| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2018/0032/И |
| Дугаар | 107 |
| Огноо | 2018-02-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 107
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Б.Б-,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг С.Б- нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б- сургууль /захирал Х.Х-, /-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б-, түүний өмгөөлөгч Д.А, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б- сургуулийн захирал Х.Х-, хариуцагчийн өмгөөлөгч С.Н, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б- сургуулийн мужаанаар эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өлгий хотын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4 тоот тушаалаар тус сургуульд мужаанаар, дараа нь 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар Өлгий сумын 4 дүгээр ахлах сургуульд мужааны ажилд томилогдсон юм. Гэтэл ажил олгогч Баян-Өлгий аймгийн Б- сургуулийн захирлаар ажиллаж байсан А.М- нь намайг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 56 тоот тушаалаар эрүүл мэндийн байдлын улмаас албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Энэхүү нөхцөл байдлыг би сургуулиас надад олгох тэтгэмжийг хөндөж байгаа үед буюу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сургуулийн захирал Х.Х- нь намайг ажлаас чөлөөлөгдсөн тушаалын канондсон хувийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үдэш хойш миний эхнэр М.Л-ад гардуулан өгсөн байна. Би ажил олгогчийн маш нууц байдлаар гаргасан 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 59 тоот тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1)Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл. Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, 35.1 ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална, 35.1.3 эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа гэсэн заалтыг
2)Ажил олгогчоос Б.Б- намайг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл хэсгийг баримтлаагүй байна. Хэрвээ гүйцэтгэж байгаа албан тушаалд намайг эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг үндэслэх ёстой юм.
3)Ажил олгогчоос Б.Б- намайг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй. Иймд намайг тус сургуулийн мужаанаар эгүүлэн томилох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Б-ын өмгөөлөгч Я.С- шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: Миний үйлчлүүлэгч Б.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр өвчний учир нас барсан. Иймд Б.Б-ын нэхэмжлэлтэй Өлгий сумын Ө- сургуульд холбогдох иргэний хэрэгт оролцохгүй гэжээ.
Нэхэмжлэгч С.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Б- нь 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тус бүрэн дунд сургуульд мужаанаар орж өдий хүртэл уг албан тушаалаар ажиллаж байгаа билээ. Ажиллах хугацаандаа сахилгын болон ажлын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй юм. Харин уг бүрэн дунд сургуулийн мужаанаар Б- гэдэг хүн 30-аад жил ажиллаж байгаад өвчний улмаас ажлаас гарсан учир намайг А.М- захирал тушаал гаргаж мужаанаар авч ажиллуулсан билээ. Гэтэл тус сургуульд шинээр томилогдсон захирал Х.Х- нь Төрийн аудитын газрын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09/40 тоот албан шаардлагыг үндэслэн намайг 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 111 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа юм. Иймд намайг тус сургуулийн мужаанаар эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б- сургуулийн захирал Х.Х- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Тус сургуулийн захирал асан А.М- 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 34 тоот тушаалаар өвчтэй байсан Б.Б-ын оронд мужаанаар С.Б-ийг түр томилсон байна. Мөн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 56 тоот тушаалаар Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтыг үндэслэн мужаан Б.Б- нь эрүүл мэндийн байдлын улмаас албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлжээ. Иргэн Б.Б-ыг чөлөөлөхөөс өмнө 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 55 тоот тушаалаар мужааны орон тоо гарсан тул С.Б-ийг мужааны ажилд томилжээ. Энэхүү 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 55 тоот тушаалууд нь зөрчилдөж байна. Учир нь, иргэн Б.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэл болгоогүй байж иргэн С.Б-ийг мужаанаар томилсон нь хууль зөрчсөн явдал мөн. С.Б-ийг ажлаас чөлөөлсөн тухай дурдахад:
1. Ө- сургуулийн 2017 оны захиргаа, аж ахуйн бүтэц орон тоог мужаан, цахилгаанчны орон тоог хавсарган 1 хүнээр баталсан байгаа болно. Мужааны орон тоо хасагдсан.
2.Сургуулийн зарим багш нарын өргөдлийн мөрөөр шалгасан аймгийн Төрийн аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09/40 тоот албан шаардлагад 2017 онд батлагдсан орон тоо 12 орон тоогоор хэтрүүлэн ажилласан. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.8-д “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, 16.5.2-т “батлагдсан төсвийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах зарцуулалтад хяналт тавих”, 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэсэн заалтуудыг зөрчиж байна. Иймд батлагдсан орон тооноос гадуур авч ажиллуулсан илүү орон тоог хасаж, цалингийн сандаа багтаан, батлагдсан орон тооны хязгаарыг мөрдөж ажиллах албан шаардлагын биелэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны дотор ирүүлэхийг шаардсан. Энэ нь мужаан-цахилгаанчныг ажиллуулах, мужаан илүүдэлтэй орон тоог цомхтгох гэсэн агуулгатай тайлбар болно.
3.Мужаанчин С.Б- нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой 2017 оны 10 дугаар сард шинэчлэн байгуулсан. Уг хөдөлмөрийн гэрээний 16.2 дахь заалтад энэхүү гэрээ байгуулагдсанаар өмнө нь бичгээр болон амаар тохиролцож хийсэн бүх гэрээ, хэлцэл хүчингүй болно гэж заасан тул захирал асан А.М-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр биш болно. Мөн Хөдөлмөрийн гэрээний 14.2.9 дэх заалтад заасанчлан 2017 оны тус сургуулийн захиргаа аж ахуй бүтэц орон тоог зөрчсөн хэрэг мөн. Иймд мужаанаар ажиллаж байсан С.Б- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 14.2.2, 16.2 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Б- шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Намайг яагаад ажлаас халсныг би өөрөө ч мэдэхгүй байгаа. Сургуульд очиж асуухад мужааны орон тоо байгаа гэж хэлсэн. Надаас өмнө Б- гэж хүн сургууль байгуулагдсанаас хойш ажиллаж байгаад өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн юм байна.Тэгээд би тэр хүний оронд 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс түр ажилд ороод дараа нь 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 55 дугаартай “Ажилд томилох тухай” бүр тушаалаар тус сургуульд мужаанаар томилогдсон. Нийтдээ 21 сар ажилласан байна. Ямар нэгэн зөрчил гаргаагүй. Ажилдаа хайнга хандаагүй нямбай ажиллаж байсан. Яагаад ажлаас гаргасныг мэдэхгүй байна. Тиймээс намайг өмнө ажиллаж байсан мужааны орон тоонд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б- сургуулийн захирал Х.Х- шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Мужаанчинаар ажиллаж байсан Б.Б-ийг яагаад ажлаас чөлөөлсөн бэ гэхлээр Ө- сургуулийн 2017 оны захиргаа аж ахуйн бүтэц орон тоог батлахдаа мужаан цахилгаанчны орон тоог нэгтгэж нэг хүнээр баталсан. Мужааны орон тоо хасагдсан. Зарим багш нарын гаргасан өргөдлийн дагуу шалгасан Аймгийн аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0940 тоот албан шаардлагад 2017 онд баталсан орон тоог 12 хүнээр хэтрүүлэн ажилласан. Энэ нь төсвийн тухай хуулийн 6.1.4-т заасан төсвийг үр ашигтай хэмнэлттэйгээр зарцуулах, 6.4.8-д заасан төсвийг зохистой удирдаж авлага өр төлбөр үүсгэхгүй байх, 16.5.2-т заасан баталсан төсвийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний төсвийн хөрөнгө удирдах, зарцуулалтад хяналт тавих, 16.5.3-т заасан батлагдсан цалингийн сан орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагад ажиллагсдын орон тоог тогтоох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймд баталсан орон тооноос илүү авч ажиллуулсан орон тоог хасаж цалингийн санд багтаан баталсан орон тоог мөрдөж ажиллах албан шаардлагын биелэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны дотор ирүүлэхийг шаардсан. Мужааны орон тоог хасаж цахилгаанчны орон тоонд нэгтгэх гэсэн агуулгатай дүгнэлт байсан. С.Б- нь хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 сард шинэчлэн байгуулсан. Уг гэрээний 17-д уг гэрээг байгуулснаар өмнө байгуулсан бүх гэрээ хүчингүй болно гэсэн заалт байгаа. Тиймээс хуучин М- захиралтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна. Мөн хөдөлмөрийн гэрээний 17.2.9-т заасанчлан 2017 оны захиргаа орон тоог зөрчсөн хэрэг байсан учраас Б-ийг ажлаас халагдах талаар 1 сарын өмнө болох 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдэж 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн юм. Б- бол 2018 оны шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ төсөв батлахад өгсөн материалууд нь хуурамч. Яагаад гэвэл 2018 оны батлагдсан төсөв бол бага ангид 518 гэсэн байна 565 байгаа. Дунд анги 438 гэсэн байна 459 байгаа. Ахлах ангид 262 гэсэн одоо бол 196 сурагч нийтдээ 1220 сурагчтай байгаа. Тэр гаргаж өгсөн баримт бол хуурамч баримт байна гэсэн дүгнэлттэй байгаа. Б- бол ажилдаа сайн. Би Б-ийг ажлаас нь үндэслэлгүй халаагүй. Орон тоо хасагдсан учраас Б- болон аж ахуйн нэгжийн ахлагч, хичээлийн зохицуулагч гэсэн 3 орон тоо хасагдсан болохоор ажлаас чөлөөлсөн байгаа. Би Б-ийг ажлаас зориуд халаагүй гэдгээ дахин дурдмаар байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б- өвчний улмаас 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр нас барсан болох нь Өлгий сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тус тус нотлогдож байна. Иймд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч Б.Б- нас барсан нь тогтоогдож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу түүний нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Учир нь, нэхэмжлэгч С.Б- нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1 жилийн хугацаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр Баян-Өлгий аймгийн Б- сургуульд мужаанаар ажиллаж байгаад, улмаар Баян-Өлгий аймгийн Б- сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 55 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар нэхэмжлэгч С.Б-ийг 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн мужааны ажилд томилсон байна.
Мөн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүл мэнд, нийгмийн Даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор ажил олгогч Баян-Өлгий аймгийн 4-р ахлах сургуулиас нэхэмжлэгч С.Б-ийн 2016 оны 4 дүгээр сараас эхлэн 2017 оны 8 дугаар сар дуустал хугацааны цалингаас шимтгэл төлж байсан нь нотлогдож байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хугацаагүй ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор заасан байхад ямар нэгэн үндэслэл шаардлага заагаагүй мөртлөө хариуцагч (ажил олгогч) Баян-Өлгий аймгийн Б- сургуулийн захирал Х.Х- нь нэхэмжлэгч (ажилтан) С.Б-тэй 2017-2018 гэж хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан хууль зөрчсөн байна. Мөн энэ Хөдөлмөрийн гэрээг талууд хэзээ байгуулсан нь тодорхойгүй, гэрээндээ огноог тусгаагүй байна.
Нэхэмлжлэгч С.Б- нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг барилгын мужаанчин мэргэжлээр төгссөн болох нь 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр олгосон бүртгэлийн дугаар 0415 дугаартай, Мэргэжлийн үнэмлэхийн Дугаар 201501785, түүний хавсралтаар нотлогдож байна.
Хариуцагч ажлаас халагдах талаар 1 сарын өмнө болох 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч С.Б-т мэдэгдсэн гэж мэдүүлсэн ба нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй болно.
Баян-Өлгий аймгийн Б- сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 111 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.4, Үндэсний Аудитын газрын Баян-Өлгий аймгийн харъя Төрийн аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09/40 тоот албан шаардлага 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн мэдэгдэх хуудас, Хөдөлмөрийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.2.2 зүйлд заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Б-ийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тус сургуулийн мужааны үүрэгт ажлаас чөлөөлөхөд доорх байдлаар Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн байна.
Үүнд:
- Хариуцагч талаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн боловсрол, соёл, спортын салбарын 2018 оны төсвийн төслийн жагсаалтын 32-т Өлгий сумын Ерөнхий боловсролын Ө- сургуулийн орон тоог удирдах-1, гүйцэтгэх-88, үйлчлэх-29, галч-1 бүгд 119 орон тоогоор батлагдсан болох нь нотлогдож байна. Энэ орон тооны жагсаалтаар мужааны орон тоо хасагдсан гэдэг тогтоогдохгүй байна.
-Хариуцагч талаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Ерболын гарын үсэгтэй “Баян-Өлгий аймгийн Б- сургуулийн 2017 оны бүтэц, орон тооны төсвийн төсөл”-д нийт 118 орон тоо, үүнд мужаан, цахилгаанчин-1 гэсэн боловч дээрх Баян-Өлгий аймгийн боловсрол, соёл, спортын салбарын 2018 оны төсвийн төслийн жагсаалтаар Өлгий сумын Ерөнхий боловсролын Ө- сургуулийн орон тоо бүгд 119 буюу 2017 оноос 1 орон тоо нэмэгдсэн болох нь нотлогдож байна.
Мөн тус сургуульд 1 орон тоо нэмэгдсэн гэдэг нь аймгийн Засаг даргын орлогч А.Камелятын Бүртгэл хяналтын картын удирдлагын заалтад 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “тус сургуулийн мужааны орон тоо тусад нь батлагдсан тул С.Б-ийн ажилд эргүүлэн томилуулан ажиллуулах” гэж бичсэн байдал, мөн хэрхэн шийдвэрлэсэн гэдэгт 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч Х.Х- “С.Б- нь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажлаас халагдсан тул эгүүлэн мужааны ажилд томилж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан тул шүүхийн шийдвэр гартай мужааны орон тоонд авч ажиллуулах боломжгүй” гэсэн бичилтээр тус тус нотлогдож байна.
-Нэхэмжлэгч С.Б-ийг ажлаас чөлөөлөх тушаалд хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09/40 БӨА-2017/05-ГА дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг үндэслэл болгосон боловч энэ албан шаардлагад мужааны орон тоо илүү байсан эсхүл хасагдсан, цөөрүүлсэн тухай юу ч тусгагдаагүй байна.
Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09/40 БӨА-2017/05-ГА дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагад:...тус бүрэн дунд сургууль 2016 онд батлагдсан орон тоог 9 орон тоогоор, 2017 онд батлагдсан орон тоог 12 орон тоогоор хэтрүүлэн ажилласан байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.1-д” төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 6.4.8-д “төсвийг зохистой удирдаж, авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, 16.5.2-т “батлагдсан төсвийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэсэн заалтуудыг зөрчсөн...шаардах нь 1.Батлагдсан орон тооноос гадуур авч ажиллуулсан илүү орон тоог хасаж, цалингийн сандаа багтаан орон тооны хязгаарыг мөрдөж ажиллах, 2.Албан шаардлагын биелэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны дотор ирүүлэхийг Өлгий сумын бүрэн дунд сургуулийн захирал Х.Х-, нягтлан бодогч Д.З- нарт хариуцуулав гэсэн байна. Мөн тус сургуулийн захирал Х.Х-, нягтлан бодогч Д.З- нар заасан хугацаанд албан шаардлагыг хэрхэн биелүүлсэн талаарх нотлох баримт байхгүй байна.
-Мөн тус сургуулийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Өлгий сумын Ө- сургуулийн багш, ажилчдаас ирүүлсэн өргөдлийн мөрөөр хийсэн шалгалтын дүнгийн нэг сургуулийн бүтэц орон тооны талаар ...2017 онд цалин тогтоолыг шинэчлэн батлаагүй байсан тул батлагдсан орон тоог өмнөх оны батлагдсан 113 орон тоог үндэслэн шалгахад 9 дүгээр сарын байдлаар хүмүүжлийн эрхлэгч 1, аж ахуйн ахлагч 1, багш 9, бүгд 12 орон тоог хэтрүүлсэн... гэснийг тогтоосон байхад хариуцагчийн мужааны орон тоо байхгүй байсан, хэтрүүлсэн гэсэн нь үгүйсгэгдэж байна.
Иймд мужааны орон тоо цомхтгосон гэсэн мөртлөө хариуцагч Баян-Өлгий аймгийн Б- сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаар тушаалаар тус сургуулийн цахилгаанчин ажилтай К.Иватыг мужаанчны ажлыг хавсран ажиллуулахаар, сар бүр үндсэн цалингийн 15 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл хөлс өгөөд тушаал гаргасан нь бодит байдалтай нийцээгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдгийг тухайн байгууллагын бүтцээс мужааны ажил албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бөгөөд дээрх нотлох баримтуудаар тус сургуулийн мужааны орон тоо хасагдсан, цомхтгосон нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэгч С.Б-ийг Баян-Өлгий аймгийн Б- сургуулийн мужаанаар эгүүлэн тогтоож, энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Б- сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан нэхэмжлэгч С.Б-ийг Баян-Өлгий аймгийн Б- сургуулийн мужаанаар эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Б- сургуулийн санхүүгээс 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б-ийг Баян-Өлгий аймгийн Б- сургуулийн захиралд холбогдох мужааны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК