Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгч Д.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2236000910115 дугаартай, 178/2022/0105/Э/ индекстэй хэргийг 2022 оны 05  дугаар сарын 17-ны өдөр   хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны 4  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь  2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө  Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны 4 тоот буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.*******тай таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэрийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д заасан  гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 376 дугаартай шинжээчийн...Ц.*******ын биед  духны баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын баруун дээд хэсгийн зулгаралтууд, баруун шанаа хэсгийн цус хуралт, баруун чамархайн дунд хэсэг болон дагзны баруун доод хэсгийн зөөлөн эдийн  няцрал, зүүн нүдний зүүн дээд хэсгийн цус хуралт, дээд уруулын зүүн дотор хэсгийн цус хуралт, зүүн мөрний хэсгийн цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо.Ц.*******ын биед учирсан дээрхи гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  / хэргийн 11-13-р хуудас/

Аюулын зэргийн эрсдлийн түвшин “ бага” гэх үнэлгээ / хэргийн 15-16-р  хуудас/ 

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл / хэргийн 19-р хуудас/

Хохирогч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө манай нөхөр гэртээ согтуу ирээд надтай хэрүүл өдөөд байхаар нь би дуугарахгүй байж байтал намайг хүнтэй хардаж уурлаад “ яахаараа юм дуугардаггүй юм бэ, ямар их ярвалздаг юм” гээд миний толгой руу цохиж үсдэж зодсон... гэх мэдүүлэг / хэргийн 26-27-р хуудас/

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 04 дүгээр сарын 26-ны орой Завхан аймгаас ирсэн нэг найзтайгаа уулзаад 2 шил архи хувааж уучихаад гэртээ харьсан. Яаж гэртээ харьснаа сайн санахгүй байна.Нэг мэдэхэд би гэртээ ирчихсэн эхнэртэйгээ маргалдаж эхнэрийнхээ үснээс татаж чирсэн байдалтай байж байсан.Тэгээд эхнэр гарч яваад цагдаа дуудсан байсан. Яг юунаас болж эхнэртэйгээ маргаснаа санахгүй байна.Гэрт өөр хүн байгаагүй, нөгөө өрөөнд хүүхдүүд унтаж байсан.  ... гэх мэдүүлэг / хэргийн 38-39-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Д.******* нь  2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө  архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны 4 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Ц.*******тай маргалдах явцдаа түүний үснээс татаж толгой руу нь цохиж, биед нь духны баруун дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын баруун дээд хэсгийн зулгаралтууд, баруун шанаа хэсгийн цус хуралт, баруун чамархайн дунд хэсэг болон дагзны баруун доод хэсгийн зөөлөн эдийн  няцрал, зүүн нүдний зүүн дээд хэсгийн цус хуралт, дээд уруулын зүүн дотор хэсгийн цус хуралт, зүүн мөрний хэсгийн цус хуралтууд  гэх гэмтэл үүсгэсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь эхнэр Ц.*******ын үснээс татаж, толгой хэсэгт цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь  хохирогч Ц.*******ын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 376 дугаартай шинжээчийн дүгнэлт, Аюулын зэргийн эрсдлийн түвшинийн үнэлгээ, шүүгдэгч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч Д.*******, хохирогч Ц.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь Дархчууд овогт *******гийн *******, ******* овогт -ын ******* нарын 2014 оны 09 сарын 07-ны өдөр гэр бүл болсон гэрлэлтийн 8401000256 дугаартай  гэрчилгээний хуулбар, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******  нь  эхнэр Ц.*******ын үснээс татаж толгойн хэсэгт нь гараараа цохисноос    гэмтэл  учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн байдал нь   хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол зориуд учруулсан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. 

Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж эхнэртэйгээ зүй бус харьцан, биед нь халдсанаас гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ...  гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан  үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч Д.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.******* нь...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Д.*******г хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 43-р хуудас/-аар  тогтоогдож  байна.

Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлын талаар  гэрч Б.Тулгатогтохын өгсөн...  Д.******* нь илүү зан аашгүй, ажлыг чин сэтгэлээсээ чанартай хийдэг, бусадтай ойлголцдог, хүнд тусархаг,найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, хааяа архи уухаараа маргааш нь ууж хэтрүүлэх шинжтэй байдаг,2015 онд гэр бүл болсон, 3 хүүхэдтэй ... гэх мэдүүлэг / хэргийн 53-54-р хуудас/,

Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1,2-т зааснаар тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******  нь  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч нь Хөшөөтийн уурхайд оператор хийдэг, цалин орлоготой нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгөөр торгох  ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.*******д оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгөөр торгох ялыг 03 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх, эрүүгийн 2236000910115 дугаартай  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй  болохыг  тус тус дурдах гэх санал,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбар тус тус гаргав. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.*******  нь  хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан, шүүхээс шүүгдэгч Д.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялыг 03 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох  ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.

  Эрүүгийн 2236000910115 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйл үгүй,  энэ  хэрэгт  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,  шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 03 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарласугай.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

6.Эрүүгийн 2236000910115 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйл үгүй,  энэ  хэрэгт  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******д    хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

             ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС