Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/141

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр                             Дугаар 2021/ШЦТ/141                                   Ханбогд сум

 

 

                             

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Э ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: Ш.С  /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш. С холбогдох эрүүгийн 2129000000146 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ш.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газар үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК-ийн ажилчдын амрах байранд байхдаа иргэн Б.С ажлаас болж маргалдан улмаар түүний зүүн гуянд хутгаар зүсэж биед нь “зүүн гуяны зүсэгдэж хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.С  холбогдох эрүүгийн 2129000000146 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.С  мэдүүлэхдээ:

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р тал/

 

-Эд мөрийн баримтаар түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13-р тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.С өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19-р тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Ц  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-р тал/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 598 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33-р тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.С яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42-р тал/

 

-Ш.С  суурь боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46-50, 53-р тал/

 

-Шүүгдэгчийн хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 51-52-р тал/

 

-Хохирогч Б.С  хүсэлт /хавтаст хэргийн 72-р тал/

 

-Шүүгдэгч Ш.С  хүсэлт /хавтаст хэргийн 73-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Ш.С  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Пүүшин мон” ХХК-ийн ажилчдын амрах байранд байхдаа иргэн Б.С ажлаас болж маргалдан улмаар түүний зүүн гуянд хутгаар зүсэж биед нь “зүүн гуяны зүсэгдэж хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:    

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.С  өгсөн: “...би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны ...18 цагийн үед ажлаасаа буугаад амрах өрөөндөө ороод байж байтал хамт ажилладаг Ц гэдэг залуу нэг шил 0,75 литрийн Эдэн нэртэй архи гаргаж ирээд С , Ц , Ч  бид нар хувааж ууж байхад ...С  бид хоёр ажлаас болж маргалдаад байж байтал С  шкафан дээр байсан эвхэгддэг хутга аваад миний зүүн талын хөлний гуяны дотор талд хутгалчихсан юм. Тэгээд миний хөлнөөс цус гараад байсан....” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 18-19-р тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ч  өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны ... 18:00 цагийн үед ажпаасаа буугаад амрах өрөөндөө байж байтал гаднаас Цогжаргал гэдэг хамт ажилладаг залуу хоёр том пиво нэг шил эдэн нэртэй архи бариад амрах өрөөнд орж ирээд ... Ш.С , Ц , Б.С  бид дөрөв хувааж уугаад бараг дуусах гэж байхад Ц амрах өрөөнөөс гараад би амрах өрөөны орон дээр гараад унтаад өгсөн. Тэгээд нэг сэрэхэд Ш.С , Б. С хоёр чанга чанга дуугараад хэрүүл маргаан хийгээд байх шиг болохоор нь би орон дээрээс босоод ирэхэд Б.С  гэдэг залууг Ш.С  нь хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 598 дугаартай шинжээчийн “1.Б  овогтой С биед зүүн гуяны зүсэгдэж хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл үүсчээ. 2. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33-р тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ш.С яллагдагчаар өгсөн: "... 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ...Ш.Цогжаргал хоёр том пиво нэг шил архи авч орж ирээд Ш.Ц , Б.Ч  бид гурав хоёр пивоо бараг хувааж уугаад дуусгах гэж байхад өрөөнд Б.С  орж ирээд Б.Ч  авч ирсэн нэг шил архиа задлаад бид дөрвүүлээ хувааж уугаад бараг дуусах гэж байхад Б.Ч  амарлаа гээд орон дээр гараад унтаад өгсөн. Ш.Ц  би амарлаа гэж хэлээд амрах өрөөнөөс гараад яваад өгсөн. Тэгээд Б.Сансар бид хоёр ажлаас болж маргалдаад байснаа санаж байна нэг мэдэхэд Б.С  “чи намайг хутгалчихлаа” гээд намайг түлхээд авахаар нь би тэр зуур сэрээд хартал хутгалчихсан байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.С  нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ш.С  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Б.С эрүүл мэндэд “зүүн гуяны зүсэгдэж хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 598 дугаартай” дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 32-33-р тал/   

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.С хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 14-р тал/

 

Хохирогч Б.С  нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг болон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт ирүүлсэн “Булган аймгийн Булган сумын Ачуут 1-р баг, Булаг хороолол 6-р гудамж 21 тоотод оршин суудаг Б  овогтой С  би 2021 оны 11 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө “П” ХХК-ын ажилчид амрах байранд Ш.С  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ойлголцож Ш.С  нь миний биед хутгаар халдсан. Ш.С үйлдсэн энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 18-19, 72-р тал/

 

Иймд шүүгдэгч Ш.С  хохирогч Б.С  нь гэм хорын хохиролд 800.000 төгрөг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Ш.С  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газар үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК-ийн ажилчдын амрах байранд байхдаа иргэн Б.С ажлаас болж маргалдан улмаар түүний зүүн гуянд хутгаар зүсэж биед нь “зүүн гуяны зүсэгдэж хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.  

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч Ш.С  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53-р тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.С  нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ш.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ш.С  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Ш.С  нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ш С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С  оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ш.С  нь хохирогч Б.С   гэм хорын хохиролд 800.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ш.С  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 17.7 см, бариулын урт нь 10.7 см, ажлын хэсгийн урт нь 7 см, ажлын хэсгийн зүүн хутганы ирний дээд хэсэгт 1.8 см ховил мэт зүйлтэй бариулын ар талд сэнжтэй бариулын баруун хэсэгт тавлагдсан хадаас мэт зүйлтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Сүхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН