Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/129

 

 

2021 оны 11 дүгээр сарын 12 өдөр                   Дугаар 2021/ШЦТ/129                                                      Ханбогд сум

                      

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Эрдэнэсувд,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч Д.Б,

Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Ц.Т нарт холбогдох 2129001650096 эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Б, Ц.Т нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт Таван толгой уурхайн амны орчимд үйл ажиллагаа явуулдаг БЖМА найзууд ХХК-ийн эзэмшлийн кемпэд байрлах гэрээс бэлнээр 2,000,000 төгрөг, Вива маркийн гар утас 1 ширхэг, БНХАУд үйлдвэрлэсэн. Архи 6 ширхгийг хулгайлж, хохирогч БНХАУ-ын иргэн Zhao Eryun-д 2,156,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь мэдүүлэхдээ: Миний хувьд тэр компанид 2 жилийн хугацаатай ажил хийсэн. Гадаа машинуудыг нь оочирт оруулж эмх замбараатай оруулдаг хөтчийн ажлыг хийдэг байсан. 2 жил гаруй хугацаанд тэр компанид ажилласан. Өвөр монголчуудтай ойр дотны найз нөхдийн холбоотой байдаг. Цэрэнгийн гэрт нь орж гараад өдрийн хоол идэж унтаж амраад ирэн очин нэг газар амьдардаг болохоор гэмгүй сайхан найз нөхдийн харьцаатай 10-аад жил болж байна. Согтуу хоёр найз дээрээ очоод Цэрэнгийн гэрийг онгорхой байна гээд андуурч ороод жоохон хэвтсэн чинь орон доогуур архи байна гээд тэгсэн. Нөгөө архийг нь авч уусан. Тэр үед архины хорио тогтоосон байсан. Тэгээд үлдсэн архинуудыг нь аваад явъя гайгүй биз гэж бодсон. Тухайн үед би дотроо Цэрэнпилийг өгөө аваатай юм чинь хэдэн шил архи авахад зүгээр биз тэд нар намайг ойлгоно гэдэг бодлоор архиа аваад гадаа гарсан. Гадаа нэрийг нь сайн мэдэхгүй зүс таньдаг Өвөр монгол байсан. Тэгээд тэрийг дуудаад архинаасаа өгөөд тэгээд бид хэд хөдөлсөн. 30-аад минут унтаж хэвтээд наана уу цаана уу болсон. Тэр хооронд манай Мөнхөө утас, архины аяга эрж яваад гэсэн тиймэрхүү асуудал болсон. Тэгээд бид нар явцгаасан. Мөнгө алга болсныг нь мэдээгүй. Мөнхөө мөнгө төгрөг энэ тэндээс гарч ирээгүй гэсэн. Би өндөр настай аав ар гэрээ бодоод тэр 2,000,000 төгрөгийг нь барагдуулъя гэсэн. Цаашаа янз бүрийн асуудал цаашлаад хорих ял авах вий гэдэг үүднээс төлөлц­өөд явж байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т нь мэдүүлэхдээ: Миний хувьд манай Болдоо ах бид хоёр боломжийн найз нөхөд явсан. Цогтцэцийд би ажилтай явж байсан. Болдоо ах бас урагшаа Цагаанхад ороод чи машин  барь гэсэн. Тэгээд найзындаа очиж амаръя гээд явсан. Очоод хоёул мөн адил архи уусан байсан. Түмбүүчик ухаж байсан чинь архины аяга олдоогүй. Тэгээд түмбүүчикний нүд татсан чинь чихрийн таваг байхаар нь чихрийг нь асгаад, тавганд нь архи хийж уусан. Тэгээд миний өөрийн барьж байсан утас цэнэггүй болсон. Ширээн дээр ууг нь хоёр утас асаалттай байсан. Асаалттай утас яршиг гээд нэгийг оролдохоор хятад бичиг гараад ирдэг. Тэгээд буцаагаад ууж байсан архины дээр тавьсан байсан чинь тэр нь машинаас архитай цуг гараад ирсэн. Тэгээд цагдаад баригдаад ирсэн чинь 2,000,000 төгрөгийн асуудалд орсон байсан. Тэнд уг нь мөнгө байхгүй байсан. Надад байсан бол тэр үед гаргаж өгөх байсан ч байгаагүй. Тэгээд тэр хохирол төлбөрийг нь ерөөсөө төлье гэдэг ийм асуудал болсон. Хийсэн зүйлдээ гэмшиж байгаа гэв.

 

 

Хохирогч Zhao Eryun өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 9 цагийн үед хоолны газартаа өглөөний цайгаа уучхаад кемпийнхээ хашаанд явж байтал гаднаас улаан өнгөтэй Ланд крузер 80 маркийн автомашин орж ирээд шууд зогсоол дээр хүрч ирээд зогссон. Тэгээд зүс таних Болдоо гээд залуу машинаасаа буугаад ирсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө амьдардаг гэрийнхээ ард байдаг тогооч Baofend-ийн гэрт нь оорчихсон. Тэгэхэд Болдоо гэх залуу нь миний амьдардаг гэр рүү орох чимээ сонсогдсон ... тэгээд удалгүй 30-40 минутын дараа тэр Болдоогийн ирсэн машин нь асах чимээ гарахаар нь хаалгаар харахад явж байсан. Би Болдоо гэх залууг явсны дараа өөрийнхөө амьдардаг гэрт ороход баруун талын орны бүтээлгийг хуулчихсан эмх замбараагүй болгочихсон байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө эд зүйлийг шалгахад орон доор хадгалж байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн Хөтао нэртэй хайрцагтаа 6 ширхэгтэй архи нэрийг нь сайн мэдэхгүй 1 шил вино, ширээний шургуулгад байсан 2,000,000 төгрөг болон мөнгөний яг дээр нь тавьсан байсан миний гар утас байхгүй байсан. Тэгээд би шууд уулын мастер TAODESIQING дээр очиж хэлээд хоорондоо ярилцаж байгаад цагдаагийн байгууллагад хандахаар шийдсэн ... цагдаагийн дуудлагын утсыг олохгүй хүмүүсээс асууж хайж байгаад орой 23 цагийн орчимд дуудлага өгсөн... архи уусан бололтой согтуу байсан. Тэгэхээр нь агсам тавьж, зодож магадгүй гэж бодоод айгаад Baofeng-ийн гэрт нь орчихсон... 2,000,000 төгрөгийг 10 гаран хоногийн өмнө тухайн шургуулгад хийсэн ба тухайн алга болдог өглөө нь шургуулгад бүрэн бүтэн байхыг нь харсан. Тухайн мөнгө маань боодолтой сул байсан учраас гар утсаараа даруулж тавьсан байсан.  . ” гэх мэдүүлэг  / хх-ийн 44-46-рт/

Гэрч Taodesiqing-ийн өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 09-ний өглөө манай кемпийн хашааг онгойлгож улаан өнгийн Ланд крузер маркийн автомашинтай 3 залуу орж ирсэн. Тэгээд машинаа зогсоол дээр байрлуулж тавиад Болдоо гэж зүс мэдэх Монгол хүн танихгүй 2 залуутай машинаасаа буугаад гадаа зогсож харагдсан... тэгээд 30-40 минутын дараа манай компанийн төслийн менежер Zhao Er Yun над дээр ирээд “миний өрөөний орон доор байсан улаан өнгийн хайрцагтай хятад Хөтао гэсэн нэртэй улаан шилтэй 6-7 ширхэг архи, шургуулгад байсан гар утас болон 2,000,000 төгрөг алга болчихлоо” гэж хэлсэн... Сүүлд тэдгээр хүмүүс кемпийн саравчинд Zhao Eryun ахын өрөөнөөс алга болсон архийг уугаад сууж байсан. Би тэр үед гал тогооны өрөө рүү явж байхдаа харсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-рт/

Гэрч Hu Baofeng-ийн: “... манай кемпийн хашаагаар улаан өнгийн Ланд круйзер-80 маркийн машинтай Болдоо гэх залуу согтуу 2 найзтайгаа орж ирээд миний хажууд зогссон. ... Болдоо гэх залуу манай компанийн төслийн менежер Zhao Ereun –ийн амьдардаг гэр лүү нь орж харагдсан... Болдоо гэх залуу манай компанийн машины зогсоолын ойролцоо улаан шилтэй архи гартаа барьчихсан, хамт явсан нэг найзтайгаа зогсож харагдсан, ... Болдоо ганцаараа орж харагдсан. “гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-рт/,

Гэрч М.Сайболатын: “... Тэгээд нэг сэрхэд Цогтцэций сумын Таван толгойн уурхайн амны ойролцоо байрлах БЖМА гэж нэртэй ХХК-н кемпийн хашаанд Батболдын машинтай дамар Мөнхөө бид 3 очсон байсан. Тэгээд би машины хойд талын суудал дээрээс өндийж харахад Батболд дамар Мөнхөө 2 өвөр монгол хүнтэй улаан шилтэй архи уугаад газар сууц байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 61-63-рт/,

Гэрч ZHANG HUMING ийн “... Тухайн өглөө 9-10 цагийн үед байх би кемпийн хашаанд байдаг өрөөгөө цэвэрлэж байгаад хогоо хаях гээд гарсан чинь манай гэрийн хойд талд байдаг контенэйрийн хажууд хоёр монгол залуу газар сууж байсан. Болдоо нь шилтэй хятад архи барьчихсан байдалтай уугаад байж байсан. Би хажууд нь гараад явахад Болдоо намайг архи уух уу гэж хэлсэн. Би архи уух үгийг жаахан мэднэ. Тэгээд би дохиогоор зүрх рүүгээ заагаад гараараа дохиод цаашаа явж гэртээ орсон. Гэх мэдүүлэг /хх-ийн 168-169-рт/,

            Гэрч HU BAOFENG-ийн дахин мэдүүлсэн: “... Тэгээд тэр сорив Болдоо ZHA ERYUN –ны гэр лүү ганцаараа орж байгаа харагдсан. Би тэгээд өрөөндөө байж байгаад 10-15 минутын дараа гараад очиход Болдоо нэг танихгүй хүнтэй кемпийн хашааны зогсоолын талбай дээр улаан шилтэй нэг шил архийг Болдоо нь барьчихсан байсан. Би хараад очоогүй холоос харчхаад буцаад явсан. Би ямар эд зүйл авсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр 2 гадаа нэг шил улаан шилтэй хятад архийг ууж байсан. Сүүлд нь ZHA ERYUN овогтоос гэрт байсан гар утас нэг авдар хятад архи, бэлэн монгол мөнгө 2,000,000  төгрөг алга болсон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 172-173-рт/,

Гэрч QINGCEREN-ийн “... Би ямар эд зүйл авсан талаар мэдэхгүй байна. Намайг хотоос кемп  дээр ирсэн дараа ZHAO ERYUN овогт надад хэлсэн юм. Гар утас, хятад архи, мөн гэрт нь байсан 2,000,000 төгрөгийг Сорив Болдоо нэг хүнтэй ирээд хулгайлж авсн гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 177-178-рт/,

Яллагдагч Д.Б: “... мэдүүлэг /хх-ийн 66-68-рт/

Яллагдагч Ц.Тийн “... мэдүүлэг /хх-ийн 71-74-рт/

Шүүгдэгч Д.Бын хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч Д.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 109-р хуудас/,

Шүүгдэгч  Ц.Тийн  хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Ц.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан. Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “…бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” бол гэж “Хулгайлах” гэмт хэргийн  шинжийг тодорхойлсон.

Шүүгдэгч Д.Б, Ц.Т  нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт Таван толгой уурхайн амны орчимд үйл ажиллагаа явуулдаг БЖМА найзууд ХХК-ийн эзэмшлийн кемпэд байрлах гэрээс бэлнээр 2,000,000 төгрөг, Вива маркийн гар утас 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн архи 6 ширхгийг хулгайлж, хохирогч БНХАУ-ын иргэн Zhao Eryun-д 2,156,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа  хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг,  хавтас хэрэгт авагдаж, шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалж хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б, Ц.Т нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа шударгаар хүлээн мэдүүлсэн зэргийг хөнгөрүүлэн нөхцөлд тооцож шийдвэрлэв. Тухайн хэрэгт хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хөнгөн гэмт үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б, Ц.Т нарыг  Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад  хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ц.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Д.Б, Ц.Т нарт тодорхой ажил үүрэг гүйцэтгэх,  согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч нар нь хохирогч Zhao Eryun   2,200,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

 5. Шүүгдэгч Д.Б, Ц.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б, Ц.Т нарт хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТТУЛГА