Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 521

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:А.М нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Ц олбогдох

 

гэрээний үүрэг 870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие эцэг, эх, дүү нарын хамт айлын хашаанд амьдарч байхдаа буюу 2015 оны 4 дүгээр сарын үед эцгийн талын хамаатан болох Б.Ц эгчтэй таарсан юм. Б.Ц эгч Сонгинохайрхан дүүргийн газрын албанд манай ахын хүүхэд ажилладаг тул танайд газар авч өгнө гээд манайхыг Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, тахилтын задгайд буулгуулсан. Манайхыг тэр газарт буусны дараа газар зохион байгуулагч Б гэж хүн ирээд энд газар өгөхгүй гэж бөөн хэл ам болсон учир тэр газраас нүүсэн. Хариуцагч Б.Ц ийнхүү надад газар бүтээж өгнө, газрын албаны хүнд зуучилж өгнө гээд нийт 750,000 төгрөгийг авсан. Үүнд: газрын кадастрын зурагны төлбөр 40,000 төгрөгийг түүний хүүхдийнх нь дансанд хийсэн, урьдчилгаа төлбөр болон хаягжилт хийх төлбөр гэж газрын албаны хүнд нийт 170,000 төгрөг өгсөн /мөнгө авсан хүн хэн гэж хүн байсныг санахгүй байна/, цагаан бичгийн үнэ 200,000 төгрөг, газрын албанд ажилладаг Б гэж хүнд нийт 240,000 төгрөг дансаанр шилжүүлсэн, Ц эгчийг газрын албаны хүнийг дагуулж ирэхэд нь 70,000 төгрөгөөр үнэлж нэг ямаа өгсөн, Цэцгээгийн хүүхдийн машинд 30,000 төгрөгийн бензин хийсэн. Дээрх мөнгийг газрын албаны холбогдох хүмүүст өгөхдөө Ц заавраар л өгч байсан, тиймээс энэ хүн хариуцах ёстой гэж үзэж, нэхэмжлэл гаргасан.

Мөн хариуцагч Б.Ц надаас 200,000 төгрөг түр хугацаагаар зээлж авсан бөгөөд үүнээс 80,000 төгрөгийг буцааж өгсөн, үлдэгдэл 120,000 төгрөг өгөх ёстой. Иймд нийт 870,000 төгрөгийг хариуцагч Б.Ц гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Анх шүүхэд 890,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч тооцоолол хийхдээ алдаа гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 20,000 төгрөгийн шаардлагаас татгалзсан.” гэжээ.  

Хариуцагч Б.Ц түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хариуцагч А.М гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг зөвшөөрнө. Нэхэмжлэгчээс 200,000 төгрөг зээлж авснаас 80,000 төгрөгийг нь буцааж өгсөн тул үлдэгдэл 120,000 төгрөгийг төлнө. Мөн хариуцагчийн хүүхдийн машинд 30,000 төгрөгт бензин хийсэн асуудлаар маргахгүй учир энэ мөнгийг төлье. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 150,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь энэ мөнгийг хариуцагч аваагүй ба нэхэмжлэгч нь өөрөө газар авах зорилгоор өөр хүмүүст өгсөн мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргаж өгсөн баримтаас үзэхэд Ц мөнгө авсан ямар ч баримт байхгүй ба талуудын хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй. Ямаа өгсөн гэж байгаа боловч хэзээ хэнд өгсөн нь тодорхойгүй байна. Харин Б гэж хүнд мөнгө шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт байгаа. Б гэж энэ хүн газар олгох нэрээр олон хүнээс мөнгө авсан асуудал гарч, эрүүгийн журмаар шалгагдаж дууссан байдаг. Нэхэмжлэгч нь баримтын дагуу мөнгийг хүлээн авсан этгээдүүдээс нэхэмжлэх нь зүйтэй байх. Тэрнээс биш энэ мөнгийг Б.Ц аваагүй тул хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 720,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Б.Ц холбогдуулж 870,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 750,000 төгрөгийг газар авахад зуучилж өгнө гэсэн хариуцагчийн өөрийнх нь амлалтын дагуу зарцуулсан тул хариуцагч Б.Ц хариуцах ёстой гэж, 120,000 төгрөгийг зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үлдэгдэл 120,000 төгрөг болон бинзений төлбөр гэх 30,000 төгрөг нийт 150,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгчээс дээрх мөнгийг аваагүй тул хариуцахгүй гэж маргасан байна.

 

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нар нь 200,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, үүнээс хариуцагч 80,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу хариуцагч Б.Ц нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 120,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэв.

Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 750,000 төгрөгийн хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 30,000 төгрөгөөс бусад хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Б.Ц, нэхэмжлэгч А.М нарын хооронд хууль гэрээнд үндэслэгдсэн үүргийн харилцаа үүссэн тохиолдолд нэхэмжлэгч нь үүргээ гүйцэтгэхийг буюу мөнгөө буцаан шаардах эрхтэй болно.

 

Гэтэл нэхэмжлэгч нь 720,000 төгрөгийг хариуцагч Б.Ц хариуцаж, хохиролгүй болгох ёстой гэж үзэж байгаа боловч тухайн мөнгийг хариуцагч авсан болохыг цаашлаад талуудын хооронд ямар үүргийн харилцаа үүссэн талаар өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй байна.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан. Хуулийн энэ үндэслэлээр мөнгө шаардах урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгчээс хариуцагчид хөрөнгө шилжүүлсэн байх, ийнхүү хөрөнгө шилжүүлсэн нь нотлогдож, тогтоогдсон байх шаардлагатай юм. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн үйл баримттай холбогдуулж нотлох баримтаар Хаан банкны орлогын мэдүүлэг 3 хуудас баримтыг гаргаж өгсөн боловч уг баримтын 240,000 төгрөг шилжүүлсэн 2 баримтад мөнгө хүлээн авагчийн нэр Н.Б, 40,000 төгрөг шилжүүлсэн 1 баримтад мөнгө хүлээн авагчийг  Ө.Б гэж тэмдэглэжээ. Үүнээс үзэхэд дээрх 280,000 төгрөгийг хариуцагч Б.Ц хүлээн авсан гэж үзэх боломжгүй бөгөөд өөрөөр хариуцагчид мөнгө, хөрөнгө шилжүүлсэн үйл баримтыг нотолсон ач холбогдол бүхий баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Ц хүүхдийн автомашинд хийсэн гэх бензин төлбөр 30,000 төгрөгийг буцаан төлөхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн тул энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иймд шүүх хариуцагчаас нийт 150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол, мөнгийг хүлээн авсан этгээдэд холбогдуулж нэхэмжлэл гаргах боломжтойг дурдаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц 150,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 5,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ц 150,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.М олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 720,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц улсын тэмдэгтийн хураамж 5,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.М олгосугай.

3.  Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ж.ЛХАГВАСҮРЭН