Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2014/0413

 

Н.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, гуравдагч этгээд Х.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй, Н.Н-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ховд аймгийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Н.Н миний бие 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр барилгын материалын үйлдвэрийн удирдах ерөнхий газрын харьяа Ховд аймгийн ХМҮ-ийн дарга Б.А-ийн 12 дугаар тушаалын дагуу актлагдсан уурын зуухны барилгыг 117500 төгрөгөөр худалдан авч зориулалтыг нь өөрчилж агуулахын зориулалтаар ашиглаж байгаад 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, 000119082 дугаартай гэрчилгээ авч хууль ёсны өмчлөгч болсон.

Миний эзэмшлийн уг объектын хос яндан байрладаг байсан газрыг Ховд аймгийн Засаг дарга байсан Г.Н нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9 дүгээр хуралдааны 09/07 тоот тогтоолын 1-р хавсралтын 15-д заасан утга агуулга илэрхий алдаатай заалтыг үндэслэн 2012 оны 3

дугаар сарын 02-ны өдрийн А/51 тоот Засаг даргын захирамж гаргаж, газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зохион байгуулж, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Засаг даргын А/111 дугаартай захирамжаар Х.Б-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон.

Миний бие Ховд аймгийн Засаг дарга Г.Н-д холбогдуулан А/51 дүгээр захирамж, А/111 дүгээр захирамжийн Х.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр захирамжид Х.Б-д Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг, Цементийн үйлдвэрийн урд талд 2 га газрыг авто дромын үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэж заасан байна. Кадастрын зургаас харахад иргэн Х.Б-д цементийн үйлдвэрийн зүүн талд газар олгосон байх тул Засаг даргын захирамж нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, шүүхэд хандах эрхгүй этгээд байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Уг шийдвэрийг хүлээн аваад Ховд аймгийн Засаг дарга Г.Н-д хандахад Ховд аймгийн ГХБХБ газраас 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “захирамжийг дахин өөрчилж, байршлыг нь цементийн үйлдвэрийн зүүн талд болгон өөрчлөхөөр болж байна. Захирамжийн байршлыг буруу тавьж гаргасандаа хүлцэл өчье” гэсэн агуулга бүхий албан бичиг ирсэн юм. Улмаар миний бие аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б, төлөөлөгч Д.Х нарт амаар болон бичгээр Ховд аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд тогтоолын хууль бус заалтыг хүчингүй болгуулах талаар хүсэлт өргөдөл гаргасан юм. Миний хүсэлтийн дагуу ИТХ-ын 2013 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит бус хуралдаанд аймгийн ИТХ-ын 2011 оны 9-р хуралдааны 9/07 тоот тогтоолын 1-р хавсралтын авто дром гэсэн байршил бүхий заалтыг хүчингүй болгуулах санал оруулж, хэлэлцүүлэн олонхын саналаар дэмжигдэн хүчингүй болсон.

Гэтэл Х.Б аймгийн ИТХ-ын 2013 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохыг би 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Х.Б-гийн нөхөр н.Э нь хууль бусаар эзэмшиж буй газрынхаа хашааг татаж, миний өмчлөлийн хашаа руу орох газрыг хааж торлож байгааг хүмүүсээс асууж мэдсэн. Иймд Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9 дүгээр хуралдааны 9/07 тоот тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Иргэн аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил хэмжээ, хөрөнгө оруулалт”-ын 1-д “Жаргалант сумын нутаг дэвсгэрт авто дром гэсэн байршилд 2 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэсэн заалтыг утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэж хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нэхэмжлэгч Н.Н миний бие Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9 дүгээр хуралдааны 9/07 тоот тогтоолын 1-р хавсралтын 15 дахь хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна. Үүнд:

Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/51 тоот дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамжийн 1 дэх заалт буюу авто дромын үйлчилгээний зориулалтаар Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт цементийн үйлдвэрийн урд талд 2.0 га газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай.

Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/111 тоот газар эзэмших зөвшөөрөл олгох тухай захирамжийн 1 дэх заалт буюу Х овогтой Б-д Рашаант багт цементийн үйлдвэрийн урд талд 2.0 га газрыг үйлчилгээ, авто дромын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх тухай захирамжууд нь нэхэмжлэгч Н.Н миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, тус газрыг эзэмших эрхийг ноцтой зөрчсөн тул дээрх захирамжуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал захиргааны хэргийн шүүхэд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хууль бус акт нь эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтны шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасан байдаг.

Иргэн Н.Н танай шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгтэй танилцахад энэ асуудлаар илүү мэдээлэлтэй байсан нь захиргааны хэргийн шүүхэд 2012 онд гаргаж байсан нэхэмжлэлээс харахад ойлгомжтой байна. Аливаа байгууллага эрх зүйн актыг бусдад мэдэгдэх хоёр зарчим байдаг. Үүнээс эрх зүйн актыг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулах үүргийг манай байгууллага хүлээх ёсгүй гэж үзэж байна. Учир нь Ховд аймгийн ИТХ-ын 2011 оны 9 дүгээр хуралдааны 9/07 дугаар тогтоол нь хувь хүн, аль нэг аж ахуйн нэгж, байгууллагын эрх ашгийн төлөө гаргасан эрх зүйн акт биш тул тухайн актыг хэн нэгэнд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулах үүрэг манай байгууллагад үүсэхгүй.

Дээрх тогтоол нь нэгдүгээрт нийтийн эрх ашгийн төлөө үйлчлэх эрх зүйн акт, хоёрдугаарт Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, аймгийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, аймгийн 2012 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний газар эзэмшүүлэх, ашиглуулах, газрын кадастрын зургаар баталгаажуулан ил тод байрлуулан сурталчлах ажлыг аймгийн Засаг даргад даалгасан заалттай. Иймд Засаг даргаас 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтыг үндэслэн манай дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Дуудлага худалдаа зохион байгуулах” тухай А/51 дүгээр захирамж гаргаж газар эзэмших эрхийн дуудлага худалдааг 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулж явуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмших эрхийн дуудлага худалдаа явуулах тухай зар мэдээг аймгийн Ховд мэдээ сонины 2012 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн №08 /342/ дугаарт нийтлүүлсэн ба Ховд ТВ, Эко телевизээр нэвтрүүлж олон нийтэд хүргэсэн байна. Энэ нь эрх зүйн актыг мэдэгдэх хоёрдох зарчмыг хангасан гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх тогтоол нь 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан. Одоо 1 жил 9 сар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн акт юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд, иргэн Н.Н-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хамтран хариуцагч Ховд аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаарсарын 23-ны өдрийн 9 дүгээр хуралдааны “2012 оны Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө” батлах тухай 9/07 дугаар тогтоолын “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэр үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх” газрыг баталсан 1 дүгээр хавсралт болон Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн гаргасан аймгийн Засаг даргын “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/51 дүгээр захирамжийн дагуу зохион байгуулсан дуудлага худалдааны ялагч болсон Х-ийн Б-д аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/111 дүгээр захирамжаар үйлчилгээ, авто дромын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн учир нэхэмжлэгч Н-ийн Н-ийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гаргасан аймгийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/51 дүгээр захирамжийн 1 дэх заалт, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 111 дүгээр захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах гэсэн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Х.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаар 9/07 дугаартай тогтоол гаргаж 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан. 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээг 72.856 га байхаар тогтоож, тогтоолын 1 дүгээр хавсралтын 15 дугаарт Жаргалан сумын Рашаант багт 2 га газрыг авто дромын зориулалтаар эзэмшүүлэхээр заасан.

...Миний бие газар эзэмшиж аваад авто дромын зориулалтаар эзэмшиж, ашиглахаар хашаа хийлгэж, /1 ширхэг 85000 төгрөг/, бараа борлуулсны гаалийн татвар, тээврийн зардал, гагнуур хийлгэх зардал, цахилгааны төлбөр, шон суулгасны хөлс, нүх ухах, тоосго авах суулгах, нүүрсний хог ачих, хөрсөө цэвэршүүлэх, шинээр шороо буулгах, гүвээ байгуулах, ажил гүйцэтгэх гэрээний хөлс зэрэгт хамгийн багаар бодоход нийт 200-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Одоо ч зориулалтын дагуу ашиглаж байна.

Гэтэл Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тогтоолоор Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9 дүгээр хуралдааны 9/07 дугаартай 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын 15-д заасан 2 га газрыг авто дромын үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх гэснийг хүчингүй болгож 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан нь Газрын тухай хуулиар тогтоосон газар зохион байгуулалтыг Засаг даргын шийдвэрээр аймгийн газрын албаны зохион байгуулж танилцуулах, Засаг даргын саналаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах үндэслэл журмыг зөрсөн.

....Миний эзэмшиж буй газрын хажууд нэг граж байдаг бөгөөд уг гражыг Н.Н гэх хүн эзэмшдэг. Намайг анх дуудлага худалдаагаар авто дромын зориулалтаар Жаргалант сумын Рашаант багт цементийн үйлдвэрийн зүүн талд 8414710013 нэгж талбайтай 2.0 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж авахад Н.Н гэх хүн миний өмчлөлийн газрыг эзэмшүүлчихлээ гэж маргаж Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг. Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл Н.Н нь миний эзэмшиж буй авто дромын зориулалттай 2 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан баталсан Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаар 9/07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил хэмжээ хөрөнгө оруулалтын 15-д Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт авто дромын зориулалтаар олгохоор тусгагдсан 2 га газар гэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Уг нь ИТХ-ын тогтоолын холбогдох хэсгийн улмаас Н.Н-ийн эрх хөндөгдсөн гэж дүгнэх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй байхад захиргааны хэрэг үүсгэсэнд гомдолтой байна. Н.Н-ийн эзэмшлийн 2 яндан байрладаг газар нь төрийн өмч, төрийн өөрийн өмчлөлийн газраа Газрын тухай хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу иргэн надад эзэмшүүлсэн нь Н.Н-ийн эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй.”гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 29 дүгээр зүйлийн 29.1.3 г, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан “Ховд аймгийн ИТХ- ын 2011 оны 9 дүгээр хуралдааны 9/07 тоот тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Иргэн аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, хөрөнгө оруулалт”-ын 1-д “Жаргалант сумын нутаг дэвсгэрт авто дром гэсэн байршилд 2 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/51 тоот дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамжийн 1 дэх заалт буюу авто дромын үйлчилгээний зориулалтаар Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт цементийн үйлдвэрийн урд талд 2.0 га газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/111 тоот газар эзэмших зөвшөөрөл олгох тухай захирамжийн 1 дэх заалт буюу Х овогтой Б-д Рашаант багт цементийн үйлдвэрийн урд талд 2.0 га газрыг үйлчилгээ, авто дромын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Н давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 29 дүгээр зүйлийн 29.1 Зг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 22 дугаар шүүхийн шийдвэрийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үүнд: Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9 дүгээр хуралдааны 9/07 тоот тогтоолын 1-р хавсралтаар баталсан “иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, хөрөнгө оруулалтын” 1-д Жаргалант сумын нутаг дэвсгэрт авто дром гэсэн байршилд 2 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/51 тоот Ховд аймгийн Засаг даргын дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамжийн дагуу авто дромын үйлчилгээний зориулалтаар Жаргалант сумын Рашаант багт Цементийн үйлдвэрийн урд талд 2.0 га газрын дуудлага худалдаа зохион байгуулж, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/111 тоот Ховд аймгийн Засаг даргын газар эзэмших зөвшөөрөл олгох тухай захирамжийн 1 дэх заалтаар Хөхөө овогтой Бямбаад Жаргалант сумын Рашаан багийн нутаг, цементийн үйлдвэрийн урд талд 2.0 га газрыг үйлчилгээ, авто дромын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Ховд аймгийн Засаг даргын дээрх А/51, А/111 тоот захирамж нь Газрын тухай хуулийг буруу хэрэглэсэн, утга агуулгын хувьд алдаатай захиргааны акт болох нь анхан шатны шүүх хуралдаанаар батлагдсан.

 

Өөрөөр хэлбэл.иргэн Х.Б-д Рашаант багийн нутаг дэвсгэрт цементийн үйлдвэрийн урд талд 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон атлаа, кадастрын зурагт тухайн 2 га газрын байршлыг цементийн үйлдвэрийн зүүн талд олгосон байдаг. Энэ нь нэхэмжлэгч миний 1991 онд актлагдсан уурын зуухны барилгыг худалдан авч склад, агуулахын зориулалтаар ашиглахад, мөн өөрийн өмчлөлийн склад руу нэвтрэн ороход саад болж байгаа юм. 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/111 тоот Ховд аймгийн Засаг даргын газар эзэмших зөвшөөрөл олгох тухай захирамжийн 1 дүгээр заалт буюу Х.Б-д олгосон газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн төдийгүй, уг газрыг анхнаасаа иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийг зөрчсөн. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн жилийн газар зохион байгуулалтыг хэлэлцэн батлах учиртай. Гэвч Газрын тухай хуулийн дагуу тухайн шатны Засаг дарга аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газрын ерөнхий төлөвлөгөө оруулж ирээгүй нь гэрч Р.Ц-гийн ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ю.А-ын саналаар авто дромын газар орж ирээд иргэдийн Хурлаас дэмжигдээд дараа онд нь дуудлага худалдаанд ороод, хуулийн дагуу газар эзэмшүүлсэн ... гэх мэдүүлгээр нотлогддог.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хос яндангийн төмрийг зарсан боловч цементэн суурийг эзэмшилдээ байлгаж, ашиглаж хамгаалаагүй байна гэж дүгнэсэн. Гэвч Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт зааснаар уурын зуух, складны дагалдах зүйл нь тухайн яндан гэж үзэх үндэслэлтэй.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 61 тоот тогтоолын хяналтын хэсэгт ... Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Засаг даргаас өргөн мэдүүлсэн эсэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг байршил хэрхэн тусгагдан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн. Гэвч анхан шатны шүүх дээрх тогтоолын дагуу ажиллагааг хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохоор заасан. Дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь илтэд нэхэмжлэгч миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт төдийгүй, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох складыг чөлөөтэй эзэмших, ашиглах, орж гарахад Засаг даргын А/51, А/111 тоот захирамж нь ноцтой саад учруулж байгаа билээ. Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 22 тоот шийдвэрийг хүчингүй болгож, миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэн Н.Н-оос Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, хөрөнгө оруулалтын 1-д Жаргалант сумын нутаг дэвсгэрт “авто дром” гэсэн байршилд 2 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн заалт, Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/51 дүгээр захирамжийн 1 дэх заалт, мөн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/111 дүгээр захирамжийн 1 дэх заалт буюу Х.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9 дүгээр хуралдааны 9/07 дугаар тогтоолоор иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэр, үйлчилгээ эрхлэх зориулалтаар 72.856 га газрыг эзэмшүүлэхээр 2012 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дотор Жаргалант сумын нутаг дэвсгэрт “авто дром” гэсэн байршилд 2 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгасан байна.

Уг тогтоолоор аймгийн 2012 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, төлөвлөгөөний дагуу эзэмшүүлэх, ашиглуулах газрыг кадастрын зургаар баталгаажуулан нийтэд ил байршуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллахыг Ховд аймгийн Засаг даргад даалгажээ.

Нэхэмжлэгчээс дээрх тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд “авто дром” гэсэн байршилд тусгагдсан газар нь түүний худалдаж авсан уурын зуухны актлагдсан барилга руу орох, гарах гарцыг хаасан, мөн худалдаж авсан уурын зуухны хэсэг болох яндан байгаа газрыг давхцуулаад газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус, уг хууль бус тогтоолыг үндэслэж гарсан Ховд аймгийн Засаг даргын захирамжууд хууль бус гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Н.Н нь 1991 онд цементийн үйлдвэрийн зүүн талд байрлах уурын зуухны актлагдсан барилгыг худалдан авч, 2010 онд агуулахын зориулалтаар 324 м.кв талбай бүхий агуулахын барилгын өмчлөгчөөр Ү- 161700**** дугаарт бүртгүүлж, гэрчилгээ авчээ.

Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжаар түүнд барилгын доорх 0.037 га газрыг агуулахын зориулалтаар олгож, 20071**** нэгж талбарын дугаараар газрын байршлын кадастрын зурагт талбайн хэмжээг 369.3 м.кв тогтоож эзэмшүүлжээ.

Харин гуравдагч этгээд Х.Б-д Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/111 дүгээр захирамжаар Жаргалант сумын Рашаант багийн нутагт, цементийн үйлдвэрийн урд талд байршуулан 2.0 га газрыг үйлчилгээ, авто дромын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгожээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9/07 дугаар тогтоолыг үндэслэн, аймгийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/51 дүгээр захирамжаар зохион байгуулсан дуудлага худалдаанд ялагч болсон тул дээрх газрыг эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.Н-ийн худалдаж авсан уурын зуухны барилгын газар нь маргаж буй Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9/07 дугаар тогтоолоор батлагдсан, эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан гуравдагч этгээд Х.Б-д олгогдсон газартай давхцаагүй болох нь 841471**** нэгж талбарын дугаартай газрын байршлын кадастрын зургаар, мөн нэхэмжлэгчийн агуулахын зориулалтаар ашиглаж буй барилга руу нэвтрэх орц гарцын асуудал нь шийдэгдсэн болох нь хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “хэл ам хийж байж гарц гаргаж авсан...” гэсэн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байх бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч үгүйсгэхгүй байна.

Шүүхийн үзлэгээр уурын зуухны яндан гэх 2x2 м хэмжээтэй, 4,3x2,7 м хэмжээтэй 2 ширхэг ашиглагдахгүй болсон цементэн суурь нь нэхэмжлэгч Н.Н-ийн агуулахын барилгаас 7,8 м зайтай байрлаж байгааг тогтоосон, уг яндангийн суурь, орчны газар нь гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан фото зургаас хогийн цэг болсон байсан нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар түүний өмч гэж үзэх боломжгүй бөгөөд яндангийн суурь нь эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан 2 га газарт байршиж байгаа хэдий ч нэхэмжлэгч уг яндангийн суурийг уурын зуухны барилгын хамт худалдаж авсан, эзэмшиж байсан гэх баримтууд байхгүй, тэрээр уг яндангийн суурийг өөрийн өмч гэдгийг баримтаар нотолж чадахгүй байгаа тул уг яндангийн суурийг түүний өмч, уг суурь байгаа газрыг түүний эзэмшлийн газар гэж үзэх үндэслэлгүй тул Ховд аймгийн Засаг даргын гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь заалтыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс маргаж буй газрын байршлыг “цементийн үйлдвэрийн зүүн, зүүн урд” гэж тайлбарлан маргаж байгаа ч гуравдагч этгээд Х.Б-д олгогдсон газрын байршил нь нэхэмжлэгчийн агуулахын зориулалтаар эзэмшиж буй газартай давхцаагүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байгаа тул захирамжид заасан байршил зөрүүтэй бичигдсэнээр нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцуулан эзэмшүүлсэн гэж үзэх үндэсгүй юм.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд тухайн газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, уг тогтоолыг үндэслэн аймгийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж, уг дуудлага худалдаанд ялагч болсон гуравдагч этгээд иргэн Х.Б-д уг газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байх бөгөөд уг захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧИД:                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                               Э.ХАЛИУНБАЯР

                                                          Д.БААТАРХҮҮ