Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/41

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч: А.Амарсанаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хонгорборжигон овогт *******д холбогдох 1926004070020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хонгорборжигон овогт *******, регистрийн дугаар:ЙН*******,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн *******ын гээгдүүлсэн хаан банкны виза картыг ашиглан ******* дугаартай харилцах данснаас 540.000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас авч, эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв ...” гэв.

 

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас өдрийн 12 цагт Арвайхээр суманд орж ирсэн. Төв бараан захаар явж ойр зуурын юм бэлдсэн. Тэгээд гутлаа янзлуулаад байж байтал тухайн гутал засварчин карт уншихгүй гэхээр нь би “Баку” худалдааны төв дотор байрлах бэлэн мөнгөний машинаас 50.000 төгрөг бэлнээр аваад тухайн бэлэн мөнгөний машинаас карт болон мөнгө хоёроо аваад “Амно” худалдааны төв орсон. Тэгээд тухайн газраас гараад айраг зардаг найз дээрээ очиж юм ярьж байгаад буцаж очиж гутлаа аваад захаас мотоцикльтай гараад захын хойд талын “Шунхлай” шатахуун түгээх газар очоод мотоцикльд бензин хийх гээд өөрийн хаан банкны картаа хайтал байхгүй байсан. Тэгээд явсан газруудаараа үзсэн миний карт олдоогүй. Тэгээд би Өвөрхангай аймгийн төв гандангийн ард талд байдаг ахындаа утсаа цэнэглэсэн байсан болохоор очоод утсаа аваад үзтэл миний картнаас 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөгний зарлага гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч*******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би нэг өдөр ээж дүү хоёртой хүнсний зүйл цуглуулах гээд зах орсон. Тэгээд Арвин худалдааны төвийн өндөг зардаг тасгийн хажууд жижигхэн ногоон өнгийн жижигхэн манай ээжийн карттай адилхан карт газар байсан. Тэгэхээр нь би ээж картаа хаячихсан юм байна гэж бодоод ээжид өгсөн. Ээж тэгээд тухайн картыг аваад цүнхэндээ хийсэн. Тэгээд “Арвин” худалдааны төвөөс гараад явж байтал аав залгасан картанд чинь мөнгө хийсэн гэж хэллээ гэж ээж хэлсэн. Тэгээд ээж дүү бид 3 хаан банкны бэлэн мөнгөний машин дээр авсан. Тэгээд мөнгө автал 540.000 төгрөг гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ, төслийн ЛЭНДС ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09-34 дугаартай үнэлгээ /хх-ийн 43-46 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 63-67, 70-86, 89-96, 99-102, 105-107 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 107 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 87 дугаар хуудас/,

Хохирогч *******ын прокурорт гаргасан: “...*******гээс хохирол 550.000 төгрөгийг авсан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 111 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэн *******ын гээгдүүлсэн хаан банкны виза картыг ашиглан ******* дугаартай харилцах данснаас 540.000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас авч, эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын “... 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ....“Шунхлай” шатахуун түгээх газар очоод мотоцикльд бензин хийх гээд өөрийн хаан банкны картаа хайтал байхгүй байсан. Тэгээд явсан газруудаараа үзсэн миний карт олдоогүй. Тэгээд би Өвөрхангай аймгийн төв гандангийн ард талд байдаг ахындаа утсаа цэнэглэсэн байсан болохоор очоод утсаа аваад үзтэл миний картнаас 540 000 /таван зуун дөчин мянга/ төгрөгний зарлага гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/, насанд хүрээгүй гэрч*******ын: “...Арвин худалдааны төвийн өндөг зардаг тасгийн хажууд жижигхэн ногоон өнгийн жижигхэн манай ээжийн карттай адилхан карт газар байсан. Тэгэхээр нь би ээж картаа хаячихсан юм байна гэж бодоод ээжид өгсөн. Ээж тэгээд тухайн картыг аваад цүнхэндээ хийсэн. Тэгээд “Арвин” худалдааны төвөөс гараад явж байтал аав залгасан картанд чинь мөнгө хийсэн гэж хэллээ гэж ээж хэлсэн. Тэгээд ээж дүү бид 3 хаан банкны бэлэн мөнгөний машин дээр авсан. Тэгээд мөнгө автал 540.000 төгрөг гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,  Хөрөнгийн үнэлгээ, төслийн ЛЭНДС ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09-34 дугаартай үнэлгээ /хх-ийн 43-46/,  хохирол төлсөн баримт /хх-ийн 87/, хохирогч *******ын прокурорт гаргасан: “...*******гээс хохирол 550.000 төгрөгийг авсан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 111/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны үед хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг саналыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын тогтоол, санал  “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт   “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг 90 хоногийн дотор… биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т “...энэ хуулийн 160.1-т заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураараа биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж заасан байх тул  шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацаа заалгүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй болно. Харин шүүгдэгч нь торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлэх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******д 550.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 минут 54 секундын бичлэг бүхий сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр,

 

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3.4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хонгорборжигон овогт *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хонгорборжигон овогт *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол   шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******д 550.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн  бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 минут 54 секундын бичлэг бүхий сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.