Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1701

 

Р.Ганбат, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Б.Итгэл,

Ц.Жаргалсайхан, У.Солонго, Н.Болорсүх, Ч.Отгонтуяа нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01473 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Ганбат, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Б.Итгэл, Ц.Жаргалсайхан, У.Солонго, Н.Болорсүх, Ч.Отгонтуяа нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Лхагвасүрэнгийн зөвтгөн явуулсан гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Ганбат,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч З.Сүхбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамханд,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Монгол транс ХХК нь 1991 онд бүрэн бус хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 1999 онд Компаний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаны дагуу 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар дүрэм болон бичигбаримтаа шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд компаний дүрэмд 12 хувьцаа эзэмшигч бүртгэгдсэн. 2008 онд Монгол трансХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Энхбат болоод Спэйшил холдинг лимитэд ХХК нь хууль бусаар шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 38 дугаар шийдвэрээр Спэйшил холдинг лимитэд ХХК-ийн нэр дээр бүртгэсэн 19.98 хувийн хувьцааны бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 675 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2011 оны 588 тоот тогтоолоор Ц.Энхбат болон Спэйшил холдинг лимитид ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болгон Эм Эс Би ХХК-иас Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг гаргуулан Ц.Энхбатад, 25 000 ам.долларыг Ц.Энхбатаас гаргуулан Эм Эс Би ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Энэ хугацаанд Д.Дэлгэрбал нь Чингэлтэй дүүргийн шүүхэд Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоолгох, дээрх хувьцааг Б.Норолхоосүрэн, Д.Дэлгэрбал нарт худалдахыг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрээр Б.Норолхоосүрэн, Д.Дэлгэрбал нарыг бусад хувьцаа 13 эзэмшигчийн адил компанийн хувьцааг худалдан авах эрхтэй, харин компанийн хувьцааг Б.Норолхоосүрэн, Д.Дэлгэрбал нарт худалдахыг хариуцагчид даалгуулах хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулахдаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэрийг буруу тайлбарлан Монголтранс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийг зөрчин хууль бусаар Д.Дэлгэрбалд шилжүүлсэн байсан. Иймд хувьцаа эзэмшигчид бид Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн шүүхийн 2013 оны 655 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 545 дугаар тогтоолоор Монголтранс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмын дагуу худалдахаар байхад энэ журмыг зөрчин компанийн хувьцааг Д.Дэлгэрбалд шилжүүлсэн нь хууль бус гэж дүгнэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Монгол транс ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бид 2008 оноос эхлэн компанийн 19.98 хувийн хувьцааг өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн шилжүүлэн авах хүсэлтэй байсан бөгөөд энэ хүсэл зоригоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд илэрхийлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай компанийн 19.98 хувийн хувьцаатай холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэр буюу Д.Дэлгэрбал нь Монгол транс ХХК-ийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдийн нэгэн адил худалдан авах давуу эрхтэй гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр, мөн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011оны 675 дугаар буюу Эм Эс Би ХХК-иас Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг гаргаж Ц.Энхбатад, Ц.Энхбатаас 250 000 ам.долларыг Эм Эс Би ХХК-д олгуулах шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа зөвтгөн явуулсан гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон талаар хувьцаа эзэмшигч бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй.

Гэтэл Д.Дэлгэрбал нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр компанийн бүх хувьцаа эзэмшигч нарт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон иргэний хэргийн 3 шатны шүүхийн тогтоолын дараа Монголтранс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалын өмчлөл болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргасан ба тус шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/01387 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 594 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэг асуудлыг тодотгон дүгнэсэн байдаг боловч энэ нь Монголтранс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг компанийн хувьцаа эзэмшигчид бүгд хуульд заасан давуу эрхийн дагуу худалдан авах эрхтэй гэсэн дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл, 19.98 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигчид бүгд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн худалдан авах эрхтэй юм.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай компани буюу Монголтранс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулсан гэх ажиллагааны явцад дахин Д.Дэлгэрбалд шилжүүлсэн болохыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 267 дугаар тогтоолыг гардан авахдаа мэдсэн бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан.

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/2441 дүгээр албан бичгээр ...бүртгэлийн 201125061656 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэрэг нь Захиргааны хэргийн шүүхэд нотлох баримтаар хянагдаж байгаа тул шүүхээс буцаан ирүүлснээр гомдлыг хянан, өргөдлийг шийдвэрлэж хариу хүргүүлэх болно гэсэн хариу ирүүлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/2800 дугаар албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 95 дугаар тогтоолд Монгол транс ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг ирүүлсэн тул бид шүүхэд хандаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..., Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон гэдгээрт хөрвөх үнэн цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй гэж заасан бөгөөд зөвхөн хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна гэдгээр энэ эрхийг үгүйсгэх үндэслэлгүй юм.

Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Компаний тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх ёстой гэдгийг шат шатны шүүхээс тогтоосоор байхад мөн хувьцаа эзэмшигч бид өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн шилжүүлэн авах хүсэлтээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад илэрхийлсээр байхад зөвхөн санал авсан төдийгөөр халхавчлан, өөр ямар ч ажиллагаа явуулаагүй байж бидэнд мэдэгдэлгүй бидний эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж Д.Дэлгэрбалд дахин дахин шилжүүлж байгаа нь хууль бус байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д шийдвэр гүйцэтгэх газрын чиг үүргийг зааж өгсөн бөгөөд 7.1.1, 7.1.5-д заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээрх асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байхад хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хувьцаа эзэмшигч бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг үл тоомсорлож байгаад гомдолтой байна.

Өнөөдрийг хүртэл манай компанийн хувьцаа эзэмшигчид бидний дунд 19.98 хувийн хувьцаатай холбоотой маргаан үргэлжилсээр байгаа бөгөөд энэ бүх асуудлын эх үүсвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба тавьсан, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон. Түүнчлэн төрийн байгууллага өөрсдийн буруутай үйл ажиллагааг засч залруулах бүрэн боломжтой байхад юм л бол шүүхэд ханд гэсэн хариултыг өгч байдаг нь харамсалтай. ИХШХШтХ-ийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасанчлан НШГА нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллагад хамаарна гэж үзэж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх хууль зөрчиж явуулсан үйл ажиллагаа нь захиргааны актаас бусад шийдвэр, үйл ажиллагааны хүрээнд хэрэгжсэн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Д.Дэлгэрбалд Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг шилжүүлсэн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Лхагвасүрэнгийн зөвтгөн явуулсан гэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 675 дугаар шийдвэрээр Ц.Энхбатаас 250 000 ам.долларыг гаргуулж Эм Эс Би ХХК-нд, Эм Эс Би ХХК-иас Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг гаргуулан Ц.Энхбатад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1-52 дугаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Эм Эс Би ХХК-иас Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг гаргуулан Ц.Энхбатад олгосон.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2/11072 дугаар албан бичгээр Монгол транс ХХК-д Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу Ц.Энхбатын эзэмшдэг 19.98 хувийн хувьцааг худалдан авах саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд хувьцаа эзэмшигч Р.Ганбат, У.Солонго, Б.Итгэл, Б.Норолхоосүрэн, Д.Дэлгэрбал нар санал ирүүлсэн.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус албанд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрээр Д.Дэлгэрбал, Б.Норолхоосүрэн нарыг Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоосон шийдвэрийг гүйцэтгэх баримт бичгийн хамт хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 675 дугаар шийдвэрээр Ц.Энхбатаас 250 000 ам.долларыг гаргуулж Эм Эс Би ХХК-д, Эм Эс Би ХХК-иас Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг гаргуулан Ц.Энхбатад олгохоор шийдвэрлсэнийг 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ц.Энхбатын Эм Эс Би ХХК-д төлөх 19.98 хувийн хувыдааны үнэ 250 000 ам.долларыг Д.Дэлгэрбал нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн.

Д.Дэлгэрбал нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан төлбөр авагч Эм Эс Би /Спейшл корпораци/ ХХК-д төлөх төлбөрийг бүрэн төлсөн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 675 дугаар шийдвэр, 1731 дүгээр шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус дуусгавар болгосон.

Шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 655 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 545 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулж ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Лхагвасүрэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.6-д заасны дагуу Монгол трансХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/2838 дугаар албан бичгээр Монгол транс ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн. Мөн Монгол транс ХХК-д 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/4146, 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1/10149, Улсын бүртгэлий ерөнхий газарт 2014 оны 1/10946, 2014 оны 1/12760 дугаар албан бичгүүдээр хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Дэлгэрбал нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрийн дагуу Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар тус хувьцааг 180 000 ам.доллараар худалдан авсан. Дээрх шийдвэрээр ...нэхэмжлэгч Д.Дэлгэрбал, Б.Норолхоосүрэн нарыг Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоож... шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхээр хүчингүй болсонтой холбогдуулан уг хувьцааг Монгол транс ХХК-ийн бүхий л хувьцаа эзэмшигч нарт санал болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулсан боловч компанийн хувьцаа эзэмшигч нар шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон хугацаанд хувьцааны төлбөрийг шилжүүлээгүй учир өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар миний өмчлөлд үлдээсэн хувьцааг хэвээр үлдээж зөвтгөн явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон юм.

2010 оны 1731 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т ...нэхэмжлэгч Д.Дэлгэрбал, Б.Норолхоосүрэн нарыг Монгол трансХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу давуу эрхийг эдлүүлэх асуудал дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хувьцаа эзэмшигч нарт 19.98 хувийн хувьцааг худалдан авах боломжтой талаарх мэдэгдлийг хүргүүлсэн, мэдэгдэлд хувьцаа худалдах үнэ, хувьцааны үнийг төлөх хугацаа зэргийг заасан болно.

Шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдэд Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасны дагуу санал болгох, худалдан авах санал ирүүлсэн тохиолдолд хувьцааг шилжүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдах талаар бусад хувьцаа эзэмшигч нарт санал болгосон, хувьцаа эзэмшигч нар тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд төлбөр төлсөн нь Д.Дэлгэрбал байсан.

Хувьцаа эзэмшигч хувьцаа худалдан авах давуу эрхийг эдлэхдээ Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ шийдвэрээр тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэнэ, 5.7-д Энэ хуулийн 5.6-д заасан мэдэгдэлд хувыдаа худалдан авагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, худалдан авах хувьцааны тоо зэргийг зааж, төлбөр хийсэн баримтыг хавсаргасан байна гэж заасан байдаг бөгөөд эрхээ хэрэгжүүлэхийн тулд хувьцаа худалдан авах талаар мэдэгдэх, улмаар хувьцааны төлбөрийг хийсэн баримтаа хавсаргах заалт байгаа юм.

Монгол транс ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хэн нь ч хувьцааг худалдан авах тухай мэдэгдэлдээ төлбөр төлсөн баримтыг хавсаргаагүй бөгөөд хэн ч төлбөр төлөөгүй. Зөвхөн Д.Дэлгэрбал уг хувьцааны төлбөр болох 180 000 ам.долларыг шилжүүлсэн байсан. Хуулийн дээрх зохицуулалт нэг удаа санал болгох зохицуулалт бөгөөд тухайн хувьцаа эзэмшигч эрхээ хэрэгжүүлэх бол мөн хуульд заасан шаардлагыг хангаж төлбөрөө хийж хувьцааг худалдан авах эрхээ хэрэгжүүлэх ёстой бөгөөд хэрэв ийнхүү эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд давуу эрхээр худалдан авах боломжийг алдахаар зохицуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нар нь өөрт хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэх боломжийг алдсан бөгөөд хуулийн заалтаар зайлшгүй хувьцаа эзэмшигч нарт худалдах хувьцааг шилжүүлэх зохицуулалт байхгүй юм.

Өөрөөр хэлбэл, давуу эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуульд заасан журмыг баримтлах шаардлагатай бөгөөд худалдан авах хувьцааны төлбөрийг шилжүүлсэн баримтаа худалдан авах саналдаа хавсаргасан байхаар зохицуулсан байхад төлбөр төлөөгүй атлаа хувьцааг худалдан авах эрхтэй мэтээр тайлбарлан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгөн явуулахдаа бүх хувьцаа эзэмшигч нарт хувьцаа худалдан авахыг санал болгосон боловч хувьцаа эзэмшигч нар төлбөрийг шилжүүлж худалдан аваагүй бөгөөд хувьцааг хуулийн дагуу худалдан авах эрхээ хэрэгжүүлэзгүй асуудалд шийдвэр гүйцэтгэх байгууллага буруутай биш юм. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг шилжүүлсэн 2013 оны 10 сарын 08-ны өдрөөс 2014 оны 04 сарын 07-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Лхагвасүрэнгийн зөвтгөн явуулсан гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Р.Ганбат, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, У.Солонго, Ц.Жаргалсайхан, С.Болорсүх, Ч.Отгонтуяа нарын нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №181/ШШ2017/01473 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Үйл баримтын талаар:

Монгол Транс ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бид 2008 оноос эхлэн Транс ази холдинг ХХК нь өөрийн эзэмшлийн 19.98 хувийн хувьцааг худалдах тохиолдолд бусад бүх хувьцаа эзэмшигчид хувь тэнцүүлэн хуваан авах, эсхүл компанийн халаасны хувьцаа болгон авах талаар санал гаргаж байсан бөгөөд улмаар хувьцаа эзэмшигч бүгд хувь тэнцүүлэн авахаар нэгдсэн шийдвэрт хүрсэн байсан. Хувьцаа эзэмшигчид бид энэ компаниа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэн хамтран авч явах хүмүүс учраас бүгд тэгш эрх, үүрэгтэй оролцох, 19.98 хувийн хувьцааг бүгд тэгш эрхтэйгээр худалдан авах эрхтэй гэсэн байр суурьтай байдаг. Гэтэл Д.Дэлгэрбал нь 2014 онд ТУЗ-ийн дарга байх үедээ компанийн бусад хувьцаа эзэмшигчид болох одоогийн нэхэмжлэгч нарт мэдэгдэлгүй өөрийн нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь анхнаасаа хууль болоод Компанийн дүрмийг зөрчсөн үйл ажиллагаа болсон. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 3.2, 5 дугаар зүйлийн 5.3-т заасан эрхтэй.

Монголтранс ХХК-ийн дүрмийн 3.3-т Хувь нийлүүлсэн хөрөнгийн хувь хэмжээг өөрчлөх, нэмж хувьцаа гаргах, хувь нийлүүлэгчдийн хувьцааг компани эргүүлэн авах, худалдаж авах, хувь нийлүүлэгчид эзэмшиж буй хувьцаагаа хоорондоо болон гуравдагч этгээдэд худалдах, аливаа хэлбэрээр шилжүүлэх зэрэг асуудлыг зөвхөн хувь нийлүүлэгчдийн хурлаар 100 хувийн саналын эрхээр шийдвэрлэнэ, 3.7.8-д Компанийн тухай хуулийн 5 ба 39 дүгээр зүйлд заасны дагуу бусад хувь нийлүүлэгчийн худалдахаар санал болгож буй хувьцаа, түүнд хөрвөх үнэт цаасыг тэргүүн ээлжинд худалдан авах гэж тус тус заасан бөгөөд дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор Монголтранс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалын өмчлөл биш болохыг тогтоосон болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон иргэний хэргийн 3 шатны шүүхийн тогтоолын дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулж дууссан гэсэн үндэслэлээр Монголтранс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалын өмчлөл болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргаснаар тус шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/01387 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 594 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Дээрхээс гадна Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулсан гэж тайлбарлаад байгаа ч энэ талаар хувьцаа эзэмшигч нарт бүгдэд нь мэдэгдэл хүргүүлж байгаагүй, мөн уг ажиллагааг зөвтгөн явуулж дууссан талаар бүх хувьцаа эзэмшигч нарт мэдэгдээгүй, нэхэмжлэгч нарын зүгээс маргаан болоод байгаа 19.98 хувийн хувьцааг өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн авах хүсэлтээ илэрхийлсээр байхад дахин Д.Дэлгэрбалд шилжүүлэн нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны эрх ашиг болоод холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна гэж маргаж байгаа болно.

2. Нэхэмжлэгч нараас Д.Дэлгэрбалд Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг шилжүүлэн зөвтгөн явуулсан гэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг шилжүүлэх ажиллагааг зөвтгөн явуулсан гэх ажиллагаа нь явагдаагүй буюу хууль журмын дагуу хийгдээгүй гэж маргаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, шат шатны шүүхээс Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцжи Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 болон компанийн дүрмээр зохицуулах ёстой гэдгийг тогтоосноос гадна уг 19.98 хувийн хувьцаа нь Д.Дэлгэрбалын өмч биш болохыг тогтоосон байгаа. Түүнчлэн хамгийн сүүлийн буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 491 дүгээр магадлалаар Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааны асуудал нээлттэй байгаа талаар тодорхой дүгнэсэн байдаг.

Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулсан гэх нэрийн дор Д.Дэлгэрбал болоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т зааснаар баталгаажсан үндсэн эрх болон Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5.3-т зааснаар дэлгэрүүлэн зохицуулагдаж өгсөн хувьцаа эзэмшигч нарын эрхийг хязгаарлах санаа бодолд хүрч хуульд заасан журмыг зөрчиж огтоос хийгдээгүй ажиллагааг хийсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар Монголтранс ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бид 19.98 хувийн хувьцааг өөрийн өмчлөлийн хувьцаанд хувь тэнцүүлэн авах хүсэлтэй байгаа бөгөөд уг хувьцааны үнэ болох 180 000 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын данс, мөн хариуцагч Д.Дэлгэрбалын дансанд шилжүүлсэн үйл баримтуудаар тодорхой нотлогдож байгаа болно.

Хэргийн 92 дугаар талд авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1/10149 дүгээр албан бичигт Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг УДШ-ийн тогтоолоор хүчингүй болгосон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулж, дуусгавар болгосон тул Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааны захиран зарцуулах эрхийг сэргээх болсныг мэдэгдье гэсэн агуулга бүхий Монгол Транс ХХК-д ирүүлсэн мэдэгдэл байдаг. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гол агуулга нь анхнаасаа тус компанийн 19.98 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигчид нь өөрсдийн эзэмшиж буй хувьцаандаа хувь тэнцүүлэн авах боломжийг бүрдүүлэх байсан байтал бүх хувьцаа эзэмшигчдэд бус компанид хаяглан мэдэгдэл хүргүүлсэн нь хуульд заасны дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэж үзэх боломжгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар мэдэгдэх хуудсыг холбоотой бүхий л этгээдүүдэд хүргүүлэх талаар зохицуулсан байтал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар зөвхөн компанид мэдэгдэх хуудас хүргүүлсэн нь анхнаасаа тус компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Түүнчлэншүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулсан гэх боловч уг ажиллагааг хэрхэн зөвтгөн явуулсан нь тодорхойгүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1/2838 дугаар албан бичгээр хувьцаа эзэмшигчдэд саналаа ирүүлнэ үү гэсэн мэдэгдэл хүргүүлсэний дагуу бүх хувьцаа эзэмшигчид тодорхой саналаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 001/102 дугаар албан бичгийн дагуу хувьцааны үнэ болох 180000 ам.долларыг шилжүүлсэн. Ийнхүү хувьцаа эзэмшигчид өөрсдийн саналаа илэрхийлсэн байтал ямар үндэслэлээр дахин Д.Дэлгэрбалд компанийн 19.98 хувийн хувьцаа шилжиж, тус ажиллагаа дуусгавар болсон нь ойлгомжгүй бөгөөд хуульд нийцсэн ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан журмын дагуу худалдах, нэхэмжлэлийн шаардлага болох зөвтгөн явуулсан гэх ажиллагаа нь хууль журмын дагуу явагдаагүй болоод хууль бус, үндэслэлгүй талаар хэд хэдэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон бөгөөд эдгээрийг нэхэмжлэл болон тайлбартаа тодорхой дурдаж байсан болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 773 болон 95 гэсэн дугаар бүхий хоёр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай гэсэн тогтоол гарсан байдаг.

Уг тогтоолд төлбөр авагч Д.Дэлгэрбал, Б.Норолхоосүрэн төлбөр төлөгч Ц.Энхбат нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр дуусгавар болгожээ. Ийнхүү зөвтгөн явуулсан гэж буй тогтоол нь ч өөрөө буруу буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин зөвтгөн явуулахдаа ч буруу явуулснаас үүдэн Д.Дэлгэрбал нь 19.98 хувийн хувьцааг эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл,Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Улсын дээд шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 655 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байтал дахин зөвтгөн явуулахдаа өмнөхийн дагуу явуулснаас үүдэн бусад хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр зөвхөн гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн нь тус компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтой шийдвэр болоод байна.

3. Анхан шатны шүүхээс Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 08 сарын 09-ний өдрийн 655 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 545 дугаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Лхагвасүрэн зөвтгөн явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахдаа Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.6-д заасны дагуу Монгол Транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/2338 дугаар албан бичгээр Монгол транс ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн байна. Тэрээр Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх захирал 2014 оны 02 сарын 18-ны өдрийн 001/45, мөн 2014 оны 02 сарын 25-ны өдрийн 001/49 дугаартай албан бичгүүдээр, хувьцаа эзэмшигч Б.Мягмар, С.Болорсүх, Р.Ганбат, Л.Элбэгдаваа, У.Солонго, Б.Эрдэнэбат, Ч.Отгонтуяа, Ц.Жаргалсайхан нар тус тус саналаа бичгээр гаргаж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдлийн хариуг буцаан хүргүүлсэн байх тул хувьцаа эзэмшигч нарт мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан эдгээр бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч иргэд нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг хууль бусаар Д.Дэлгэрбалд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон Монгол Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойших буюу 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Лхагвасүрэнгийн зөвтгөн явуулсан гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ л асуудлаар маргаж байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч иргэд Монгол Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойших буюу 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тогтоол гарснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан талаар мэдсэн болон мэдээгүй гэж маргаагүй байхад анхан шатын шүүхээс дээрх байдлаар дүгнэж байгаа хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаас үзвэл тус зохицуулалт нь төлбөр төлөгч, төлбөр авагч гэсэн талуудад хамаарахаар байна. Гэтэл анхан шатны шүүхээс төлбөр авагч, төлбөр төлөгчтэй хамааралгүй харилцаанд хэрэглэснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхээс хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, хувьцааны үнэ болон 180 000 ам.долларыг хувьцаа эзэмшигчид биднийг шилжүүлж байгаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулсан гэж тайлбарлаад байгаа ч энэ талаар хувьцаа эзэмшигч нарт бүгдэд нь мэдэгдэл хүргүүлж байгаагүй, мөн уг ажиллагааг зөвтгөн явуулж дууссан талаар бүх хувьцаа эзэмшигч нарт мэдэгдээгүй байтал үүнийг шүүхээс мэдэгдсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ийнхүү шүүх нь хэргийг бодит байдлаас илтэд зөрүүтэй дүгнэн шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зөвхөн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Ганбат, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, У.Солонго, Б.Итгэл, Ц.Жаргалсайхан, С.Болорсүх, Ч.Отгонтуяа нар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан, Д.Дэлгэрбалд Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг шилжүүлсэн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Лхагвасүрэнгийн зөвтгөн явуулсан гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэрээр Ц.Энхбатаас 250 000 ам.долларыг гаргуулж Эм Эс Би ХХК-нд, Эм Эс Би ХХК-иас Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааггаргуулан Ц.Энхбатад олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Эм Эс Би ХХК-иас Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг гаргуулан Ц.Энхбатад олгожээ. /хэргийн 97, 100, 130 дугаар тал/

 

Мөн хариуцагчаас 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2/11072 дугаар албан бичгээр Монгол транс ХХК-д Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу Ц.Энхбатын эзэмшдэг 19.98 хувийн хувьцааг худалдан авах саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд хувьцаа эзэмшигч Р.Ганбат, У.Солонго, Б.Итгэл, Б.Норолхоосүрэн, Д.Дэлгэрбал нар санал ирүүлсэн байна. /хэргийн 112, 113 дугаар тал/

 

Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1731 дүгээр шийдвэрээр Д.Дэлгэрбал, Б.Норолхоосүрэн нарыг Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоосон шийдвэрийн дагуу 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэрийн дагуу 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ц.Энхбатын Эм Эс Би ХХК-д төлөх 19.98 хувийн хувьцааны үнэ 250 000 ам.долларыг Д.Дэлгэрбал нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлснийг үндэслэн түүнийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан төлбөр авагч Эм Эс Би /Спейшл корпораци/ХХК-д төлөх төлбөрийг бүрэн төлсөн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар, 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1731 дүгээр шийдвэрүүдийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус дуусгавар болгожээ.

/хэргийн 73-74, 76, 82, 130 дугаар тал/

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 655 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 545 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулахдаа Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.6-д заасны дагуу Монгол транс ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/2838 дугаар албан бичгээр Монгол транс ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн байна.

/хэргийн 18-25, 140 дугаар тал/

 

Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх захирал 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 001/45, мөн оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/49 дугаартай албан бичгүүдээр, хувьцаа эзэмшигч Б.Мягмар, С.Болорсүх, Р.Ганбат, Л.Элбэгдаваа, У.Солонго, Б.Эрдэнэбат, Ч.Отгонтуяа, Ц.Жаргалсайхан нар тус тус саналаа бичгээр гаргаж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ.

/хэргийн 131-134, 139, 142-150 дугаар тал/

 

Хариуцагч 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/4146 дугаартай албан бичгээр Монгол транс ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт тус компанийн 19.98 хувийн хувьцааны үнэ 180 000 ам.долларыг шилжүүлэхийг мэдэгдсэний дагуу тус компаниас 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаар Төлбөрийн даалгавар-аар 180 000 ам.долларыг шилжүүлж, улмаар хувьцаа эзэмшигч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр уг ам.долларыг буцаан авах хүсэлтийг компанийн зүгээс хариуцагчид 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 001/69 тоот албан бичгийг ирүүлжээ. /хэргийн 135-137 дугаар тал/

 

Хариуцагч Монгол транс ХХК-ийн 001/69 тоот албан бичгийг хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан үндэслэлийн дагуу 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 95 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, энэ талаар Монгол транс ХХК-д 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1/10149 тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/10946, 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1/12760 тооталбан бичгүүдээр мэдэгдсэн байна. /хэргийн 93, 95, 135, 151, 217 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нар компанийн 19.98 хувийн хувьцааг дахин Д.Дэлгэрбалд шилжүүлснийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 267 дугаар тогтоолыг гардан авах үед мэдсэн гэж тайлбарлаж байх боловч уг тогтоолоор өмнөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг хувьцааны өмчлөгчөөр бүртгэсэн үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн байгууллагын буруу байхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь захиргааны актыг хянасан болохоос Д.Дэлгэрбалыг маргаан бүхий 19.98 хувийн хувьцааны өмчлөгчөөр тогтоосон шийдвэр биш бөгөөд Д.Дэлгэрбалыг дээрх хувьцааны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, түүнд уг хувьцааг шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн дээрх давж заалдах шатны шүүхийн 2013 оны 655 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн мөн оны 545 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байх ба Д.Дэлгэрбалд маргаан бүхий 19.98 хувийн хувьцааг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулах үед дахин шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нар нь Монгол транс ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар тухайн хувьцааг худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2014 оны 95 тоот тогтоол нь тэдгээрийн эрх ашгийг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Иймээс шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, С.Ууганбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

С.ЭНХТӨР