Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2014/0412

 

Х.Ц-гийн НЭХЭМЖЛЭЛТЭЙ
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч П.Соёл-эрдэнэ, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Х.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.Н нарыг оролцуулан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу, Х.Ц-гийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан     хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Х.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Удаа дараалан хийсэн шалгалтаар хэлтсийн ажил хэвийн сайн явагдаж байна гэсэн дүгнэлт авсаар байтал хэлтсийн дарга миний биеийг "Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын дарга 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1290 тоот тушаал гарган албан тушаал бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй үйлдэл гэж үзэж байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 24- ний өдрийн 1290 тоот тушаалыг хүчингүй болгож, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 1120 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрүүдэд гүйцэтгэлийн шалгалтыг хийсэн.

Шалгалтын хэсэг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа, өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан байдлыг шалгасан. Уг шалгалтаар тус хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч нарт зарим нэг зөрчлүүд илэрсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд Улсын бүртгэгч бүртгэсэн бүртгэлийнхээ үнэн зөвийг хариуцахаар заасан боловч тухайн хэлтсийн дарга нь хэлтсийн үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.

Гэтэл 2012 оны 03 дугаар сар. 2013 онд хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг бүрэн гүйцэд арилгаагүй, мөн 2013 онд хийгдсэн бүртгэлийг түүвэрчлэн үзэхэд зарим улсын бүртгэгч нар бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчин бүртгэл хийсэн нь нотлогдсон. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Ц-г ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг үндэслэн захиргааны санаачлагчаар албан тушаал бууруулсан гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1290 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Х.Ц-г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаалаас бууруулсан хугацаанд хэлтсийн дарга болон тасгийн даргын албан тушаалын цалингийн зөрүүг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан олгохыг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /8 дугаар зүйлийн 78.2-т заасны дагуу Х.Ц-г Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилох тухай зохих акт гаргахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.Н нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх хэсэг"-т "Нэхэмжлэгчтэй 2013 оны "Үр дүнгийн гэрээ" байгуулсан хэдий ч дүгнээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго. зорилтоо биелүүлсэн эсэхийг үнэлээгүй байхдаа түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна", "хэлтсийн дарга нь улсын байцаагчийн эрх авснаар бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 392 дугаар тушаалаар хяналтын улсын байцаагчийн эрхтэй болох хүртэл бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхгүй байжээ" гэж үзэж ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй гэж үзсэн байна Тус хэлтсийн үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн газрын даргын 2013 оны 556 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 14-ний өдрүүдэд хяналт шалгалт хийсэн.

Тухайн шалгалтаар хэлтсийн хэмжээнд илэрсэн зөрчлийг арилгасан эсэхийг шалгах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 1120 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 26- ны өдрүүдэд гүйцэтгэлийн шалгалтыг хийсэн бөгөөд гүйцэтгэлийн шалгалтаар өмнө нь илэрсэн зарим зөрчлийг арилгаагүй болох нь тогтоогдсон. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нь хэлтсийн үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүрэгтэй.

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод "Ажлын байрны зорилго: Улсын бүртгэлийн ерөнхий газрын зорилттой уялдуулан аймгийн бүртгэлийн хэлтсийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх арга хэмжээ авах, улсын бүртгэлийг үнэн зөв, хуулийн хүрээнд эрхлэх", мөн ажлын байрны үндсэн зорилтын 1-т "Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах", 3-т "удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх", 1-р зорилтын хүрээнд "зөрчлөөс урьдчилан сэргийлж, гарсан зөрчлийг арилгах үйл ажиллагаа явуулна" гэж тус тус заасан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 оны 71 дүгээр тушаалаар батлагдсан "Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын дүрэм"-ийн 3.3.4-т “Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нь улсын бүртгэгч болон харьяа сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг арга зүйн зөвлөгөө, мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах" гэж заасан.

Гэтэл 2013 оны 5 сард хийгдсэн шалгалтын дүнд илэрсэн зөрчлийг бүрэвч гүйцэд арилгаагүй нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн шалгалтын дүнгийн талаарх илтгэх хуудсаар нотлогдож байна.

Мөн “Үр дүнгийн гэрээ”-г дүгнээгүй байхад "Ажлын байрны тодорхойлолт"-д заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь буруу гэж үзсэн байна. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь бүртгэлийн хяналт шалгалтаар нотлогдсон байхад "Үр дүнгийн гэрээ"-г жилийн эцэст дүгнэхийг хүлээх үндэслэлгүй юм.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Х.Ц нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1290 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, одоо авч байгаа болон урьд нь байсан цалингийн зөрүүг тооцож олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргажээ.

2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 1290 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Засгийн газрын 2012 оны “Төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 78 дугаар тогтоолыг тус тус үндэслэн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр албан тушаал бууруулж шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Үүнд:

1. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэсний үндсэн дээр, мөн зүйлийн 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ" гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Ц-г ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж албан тушаалыг бууруулахдаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар төрийн эрх бүхий байгууллагын дүгнэлтийг буюу төсвийн ерөнхийлөн захирагч болон ерөнхий менежерийн хооронд байгуулсан 2013 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудсыг үндэслэн нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулах асуудлыг шийдвэрлэх байтал уг гэрээг дүгнэлгүй албан тушаалыг нь бууруулж шийдвэрлэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал хууль зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь бүртгэлийн хяналт шалгалтаар нотлогдсон байхад “Үр дүнгийн гэрээ”-г жилийн эцэст дүгнэхийг хүлээх үндэслэлгүй гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгч албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь төрийн эрх бүхий байгууллагаас түүнтэй байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэсэн дүгнэлт дээр үндэслэн нотлогдох байтал “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь нотлогдож байна” гэж үзсэн нь буруу байна.

Хариуцагчаас “Үр дүнгийн гэрээ”-г хангалтгүй биелүүлсэн талаар дүгнэсэн дүгнэлт байхгүй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн болон 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн илтгэх хуудсандаа нэхэмжлэгчийг хэлтсийн даргын албан үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар дурдаагүй байтлаа албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй байна.

2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 556 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэл, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дараа уг шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгах, дахин гаргахгүй байх үүднээс Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч Х.Ц “Зөрчил арилгах тухай” мэдэгдлийг зөрчил гаргасан Ө.Г, М.От, Л.Б, Д.Баярмаа, Э.О, О.С зэрэг нэр бүхий албан хаагчдад хүргүүлсэн байгаа нь нэхэмжлэгч ажлын байрны үндсэн зорилтын 3-т "Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх”, 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд “зөрчлөөс урьдчилан сэргийлж, гаргасан зөрчлийг арилгах” гэж заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн Х.Ц нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 392 дугаар тушаалаар хяналтын улсын байцаагчийн эрх авсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд нэхэмжлэгч Х.Ц нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧИД

Text Box: ШҮҮГЧИДЭ.ЗОРИГТБААТАР

 

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Б.ТУНГАЛАГСАЙХАН