| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2020/00014/э |
| Дугаар | 2020/ШЦТ/16 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/16
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр,
Шүүгдэгч П.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт П.Л-д холбогдох эрүүгийн 1926004890297 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт П.Л
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Л нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Д.Н-н гэрийн хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Э-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Н.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багт гэртээ байсан. Л, М гэх хүнтэй манайд 1 шил 0,75 литрийн архи уусан. Тэгээд дахиж архи ууна гээд надаас мөнгө нэхээд байхаар нь 1 дэх өдөр банк онгойхоор мөнгийг чинь аваад өгье гэж хэлсэн. Тэгсэн Л хашаанд тоглож байсан миний хүү М-г барьж аваад багалзуурдаад бөгс рүү нь алгадаад байсан. Тэгэхээр нь би Л-с хүүхдээ булаагаад автал газар байсан 4 хуруу орчим хэмжээтэй чулууг аваад миний зүүн гарын шуу хэсэг рүү цохисон. Миний гар сонин болоод явчихсан. Тэгээд би ээж Н-д миний гар сонин болчихлоо гэсэн чинь хашаанаас гараад явсан. Удалгүй цагдаа дагуулаад орж ирсэн. Би шууд эмнэлэг явж гараа үзүүлэхэд хугарсан байна гэсэн. Тухайн үйл явдал болоход манай ээж Д.Н, дүү Н.М, Н.М, О нар байсан. Урьд нь П.Л зодож цохиж байгаагүй. Одоо надад гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Д.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай хүргэн Л нь М гэх залуутай 2 шил архи уусан. П.Л согтчихоод манай хүүгийн мотоциклийг унах гээд байхаар нь Э унуулахгүй цагдаад баригдана гэсэн чинь П.Л, Н.Э-г мотоциклио хармаллаа гэсэн шалтгаанаар маргалдаж эхэлсэн. Тэгээд П.Л-г мотоцикль унуулахгүй гээд Н.Э бид хоёр гэрийн хаяанд дарж хэвтсэн. Тэгсэн үгэнд орохгүй хашаанаас гарч яваад том чулуугаар Н.Э-гийн зүүн гарын шуу хэсэгт цохисон. Н.Э-гийн гар унжчихсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд Н.Э, П.Л хоёрыг аваад явсан. П.Л тэр өдрөө эрүүлжүүлэх баривчлах байранд хоноод, Н.Э эмнэлэгт гараа үзүүлж байгаад ирсэн. Хэрэг болсон үед Н.Э эрүүл, П.Л согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Н.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр яг хэднээр гэдгийг нь санахгүй байна. П.Л ах М гэх ахтай манай гэрт архи уусан. М ах нь тасраад унтаад өгсөн. П.Л ах согтуу Чулуунхүү ахын мотоциклийг унана гээд байсан. Тухайн үед ээж, Н.Э эгч хоёр П.Л ахыг явуулахгүй гээд дарж байсан. П.Л ах босч ирээд чулуугаар Н.Э эгчийн гарыг цохиод хугалчихсан. Эгч гар хугалчихлаа цагдаа дуудаарай гэсэн. Тэгээд цагдаа нар ирээд Н.Э эгч, П.Л ах 2-ыг аваад явсан. П.Л ах тэр шөнөө ирж хоноогүй. Н.Э эгч харин гар нь хугарсан гээд гараа гипсдүүлсэн ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Н.Мын мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр яг хэднээр гэдгийг нь санахгүй байна. П.Л ах М гэх ахтай манай гэрт архи уусан. М ах нь тасраад унтаад өгсөн. П.Л ах дахиж архи ууна гээд мотоцикл унаж гарах гээд байсан. Тэгэхээр нь ээж Д.Н мотоциклийн түлхүүрийг нь нуучихсан. П.Л ах хашаанд дотор Н.Э эгчтэй маргалдаж байгаад газраас том чулуу аваад эгчийн зүүн гар луу нь цохисон. Тэгсэн эгчийн гар эвгүй болчихсон. Манай ээж өөрийнхөө гар утсаар цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд Н.Э эгч, П.Л ах 2-ыг аваад явсан. Эгч орой нь эмнэлэгээр явж байгаад ирлээ гээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 576 дугаартай “...Үзүүлэгч Н.Э-гийн биед зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Л-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 42-47, 49-53, 55-57 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Л-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Л-н яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 35-36 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч П.Л нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноёны 10 дугаар багийн 1 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух иргэн Д.Н-н гэрийн хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Э-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч П.Л-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Э-н “... 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багт гэртээ байсан. Л, М гэх хүнтэй манайд 1 шил 0,75 литрийн архи уусан. Тэгээд дахиж архи ууна гээд надаас мөнгө нэхээд байхаар нь 1 өдөр банк онгойхоор мөнгийг чинь аваад өгье гэж хэлсэн. Тэгсэн Л хашаанд тоглож байсан миний хүү М-г барьж аваад багалзуурдаад бөгс рүү нь алгадаад байсан. Тэгэхээр нь би Л-с хүүхдээ булаагаад автал газар байсан 4 хуруу орчим хэмжээтэй чулууг аваад миний зүүн гарын шуу хэсэг рүү цохисон. Миний гар сонин болоод явчихсан. Тэгээд би ээж Н-д миний гар сонин болчихлоо гэсэн чинь хашаанаас гараад явсан. Би шууд эмнэлэг явж гараа үзүүлэхэд хугарсан байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Д.Н-н “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай хүргэн Л нь М гэх залуутай 2 шил архи уусан. Л согтчихоод манай хүүгийн мотоциклийг унах гээд байхаар нь Э унуулахгүй цагдаад баригдана гэсэн чинь Л Э-г мотоциклио хармаллаа гэсэн шалтгаанаар маргалдаж эхэлсэн. Тэгээд Л-г мотоцикль унуулахгүй гээд Э бид хоёр гэрийн хаяанд дарж хэвтсэн. Тэгсэн үгэнд орохгүй хашаанаас гарч яваад том чулуугаар Эгийн зүүн гарын шуу хэсэгт цохисон. Эгийн гар унжчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/, насанд хүрээгүй гэрч Н.М-н “...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Л ах М гэх ахтай манай гэрт архи уусан. ...Л ах босч ирээд чулуугаар Э эгчийн гарыг цохиод хугалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, насанд хүрээгүй гэрч Н.М-н “...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр ...Л ах хашаанд дотор Э эгчтэй маргалдаж байгаад газраас том чулуу аваад эгчийн зүүн гар луу нь цохисон. Тэгсэн эгчийн гар эвгүй болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/, хохирогч Н.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 576 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Боржигон овогт П.Л-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч П.Л-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хуульчилжээ.
Хохирогч Н.Э, шүүгдэгч П.Л нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Н, насанд хүрээгүй гэрч Н.М, Н.М нарын мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Л-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч П.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Боржигон овогт П.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд шүүгдэгч П.Лг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоох зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч П.Л-г бүртгэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоож хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдаж,
Шүүгдэгч П.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Эд 50.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч П.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт П.Л-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт П.Л-г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч П.Лд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч П.Л-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч П.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Эд 50.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Л-д
авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.