| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2020/00034/э |
| Дугаар | 2020/ШЦТ/54 |
| Огноо | 2020-04-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/54
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Юмжирдулам,
Хохирогч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******од холбогдох 2026000000011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ял шийтгэлтгүй, Боржигон овогтой *******, регистрийн дугаар *******;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 дугаар багийн нутаг “Петровис” шатахуун түгээх станцын ар талын хойноосоо урагшаа чиглэл бүхий туслах зам дээр ******* улсын дугаартай “Тоуоtа prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.9 дэх “... Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.11 дэх "... Зогс шугам гэрэл, буюу зохицуулагчийн хориглосон дохио, 3.5 тэмдэгийн заалтыг биелүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл зогсох газрыг заана.” заалтуудыг тус тус зөрчисний улмаас зүүнээс баруун тийшээ чиглэл бүхий гол замаар хөдөлгөөнд оролцож байсан Б.Бямбын жолоодож явсан цагаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой мөргөлдөж уг мотоциклийн ар талд зорчиж явсан *******ийн биед нурууны ТМ2 нугаламын их биеийн бяцарсан хугарал, нугас шахагдал, нурууны ТМ1 нугаламын арын сэртэнгийн хөндлөн хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж багийнхаа “Өрхийн эрүүл мэнд”-ийн төвтэй гэрээ хийчихээд явж байгаад “Петровис” шатахуун түгээх станцын уулзвар дээр зам тээврийн осол гаргасан. Тухайн үед би төв зам руу нийлэхээр туслах замаас орохдоо баруунаас зүүн тийш чиглэсэн болон зүүнээс баруун тийш чиглэсэн хөдөлгөөнийг сайтар харсан. Гэвч Цагдаагийн газрын самбар тээглэж үзэгдэх орчинг сарниулсан юм билээ. Төв зам руу дөнгөж нийлээд явж байтал араас машин мөргөх шиг болсон. Буугаад хартал Б.Бямба болон ******* нар мотоцикльтой осолдсон байсан. Би эмнэлэг болон цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Эмнэлэг болон цагдаагаас хүн иртэл нь хүйтэн засмал зам дээр суулгаад яахав гээд өргөж машиндаа суулгасан. Тэр үед ******* хөдлөхөөр нуруу өвдөж байна гэж хэлж байсан. Аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд үзүүлэхэд Улаанбаатар хотод очиж хагалгаанд орох шаардлагатай гэсэн учраас Улаанбаатар хотруу машин гаргаж бензинийг нь хийж өгч би өөрөө хамт явсан. Улаанбаатар хотод байх хугацаанд нь эмчилгээний бүх зардлыг даасан. Мөн хувийн хэрэгсэл хоол зэрэг бүхий л дэмжлэг туслалцааг өөрийнхөө чадах хэмжээгээр үзүүлсэн. Эмнэлгээс гарсаны дараа хотод байрлах байр байхгүй гэсэн учраас байр түрээслэх төлбөрөө төлөөрэй гэж 300.000 төгрөгийг өгсөн ” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би нэг хувийн компанид аж ахуйн нярав гэх ажлыг эрхэлдэг байсан. Хэрэг гарсан өдөр би өөрийн найз залуу Бямбын хамт явж байсан. Петровис колонкийн хажууд явж байтал гэнэт л бид осолдсон. Босоод хартал мотоцикль маань газар унасан байсан, биеэ хөдөлгөхөд нуруу их өвдөж байсан. Биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотод очиж нуруундаа хагалгаа хийлгэсэн. Эмнэлэгээс гараад 3 сар хэвтэрийн дэглэм барих шаардлагатай байсан. Би одоо урьдных шигээ ажлаа эрхлээд явах боломжгүй хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдаад байна. Үүнд гомдолтой байгаа. Эмнэлэгт давтан үзүүлэхэд рентгэн зураг авахуулах шаардлагатай гэсэн. Ажилгүй байсан хугацааны цалин сарын 1.500.000 төгрөг 3 сарын 4.500.00 төгрөг, Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг явсан онгоцны зардал 79.000 төгрөг, эм тариа, Баянхонгороос автомашин хөлсөлж ирсэн хөлс, бензины мөнгө бүгд нийлээд нийт 5.367.588 төгрөг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Бямба мотоциклио унаад би ард нь сууж явсан. Бид 2 зүүнээсээ баруун чиглэлтэй явж байхад “Петровис” шатахуун түгээх станцын уулзвар хэсэгт байх нэг мэдэхэд мотоцикльтойгоо уначихсан газарт хэвтэж байсан. Тэр үед мотоцикльтой явж байсан болохоор даараад зам харж яваагүй доошоогоо тонгойчихсон байсан юм. Тэгээд босох гэсэн чинь нуруу өвдөөд хөдөлж чадахгүй байсан. БОЭТ-д очиж үзүүлэхэд миний нурууг гэмтсэн байна гэж хэлсэн. Эмчилгээ хийгэж нэг хоноод маргааш нь Улаанбаатар хотод ирж ГССҮТ-д хэвтэж эмчлүүлсэн. Ослын улмаас нуруу хэсэгт хугарал өгсөн мөн хадуулсан байгаа. ....Тэр үед нэг мэдэхэд мотоцикль нэг зүйлтэй мөргөлдөх шиг болоод уначихсан. Харахад цагаан өнгийн приус 20 машин зам дээр хөндлөн зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
Гэрч Б.Бямбын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар хороонд байх аавынхаа гэрээс өөрийн эзэмшлийн улсын дугааргүй цагаан өнгийн “Даюун” маркийн мотоциклио жолоодож найз охин *******ийг ардаа суулгаад явсан. Ингэж явахдаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар хорооны засмал замаар явж төв зам руу нийлээд зүүнээсээ баруун чиглэлтэй явсан. Тэгээд “Петровис” шатахуун түгээх станцын ардуур гараад явж байтал хойноос цагаан өнгийн “Toyota prius” маркийн машин туслах замаас төв зам руу шууд уулзвар нэвтэрээд ороод ирсэн. Уг нь би тухайн үедээ төв замын тээврийн хэрэгсэл учраас цагаан өнгийн “Toyota prius” маркийн авто машин надад зам тавьж өгөөд өнгөрсөний дараагаар төв зам руу орох байх гэж бодож байтал гэнэт ороод ирсэн. Энэ үед би мотоциклио зогсоох арга хэмжээ авч тормозоо гишгэсэн боловч зогсож амжихааргүй шууд мөргөлдсөн учраас хажуу тийшээ зөв тал руугаа дарж мотоцикль газар унаад тухай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Ингээд би босоод ирэхэд ******* газар хэвтчихээд нуруу өвдөөд байна босч чадахгүй нь гээд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Гэрч *******ны мөрдөн байцаалтанд өгсөн: “... ******* улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй боловч манай гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө юм. Тиймээс миний зүгээс гомдол санал, нэхэмжпэх зүйлгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 47 дугаартай: “... Үзүүлэгч *******ийн биед нурууны Th12 нугаламын их биеийн бяцарсан хугарал, нугас шахагдал, нурууны Th11 нугаламын арын сэртэнгийн хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,
Техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай: “...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлэгт заасан заалт- “ Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэнэ”-ийг зөрчсөн учир уг хэрэг зам тээврийн осол мөн байна. /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 3.1.6/, Жолооч ******* нь ******* улсын дугаартай, цагаан өнгийн “Toyota prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15-р бүлгийн 15.9 дэх заалт- “ Гол ба туслах замын уулзаврт туслах замаар яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”-ийг зөрчсөн учир зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. Жолооч Б.Бямба нь цагаан өнгийн Даюун маркийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3-р бүлгийн 3.2А заалт- “ Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна.” Мөн замын хөдөлгөөний дүрмийн 3-р бүлгийн 3.4В заалт” Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх-“ыг зөрчсөн нь зөрчлийн шинжтэй байна. Жолооч ******* нь ******* улсын дугаартай цагаан өнгийн “Toyota prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралт 1.11 заалт “Зогс шугам гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохио, 3.5 тэмдэгийн заалтыг биелүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл зогсоох газрыг заана”-ыг зөрчсөн байсан ба тухайн байрлуулсан байсан самбар нь зогсохыг заасан шугамны урд хэсэгт байрласан ба жолооч зогсох шугам дээр зогссон тохиолдолд зүүн баруун талаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг бүрэн олж харах боломжтой бөгөөд осол болоход самбар нөлөөлсөн байх боломжгүй юм...” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/,
Зам тээврийн осолд тогтоосон акт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 71, 73-80, 83-87, 90, 92-94 дүгээр хуудас/,
Хохирогч *******ийн №17655 дугаартай өвчний түүх, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-63 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *******ыг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 дугаар багийн нутаг “Петровис” шатахуун түгээх станцын ар талын хойноосоо урагшаа чиглэл бүхий туслах зам дээр ******* улсын дугаартай Тоуоtа prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.9 дэх “... Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.11 дэх "... Зогс шугам гэрэл, буюу зохицуулагчийн хориглосон дохио, 3.5 тэмдэгийн заалтыг биелүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл зогсох газрыг заана.” заалтуудыг тус тус зөрчисний улмаас зүүнээс баруун тийшээ чиглэл бүхий гол замаар хөдөлгөөнд оролцож байсан Б.Бямбын жолоодож явсан цагаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой мөргөлдөж уг мотоциклийн ар талд зорчиж явсан *******ийн биед нурууны ТМ2 нугаламын их биеийн бяцарсан хугарал, нугас шахагдал, нурууны ТМ1 нугаламын арын сэртэнгийн хөндлөн хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ийн “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Бямба мотоциклио унаад би ард нь сууж явсан. Бид 2 зүүнээсээ баруун чиглэлтэй явж байхад “Петровис” шатахуун түгээх станцын уулзвар хэсэгт нэг мэдэхэд мотоцикльтойгоо унаад газар хэвтэж байсан. Тэгээд босох гэсэн чинь нуруу өвдөөд хөдөлж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/, гэрч Б.Бямбын “....Уг нь би тухайн үедээ төв замын тээврийн хэрэгсэл учраас цагаан өнгийн “Toyota prius” маркийн авто машин надад зам тавьж өгөөд өнгөрсөний дараагаар төв зам руу орох байх гэж бодож байтал гэнэт ороод ирсэн. Энэ үед би мотоциклио зогсоох арга хэмжээ авч тормозоо гишгэсэн боловч зогсож амжихааргүй шууд мөргөлдсөн учраас хажуу тийшээ зөв тал руугаа дарж мотоцикль газар унаад тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Ингээд би босоод ирэхэд ******* газар хэвтчихээд нуруу өвдөөд байна босч чадахгүй нь гээд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-47/, хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 47 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/, Техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/, Зам тээврийн осолд тогтоосон акт /хх-ийн 7-9/, хохирогч *******ийн №17655 дугаартай өвчний түүх, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-63/ зэрэг болно.
Шүүгдэгч Боржигон овогт *******од холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдаж байна.
Хохирол төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь хохирогчид 2.324.195 төгрөг төлсөн. Хохирогч нь шүүх хуралдаанд нэмж гэм хорын хохиролд 5.367.588 төгрөгийг нэхэмжилснээс ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 4.500.000 төгрөг, онгоцны тийзны үнэ 79.000 төгрөг нийт 4.579.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. /хохирогч нь 4.500.000 төгрөгийн цалин авч байсан тухай болон онгоцны тийзны талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна/
Дээрх нэхэмжлэлээс Баянхонгор аймгаас Өвөрхангай аймаг руу автомашин хөлсөлж ирсэний хөлс 100.000 төгрөг нэхэмжилсэнээс 50.000 төгрөгийн нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үлдсэн 738.588 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлогдсон хохирол гэж үзэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******оос гаргуулж хохирогч *******д олгуулахаар шийдвэрлэж байна. Хохирогч нь хэлэлцэхгүй орхисон хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэлэлээ.
Шүүгдэгч нь 738.588 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******д 2.324.195 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын В ангиллын №868296 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч *******од буцаан олгож, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Петровис шатахуун түгээх станц байрлах хэсгийн хот хоорондын асфальтан замын уулзвар дээр зам тээврийн осол болж байх үеийн нөхцөл байдал бичигдсэн 14 секундын бичлэгтэй DVD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурьдаж,
Шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******д 2.324.195 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******оос 738.588 төгрөг гаргуулж хохирогч *******д олгож, иргэний нэхэмжлэлээс 4.579.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 50.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч *******д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын В ангиллын №868296 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч *******од буцаан олгож, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Петровис шатахуун түгээх станц байрлах хэсгийн хот хоорондын асфальтан замын уулзвар дээр зам тээврийн осол болж байх үеийн нөхцөл байдал бичигдсэн 14 секундын бичлэгтэй DVD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй .
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдьдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.