Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/60

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уран Дэмчиг овогт *******д холбогдох эрүүгийн 2026000400047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Уран Дэмчиг овогт *******, регистрийн дугаар *******;

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим иргэн *******ын толгойн тус газар нь шилбүүрээр цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн үед тэрэг түрсэн хүн явж байхаар нь морио асууя гэж бодоод араас нь алхаж очсон чинь ******* байсан. Тэгэхээр нь манай морийг харсан уу гэж асуусан чинь өмнөөс ямар нэгэн үг хэлэлгүй миний барьж явсан шилбүүрийг аваад миний толгой руу цохихоор нь би барилцаж аваад өмнө нь хагалгаанд орсон оёдолоос айгаад больсон. Тэгсэн ******* миний толгой руу шилбүүрээр хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Би *******тай барилцаад авсан чинь шилбүүр газар унасан. Тэгээд ******* яваад өгсөн. Би шилбүүрээ аваад гэртээ харьсан. Гэртээ ирээд эхнэр *******, охин ******* харт хэлсэн чинь манай охин очиж *******тай уулзсан ба аашлаад байна гэж хэлсэн. Гомдолтой байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. Манай нөхөр малдаа явлаа гээд гарсан. Тэгээд 2-3 цагийн дараа гаднаас орж ирэх үедээ толгойноос нь цус гарчихсан орж ирсэн. Юу болсон талаар асуухад ******* гэх хүн дахиад зодчихлоо гэж ирсэн. Толгойн оройн хэсэгт нь болон чихэнд нь нилээн хэдэн шалбархай болчихсон байсан. Тэгээд тухайн ******* гэх хүн рүү охин *******г явуулсан чинь ******* гэх хүний охин уурлаад өмнөөс нь дайраад байх юм гээд буцаад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би болсон хэргийн талаар мэдээгүй. Сүүлд нь цагдаа нар өчигдөр танай нөхөр хүн зодсон байна гэж ирэхэд нь мэдсэн. Тэрнээс бол манай нөхөр надад хэлээгүй. Тэгэхээр нь би орой *******ыг ирэхээр нь асуухад хавраас хойш намайг хэл амаар янз бүрээр хэлээд байхаар нь дургүй хүрээд байсан юм. Тэгээд надаас морь хаана байна гэж асуухаар нь би барьж явсан шилбүүрээр нь нь толгойг нь үрж үрж байгаад явуулчихсан юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй. *******аас хэрэг болсны дараа л дуулсан. Намайг ус аваад явж байсан чинь араас шилбүүрээрээ ******* өвгөн цохихоор нь би шилбүүрийг нь булааж аваад толгойг нь шилбүүрээр нь үрчихсэн юм гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаартай “...Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, толгойн зулай хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 33-40, 47-48, 52-63 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Хохирогч *******ын “.. *******тай сайн дураараа эвлэрсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохиролд 300.000 төгрөг авсан...” гэсэн шүүхэд гаргасан хүсэлт,

 

Яллагдагч *******ын хохирогч *******тай сайн дураараа эвлэрсэн.  Хохирогчид учирсан хохирлыг 2 сард хуваан төлнө гэсэн шүүхэд гарсан хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******ын толгойн тус газар нь шилбүүрээр цохисоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч *******ын “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн үед тэрэг түрсэн хүн явж байхаар нь морио асууя гэж бодоод араас нь алхаж очсон чинь ******* байсан. Тэгэхээр нь манай морийг харсан уу гэж асуусан чинь өмнөөс ямар нэгэн үг хэлэлгүй миний барьж явсан шилбүүрийг аваад миний толгой руу цохихоор нь би барилцаж аваад өмнө нь хагалгаанд орсон оёдолоос айгаад больсон. Тэгсэн ******* миний толгой руу шилбүүрээр хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч *******гийн “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. Манай нөхөр малдаа явлаа гээд гарсан. Тэгээд 2-3 цагийн дараа гаднаас орж ирэх үедээ толгойноос нь цус гарчихсан орж ирсэн. Юу болсон талаар асуухад ******* гэх хүн дахиад зодчихлоо гэж ирсэн. Толгойн оройн хэсэгт нь болон чихэнд нь нилээн хэдэн шалбархай болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/, гэрч *******ийн “...*******ыг ирэхээр нь асуухад хавраас хойш намайг хэл амаар янз бүрээр хэлээд байхаар нь дургүй хүрээд байсан юм. Тэгээд надаас морь хаана байна гэж асуухаар нь би барьж явсан шилбүүрээр нь нь толгойг нь үрж үрж байгаад явуулчихсан юм гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч *******ын “...*******аас хэрэг болсны дараа л дуулсан. Намайг ус аваад явж байсан чинь араас шилбүүрээрээ ******* өвгөн цохихоор нь би шилбүүрийг нь булааж аваад толгойг нь шилбүүрээр нь үрчихсэн юм гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/, Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 31/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Уран Дэмчиг овогт *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон   “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт   “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг 90 хоногийн дотор… биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т “...энэ хуулийн 160.1-т заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураараа биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж заасан байх тул  шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацаа заалгүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй болно. Харин шүүгдэгч нь торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлэх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

 

Хохирогч ******* 500.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч ******* нь хохирогч *******д 250.000 төгрөг төлсөн, 250.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул  иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүүгдэгч *******аас 250.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгуулахыг, 

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

 

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 4, 5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Уран Дэмчиг овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Уран Дэмчиг овогт *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй,  гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Хохирогч ******* 500.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч ******* нь хохирогч *******д 250.000 төгрөг төлсөн, 250.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул  иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүүгдэгч *******аас 250.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгосугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон материалтай 92 см урттай, үзүүртээ сур, сурны үзүүрт алаг эрээн өнгийн даавуу уясан шибүүр 1 ширхэгийг устгасугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.