Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр                          Дугаар 2021/ШЦТ/144                                       Ханбогд сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ц ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т ,

Шүүгдэгч: О.Д  /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д  холбогдох эрүүгийн 2129000000129 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О Д  нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн Э.Д эзэмшлийн хургатай хонь 185, ишигтэй ямаа 158, нийт 343 тооны бог малыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3-р багийн нутаг дэвсгэрт маллахаар хүлээж аваад 2021 оны 08 дугаар сараас 09 сарын 20-ны өдрийн хооронд 35 хонь, 18 ямааг бусдад худалдан борлуулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж бусдад 13.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д холбогдох эрүүгийн 2129000000129 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой тохиролцсон 2.700.000 төгрөгийн торгуулиа 1 жил 5 сарын хугацаанд төлөх хүсэлтэй байна. Учир нь би саяхан “Х ” ХХК-д галчаар орсон ба цалин нь 10, 20-нд буудаг. Би хохирлоо бог мал болон бэлэн мөнгөөр хохирогч Э.Довдонтой тохиролцоод төлсөн гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/

 

-Э.Д Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 23 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Т  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.У өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

-2020 оны жилийн эцсийн малын тоо /хавтаст хэргийн 46 дахь тал/,

 

-Гэрч Д.Б   дугаартай, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтас хэргийн 70-74 дэх тал/,

 

-Шүүгдэгч О.Д  5607017169 дугаартай, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтас хэргийн 76-77 дахь тал/,

 

-“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний хуулбар /хавтаст хэргийн 53 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч О.Д  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,

 

-Шүүгдэгч О.Д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэнд олгох тодорхойлолт, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын үнэмлэх,  /хавтаст хэргийн 87, 90-97 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч О.Д  хүсэлт /хавтаст хэргийн 104 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д  хүсэлт /хавтаст хэргийн 105 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч О.Д нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн Э.Довдонгийн эзэмшлийн хургатай хонь 185, ишигтэй ямаа 158, нийт 343 тооны бог малыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3-р багийн нутаг дэвсгэрт маллахаар хүлээж аваад 2021 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 35 хонь, 18 ямааг бусдад худалдан борлуулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 13.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

-Мөдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр До  “Эхнэрийн хамт Даланзадгад сум руу явах ажилтай болчихлоо” гэж хэлээд манай малыг бид нарт орхиод явсан. Явсных нь дараах өдөр эхнэр бид хоёр хонь, ямаагаа тоолж үзэхэд манай малнаас олон тооны хонь, ямаа дутаж байсан. Тэгээд тухайн үед Доёддорж руу залгаж “Мал дутуу байна, яасан юм бэ?" гэж асуухад Доёддорж “мал бүрэн байгаа. Тасарчихсан байгаа юм байлгүй дээ” гэж хэлээд байсан. Тэгээд эхнэр бид хоёр 6 хоног хөдөөгөөр малаа хайсан. Мөн Д Даланзадгадаас ирсний дараа 2 хоног малаа хайгаад олоогүй юм. Сумын махны дэлгүүрүүдээс орж үзэхэд “Малчин” нэртэй махны захын худалдагч Ууганцэцэг гэдэг эмэгтэйн бүртгэлийн дэвтэрт Доёд гээд мал зарсан тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн данс зэрэг зүйлсийг бичсэн байсан”. “...Би эхнэрийн хамт 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Доёддоржид хонь хургатайгаа 185, ямаа ишигтэйгээ 158, нийт 343 тооны хонь ямаа хүлээлгэж өгсөн”, “...манай малаас 35 хонь, 18 ямаа, нийт 53 тооны бог мал дутсан.”, “...Манай малаас дутсан 53 тооны малыг манай малчин хийж байсан Доёддорж авч нядлаад Цогтцэций сумын төвийн махны ченжид зарсан байсныг би махны дэлгүүрүүдээр орж асууж авч байгаад мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 23 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Т  өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр Д  эхнэрийн хамт Даланзадгад сум руу явах ажилтай болчихлоо гэж хэлээд манай малыг бид нарт орхиод явсан. Тэгээд явсны дараа маргааш өдөр нь нөхөр бид хоёр хонь ямаагаа тоолж үзэхэд манай малаас олон тооны хонь ямаа дутаж байсан тэгээд тухайн үед Д  руу залгаж мал дутуу байна яасан бэ  гэж асуухад Д хэлэхдээ байгаа мал бүрэн байгаа тасарчихсан юм байлгүй дээ гэж хэлээд байсан. Тэгээд нөхөр бид хоёр 6 хоног хөдөөгөөр малаа хайсан мөн Д Даланзадгадаас ирсний дараа 2 хоног малаа хайгаад олоогүй юм. Тэгээд би махны захаар орж үзье гэж бодоод Цогтцэций сумын махны захын дэлгүүрүүдээр орж үзэхэд “Малчин” нэртэй махны захын худалдагч Ууганцэцэг гэдэг эмэгтэй бүртгэлийн дэвтэрт Доёд гээд мах зарсан тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн данс зэрэг зүйлийг бичсэн байсан”, “нөхөр бид хоёр 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Доёддоржид малаа хүлээлгэж өгөхдөө хонь хургатайгаа 185, ямаа ишигтэйгээ 158, нийт 343 тооны хонь ямаа тоолж Д  хүлээлгэж өгч байсан. “… Манай малаас дутсан 53 тооны малыг манай малчин хийж байсан Д  авч нядлаад Цогтцэций сумын төвийн махны ченжид зарсан байсныг би махны дэлгүүрүүдээр орж асууж явж байгаад мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.У  өгсөн “...Би одоо хувиараа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байх “Малчин” нэртэй махны захад лангуу түрээсэлж ажиллуулдаг юм...”энэ залуу манайд 2021 оны 08 дугаар сараас эхлээд надад хонь ямааны мах нийлүүлдэг байсан. Хэдэн тооны мал нийлүүлсэн талаар би тоог нь сайн мэдэхгүй байна. Манай нөхрийн бүртгэлийн дэвтэр дээр байгаа. Одоогоор хэдэн тооны мал өгсөн талаар тоо байхгүй. Манайд өгсөн махны мөнгийг миний өөрийн хаан банкны 5598021546 дугаарын данснаас Доёддоржийн өөрийн хаан банкны 5607017169 гэсэн дугаарын данс болон Батчимэг гэх хүний 5591079817 гэсэн дугаарын дансанд шилжүүлдэг байсан...харин сүүлд 2021 оны 10 дугаар сарын эхээр байсан санагдаж байна. Малын эзэн Довдон гэх хүний эхнэр ирээд танайд Доёддорж гэх хүн мал өгсөн үү гэж асууж байсан. Тэр үед бүртгэлийн дэвтрээ үзэхэд манай дэлгүүрт хонь ямааны мах өгсөн бүртгэл байсан. Тэр үед нь Д гэдэг нэртэй залуу байсан гэдгийг нь мөн айлын мал маллаж байсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Б  өгсөн “...би одоо хувиараа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байх “Малчин” нэртэй махны захад лангуу түрээсэлж ажиллуулдаг юм...Би Д  танина. Цогтцэций сумын төвд үйлчилгээний төвүүдийн гал түлээд явж байдаг байсан. Садан төрөл, найз нөхдийн харилцаа байхгүй. “...Д  2021 оны 08 дугаар сараас эхлээд надад хонь ямааны мах авчирч ирж өгдөг байсан. Надад өгсөн хонь ямааны тоог бичсэн дэвтрээсээ харахад надад 9 ширхэг хонь, 3 ширхэг ямаа өгсөн байна. Мөн манай эхнэр У  5 ширхэг хонь өгсөн гэж хэлж байсан, тухайн үед нь дэвтэрт бичигдээгүй байна лээ. Өөр бас нэлээн хэдэн малын мах өгч байсан тэр үед нь дэвтэрт бичигдээгүй өнгөрсөн байж магадгүй. Нийт хэдэн тооны малын махыг надад өгсөн тоог нь гүйцэд гаргаж мэдэхгүй байна мөнгийг нь тухайн үед манай эхнэр С.У  хаан банкны  дугаарын данснаас Д  өөрийн нь хаан банкны  гэсэн дугаарын данс болон Б  гэх хүний   гэсэн дугаарын дансанд шилжүүлдэг байсан. “...Надад малын мах өгөхдөө хаанаас ямар малын мах өгч байгаа талаар ярьдаггүй. Би энэ яадаг малын мах авч ирж байгаа юм яагаад мал зараад байгаа юм гэж асуухад надад дүү шинэ гэр барих гэж байгаа юм гэж хэлж байсан” ...Би ямар унаагаар авч ирсэн талаар мэдэхгүй байна. Д  гэх хүний малаас авч ирдэг байсан гэдгийг сүүлд мэдсэн. Д  авч ирсэн малаа эгч Батчимэг гэх хүний хашаанд мал нядалдаг Лхагва гэх хүнээр гаргуулдаг байсан. Малаа нядлаад дуусаад махаа аваарай” гээд над руу ярихаар нь би очиж мах авдаг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Б өгсөн “...Доёддорж надад анх хэлэхдээ миний мал маллаж байгаа айлаас хөлсөнд өгч байгаа малаа аваад ирлээ нядалж зарах гэсэн юм гэж хэлээд манай хашаанд ойролцоогоор 5-6 удаа миний машинаар мал ачиж авчраад нядлаад зардаг байсан...Доёддорж хамгийн эхэнд 2021 оны 08 дугаар сарын эхээр 1 тооны хонь авчраад нядлаад зарсан. Дараа нь хэд хэдэн удаа хонь авчраад хүн дуудаж нядлуулаад зардаг байсан. Би яг хэдэн тооны хонь авч ирж байсныг сайн санахгүй байна. Ойролцоогоор 30 гаран хонь, 15 ямааг манай хашаанд авч ирж нядалсан. Д  нядалсан малынхаа арьс ширийг хогийн цэг дээр хаяна гэж хэлээд аваад явдаг байсан. Мал зарсан төлбөр мөнгөө бэлнээр авдаг байсан. Зарим тохиолдолд миний  дугаарын дансыг өгөөд шилжүүлдэг байсан. Тэгээд дараа миний картыг Доёддорж авч яваад мөнгөө гаргаж аваад эргүүлэн өгдөг байсан. Д  над руу залгаад хүрээд ирээч гэж хэл хэлэхээр нь би яваад очихоор миний машинд мал ачаад бид хоёр цуг сумын төв рүү манай хашаа руу явж очоод Доёддорж хүн дуудаад малаа нядлуулдаг байсан. Суманд мах зардаг ченж нарт зардаг байх гэж бодож байна ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч О.До  яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...Би 2021 оны 05 дугаар сарын дундуур Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байдаг гэртээ байж байгаад тус сумын зарын групп дээр “Айлын мал маллана” гэж зар тавьсан. 2021 оны 06 дугаар сард Довдон гэдэг хүн над руу залгаад “Зарын дагуу ярьж байна. мал маллах уу” гэхээр нь би зөвшөөрөөд малыг морины овооны хажууд байдаг малын хороон дээр авсан. “...Довдон ахтай 1 жилийн хугацаатай мал маллахаар аман хэлцэл хийж, нэг малыг 1500 төгрөгөөр бодож мал маллах үнэ хөлсөө хоорондоо тохирсон. Мал маллаж байх хугацаандаа 9-10 удаа сумын төв рүү орж 35 орчим тооны хонь, 18 тооны ямааг сумын төвд байдаг махны ченжид зарж борлуулан, олсон мөнгөөрөө өр зээлээ дарж, ойрын хэрэглээндээ зарцуулаад дуусгасан. Тэгээд малаа Довдон ахад хүлээлгэж өгөхөд 53 тооны хонь ямаа дутахад нь би “мал алга болчихсон байх” гэж хэлээд үлдсэн малыг нь өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/

 

-2020 оны жилийн эцсийн байдлаар Э.Д эзэмшилд бүртгэгдсэн малын тооны үзүүлэлт /хавтаст хэргийн 46 дахь тал/

 

-Гэрч Д.Б эзэмшлийн  дугаартай “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 65-69 дэх тал/

 

-Шүүгдэгч О.Д эзэмшлийн  дугаартай, “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 76-77 дахь тал/

 

-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 412 дугаартай эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч О.Д  үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор Э.Д  томилсон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 14 дэх тал/

 

Хохирогч Э.Д  эд хөрөнгөд 13.760.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 412 дугаартай эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт “эр хонь 280.000 төгрөгийн нэгж үнэ бүхий 35 ширхэг хонь 9.800.000 төгрөг, эр ямаа 220.000 төгрөгийн нэгж үнэ бүхий 18 ширхэг ямаа 3.960.000 төгрөг нийт 13.760.000 төгрөг” гэх дүгнэлт, хохирогчийн гаргасан гомдол, мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хавтас хэргийн 53 дахь тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болсон нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Д  өгсөн “Хохирогч Э.Д би Д хоорондоо эвлэрч хөрөнгийн маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Д  ямар нэгэн маргаангүй болсон” гэх тайлбар /хавтас хэргийн 105 дахь тал / болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д  “...Би хохирлоо бог мал болон бэлэн мөнгөөр хохирогч Э.Д  тохиролцоод төлсөн” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Д  нь гэм хорын хохиролд бог мал болон бэлэн мөнгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д  өгч хохирлыг барагдуулсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д  нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч О.Д  нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн Э.Д  эзэмшлийн хургатай хонь 185, ишигтэй ямаа 158, нийт 343 тооны бог малыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3-р багийн нутаг дэвсгэрт маллахаар хүлээж аваад 2021 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 35 хонь, 18 ямааг бусдад худалдан борлуулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 13.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч О.Д  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 87 дахь тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч О.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянган долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч О.Д нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт О  Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д  2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д  оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Д  нь гэм хорын хохиролд бог мал болон бэлэн мөнгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д  өгч хохирлыг барагдуулсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д  нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.

 

6. Шүүгдэгч О.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН