Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2019/ДШМ/311

 

2019           4              9                                              2019/ДШМ/311

 

 

   Н.Н, Д.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ба.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ба.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Н, Д.М нарт холбогдох эрүүгийн 1806044421430 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн  Н.Н, 1956 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Увс аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/;

Х овгийн  Д.М, 1984 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ..................../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 623 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн;

Н.Н нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн Цэргийн хотхон, 5 дугаар хэсэг, 1-13 тоотод оршин суух өөрийн гэртээ иргэн Д.Мтой маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Д.М нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн Цэргийн хотхон, 5 дугаар хэсэг, 1-13 тоотод иргэн Н.Бтай маргалдсаны улмаас түүнийг зодож, Н.Бын зүүн гаран тус газар модоор цохиж, богтос ясны далд хугарал буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, мөн зүүн гуян тус газар нь модоор цохиж шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн Цэргийн хотхон, 5 дугаар хэсэг, 1-13 тоотод иргэн Н.Нтой маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Д.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Н.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ныг 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөрөөр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.25 м урттай, 9 см өргөнтэй, 4 см зузаантай, доод ирмэгээс дээш 11 см зайд 9х2 см хэмжээтэй хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.М, Н.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Моос 120.000 төгрөгийг гаргуулж Н.Нт, Н.Ноос 48.300 төгрөгийг гаргуулж Д.Мд тус тус олгох, хохирогч Н.Б нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ба.Эрдэнэбаатар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокуророос Д.М нь хохирогч Н.Быг зодохдоо биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн Н.Быг зодох явцдаа болон хохирогч Н.Ныг зодохдоо биед нь тус тус хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн.

Шүүхийн шийдвэрээс үзэхэд ямар үндэслэлээр Д.Мд холбогдох 2 хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгосон нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд гэмт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, өөрөөр хэлбэл нэг гэмт үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцохоор заасан нь харагдаж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа, мөн хуулийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулахаар тус тус заасан байх тул яллагдагч Д.Мд гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулахаар байхад шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь буруу байна.

Иймд шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.Н, Д.М нарт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Шүүгдэгч Н.Н, Д.М нар нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн Цэргийн хотхон, 5 дугаар хэсэг, 1-13 тоот хашаанд “борооны ус зайлуулах нүх таглалаа” гэсэн маргаанаас үүдэн хоорондоо зодолдож, Н.Н нь Д.Мын духанд сорви бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Д.М нь Н.Нт тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны дотор салстын цус харвалт, баруун, зүүн шууны зулгаралт, зүүн шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Н.Бт богтос ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн хэрэг үйлдсэн болох нь:

 Шүүгдэгч Н.Н, Д.М нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, тэдний мэдүүлгүүд нь хохирогч Н.Бын “...Тухайн үед би гэнэт манараад газар унатал тэр залуу мод аваад намайг цохисон. Тэгэхээр нь би гараагаа хаасан. Дахиад цохихоор нь хөлөөрөө хаасан...” /хх-20-22/, Н.Нын “... Д.М нь манай хашааг давж орж ирээд миний баруун нүд рүү гараараа хоёр удаа цохихоор нь би уур хүрээд хашаан дотор байсан 1 метр урттай мод аваад зөрүүлээд толгой руу нь нэг удаа цохисон...” /хх-25-27/, Д.Мын “... Н.Н гуай тойрч хүрч ирээд миний толгой руу нөгөө модоороо цохиод миний толгойг хагалахаар нь би доош суусан...” /хх-29-30/, гэрч Д.Д-ийн “... тэр эмэгтэй “хүүхэд аллаа” гээд орилохоор нь хартал тэр хөгшин мод барьчихсан Д.Мыг шууд очоод толгой руу нь нэг удаа цохисон...” /хх-33-34/, Б.З-ын “... хүмүүс хэрэлдээд шуугиад байхаар нь гараад хашаан дээрээс харсан чинь Даваадорж ах, Д.М, мөн 30 орчим насны залуу, 60 гаран насны ах дөрвүүлээ маргалдсан байдалтай, Д.Мын толгойноос цус гарчихсан байж байсан...” /хх-35/, С.Ц-ийн “...Д.М, Н.Нын нүүр лүү 2 удаа гараа цохихоор нь би болиулсан... би гэр лүүгээ ороод цагдаа дуудаад эргээд гарч иртэл Б газар унасан, Д.М модоор гар луу нь цохиж байсан...” /хх-36/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6237 дугаартай Н.Нын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-39/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6194 дугаартай Н.Бын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7826 дугаартай Д.Мын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-50/, эд мөрийн баримт хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-142-149/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Д.Мын хохирогч Н.Н, Н.Б нарын биед хөнгөн хохирол учруулсан үйдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Учир нь, Д.М нь хохирогчийн эрүүл мэндэд нэг цаг хугацаанд, нэг санаа зорилгоор, нэг үйлдлээр гэмтэл учруулсан байх тул түүний хохирогч Н.Бын биед хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль хүнд зүйл, хэсгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Д.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Н.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн, нийт 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөрөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Н.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Иймд прокурор Ба.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ба.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

    

ШҮҮГЧ                                                             Н.БАТСАЙХАН

           

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН