| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2020/00076/э |
| Дугаар | 2020/ШЦТ/65 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/65
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогнууд овгийн *******д холбогдох эрүүгийн 2026000850064 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Мулсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цогнууд овогт *******, /РД: *******/;
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд иргэн *******ийн толгойн тус газар нь модон сандалаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Ахин ийм зүйл хийхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна ...” гэв.
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед өөрийн хашаанд *******гийн эхнэр машинаа унаж ирээд хашаанд оруулчихсан. Тэгээд машинаасаа 1 шил архи гаргаж, тухайн архийг *******, ******* нартай хувааж уусан. ******* эхнэр *******тэйгээ хардаж, хажуудаа байсан модон сандалаар толгойн хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Хэдэн удаа цохисон талаар бол мэдэхгүй. Би нилээн согтуу байсан учир өмнөөс нь эсэргүүцэж чадаагүй. Тэгээд би гэрээсээ зугтаж гараад ******* гэх эгч дээр очиж намайг хүн зодсон талаар хэлж цагдаад мэдэгдсэн. Модон сандалаар толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 03-ны орой 23 цаг өнгөрч байхад манай нөхрийн ахынх нь хүүхэд ******* цээж нүцгэн гаднаас орж ирээд, намайг гэртээ амрах гэж байхад хүн орж ирээд зодчихлоо гээд байсан. *******ийн нуруу, гэдэс, нүүр хэсэг нь цус болчихсон, баруун талын нүд нь хавдчихсан орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Гэрч *******йн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *******ийн нүүр нь хавдчихсан цус болчихсон байхаар нь зодоон болсон юм байна л гэж бодоод гэртээ харьсан. Тэгээд маргааш нь манай нөхөр *******, *******ийг зодсон талаар мэдээд би өөрөө бодохдоо намайг хардаад зодоон болсон юм байна л гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 124 дугаартай “...Үзүүлэгч *******ийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор хана, доод ханын хугарал, баруун зүүн нүдний салстад цус хурвалт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар, хацарын төвгөр, хамрын нуруу хэсэгт цус хуралт, баруун зүүн тохой, зүүн шуу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 38-41, 42, 44-48, 51-52, 55-57, 60 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******гийн яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/,
Хохирогч *******ийн “... Би *******тай сайн дураараа эвлэрсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохиролд 300.000 төгрөг авсан..” гэсэн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд иргэн *******ийн толгойн тус газар нь модон сандалаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч *******ийн “...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ...******* эхнэр *******тэйгээ хардаж, хажуудаа байсан модон сандалаар толгойн хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Хэдэн удаа цохисон талаар бол мэдэхгүй. Би нилээн согтуу байсан учир өмнөөс нь эсэргүүцэж чадаагүй. Тэгээд би гэрээсээ зугтаж гараад ******* гэх эгч дээр очиж намайг хүн зодсон талаар хэлж цагдаад мэдэгдсэн. Модон сандалаар толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7/, гэрч *******ын “..2020 оны 03 дугаар сарын 03-ны орой 23 цаг өнгөрч байхад манай нөхөрийн ахынх нь хүүхэд ******* цээж нүцгэн гаднаас орж ирээд, намайг гэртээ амрах гэж байхад хүн орж ирээд зодчихлоо гээд байсан. *******ийн нуруу, гэдэс, нүүр хэсэг нь цус болчихсон, баруун талын нүд нь хавдчихсан орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/, гэрч *******йн “... 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *******ийн нүүр нь хавдчихсан цус болчихсон байхаар нь зодоон болсон юм байна л гэж бодоод гэртээ харьсан. Тэгээд маргааш нь манай нөхөр *******, *******ийг зодсон талаар мэдээд би өөрөө бодохдоо намайг хардаад зодоон болсон юм байна л гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/, хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 19-20/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Цогнууд овогт *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон ...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг 90 хоногийн дотор… биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т “...энэ хуулийн 160.1-т заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураараа биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацаа заалгүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй болно. Харин шүүгдэгч нь торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******ид 300.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3.4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цогнууд овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цогнууд овогт *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******ид 300.000 төгрөг төлсөн хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.