Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 93

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Жавхлан,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч: Л.Баярмагнай, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /0440/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигин овогт Лхагвасүрэнгийн Баярмагнайд холбогдох эрүүгийн 2016 2400 0648 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 8 дугаар гудамж, 200 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НР 84121079, Боржигин овогт Лхагвасүрэнгийн Баярмагнай.

 

Шүүгдэгч Л.Баярмагнай нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Элбэг” их дэлгүүрийн урд талын замд “Хонда фит” маркийн, 25-83 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Хьюндай элентра” маркийн, 60-47 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Төрийн банкинд 455 000 төгрөгийн шууд, 492 800 төгрөгийн нийт хохирол учруулан,

мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 2.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчин, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Л.Баярмагнай мэдүүлэхдээ:

  Би хэрэг гарах үед борлуулалтын компанид ажилладаг байсан. 6 дугаар сарын 23-ны өдөр цехээсээ гараад төв зам руу орох гэж явж байсан бөгөөд хөдөлгөөний нягтаршил ихтэй байсан болохоор зам руу орохдоо алсуур дарж эргэхдээ иргэний нэхэмжлэгчийн машиныг мөргөсөн юм. Тэр машиныг Саруул гэдэг хүн унаж явсан бөгөөд уг автомашины эзэмшигч нь Төрийн банк байсан юм. Харин миний унаж явсан автомашин миний эзэмшлийнх боловч “Прогресс Капитал” ББСБ-ын барьцаанд байдаг юм. Би тэр машиныг мөргөсний дараа машинаасаа бууж, Г.Саруултай уулзаад “засварын мөнгө нь хэд болох бол” гэхэд тэр “мэдэхгүй” гээд “даатгалаа дуудлаа” гэхэд би сандраад юм хэлж чадаагүй. Тэгээд даатгалын газрын дугаарыг олох гэж машиндаа суусан. Араас машин ирсэн учраас машинаа холдуулахаар хөдөлсөн боловч би тэр чигтээ яваад өгсөн юм. Машинаа байрны зогсоол дээр тавиад ослын газарт буцаж очиход жолооч нь байгаагүй. Анх машин мөргөсөн газар дээр жолоочтой нь уулзахдаа түүнд утасны дугаараа өгч, нэрээ Магнай гэж хэлсэн юм. Гэтэл Г.Саруул миний утас руу залгахдаа Мажиг гэж нэр хэлээд асуухаар “тийм хүн байхгүй” гэхэд цагдаад өргөдөл гаргасан байсан. 6 дугаар сарын 22-ны өдөр миний машины дугаар явдаггүй өдөр тул би архи уусан, харин 23-ны өдөр архи уугаагүй. Гэрч намайг 6 дугаар сарын 23-ны өдөр архи уусан гэж мэдүүлсэн нь он, сарыг сайн санахгүйгээс андуурсан байх. Би их сандарсан байсан болохоор мөрдөн байцаалтын шатанд өөрөөр мэдүүлсэн юм. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн миний мэдүүлэг үнэн зөв юм. Би техникийн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Төрийн банкинд учирсан 495 000 төгрөгийн хохирлыг төлсөн. Энэ хэрэг миний буруугаас гарсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-М.Сэнгэсүрэн мэдүүлэхдээ:

“Хьюндай элентра” маркийн, 60-47 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Төрийн банкны эзэмшилд байдаг. Хохирлын мөнгийг бүрэн гаргуулсан тохиолдолд надад ямар нэгэн гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Ариунболд мэдүүлэхдээ:

2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 09 цагаас 11 цагийн хооронд би Л.Баярмагнайн хамтаар хотын төвөөр мөсөө тарааж, түгээлтээ дуусаад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг Пони Шоп байрны подвальд байх ажлын байр луугаа орсон. Тэгээд Л.Баярмагнайн хамт 0.75 литрийн архийг хоёулаа ууж дууссан ба Л.Баярмагнай нь дахиж ганцаараа гарч дэлгүүрээс 0.5 литрийн архи худалдаж авч, орж ирээд цуг уугаад сууж байтал манай найз Баттөмөр нь ганцаараа орж ирэхдээ 0.5 литрийн архи авчирч өгөөд хэсэг сууж байгаад явсан. Улмаар би нилээн муудаад унтчихсан юм. Харин Баттөмөр нь архи уугаагүй хэсэг суугаад гарсан. Баттөмөрийн авчирч өгсөн архийг нь уугаагүй. Намайг унтахаас өмнө Л.Баярмагнай тамхи татна гэхээр нь би түүний хамт цуг гарч тамхи татсан. Тэгээд бид хоёр эргэж цуг подваль руу орсон. Тэгээд би ороод унтаад өгсөн юм. Үүнээс хойш юу ч мэдэхгүй байна. 16 цаг өнгөрч байхад эхнэр гаднаас түлхүүрдэж орж ирээд, намайг сэрээсэн, би Л.Баярмагнайг гарсныг мэдээгүй. Намайг эхнэр сэрээхэд би подвальд ганцаараа унтаж байсан ба Л.Баярмагнай байхгүй байсан. Л.Баярмагнай нь саарал өнгийн “Хондо фит” маркийн, 25-83 УНЗ улсын дугаартай автомашинаа барьж ирсэн. Энэ автомашинаар түгээлт хийсэн. Тэр үед Л.Баярмагнай нь өөрөө машинаа барьж байсан гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Саруул мэдүүлэхдээ:

2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн “Чилүүгэн” рестораны хойд замд би Төрийн банкны хар өнгийн “Хьюндай элентра” маркийн, 60-47 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр түгжрээд зогсож байгаад уулзвараар хойшоогоо гарах санаатай явж байтал баруунаасаа зүүн чиглэлтэй явсан саарал өнгийн “Хонда фит” маркийн, 25-83 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зүүн хойд хэсэг рүү мөргөөд зогссон. Тэгээд би машинаасаа буугаад миний унаж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолоочтой уулзаад “би даатгалаа дуудлаа” гэж хэлсэн чинь “за” гэж хэлээд эргээд тэр хүн машиндаа суугаад, машинаа бариад эргээд баруун тийшээгээ яваад өгсөн. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаар 102-т дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирж хэмжилт, хэргийн газрын үзлэг хийгээд явсан. Миний унаж явсан тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрэл дохио хагарсан, зүүн хойд талын буфер хэсэгт бага зэрэг зурагдаж, хонхойсон байдалтай болсон байсан. Хойшоогоо явж буй хөдөлгөөн нь түгжрэлтэй, харин урагшаа явж буй хөдөлгөөн нь түгжрэлгүй байсан. Аягүй сандарсан байдалтай машинаас гарч ирээд уг нь надтай уулзсан боловч эргэж машиндаа суугаад машинаа асаагаад зугтаагаад явсан. “Хонда фит” маркийн, 25-83 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зүүн урд хэсгээрээ миний унаж явсан тээврийн хэрэгслийн зүүн хойд хэсэг рүү мөргөсөн юм гэжээ. (хэргийн 31-32 дугаар хуудас)

 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 397 тоот дүгнэлтэд:

“Хонда фит” маркийн, 25-83 УНЗ улсын дугаартай автомашины жолооч Л.Баярмагнай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,

2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 2.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

            в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. (хэргийн 70 дугаар хуудас)

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 2-11 дүгээр хуудас)

 

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд:

Уг автомашинд гадна үзлэгийг хийхэд баруун хойд болон баруун урд талыг хамарсан хөндлөн сэвтэй, зүүн хойд хаалганы булан хэсэгт сэвтэй, хойд гупертээ жижиг сэвтэй, зүүн урд гупер хэсгийн буланд будаг нь халцарч унасан, хөндлөн хэд хэдэн зураастай байлаа гэжээ. (хэргийн 12 дугаар хуудас)

 

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн тайланд:

 “Хьюндай элентра” маркийн тээврийн хэрэгсэлд 450 000 төгрөгийн шууд, 492 800 төгрөгийн нийт хохирол учирсан гэжээ. (хэргийн 34-35 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Л.Баярмагнай ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 82 дугаар хуудас)

 

             ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Л.Баярмагнай нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Элбэг” их дэлгүүрийн урд талын замд “Прогресс капитал” ББСБ-ын эзэмшилд бүртгэлтэй, “Хонда фит” маркийн, 25-83 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж, “Хьюндай элентра” маркийн, 60-47 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Төрийн банкинд 492 800 төгрөгийн хохирол учруулаад

мөн дүрмийн 2.5-ийн “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 2.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

  в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчин, зам тээврийн осол гарсан дээрх газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Сэнгэсүрэн, гэрч Г.Саруул, О.Ариунболд нарын мэдүүлэг, хэргийн газарт болон “Хонда фит” маркийн, 25-83 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Улаанбаатар хотын цагдаагийн газрын шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 397 дугаар дүгнэлт, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

            Хэрэгт цугларсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Л.Баярмагнайн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгчийн согтуурлыг шалгасан баримт байхгүй, би өмнөх өдөр нь архи уусан гэж Л.Баярмагнай мэдүүлж байх боловч тэрээр 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр архи уусан болох нь гэрч О.Ариунболдын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгчийг зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй.

 

Л.Баярмагнай нь иргэний нэхэмжлэгч Төрийн банкинд учруулсан 495 000 төгрөгийн хохирлыг төлсөн нь мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.