| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 500/2019/0029/Э |
| Дугаар | 287 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 147.1., 17.1.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 287
П.Ут холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
шүүгдэгч П.У, түүний өмгөөлөгч Б.Д,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Уын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1709003910416 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овгийн П.У, 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ______________ тоотод түр оршин суудаг гэх, /РД: :................/,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн;
П.У нь 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Эрхэс” пабын гадаа иргэн Н.Б эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдсэн,
2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Тэргэл” зочид буудалд байрлаж байсан иргэн О.Бийн “Samsung S5” загварын гар утас, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картанд байсан 960.000 төгрөгийг авч иргэн О.Бид 1.136.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Таац” зочид буудалд байрлаж байсан иргэн Ш.Дийн “Samsung G5” загварын гар утас, годон гутал, куртик, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картанд байсан 200.000 төгрөгийг авч, иргэн Ш.Дид 1.096.000 төгрөгийг хохирол учруулсан,
2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Очир” төвийн баруун талын автозам дээр 35-31 УНУ улсын дугаартай, “Toyota chaser” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 7.7-д заасан Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Н.Сын жолоодож явсан 56-02 УНГ улсын дугаартай “Lexus RX 400” загварын автомашинтай мөргөлдөж, зорчигч Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: П.Уын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Уыг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,
П.Ут Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар П.Ут оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Ут оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, П.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолох, шүүгдэгч П.Уаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нийт 2.937.000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Бд 705.000 төгрөг, О.Бид 1.136.000 төгрөг, Ш.Дид 1.096.000 төгрөг тус тус олгох, хохирогч Б.Б өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Уын цагдан хоригдсон 170 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн ба уг зүйл, хэсгийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Хохирогч Бат-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “... Е бид хоёр караокед дуулаад гарахдаа төлбөр, тооцооноос болж муудалцсан. Е миний түрийвчийг авах гэж дайраад зууралдаж байгаад түрийвч аваад явсан ...” гэж мэдүүлсэн байдаг боловч хохирогч Б-н биед надаас болж үүссэн шарх, сорви, гэмтэл байхгүй. Гэтэл намайг хүний эд хөрөнгө авах зорилгоор, хүний амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй, би түрийвчийг булааж аваад зугтсан. Иймд үнэн зөвөөр зүйлчилж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би түрийвч авч зугтсандаа маш их гэмшиж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн хувьд “Lexus RX 400” загварын, 56-02 УНГ улсын дугаартай автомашины жолооч С нь тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож авахдаа осол гаргасан, хэргийн газрыг санаатайгаар орхин зугтаж, 1 жилийн дараа баригдахад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан. Тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй учраас одоо боломжгүй гэх мэтээр хэргээс чөлөөлж, хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын Сиди болон бичлэгийг устгасан. Байцаагч нь Сг 100.000 төгрөгөөр торгосон гэх мэтээр хэт нэг талыг барьж ажилласан. Анхны техникийн шинжээчийн дүгнэлтээр “2 жолооч 2-уулаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж осол гарсан” гэсэн. Гэтэл уг дүгнэлтийг учир битүүлгээр үгүйсгэж, дахин шинжээч томилж, 100 хувь миний буруугаас болж осол гарсан мэтээр дүгнэлт гаргаж, Сн буруутайг далдалсан тул мөрдөгч, прокуророо сольж, шалгуулах хүсэлт удаа дараа гаргасан боловч хүлээж аваагүйд гомдолтой байна.
Мөн 2018 онд Сг Баянбүрдийн уулзвар дээр 100.000 төгрөгөөр торгосон баримт хэрэгт хавсаргасан гэх мэт асуудал олон байгааг дахин шалгуулж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна ...” гэв.
Шүүгдэгч П.Уын өмгөөлөгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч П.Уын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлт нь анхны дүгнэлтээс өөрөөр гарч, С тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчсөн асуудалд ямар ч буруугүй, энэ хэрэгт ямар ч хамааралгүй мэтээр дүгнэсэнд гомдолтой байгаа. С нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Анхны шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд буруутай гэдэг. Энэхүү дүгнэлт үнэн зөв байсан бол хоёр дахь дүгнэлт мөн энэ адил гарах ёстой гэсэн байр суурьтай байна. Дээрмийн гэмт хэргийн хувьд таньж олуулах ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй ...” гэв.
Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...П.Уын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй. Хохирогчийн мэдүүлэгт намайг боож, эд зүйлсийг авч явсан гэсэн. Боолт хийж, хүний эрүүл мэндэд халдана гэдэг нь амь биед халдаж, хүч хэрэглэж довтолсон гэмт хэргийн шинжийг агуулдаг. Хохирогчийн мэдүүлгээс харахад боож, өөрийнх нь эсрэг үйлдэл хийж, үйл явцыг нь сарниулсан дээрмийн гэмт хэргийн шинжтэй байна. Тэгэхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгч П.Уын эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Бусдын эд зүйлийг нууц аргаар авч, хулгайлсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Ослын хэрэгт би тухайн үед хяналт тавьж байсан. С нь П.Уын машинтай мөргөлдөж, осол гарсны дараа айлын хашаа мөргөсөн нөхцөл байдал тогтоогддог... Давж заалдах шатны шүүхээс заасан ажиллагааны дагуу, хоёр жолоочийн хэн нь буруутай вэ гэдгийг тогтоолгохоор прокурор дахин шинжээч томилсон. Жолооч П.У нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. П.У нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төв замд явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас осол гаргаж, хохирогч Бадамгаравын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс П.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсгүүдийн ялын боломжит доод хэмжээгээр оногдуулсан бөгөөд ял шийтгэл нь П.Уын гэм бурууд тохирсон гэж үзэж байна. П.У өмнө нь төрсөн дүү Ундрахбаярын нэрээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст бусдыг залилсан, зодсон асуудлаар шалгагдаж байсан. Мөн ослын хэрэг дээр өөрийн нэрийг Ундрахбаяр гэж хэлж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
П.Ут холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:
П.У нь 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Эрхэс” пабын гадаа иргэн Н.Б эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдсэн,
2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Тэргэл” зочид буудалд байрлаж байсан иргэн О.Бийн “Samsung S5” загварын гар утас, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картанд байсан 960.000 төгрөгийг авч иргэн О.Бид 1.136.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Таац” зочид буудалд байрлаж байсан иргэн Ш.Дийн “Samsung G5” загварын гар утас, годон гутал, куртик, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картанд байсан 200.000 төгрөгийг авч, иргэн Ш.Дид 1.096.000 төгрөгийг хохирол учруулсан,
2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Очир” төвийн баруун талын автозам дээр 35-31 УНУ улсын дугаартай, “Toyota chaser” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 7.7-д “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Н.Сын жолоодож явсан 56-02 УНГ улсын дугаартай, “Lexus RX 400” загварын автомашинтай мөргөлдөж, зорчигч Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Тэрээр Н.Б эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Б мэдүүлэг /1хх-25-27, 103-104/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-105-111/, эд зүйлийн үнэлгээ /1хх-114/ зэрэг нотлох баримтуудаар,
О.Б, Ш.Д нарын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.Д /1хх-127-129, 154/, О.Б /1хх-151-152/ нарын мэдүүлгүүд, П.Уын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-150-151/, эд зүйлийн үнэлгээ /1хх-158-159, 197-198/ зэрэг нотлох баримтуудаар,
хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Бын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Б /2хх-72-73/, иргэний хариуцагч Н.Ануужин /2хх-174/, иргэний нэхэмжлэгч А.П.У /2хх-168/, П.Б 2хх-96/, гэрч П.У /3хх-74-75/, С.П /3хх-81/, Ч.А /3хх-87/, Н.С /4хх-101/, шинжээч Л.Гансүх /4хх-43/ нарын мэдүүлгүүд,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 10722 дугаартай дүгнэлт /2хх-77/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10722 дугаартай дүгнэлт /2хх-77/,
Замын цагдаагийн албаны 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 452 дугаартай техникийн шинжээчийн “35-31 УНУ улсын дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-58-64/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /2хх-65-66/, автомашин техникийн үнэлгээний тайлан /2хх-82-83/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-88-93/, хохирогч Б.Бын өвчний түүх /2хх-125-147/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Прокуророос П.Уын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгээр, зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн, мөн анхан шатны шүүх дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Шүүгдэгч П.Уын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “... гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлэн тогтоосон тул анхан шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь үндэслэл бүхий байна.
Харин анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг зөв тайлбарлахгүйгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт П.Уын дээрэмдэх гэмт үйлдлийг “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулан Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт “... 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад “... зургаан сараас гурван жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилж, оногдуулах ялын хэмжээ багасч Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бүрдсэн байхад Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх заалтыг баримлалгүй шууд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь зохимжгүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгчид аль илүү ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэх зарчмыг баримтлан Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тус тус хэргийг зүйлчлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, П.Уыг “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Түүнчлэн шүүгдэгч П.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Шүүгдэгч П.У нь “... Н.Сын үйлдлийг дахин шалгуулах хүсэлтэй байна ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд П.Ут холбогдох хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэмт хэргийг урьд давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцээд Н.Сын үйлдлийг шалгуулахаар буцааснаар Замын цагдаагийн албаны 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 452 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт дахин гаргуулсан, уг дүгнэлтээр “35-31 УНУ улсын дугаартай, “Toyota Chaser” загварын тээврийн хэрэгслийн жолооч П.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 7.7. “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй.
Хэргийн материалтай танилцахад 35-31 УНУ улсын дугаартай, “Toyota Chaser” загварын тээврийн хэрэгслийн жолооч П.У гэр хорооллын гарцнаас гарсан байх үндэслэлтэй. Иймд 56-02 УНГ улсын дугаартай, “Lexus RX-400” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэх Н.Сд зам тавьж өгөх үүрэг хүлээх үндэслэлтэй” гэсэн, техникийн шинжээч Л.Гансүхийн “... П.У нь гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгөх үүрэгтэй. Иймд гарцаар замд нийлсэн “35-31 УНУ улсын дугаартай, “Toyota Chaser” загварын автомашины жолооч П.Уыг Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзсэн. Харин 56-02 УНГ улсын дугаартай, “Lexus RX-400” загварын автомашины жолооч Н.Сыг Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй гэж шинжээч нар дүгнэлтээ гаргасан ...” гэх мэдүүлэг /4хх-43/ зэрэг нотлох баримтуудаар Н.С нь уг зам тээврийн осолд буруугүй болох нь тогтоогджээ.
Дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч П.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
- 1 дэх заалтын “П.Уыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт ...” гэснийг
“П.Уыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт” гэж,
- 2 дахь заалтын “П.Ут 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял ...” гэснийг
“П.Ут 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял ...” гэж,
- 3 дахь заалтын “... П.Ут 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг, ...” гэснийг
“... П.Ут 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг, ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч П.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН