.Б-ийн ажил олгогч болох “Ж-” ХХК-иас гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.
Хавтаст хэрэгт цугларсан баримтаас Б.Н-ын “...Г.Б- намайг шилний өрөөнд оруулна гээд гарнаас чирсэн. Тэгээд баруун хөлөө гэмтээсэн, уурлаагүй, тоглож байсан”, “...Г.Б-тэй тоглоом шоглоомоор ноцолдож байгаад гараас нь тавихгүй байх үед баруун хөлийн ард талаас по мөргөн баруун хөлийн ард талын шөрмөс гэмтсэн” гэх мэдүүлэг, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 322 дугаар цагаатгах тогтоол зэргээс үзэхэд Б.Н- нь Г.Б-тэй тоглож байсан, Г.Б-ийн санамсаргүй, болгоомжгүй үйлдлээс Б.Н-ад гэмтэл учирсан болох нь нотлогдов. /хх4-8, 63арын нүүр,64х/
Хэдийгээр Б.Н- нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ажлын байран дээр гэмтсэн байх боловч “Ж-” ХХК-иас баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах журам”-тай танилцсан, 2017 оны 02 сарын 21-ний өглөө ажил эхлэхээс өмнө хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг авч ажлаа эхлүүлсэн талаар нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байх тул нэхэмжлэгч мөн өөрийн болгоомжгүй байдал, хохирол гэмтэл үүсэж болох талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй гэж үзэхээр байна. /хх57-59, 63х/
Харин “Ж-” ХХК-иас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6, 28.1.8-д заасан “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүргээ мөрдөж ажиллаж байсан болох нь хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан 2016 оны 6 сарын 01-ний өдрийн Б.Н- хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтанд хамрагдаж, үнэлгээ авч байсан тухай баримтаар нотлогдов. “Ж-” ХХК-ийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэг бүхий орон тооны бус байнгын комисс”-ын хурлаар Б.Н- гэмтсэн ослыг “үйлдвэрлэлийн осол” биш гэж дүгнэсэн тухай Б.Н-д мэдэгдсэн талаар хариуцагч болон нэхэмжлэгч хэн аль нь тайлбарлах ба, нэхэмжлэгч комиссын дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаар баримт хэрэгт авагдаагүй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь “Ж-” ХХК-иас гэм хорын хохирол шаардах эрхтэй боловч мөн хуулийн 498.3-т “хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасныг үндэслэн Б.Н-ад учирсан хохирол нь нэхэмжлэгчийн өөрийн болгоомжгүй үйлдэл, урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс гэм хор учирсан гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч байгууллагын татгалзал хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр Б.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.3-т заасныг баримтлан хариуцагч “Ж-” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 1.877.410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Ч.НЯМСҮРЭН